Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-н Д-д холбогдох эрүүгийн 2217000650053 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 19-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Г аймгийн С сум, 3 дугаар баг, Х ...... дүгээр гудамжны ............. тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Г аймгийн С сумын  дугаар баг, Х-ы задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Д-ийн Д /РД: ............/

                                                                      Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн ногоон 1 дүгээр гудамжны 12 тоот хашаанд байрлах Монгол гэрт болон тухайн гэрийн гадна талд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим Т.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу руу хөлөөрөө өшиглөх, нүүр лүү гараараа 2-3 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн дээд 2-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, цус хуралт, дээд уруулын салст, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000650053  дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

2. Шүүгдэгч Д. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрийнхээ урд талд байдаг Б гэх айлынд ороод 0.75 литрийн архийг Б ах, түүний эгч Б, Б ахын эхнэр У нартай хувааж уусан. Тэр үед Б урд талын Быг гэр лүү Ш явж байна гэж хэлсэн. Би Ш ахыг урд нь баривчлах байранд хамт байхдаа таньдаг болсон. Ш ахтай уулзах гээд 16 цагийн үед Б ахынд ганцаараа очсон юм. Гэрт ороход Ш, Б, Ж, бас нэг танихгүй ах байсан. Би гэрт ороод гэрийн зүүн хойд хэсэгт суугаад Ш ахтай мэнд мэдээд ойр зуурын юм ярьж байсан. Тэгтэл Ж гэнэт босож ирснээ гал тогооны шүүгээний шургуулганаас хутга заазуур хоёр гаргаж ирээд хооронд нь хавираад би 25 жилтэй, хүн амины хэргээр ороод гарсан хүн шүү, би чамайг ална гэж хэлээд хутга барьж хүрч ирээд намайг гэрийн зүүн хойд талд газар сууж байхад миний үснээс зулгааж хажуу тийш дарж гилжийлгэж байгаад богинохон шар иштэй жижиг хутгаар миний баруун хүзүүн дээр тулгаад чамайг алчихъя, алчихна шүү гээд байсан. Би айгаад болио ах, яах гээд байгаа юм бэ гэж хэлээд хойшоо ухарч байгаад Ж-ы нүүр, уруул орчим гараараа нэг удаа цохиод гэрийн хойгуур ороод зугтаасан. Намайг Жыг цохиход амнаас нь цус гараад байгаа харагдсан. Тэгээд би гэрээс гараад зүүн хойно явж байтал манай ээж, хойд эцэг хоёр аргал түүгээд зогсож байсан. Тэгэхээр нь би ээж дээр очоод намайг хутгалах гээд байна гэж хэлсэн. Ээж бид 3 айл руу очиход Ж гадаа хутга барьсан чигээрээ зогсож байсан. Биднийг очиход Ш ах бас гадаа байсан. Ээж Ж-д хандан чи яаж байгаа юм бэ, хүн алах нь уу гэж хэлээд хутгыг нь авах гэтэл Ж хутгаа өгөхгүй ээж рүү хутгаараа чичээд байсан. Тэгэхээр нь ээж бид 2 зууралдаж байгаад хутгыг нь булааж авсан. Хутгыг аваад эргэтэл нөгөө ах миний араас баруун талын түнх рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд ээж цагдаа дуудсан. Ээж бид 2 хойд эцгийн машинд суугаад зүүн талаар тойроод халамжийн урд талын засмал руу гарч ирэхэд Ж, Ш 2 хөндөлсөөд зогсож байсан. Ээж буугаад тэр 2-г загнаад цагдаа дуудсан гэсэн чинь Ж хөлөө жийгээд газар суучихсан. Тэгэхээр нь машин дотроос босоод явчихаач дээ, явмаар байна гэсэн чинь Ж босож ирээд чамайг ална гээд машины цонхоор заамдаж зууралдаж байхдаа миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би бууж ирээд зүүн гараараа Ж-ы уруул руу 1 цохисон. Тэр үед Ж-ы амнаас цус гарсан зүйл байгаагүй. Харин миний цохисон зүүн гарын чигчий хурууны гадна үе хэсэгт түүний шүдэнд жаахан зүсэгдээд шалбарсан байсан. Тэгээд би буцаж машинд суугаад хойд эцгээрээ хөдөө явах унаа руугаа хүргүүлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 70 дугаар хуудас),

3. Хохирогч Т.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би Ш, Г гэдэг 2 найзтайгаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 72 дугаар байр буюу гэрийнхээ гадаа 0.75 литрийн Хараа нэртэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд нөгөө архиа дуусахаар нь үдээс хойш байх, Сүмбэр сумын 3 дугаар баг, Хонхор луу Ш, Г нарын хамт таксигаар яваад Андууд дэлгүүрээс Г 0.75 литрийн савлагаатай Хараа нэртэй нэг шил архи худалдаж авсан. Тэгээд тэндээсээ Халамжийн хашааны урд байдаг Б гэдэг зүс таних айлынх руу явсан. Тухайн айлд очих саналыг Ш гаргасан ба бид нар коллежийн урд талд явж байтал Б гэдэг эмэгтэй нэг үл таних эмэгтэй болон өөрийнхөө нөхөртэй явж байгаад тааралдсан. Тэгээд Б гэдэг эмэгтэй бид нарын архийг харчихаад хамт ууя гэхээр нь бид нар зөвшөөрөөгүй шууд Бын гэр рүү алхчихсан юм. Тэгээд Б-ын гэрт очиход Б гэртээ ганцаараа хөл нь хугарсан гээд хэвтэж байсан. Бид нарыг очиход Б архи дарс уугаагүй, эрүүл саруул байсан. Бид нар архи ууж байгаад Ш идэх юм асуусан чинь Б адууны махаар хоол хийж идье гээд Г хөргөгчнөөс мах гаргаад заазуураар хэрчсэн. Харин би төмс арилгаад сууж байсан гаднаас үл таних эмэгтэй, эрэгтэй хоёр гэрт орж ирсэн. Эмэгтэй нь зүс танина, нэрийг нь мэдэхгүй. Эрэгтэйг нь танихгүй. Тэр хоёр Бтой юм яриад байх шиг байсан. Би халамцуу байсан болохоор сайн сонсоогүй. Тэр залуу гэнэт миний баруун талын түнхний дээх нь өшиглөөд авсан. Эргээд хартал миний дух руу гараараа нэг удаа цохисон. Босоод ирсэн чинь залуу гараад зугтаасан. Би төмс хэрчиж байсан болохоор тухайн гарт барьсан хутгаа барьсан чигээрээ түүний араас гарах гэтэл түүнтэй хамт ирсэн эмэгтэй чи хутга барьдаг нь яаж байгаа юм, хүүхэд хутгалах гэлээ гээд миний гараас булаагаад авсан. Бүгдээрээ гэрээс гартал нөгөө залуу харагдахгүй байсан бөгөөд араас нөгөө эмэгтэй гарч ирээд чи энэ хутгыг бариа биздээ, чиний хутга мөн биз дээ, цагдаа дуудна гэх зүйл хэлээд надтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд би урагшаа засмал замаар алхаж байтал нөгөө үл таних залуу хүрч ирээд миний уруул, шүд хэсэг рүү 1 удаа гараараа цохичихоод зугтаасан. Тэгээд бид наашаа Хонхор чиглээд алхаж байтал цагдаагийн машин өөдөөс ирээд Ш бид хоёрыг машинд суулгаад цагдаа дээр авчирсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас),

 

4. Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал 15 цагийн орчим найз Ш, зүс таних Ж /Ж/ нар архи уусан байдалтай манай гэрт орж ирсэн. Тухайн үед тэд нар архи уусан халамцуу байсан бөгөөд нээх их согтоогүй байсан. Тэднийг манай гэрт орж ирээд 10 минутын дараа Ш, Ж нарын танил гэх өндөр залуу 0.75 литрийн Хараа архи барьчихсан орж ирсэн. Орж ирсэн өндөр залуу халамцуу байсан бөгөөд мөн адил нээх их согтоогүй байсан. Би тухайн үед хөлөө хугалсан байсан болохоор орноосоо босохгүй хэвтэж байсан. Нөгөө үл таних өндөр залуу авчирсан архиа задлаад хундагаласан. Түүнээс хойш 30-40 минутын дараа архи талдаа орсон, би 3 хундага уучихаад байж байтал Ш өлсөөд байна, идэх юм байна уу гэхээр нь би мах гаргаад хоол хийж ид гэсэн. Тэгээд Ж хөргөгчнөөс мах гаргаж ирээд гэрийн зүүн талд зуухны өмнө сууж байгаад хэрччихээд хөргөгчнөөс дахиад төмс гаргаж ирээд түүнийгээ арилгах гэж байснаа бие заслаа гээд гэрээс гарсан. Ж гэрээс гарахдаа төмс арилгаж байсан хутгаа төмсний хажууд тавьчихаад гэрийн гадаа нэг хүнтэй яриад байгаа сонсогдсон. Төд удалгүй Ж гэрт орж ирэхдээ үл таних залуутай маргалдаад орж ирсэн. Гэрт орж ирээд Ш-тай гар бариад байсан. Тэр үед Ш дүү хүү яаж яваа юм гэж байсан. Тэгтэл Ж тэдний хажуунаас наад муу чинь намайг гадаа гөлөг гэж байна шүү дээ гэж хэлээд Ж нөгөө залуу хоёр муудалцаад байсан. Тэгтэл үл таних залуу Ж гэрийн зүүн талд төмс арилгаад сууж байхад нь цохих шиг болсон. Би тухайн үед гэрийн хойморт газар хэвтэж байсан болохоор яг хаашаа цохисныг хараагүй. Тэгтэл нөгөө үл таних залуу, Ж нар хоорондоо барьцалдаад авахаар нь та нар гадаа гарч муудалц, больцгоо гэж хэлсэн чинь тэд нар гэрээс зууралдаад гарсан. Тэр үед ч Ш тэд нарыг дагаад гарсан. Анх ирсэн өндөр залуу тухайн хэрүүл маргаан болж байх үед гэрийн баруун талд сууж байсан. Гадагшаа гараагүй. Харин гэрийн гадаа Ж нөгөө үл таних залуутай маргалдаад байгаа нь сонсогдсон бөгөөд нэг их удаагүй нэг эмэгтэй хүн гэрийн араас хутга барьчихсан хүүхэд аллаа шүү дээ гээд орилоод ирж байгаа харагдсан. Тэгтэл Ш орж ирээд явъя гээд куртикээ аваад гэрээс гараад явсан. Тэгтэл манай гэрт нэг эмэгтэй хүн орж ирээд утасны цэнэг дуусчихлаа гээд миний гар утасны цэнэглэгчээр утсаа цэнэглэж байгаад цагдаагийн байгууллага руу яриад байх шиг байсан. Тэгээд нөгөө эмэгтэй болон бусад хүмүүс дахиж гэрт орж ирээгүй явцгаасан. Харин нөгөө өндөр залуу манайд байж байгаад үлдсэн архиа надтай хувааж уучихаад манай гэрээс нилээн орой явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 31-32 дугаар хуудас),

 

5. Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15-16 цагийн үед гэрээсээ гараад айлаас очиж хүүхдээ авах гээд явж байтал манай хашааны урд байдаг Б гэдэг айлын гадаа хүмүүс зодолдоод байсан. Би тэгэхээр нь хэн юм бол гэж бодоод хартал Б-ын гэрийн урд талд 3 хүн байсан. Тэгтэл тухайн хүмүүсийн дунд манай хүү Д болон миний зүс харсан Ш гэдэг залуу байсан бөгөөд бас нэг үл таних залуу байсан. Ш гэдэг залуу болон үл таних залуу нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Манай хүү Д ч архи уусан байсан. Би гэрийнх нь хойноос очих үед үл таних согтуу залуу нь манай хүү Дын өмсөж явсан хувцасны энгэрээс баруун гараараа заамдчихсан, нөгөө гар буюу баруун гартаа хутга бариад зогсож байсан. Тэгэхээр нь би та нар чинь яаж байгаа юм бэ, хутга шөвгөөр хүн алах нь уу гэж хэлээд яваад очтол нөгөө үл таних залуу намайг харчихаад хутгаа өмднийхөө баруун карманд хийсэн. Тэгээд нөгөө үл таних залуу Д нар хоорондоо зодолдоод байсан бөгөөд нөгөө залуу манай хүү Дыг газар унагаад толгой орчим нэг удаа өшиглөсөн. Тэр үед нь Ш гэдэг залуу бид хоёр салгах гэтэл ерөөсөө дийлдэхгүй болохоор нь би цагдаа дуудсан юм. Цагдаа ирэхээс өмнө Б-ынд орсон чинь Б бас нэг танихгүй хүнтэй хоёулаа согтуу байсан. Тэгэхээр нь би Боос манай хүү энд орж ирж архи уусан юм уу гэж асуутал Б танай хүү энд архи уугаагүй, гаднаас орж ирсэн гэж ярьж байсан. Тэгээд би гэрээс гараад ирсэн чинь манай хүү Д байхгүй, харин гэрийн гаднаас Ш болон нөгөө үл таних залуу нар хөдөлмөр халамж үйлчилгээний зүүн талын замаар урагшаа чигтээ алхаж байтал цаанаас нь цагдаагийн машин хүрч ирээд аваад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 34-35 дугаар хуудас),

 

6. Гэрч Д.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдлээ:

2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө намайг гэртээ байж байхад Ж /Ж/ манайд ирсэн юм. Манай гэрээс хамт гарч дээшээ яваад би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очиж бүртгүүлчихээд Ж Төмөр замын 72 дугаар байрныхаа нэг өрөөг хөлслүүлсэн хүнтэйгээ уулзаад тэнд Ж, би, Г бид гурав 0.75 литрийн Хараа нэртэй нэг шил архи уусан. Өрөө хөлсөн гэх залууг нь танихгүй залуу бөгөөд нөгөө архиа ууж дууссаны дараа тал шил архи гаргаж ирээд түүнийг нь бас хувааж уусан. Тэгээд 15 цагийн үед тэндээсээ гараад Хонхор луу Ж, Г бид 3 явсан. Г Хонхорын андууд дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай нэг шил Хараа нэртэй архи аваад Б-ынх руу явсан. Бын гэр нь Хонхорын хойд талд байдаг Халамж үйлчилгээний газрын хажууд байдаг юм. Тэгээд тэднийх рүү явж байтал Б гэдэг хүүхэн нөхөртэйгээ бас цагаан хувцастай нэг согтуу хүүхэнтэй цуг явж байгаатай таарсан. Б гэдэг хүүхний нөхөр нь манай нутгийн залуу байдаг бөгөөд би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгтэл тэдэнтэй хамт явж байсан цагаан куртиктэй эмэгтэй манайх руу явъя, гэрт очиж ууя, А манай гэрт ганцаараа байгаа гээд байсан юм. Тэгэхээр нь би үгүй үгүй, юу гэж таниайд очиж байдаг юм бэ гэж хэлээд цаашаа салаад бид 3 Б-ынд ирсэн. Б-ын гэрт очиход Б хөлөө хугалсан гээд гэртээ ганцаараа орондоо хэвтэж байсан. Тэнд нөгөө авчирсан архиа уугаад байж байхад би идчихмээр юм байна уу гэж асуусан чинь Б хоол хийе гээд Ж-гаар хөргөгчнөөс мах гаргуулсан. Тэгээд би архи аягалаад сууж байхад гаднаас А гэдэг залуу ганцаараа ороод ирсэн. Тэгээд надтай мэнд ус мэдээд юм яриад байж байтал Ж над руу юун таньж мэдэхгүй хүн авчираад байгаа юм бэ гээд А руу чи хэн юм бэ гэтэл А Ж-гийн ам руу нь гараараа нэг цохих шиг болсон. Тэгтэл Ж-гийн амнаас цус гараад байсан. Тэгээд Ж нөгөө ажнай гэдэг залуутай уурлаад гэрээс гарахаар нь би араас нь гарсан. Гэтэл тэр 2 хоорондоо муудалцаад байх шиг байсан. Би тэр үед нилээн согтуу байсан болохоор би зарим зүйлийг нь санахгүй байна. Ямар ч байсан цагаан хувцастай эмэгтэй хүн ирчихсэн Ж руу дайраад цагдаа дуудна гээд орилоод байсан. Тэгээд нэг мэдсэн чинь А гэдэг хүн яваад өгчихсөн байхаар нь Ж бид хоёр шууд явах гээд Хөдөлмөр халамж үйлчилгээний хажууд байдаг засмал зам руу алхаж байтал цагдаа ирээд бид хоёрыг авч явж эрүүлжүүлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 37-38 дугаар хуудас),

 

7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 90 дугаартай дүгнэлтэд:

- Т.Ж-ы биед зүүн шуунд шарх, зулгаралт, зүүн дээр 2-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстанд шарх, цус хуралт, дээд уруулын салст, зүүн бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх зүүн шууны шарх, зулгаралт гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

- Дээрх зүүн шууны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. (хх-ийн 45-46 дугаар хуудас),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 92 дугаартай дүгнэлтэд:

- Д.Д-ын биед зүүн нүдний алим, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Долгормаа гэжээ. (хх-ийн 51-52 дугаар хуудас),

 

9. Шинжээч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Тухайн зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Жы нийт гэмтлүүдээс уг цус хуралт гэмтлийг хасахад гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 56 дугаар хуудас),

 

10. Шүүгдэгч Д.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 76 дугаар хуудас),

- Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 89-93 дугаар хуудас),

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 79-87 дугаар хуудас) зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Хүрийн ногоон 1 дүгээр гудамжны 12 тоот хашаанд байрлах Монгол гэрт болон тухайн гэрийн гадна талд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим хохирогч Т.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу руу хөлөөрөө өшиглөх, нүүр лүү гараараа 2-3 удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн дээд 2-р шүдний сулрал, уруулд зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстад шарх, цус хуралт, дээд уруулын салст, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Д нь хохирогч Т.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн шүүгдэгч Д.Д нь хохирогч Т.Ж-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Ж, гэрч Н.Б, С.Д, Д.Ш нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 90 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Д нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Д.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ж-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Д-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Д-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ