Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/142

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Р.Болормаа нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Болормаад холбогдох эрүүгийн 2215000000097 дугаартай, 163/2022/0132/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Шаргачин овогт Рэгзэнсурмаагийн Болормаа, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, Булган аймгийн ..........багт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ам бүл ...........хамт амьдардаг, 37 настай, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: ГМ85083105/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Болормаа нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Н.Отгонбаатарыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000097 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Р.Болормаа нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн эгч Р.Пүрэвмаагийн хамтран амьдрагч Н.Отгонбаатартай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж хүйтэн зэвсэг /хутга/ хэрэглэж, аюулхай хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Болормаагийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

2. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн 3 дугаар хороонд оршин суух РД:ГМ73051004 дугаартай Б.Нэргүйн гаргасан миний хүү Отгонбаатарыг иргэн Болормаа нь хэл амаар доромжилж зодож гэмтээсэн гэх Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Отгонбаатарын өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Дашбилэг эгч гар утсаар Пүрэвмаагийн гэрт хүрээд ирээч Болормаа чамайг хүрээд ир гэж байна, хэрүүл маргаан хийхгүй гэж байна гэхээр нь би 16 цаг өнгөрч байхад Пүрэвмаагийн гэрт очсон. Намайг очиход эхнэр Пүрэвмаа нь унтаж байсан. Дашбилэг эгч, Болормаа хоёр цуг байж байсан. Намайг гаднаас орж ирэнгүүт Болормаа пивонд дэлгүүр лүү гарсан. Дашбилэг, Болормаа 2 архи уусан бололтой согтуу байсан. Тэгээд авчирсан пивыг бүгдээрээ хувааж уусан эхний нэг лаазыг Болормаа уугаад улам согтсон. Тэгээд над руу агсам тавьж агсарах гээд байсан. Тэгээд ширээн дээрх эд зүйлийг тараагаад эвдэх гээд байхаар нь би очоод тэврээд буйдан дээр суусан. Би Болормааг тэвэрчихээд “Пүрэвмааг цагдаа дуудаарай” гэж хэлэхэд Болормаа надаас мултарсан. Надаас салангуутаа гал тогооны өрөөнд байсан үзүүргүй хутгаар аюулхай хэсэг рүү хутгалсан. Энэ үйл явдлыг Жавхлантөгөлдөр харж байсан. Болормаа болохоор намайг хутгалчихаад хашаанд байх өөрийнхөө гэр лүү ороод унтаад өгсөн. Би болохоор Пүрэвмаагийнд шархаа янзалчихаад унтсан. Хэд хоногийн дараа энэ явдлыг ээж Нэргүй мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал /

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Галиндэвийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаартай: Н.Отгонбаатарын биед аюулхайд сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

5. Шүүгдэгч Б.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Отгонбаатар бид хоёр таарамжгүй харилцааны улмаас хоорондоо хэрэлдсэн. Хэрэлдээд байж байтал Отгонбаатар миний хойноос хоолойг багалзуурдаад тэврээд авсан. Ингэж байгаад Отгонбаатар намайг тавихаар нь би айлгах гээд гал тогооны өрөөнөөс үзүүр нь хугарсан хутга аваад байж байтал өөрөө над руу хүрч ирээд хутганд хатгуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

        Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Отгонбаатар, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Р.Болормаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Р.Болормаа нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт төрсөн эгч Р.Пүрэвмаагийн хамтран амьдрагч Н.Отгонбаатартай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж аюулхай хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Р.Болормаа нь хүйтэн зэвсэг /хутга/ хэрэглэж хохирогчийн цээжин хэсэгт буюу аюулхайд хатгахад хохирогчийн бие махбодод гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Р.Болормааг хутга мэс хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

 

Шүүгдэгч Р.Болормаа нь миний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний бусдын бие, эрх чөлөөнд хүйтэн зэвсэг /хутга/ хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.Болормаагийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Н.Отгонбаатараас мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 21 дэх тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Р.Болормааг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Р.Болормааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Р.Болормаагийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Хавтаст хэргийн 34-40 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Р.Болормаа нь ам бүл 2, хүүхдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3 дугаар багт амьдардаг, нэр дээр Булган аймгийн Хишиг-Өндөр ................р бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Р.Болормаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтогдоогүй дурдах нь зүйтэй.  

 

Шүүгдэгч Р.Болормаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Болормаад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Р.Болормаа нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Р.Болормаа нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Н.Отгонбаатар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шаргачин овогт Рэгзэнсурмаагийн Болормааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Болормааг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.         

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Р.Болормаа нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Болормаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Р.Болормаа нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Н.Отгонбаатар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ