Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/511

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс хөтлөн,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.А, Э.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.А  /РД:УШ94101921/.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.М /РД:УХ03272076/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Н.А, Э.М нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай нийт 14.2806 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй ” гэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ “Тебантин гэх эмийг авч хэрэглэсэн нь үнэн өвс гэх зүйл нь байхгүй байсан. Би өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байсан. Анх “Монгол шигтгээн”-д болдог шоунд хэрэглэж байсан. ...Атай хамт байхдаа Агийн гэрт, машинд нь 2 удаа мансууруулах бодис хэрэглэсэн” гэв.

         Шүүгдэгч Н.А, Э.М нар нь хамтран оролцох хэлбэрээр 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Н.Агийн ахын гэрт, мөн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгсэлд тус тус Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай нийт 14.2806 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 4 дүгээр хуудас/,

         Хэргийн газрын үзлэг хийсэн “...машин доогуур шагайн харахад урд талын хаалганы харалдаа газарт өвс мэт нунтаг, хар ногоон, шаргал өнгийн бодис асгарсан байх ба түүний доод талд жижиг гялгар ууттай өвс мэт зүйл, хажууд нь урагдсан гялгар ууттай өвс мэт зүйл, ...машины урд талын зүүн суудлын доод талаас өвс мэт зүйлтэй гялгар уут 1 ширхэг, ...эд мөрийн баримтаар хураан авав” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 7-14 дүгээр хуудас/,

         2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Э.М, Ш.Дөлгөөн, А.Т, Н.А, О.С нарын Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 19-21 дүгээр хуудас/,

         Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хэргийн 1 дүгээр хавтас 23-24 дүгээр хуудас/,

         Гэрч О.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А руу залгахад гэртээ ганцаараа байна хүрээд ир гэсэн. Ингээд өөрийн *** улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн автомашинтайгаа гэрт нь очсон. А гэрээ гарч ирээд хамт машинд юм ярьж суусан ба тухайн үед А Мийн талаар ярьсан. ...Би юун жоохон хүүхэдтэй уулзаад байгаа юм бэ гэхэд “М бас мансуурдаг юм, гэрээсээ гараад явчихсан, сүүлийн 5-6 хоног манайд хамт байгаа” гэж байсан. М гэх залуутай хамт гурвуулаа гараад Агийн машинд суугаад А өөрийнхөө хаалганы доод хэсгээс ууттай өвс гаргаж ирсэн. Мөн тамхи ороодог нимгэн цаас урд талын хайрцагнаас гаргаж ирсэн ба Мд өвс, цаасаа өгч ороолгосон. А тухайн үед би муу ороодог юм гэж хэлж байсан. Тухайн ороосон өвсөө хувааж татаж байх үедээ М, А хоёр тарих уу гээд яриад байсан. Ингэж ярьж байгаад аптек явахаар болсон ба А миний машины бензин дуусаж байгаа чиний машинаар явчихъя гээд миний машинд гурвуулаа суугаад Цагдаагийн академийн ойролцоо байх байрны доор аптек руу М Агийн картыг авч ороод натри хлорид, тариур, тебантин гэх эм авчирсан. Ингээд Агийн гэрийн гадаа ирээд Агийн машинд суугаад А, М нар нөгөө авсан эмээ найруулж байгаад судсандаа тарьсан. ...Намайг очиход А машиндаа сууж байсан ба гадна нь М 2 найзтайгаа хамт зогсож байсан. М найз нартайгаа өвс татаж байсан. Тэгээд машинд бүгдээрээ сууж байх үед А өөрийн жолооч талын хаалганаас ууттай өвс гаргаж ирээд М өвсийг авч ороосон. Ороосон өвсөө бүгдээрээ хувааж татсан. Мөн мөнгөн цаасан дээр нунтаг өвсийг нь тавьж байгаад халаагаад утааг сорсон. ...Замдаа А машинаа нэг л сонин бариад явсан. Гандангийн гудамжаар явж байгаад цагдаад баригдсан ба Аг цагдаа шалгаад үнэртүүлсэн ба юм гараагүй. Тэгээд тэгш алхахыг шаардахад А тухайн үед тэгш явж чадахгүй унаад байсан. Тэгээд цагдаа шалгаж байх үед А машиндаа байсан өвсийг асгаж байгаад харагдсан ба цагдаа “чи юу асгасан бэ” гэж байсан. ...Машинд хэрэглэж байсан өвс нь Агийн өвс байх. Яагаад гэвэл М хамт явж байхдаа Ад “таны гэрт байсан өвснөөс жоохныг найздаа өгөх гээд авсан шүү” гэж ярьж байсан. ..Ер нь бол би Аг Тебантин тариаг хэрэглэдгийг мэддэг болсон байсан. 2021 оны 07 сард Атай уулзах үед 2 ширхэг тебантинийг найруулж өөрийгөө тарьж байсныг нь харсан. Мий гараас цус гарч байсан ба ямар сонин юм бэ гэхэд М өдөр болгон ингээд тариад байхаар цус өтгөрчихдөг юм байна гэж байсан... ” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 58-59 дүгээр хуудас/,

         Гэрч Ш.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Т над руу яриад “хамт ууж суух уу” гэхээр нь би зөвшөөрч 21 цаг өнгөрөөгөөд Тийн гэрт очсон. Гэрт нь тоглоод сууж байхад М эмэгтэй найз Агийн хамт цагаан өнгийн машинтай ирсэн. 4-үүлээ уулзаад гадаа тамхи татаад зогсож байхад С машинтай ирсэн ба ирсэн машин нь Сыг буулгачхаад явсан. А машинаа бариад С хажууд нь суугаад, Т, М бид гурав ард нь суусан. Ингээд суусны дараа А, С хоёрын нэгнээс нь ороож асаасан тамхи өгсөн. Тухайн тамхийг нь бүгдээрээ ээлжлээд татсан. Тэгээд хөдлөх болоход А машинаа барьж чадахгүй юм шиг байсан ба Т Аг “чи машинаа барьж чадах юм уу, бид нарын нэгээр нь бариулчих” гэхэд зүгээрээ гээд машинаа асаагаад хөдөлсөн ба Гандангийн дунд явж байгаад цагдаад баригдсан. ...Машины урд А, С хоёр байсан ба тэр хоёрын нэгнээс нь өвс асаасан байдалтай хойшоо өгсөн. Тамхийг эхэлж М авч сороод, дараа нь Тт өгөөд би хамгийн сүүлд Тээс авч сорсон. Тухайн үед М зүүн талын хойно, голд Т, баруун хойно нь би сууж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 66-67 дугаар хуудас/,

         Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би Долгинтой утсаар яриад “жоохон пиво ууж суух уу” гэхэд Д зөвшөөрөөд пиво аваад манайд ирсэн. Тэгээд тоглоод сууж байтал М, Атай ирсэн. Ингээд бид нар уулзаад Агийн машинд пиво уугаад ууж суусан. Удалгүй С нэг машинтай ирсэн ба машин нь Сыг буулгачхаад явсан. А өөрийн халааснаасаа гялгар уутанд боосон зүйл гаргаж ирээд өвс байна гэж хэлсэн ба бид нар наадхаа дараа болоо, далд хий гэж хэлээд юм яриад сууж байсан чинь урдаас А өвсөө цаасанд ороож асаасан ба бүгдээрээ тухайн ороосон өвснөөс нь сорсон. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байгаа ба Гандангийн гудамжинд цагдаа машинд шалгаж байхад нөгөөдүүл орилолдоод эхлэхэд би сэрсэн. ...Тухайн үед А жолооны ард, хажууд нь С, Агийн ард Д, голд би, миний хажууд буюу Сын ард М сууж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 74-75 дугаар хуудас/,

         Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. ...2021 оны зун А Баянзүрх дүүрэгт ТҮЦ ажиллуулах болоод миний машинаар бараа татах гэж унадаг байсан. 2021 оны 10 дугаар сард Атай таараад “машинаа яасан юм гэхэд хүүхдүүдтэй хамт явж байгаад тамхи хэрэглэж татаж байгаад цагдаад баригдаад машинаа хураалгасан байгаа” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 42-43 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 681 дугаартай шинжээчийн:

         1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “Н.А *** 2021.12.15” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 114-116 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 680 дугаартай шинжээчийн:

         1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. “”М *** 2021.12.15” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 120-122 дугаар хуудас/,

         “Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн №Д22/06 дугаартай “Тоёота Акуа” маркийн автомашин 10.902.276 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 127-129 дүгээр хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 96 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

  1. Н.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. Н.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Н.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4. Н.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Н.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Н.А нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 133-134 дүгээр хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 289 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

  1. Э.М нь өмнө “Төгсун” ХХК эмнэлэгт 2021.09.13-наас 2021.09.24-ний хооронд ор хоног 12 сэтгэцэд нөлөөт эм бодисын шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг, үгүйлэх хам шинж оноштой хэвтэн эмчлэгдэж байсан өвчний нэг ширхэг түүх байна.
  2. Э.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Э.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Э.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Э.М нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 138-140 дүгээр хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 685 дугаартай шинжээчийн:

         1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. №1 гэж дугаарлаж “Машины доороос” гэж хаягласан “1” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, “3” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, “4” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, №4 гэж дугаарлаж “машины ар талын суудлаас” гэж хаягласан хуйлсан АМ84952хх серийн дугаартай Монгол улсын 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт, шавар мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн асаагуур, шавар мэт зүйлээр бохирлогдсон боронзон өнгийн асаагуур, №5 гэж дугаарлаж “машины доороос” гэж хаягласан гадар хэсэг нь бохирлогдсон ногоон өнгийн асаагуур, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон үрчийлгэсэн тугалган цаас, AN6610558 серийн дугаартай хуйлсан Монгол улсын 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт, АМ8495209 серийн дугаартай хуйлсан, ирмэг хэсэг нь түлэгдэж шарласан Монгол улсын 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэртээс Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно...

         4.5. №1 гэж дугаарлаж “Машины доороос” гэж хаягласан “1” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мат зүйлийн цэвэр жин 1.2267 грамм, “2” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 8.0634 грамм, “3” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 0.1966 грамм, “4” гэж тэмдэглэсэн гялгар ууттай ургамал мэт зүйлийн цэвэр жин 4.7939 грамм байна” гэх дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 166-177 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Гэртээ ирээд нөгөө ууттай юмыг задалж үзэхэд тухайн уутанд жижиг жижиг тасалж боосон ууттай өвс, мөн асаагуур, хуйлсан мөнгөн тэмдэгт 20-тийн дэвсгэрт зэрэг зүйл байсан. Би тухайн зүйлүүдийг куртикний халаасандаа хийгээд мартсан байсан. Ингээд энэ өдрөөс хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр М манай ТҮЦ-нд ирээд бид хоёр хамт байж байгаад манай ах Рын гэрт очсон. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Р ахын гэрт Мийн хамт дүү нараа хараад байж байхад найз С залгаад уулзмаар байна гэхээр нь би манайд хүрээд ир гэж хэлсэн. ...М, С бид 3 машинд нь юм яриад сууж байсан ба М нэг өвчин намдаах эмийн талаар ярьж байгаад “хэрэглэхээр гоё болдог бүгдээрээ хэрэглэж үзэх үү” гэхээр нь зөвшөөрсөн. ...М капсултай эм, тариур, тарианы шингэн зэрэг зүйл авч орж ирээд эм, тариагаа найруулаад надад болон өөртөө тарьсан. С тариулаагүй. ...М бид хоёр 10 дугаар хорооллын хойно Мийн хоёр найзтай уулзсан. Удалгүй араас С ирсэн ба өвс татсан. Би тэнд очсоноос хойш яг юу болоод байгааг сайн мэдэхгүй болсон ба миний ухаан санаа балартаад байсан. Тэнд хэсэг байж байгаад хөдөлсөн ба хэр зэрэг удаан байснаа мэдэхгүй байна. Тэгээд явахаар болоод би машинаа барьж явсан ба нүд бүрэлзээд зогсоно гэж бодож явсан боловч зогсолгүй явж байгаад Гандангийн зүүн хаалганы хажуугаар явдаг зам дээр цагдаад баригдсан. ...Тухайн үед М хүнээс авч хэрэглэсэн гээд хэлчих гэхээр нь би тэгж зохиож хэлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 65-66 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Атай уулзаад гэрт нь 2 хоносон. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А бид хоёр Стай уулзсан ба эмийн сан ороод би Агийн картаар тебантин 30 ширхэг буюу 3 боодол, тариур 2 ширхгийг авсан. Ингээд буцаад Агийн гэрийн гадаа ирээд Агийн машинд суугаад А бид хоёр Тебантин эмээ натри хлоридоор шингэлж байгаад өөр өөрсдөдөө тарьсан. Хэсэг сууж байгаад манай найз Ттэй уулзахаар болоод 3 дугаар эмнэлгийн арын далан дагуу байрлах гэрт нь очсон ба Д, Т хоёр гарч ирсэн. Ингээд машинд сууцгааж байхад А өвч гаргаж ирээд татах уу гээд тухайн өвсөө ороож өгөөд бүгдээрээ татаж хэрэглэсэн. Тэнд хэсэг байж байгаад Дыг хүргэж өгөхөөр бүгдээрээ хамт явсан ба А өөрөө машинаа барьсан. Тэндээс хөдлөх үед ухаан санаа орж гараад байсан ба нэг мэдэхэд цагдаад баригдсан байсан. ...Ахынд нь байхад А ууттай өвс надад харуулж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 82-84, 87-88 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгч Н.Агийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 184 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 185 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 188-191 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 192 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 199-202 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 206 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 207 дугаар хуудас/, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 209-211 дүгээр хуудас/, бакалаврын дипломын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 212-215 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Э.Мийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 220 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 221 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 225 дугаар хуудас/, УГТЭ-н дүгнэлт /хэргийн 1 дүгээр 227-230 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 233 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

             Шүүгдэгч Н.А, Э.М нар нь хамтран оролцох хэлбэрээр 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Н.Агийн ахын гэрт, мөн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** улсын дугаартай “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгсэлд тус тус Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай нийт 14.2806 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

       “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.   

         Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.

          Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

           Шүүгдэгч нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба харин “хаана, юунд нуусан” эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.     

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

          Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 Шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ “...миний үйлчлүүлэгч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч яваагүй, хадгалаагүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 Учир нь гэмт хэрэгт хамтран оролцох гэж үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хэрэг хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр ба түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.   

 Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогчид нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцож болно. Гэмт хэрэгт хамтарсан үйл ажиллагаа явуулсан байх нь зөвхөн обьектив биш субьектив шинжтэй байдаг ба үйлдлээрээ нэгдсэн байх төдийгүй гэмт хэргээ туйлд хүргэхэд чиглэгдсэн зорилго, сэдэлтээрээ нэгдсэн байдаг онцлогтой.

Өөрөөр хэлбэл гэрч О.Сын “... М бас мансуурдаг юм, гэрээсээ гараад явчихсан, сүүлийн 5-6 хоног манайд хамт байгаа гэж байсан. ...Ад “таны гэрт байсан өвснөөс жоохныг найздаа өгөх гээд авсан шүү” гэж М ярьж байсан. ...Ер нь бол би Аг Тебантин тариаг хэрэглэдгийг мэддэг болсон байсан. 2021 оны 07 сард Атай уулзах үед 2 ширхэг тебантинийг найруулж өөрийгөө тарьж байсныг нь харсан. Мий гараас цус гарч байсан ба ямар сонин юм бэ гэхэд М өдөр болгон ингээд тариад байхаар цус өтгөрчихдөг юм байна гэж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Мийн яллагдагчаар өгсөн “...Ахынд нь байхад А ууттай өвс надад харуулж байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Н.Агийн яллагдагчаар өгсөн “...Гэртээ ирээд нөгөө ууттай юмыг задалж үзэхэд тухайн уутанд жижиг жижиг тасалж боосон ууттай өвс, мөн асаагуур, хуйлсан мөнгөн тэмдэгт 20-тийн дэвсгэрт зэрэг зүйл байсан. Би тухайн зүйлүүдийг куртикний халаасандаа хийгээд мартсан байсан. Ингээд энэ өдрөөс хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр М манай ТҮЦ-нд ирээд бид хоёр хамт байж байгаад манай ах Рын гэрт очсон. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Р ахын гэрт Мийн хамт дүү нараа хараад байж байхад найз С залгаад уулзмаар байна гэхээр нь би манайд хүрээд ир гэж хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нарын хэн аль нь урьд эм бэлдмэл хэрэглэж мансуурдаг байсан, шүүгдэгч Э.М нь шүүгдэгч Н.Агийн ахын гэрт хориглосон сэтгэцэд нөлөөт бодис байгаа /хууль бус/ гэдгийг мэдсээр байж таслан зогсоогоогүй /3 хоног хамт байсан/, харин ч эсрэгээрээ тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг Н.Агийн унаж байсан тээврийн хэрэгсэлд хамт авч явж буй үйлдэл нь тус гэмт хэргийг үйлдэхэд эс үйлдэхүйгээр хамтран оролцсон, гэмт хэргээ туйлд хүргэхэд чиглэгдсэн зорилго, сэдэлтээрээ нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  .

            Тиймээс шүүгдэгч Н.А, Э.М нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            Тус гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Э.Мд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Н.Намжилцогт “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч өгнө үү ” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Мийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ “... Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

“Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автсан буюу субъект өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн урьдчилан мэдэх боломжийг шууд алдагдуулахад хүргэсэн онцгой нөхцөл байдал /байгалийн давагдашгүй хүчин зүйл гэх мэт/ тогтоогдсон тохиолдолд өмгөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэх учиртай.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

            Шүүгдэгч Н.А, Э.М нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

  Шүүгдэгч нарын гэм буруутайд тооцогдсон Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах ба нийгэмд хорт үр дагавар ихтэй, олон нийтийг хамарч цаашид тархах магадлал ихтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодист дадал болсон хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, уршиг оршдог болохыг дурдах нь зүйтэй.

 Шүүхээс шүүгдэгч Н.А, Э.М нарыг хамтран оролцох хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба нийгмийн аюулын шинж чанар ихтэй гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, бусад хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгч Н.Ад  2 жилийн хугацаагаар хорих ял,

 Шүүгдэгч Э.Мд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

AN6610558 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт, АМ8495209 серийн дугаартай хуйлсан, ирмэг хэсэг нь түлэгдэж шарласан 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт, АМ84952** серийн дугаартай 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлж,

“№1 гэж дугаарласан 4 тусдаа гялгар ууттай өвс мэт зүйл /1 дугаартай уутанд 1.2267 грамм, 2 дугаартай уутанд 8.0634 грамм, 3 дугаартай уутанд 0.1966 грамм, 4 дугаартай уутанд 4.7939 грамм, нийт 14.2806 грамм/,

№2 гэж дугаарласан 10 мл-н 2 ширхэг цус мэт зүйлээр бохирлогдсон тариур,

№3 гэж дугаарласан 10 мл-н 2 ширхэг цус мэт зүйлээр бохирлогдсон тариур, улбар шар, шаргал өнгийн эмийн хоосон 1 ширхэг капсул,

№4 гэж дугаарласан улбар шар, шаргал өнгийн эмийн хоосон 1 ширхэг капсул, , дөрвөлжилж эвхсэн тугалган цаас 1 ширхэг, шавар мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн асаагуур 1 ширхэг, шавар мэт зүйлээр бохирлогдсон боронзон өнгийн асаагуур 1 ширхэг,

№5 гэж дугаарласан “Тебантин 300 мг” гэсэн бичиглэлтэй улбар шар, шаргал өнгийн капсултай эм мэт зүйл 1 таблет /бүтэн/, гадар хэсэг нь бохирлогдсон ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон үрчийлгэсэн тугалган цаас 1 ширхэг,

№6 гэж дугаарласан Koact 625 гэсэн бичиглэл бүхий хайрцагтай, Koact 625 гэсэн саарал өнгийн таблеттай эм мэт зүйл /1 ширхэг нь хоосон/, Vitamix гэсэн бичиглэл бүхий 2 таблет эм мэт зүйл /1 таблетаас нь 2 ширхэг, нөгөөхөөс нь 1 ширхэг нь хоосон/, шар өнгийн үрлэн эм мэт зүйл /9 ширхэг/ зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агийн асаргаанд байх эх Е.Г /РД:***/-д хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, Э.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.А, Э.М нарыг хамтран оролцох хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

           Шүүгдэгч Э.Мийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Э.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

          AN6610558 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт, АМ8495209 серийн дугаартай хуйлсан, ирмэг хэсэг нь түлэгдэж шарласан 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт, АМ84952** серийн дугаартай 20 төгрөгийн тал мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлж,

           №1 гэж дугаарласан 4 тусдаа гялгар ууттай өвс мэт зүйл /1 дугаартай уутанд 1.2267 грамм, 2 дугаартай уутанд 8.0634 грамм, 3 дугаартай уутанд 0.1966 грамм, 4 дугаартай уутанд 4.7939 грамм, нийт 14.2806 грамм/,

№2 гэж дугаарласан 10 мл-н 2 ширхэг цус мэт зүйлээр бохирлогдсон тариур,

№3 гэж дугаарласан 10 мл-н 2 ширхэг цус мэт зүйлээр бохирлогдсон тариур, улбар шар, шаргал өнгийн эмийн хоосон 1 ширхэг капсул,

№4 гэж дугаарласан улбар шар, шаргал өнгийн эмийн хоосон 1 ширхэг капсул, дөрвөлжилж эвхсэн тугалган цаас 1 ширхэг, шавар мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн асаагуур 1 ширхэг, шавар мэт зүйлээр бохирлогдсон боронзон өнгийн асаагуур 1 ширхэг,

№5 гэж дугаарласан “Тебантин 300 мг” гэсэн бичиглэлтэй улбар шар, шаргал өнгийн капсултай эм мэт зүйл 1 таблет /бүтэн/, гадар хэсэг нь бохирлогдсон ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон үрчийлгэсэн тугалган цаас 1 ширхэг,

           №6 гэж дугаарласан Koact 625 гэсэн бичиглэл бүхий хайрцагтай, Koact 625 гэсэн саарал өнгийн таблеттай эм мэт зүйл /1 ширхэг нь хоосон/, Vitamix гэсэн бичиглэл бүхий 2 таблет эм мэт зүйл /1 таблетаас нь 2 ширхэг, нөгөөхөөс нь 1 ширхэг нь хоосон/, шар өнгийн үрлэн эм мэт зүйл /9 ширхэг/ зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А, Э.М нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агийн асаргаанд байх эх Е.Г /РД:***/-д хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.А, Э.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, Э.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО