Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0002

 

Х НҮТББ-н

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б

Нэхэмжлэгч: Х НҮТББ

Хариуцагч: Э

Гуравдагч этгээд: Т ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ү болон Т ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан "Т чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах- барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэх үндэслэлийг илт хууль бус болохыг тогтоолгох

Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0781 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0781 дүгээр шийдвэрээр:

Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х НҮТББ-аас Эдийн засаг хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан Ү болон Т ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан "Т чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах- барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэх үндэслэлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд Засгийн газрын тохируулагч агентлаг Ү болон "Т" ХХК-хооронд 2019 оны 07 сарын 31 ний өдөр DBOT нөхцөлтэй Концессын шууд гэрээ байгуулагдсан байдаг. Мөн оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл DВОТ нөхцөлтэй хүнд даацын тусгай зориулалтын хатуу хучилттай авто замын шууд гэрээ байгуулах урилгад заасан Техникийн болон Санхүүгийн саналд тусгасан шаардлагыг хангасан эсэхэд Үнэлгээний хороо дүгнэлт гаргасан байдаг. Шууд гэрээ байгуулах DBOT нөхцөлтэй хүнд даацын тусгай зориулалтын хатуу хучилттай авто замын Концесс эзэмшигч компанид дараах шаардлагуудыг тавьсан байдаг.

Энэ нь ХХК- нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан гурван жилийн туршлагатай байх;

2.2. ХХК нь сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт бүрдүүлэх үндсэн шаардлага байдаг. Гэтэл "Т" ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр РД6284655 тоот дугаартай байгуулагдаж бүртгэгдсэн байдаг. УБЕГ-ын Хуулийн этгээдийн газарт 2018 оны 03 сарын 12-ны өдөр байгуулагдахдаа "Гадаад худалдаа"; "Ачаа тээвэрлэх хоёр чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн. Сүүлд Концессын гэрээ байгуулагдсанаас хойш 15 сарын дараа буюу 2021 оны 03 сарын 24 ний өдөр үйл ажиллагааны чиглэл дээр нэмж "Хатуу хучилттай зам барих чиглэл нэмж бүртгүүлсэн байдаг.

2.3. Шүүхээс "Т" ХХК-ийн хувьд 2018 оны 3 дугаар сард байгуулагдаж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хатуу хучилттай зам тавих зөвшөөрлийг авсан буюу концессын шууд гэрээний урилгын Техникийн болон Санхүүгийн саналд тусгасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна гэж дурдсан ч маргаан бүхий концессын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т "захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн" гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны гэрээ гэж дүгнэх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд Захиргааны гэрээ илт хууль бус болох үндэслэлийг заасан бөгөөд хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн захиргааны гэрээ илт хууль бус болно. Талуудын маргааны зүйл болсон концессын гэрээг шаардлага хангаагүй этгээдтэй байгуулсныг шүүх тогтоосон.

2.4. Өөрөөр хэлбэл, нэгэнт шаардлага хангаагүй этгээдтэй гэрээ байгуулсан нь тогтоогдсон байхад тухайн концессын гэрээг илт хууль бусад тооцох үндэслэлтэй байсан. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 12, 13, 14-т Зохицуулах байгууллага нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй болохыг шүүхийн үзлэгээр тогтоосон талаар дурдсан. Шүүхээс үндэслэх хэсэгтээ дээрх дүгнэлтүүдийг дүгнэсэн нь маргаан бүхий Концессын гэрээ нь анхнаасаа хуульд заасан шаардлагыг хангаагүй хууль зөрчиж хийсэн гэрээ гэдгийг дүгнэсэн атлаа шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2.5. Концессын гэрээнд орон нутгийн саналыг аваагүй гэх тайлбар нотлогдохгүй байна гэсэн дүгнэлтийн тухайд Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж, шүүх хуралдаанд хариуцагч талтай маргасан маргаан бүхий асуудлын нэг бол Захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны гэрээг байгуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй талаар мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүхээс сонсох ажиллагаа хийсэн эсэх дээр дүгнэлт өгөөгүй атал шийдвэртээ ...нөхөн сэргээх ажил хийгдэж байгаа... концессын гэрээнд орон нутгийн саналыг аваагүй гэсэн тайлбар нотлогдохгүй байна" гэсэн нь үндэслэлгүй байна.

2.6. Учир нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээний асуудал нь хоёр тусдаа ялгаатай ойлголтууд бөгөөд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхдээ Засаг дарга нарын татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолтыг үндэслэл болгосон нь хуульд заасан сонсох ажиллагаа хийсэн үг биш. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7-р зүйлийн 7.3.Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны Өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ. Гэсэн заалт дахь тухайн сум, дүүргийн Засаг даргын санал" нь албан бичгээр байгаль орчны үнэлгээ хийлгэхэд татгалзах эсэх асуудлаар тодорхойлолт гардаг.

2.7. Өөрөөр хэлбэл, Концессын гэрээ байгуулсны дараах зам барих үеийн харилцааг зохицуулсан хууль түүний үйл ажиллагаа. Харин нэхэмжлэгчийн маргаж буй асуудал нь Концессын гэрээ байгуулахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөх иргэдээс санал авах харилцаа юм. Цаг хугацааны хувьд ч хоёр өөр үйлчлэл бүхий баримт бичиг байгаа юм. Нэхэмжлэгч Концессын гэрээ байгуулах 2019оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө хамаарах хуулийн зөрчилтэй маргаж байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь 2021 он хийгдсэн тул бидний маргаж байгаа сонсох ажиллагаа хийсэн эсэхэд огт хамааралгүй хууль түүний хүрээнд хамаарах баримт хамааралгүй юм.

2.8. Иймд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан зарчмын нэг нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" бөгөөд хувь хүн, хуулийн этгээдээс захиргааны шийдвэр гарахаас өмнө урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх замаар эрхээ хамгаалах боломж олгох, түүнчлэн захиргааны шийдвэр үндэслэлтэй байх зарчмын хэрэгжилтэд чухал ач холбогдолтой. Ийнхүү хуульд заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчим нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд Сонсох ажиллагаагаар дамжин хэрэгждэг. Хуульд зааснаар захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох ёстой. Ийнхүү хуульд заасны дагуу хариуцагч тал гуравдагч этгээд буюу Т ХХК-тай Концессын гэрээг байгуулахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй ойр орчинд нь амьдарч буй иргэдээс тайлбар, саналыг авах ёстой байсан. Эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэдээс хариуцагч талаас сонсох ажиллагаа хийгээгүй байдаг. Энэ нь хэрэгт авагдсан Засаг дарга нараас ирсэн сонсох ажиллагаа хийсэн мэдээлэл байхгүй байна гэсэн албан бичгүүдийг хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахад тогтоогддог.

2.9. Гэтэл Шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн байна. Гурав. Шүүх талуудын маргасан асуудлаар буруу дүгнэлт хийсэн тухайд Шүүхээс концессын гэрээг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй, авто замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай хэрэгжсэн үйл баримттай талууд маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2.10. Учир нь нэхэмжлэгчээс илт хууль бус гэрээний улмаас Үндсэн хуулийн 16.2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан иргэдийн үндсэн эрх зөрчигдөж байна. Нүүдлийн соёл иргэншилтэй манай улсын хувьд энэхүү соёл иргэншлээ хадгалан үлдэх нь чухал атал 467 км авто зам барихдаа нүүдэлчин, малчин иргэдийн олон жил суурьшсан өвөлжөө, хаваржаа дээгүүр замын траст татсан нь Үндсэн хуулийн үзэл санаатай нийцэхгүй байна. Түүнчлэн байгаль орчны тэнцэл алдагдах, ховор ан амьтан, ургамал амьтан устаж үгүй болох, тусгай хамгаалалттай газар нутаг болон археологийн олдворууд эвдэгдэх сөрөг Үр дагавартай.

2.11. Түүнчлэн Засгийн газрын тохируулагч агентлаг "Ү" болон "Т" ХХК-ийн хооронд 2019 оны 07 сарын 31-ний өдөр байгуулагдсан "Т чиглэлийн авто зам төсөл"-ийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ нь Концессын тухай хуулийн 17.1.3, 29.4 ЗЕХ-ийн 4.2.6, 26.1 болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Авто замын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн нь Монгол улсын иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчиж байгаа тул ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу тус гэрээг илт хууль бус болох тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж маргасан.

2.12. Хариуцагчаас гэрээг илт хууль бус болох талаар маргаагүй зөвхөн төслийн зам нь 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа тул замыг буцааж хуулах боломжгүй гэж маргасан. Гэтэл Анхан шатны шүүхээс хариуцагчийн замын гүйцэтгэл 80 хувьтай гэх тайлбарыг нотлох баримтад үндэслэлгүйгээр дүгнэлт хийж хэргийн маргааны зүйл болох захиргааны гэрээний илт бус эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.

2.13. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэн дүгнэлтүүд зөрүүтэй буюу хэдийгээр хууль зөрчин гэрээг байгуулсан ч нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргээгдэхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүхээс маргааныг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэснээр дараа дараагийн удаа байгуулагдах концессын гэрээ хуулийн шаардлага хангасан байхаас гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдөхгүй байх ч үр дүн гарах боломжтой. Мөн шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан тохиолдолд нийтийн эрх ашиг буюу хүрээлэн буй орчны тэнцэл алдагдахаас сэргийлэх, ойр орчинд амьдарч буй иргэдийн эрх ашиг хамгаалагдах боломжтой болох юм.

2.14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсний дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны гэрээний хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл, бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар дүгнэлт өгөөгүй, хэргийн оролцогч нарын маргаагүй асуудалд дүгнэлт хийсэн, шүүхийн дүгнэлт зөрүүтэй байгаа зэргээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг засах, зөвтгөх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.,

7 дугаар зүйлийн 7.1-д Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт ..., үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...,

106 дугаар зүйлийн 106.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.,

106.3-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:, 106.3.2-т ..., захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох,

106.4-т Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.,

106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.,

106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.,

107 дугаар зүйлийн 107.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана. гэж тус тус заасан.

3.Нэхэмжлэгч Х НҮТББ-аас Ү болон Т ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан "Т чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан захиргааны гэрээ, хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Эад холбогдуулан гаргажээ.

3.1.Нэхэмжлэгчээс маргаан бүхий Концессын гэрээг дараах үндэслэлээр хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн тул илт хууль бус гэж маргажээ:[1]

-маргаан бүхий концессын гэрээг байгуулахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, тодруубал, Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага зэрэг үндэслэлүүдээс аль үндэслэлийг тодорхойлсонтой холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтыг үндэслэж шууд гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй,

-Т ХХК нь сүүлийн 3 жил ижил төстэй барилга байгууламж барьсан, төсөл хэрэгжүүлсэн туршлагатай, удирдлага, мэргэжлийн боловсон хүчин, техник технологийн чадвартай байх, сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан байх зэрэг Концессын гэрээнд тавигдах шаардлагуудыг илт хангахгүй байхад гэрээ байгуулсан, туршлагагүй компани үйл ажиллагаа явуулснаас үр дагавар үүссэн,

-эрх бүхий этгээд Концессын гэрээнд үл хамаарах журмыг баримталсан,

-гэрээг байгуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчиж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Өмнөговь болон Дорноговь 2 аймгийн 4 сумын 13 багийн иргэдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, сонсох ажиллагааг хийгээгүй гэдэг нь нотлогдож байгаа,

-авто замын трасст өртөж буй 13 түүхийн дурсгал байгаа нь Соёлын өвийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2 дахь заалтыг зөрчсөн,

-авто замын трассын дагуу археологийн судалгааны дүнд олдсон түүх, соёлын дурсгалд сөргөөр нөлөө үзүүлэхээр байгаа нь Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг зөрчсөн,

-авто замын трассын дагуу 187 иргэний өвөлжөө, хаваржааны газар, мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөцийн ангилалд багтсан газартай давхцсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн,

-газрын үзлэгийн баримтаар авто замын трасстай иргэдийн өвөлжөө, хаваржааны газар, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөцийн ангилалд багтсан газартай давхцсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэжээ.

3.2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий гэрээний улмаас нийтийн ашиг сонирхол буюу хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа талаар маргахдаа:

- маргаан бүхий концессын гэрээ байгуулагдсанаар хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх, байгалийн тэнцэл алдагдах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа, ан амьтан үрэгдэн дайжиж, агаарт сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, улмаар мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулах, говь цөлийн цөлжилт хурдасгах зэрэг үр дагавартай,

-авто замын трасст өртөж буй газарт Монгол Улсын Улаан ном-д орсон нийт хулангийн 80 хувь нь бэлчээрлэдэг бөгөөд манай оронд ховордоод байгаа хар сүүлт, цагаан зээр зэрэг амьтад үргэн дайжих, замын трассын дагуу тэдгээрийн бэлчээр нутаг хуваагдах, экосистем устах, эколгийн тэнцвэрт байдал алдагдана. Хүнд даацын тээврийн зам ашиглалтад орсноор уг замаар тээвэрлэлт хийх машины тоо өсөх бөгөөд машин техникийн хөдөлгүүрээс гарах дутуу шатсан хорт хий нь агаарт хуримтлагдах, дуу чимээ, чичиргээний долгионы улмаас ойр орчмын мал, ан амьтад хордох зэрэг сөрөг нөлөөтэй гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбоотойгоор, эс зөвшөөрч дараах тайлбарыг өгчээ:[2]

Засгийн газраас 2018 оны 73 дугаар тогтоолоор Таван толгой нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр арга хэмжээ авч, уг арга хэмжээний дагуу шууд гэрээ байгуулах эрхийг Үт олгосон, үйл ажиллагаа явуулсан байдал, үр ашигтай үйл ажиллагааг явуулж чадна гэх эдийн засгийн тооцооллыг гаргаад Т ХХК-тай шууд гэрээ байгуулахаар Засгийн газарт танилцуулж, Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоолоор Концессын гэрээ байгуулах эрхийг Үт олгосон,

-хэрэгт авагдсан 2 аймаг, 4 сумын Засаг дарга нар захирамж гаргаад тухайн Концессын гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй гэсэн, тухайн Засаг дарга нар аймаг, сумдаа төлөөлөөд концессын гэрээнд зааснаар цаашдаа үйл ажиллагаа явуулж болно гэж шийдсэн гэж үзэж байгаа учраас сонсох ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, Авто замын тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчөөгүй,

-удаан хугацаанд шороон замаар явж байгаа асуудлыг шийдвэрлэе, шороон зам дээр явснаас илүү засмал зам байсан нь илүү хурдан гэж концессын гэрээ байгуулаад тус замын гүйцэтгэл нь 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу Концессын гэрээг шүүхээс илт хууль бусад тооцлоо гэхэд нийтийн эрх ашиг хөндөгдөнө, Концессын гэрээний дагуу барьж байгаа замаар тээвэрлэлт хийснээр Монгол Улсын нийт хүн амын ашиг сонирхолд эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн үр өгөөж үзүүлнэ. гэжээ.

5.Гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбоотойгоор дараах тайлбарыг өгчээ:[3]

авто замын ажил 83,5 хувьтай явагдаж байгаа, аймгийн Засаг дарга нар батлагдсан трассын дагуу газрын зөвшөөрөл олгодог, иймээс Газрын тухай хуулийг зөрчөөгүй,

-зам дагуу айлуудын хүсэлтийг үндэслээд 4-5 айлыг нүүлгэн шилжүүлсэн. Бүр ойрхон айлуудад нөхөн төлбөрийг төлөөд явж байгаа. Иргэдтэй гэрээ хийсэн, иргэдэд нөхөн төлбөрийг бид олгоод явж байгаа,

-зам барьж байгаа үйл ажиллагаа нь байгальд тодорхой хэмжээгээр нөлөөлнө, Авто замын ажил бүрэн дууссаны дараа манай компани буцаагаад нөхөн сэргээх үүрэгтэй, энэ үүргээ бид биелүүлнэ, хариуцагч талтай санал нэг байна. гэжээ.

6.Дээр дурдсан хэргийн оролцогчдын маргааны үндэслэлийг тодорхойлж маргасан нөхцөл байдлаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдээс маргаан бүхий Концессын гэрээг хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн эсэх, мөн маргаан бүхий гэрээний улмаас нийтийн ашиг сонирхол, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа эсэх талаар тодорхой үндэслэлүүдийг гарган Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар маргаж, мэтгэлцсэн гэдэг нь тогтоогдож байна.

7.Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл бүрт эрх зүйн дүгнэлт өгөөгүй, түүнтэй холбоотой хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, дүгнээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн дээр дурдсан үндэслэлүүд, маргаан бүхий гэрээний хууль зүйн үндэслэл бүрт хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт өгөх шаардлагатай.

Мөн маргаан бүхий гэрээний улмаас нийтийн ашиг сонирхол буюу хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, байгалийн тэнцэл алдагдах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа, ан амьтан үрэгдэн дайжиж, агаарт сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, улмаар мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулах, говь цөлийн цөлжилт хурдасгах зэрэг үр дагавар бий болох эсэх, хэрэв ийм үр дагавар үзүүлсэн тохиолдолд үүнийг нөхөн сэргээх, нөхөн төлбөрийн аргаар шийдвэрлэх боломжтой талаар өгч байгаа гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын тайлан, бусад баримтыг баримтыг үндэслэн шүүхийн дүгнэлтийг өгөх шаардлагатай байна.

Нөгөө талаас хариуцагчийн маргаж буй Концессын гэрээний дагуу барьж байгаа замаар тээвэрлэлт хийснээр Монгол Улсын нийт хүн амын ашиг сонирхолд эдийн засгийн үр өгөөж өгнө гэх нөхцөл байдалд мөн дүгнэлт өгөөгүй байгааг дурдах нь зүйтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т тус тус заасан нотлох баримт үнэлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй.

8.Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д[4] ...концессын шууд гэрээний урилгын Техникийн болон Санхүүгийн саналд: -сүүлийн 3 жил ижил төстэй барилга байгууламж барьсан, төсөл хэрэгжүүлсэн туршлага..., -сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлантай байх шаардлагуудыг тавьсан байх ба шууд гэрээ байгуулах эрх олгогдсон гуравдагч этгээд ...-ийн хувьд 2018 оны 3 сард байгуулагдаж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хатуу хучилттай зам тавих зөвшөөрлийг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх шаардлагыг хангаагүй нь тогтоогдож байна., мөн Үндэслэх хэсгийн 14-т /эхний догол мөр/[5] Өөрөөр хэлбэл Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д концессын зүйл нь газрын бүрдэл хэсэг бол тухайн газрыг Газрын тухай хуульд заасан журмыг дагуу эзэмшүүлж, ашиглуулна гэсэн хуулиар тогтоосон нөхцөл хангагдаагүй, зам барих газрын эзэмшлийн урьдчилсан нөхцөлүүд хангагдах шаардлагатай, одоо хийгдээгүй байгаа дээрх ажиллагаануудыг шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг зохицуулах байгууллагуудад олгогдсон, энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн үзлэгээр тогтоогдож байна. гэж дүгнэсэн.

Гэсэн атлаа шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т /хоёрдохь догол мөр/[6] ...Концессыг тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.2-д...заасан байх тул ...концессын гэрээг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны гэрээ гэж дүгнэх боломжгүй байна гэж дүгнэсэн.

Үүнийг анхан шатны шүүх маргаан бүхий гэрээний хууль зүйн үндэслэлд зөрчилтэй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс уг дүгнэлтийг засах, зөвтгөх үндэслэлгүй бөгөөд мөн нэхэмжлэгчийн Талуудын маргааны зүйл болсон концессын гэрээг шаардлага хангаагүй этгээдтэй байгуулсныг шүүх тогтоосон. Өөрөөр хэлбэл, нэгэнт шаардлага хангаагүй этгээдтэй гэрээ байгуулсан нь тогтоогдсон байхад тухайн концессын гэрээг илт хууль бусад тооцох үндэслэлтэй байсан гэсэн давж заалдах гомдлыг[7] ханган шийдвэрлэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

9.Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-т нэхэмжлэгч ... хуулийн шаардлага хангасан болох нь ...зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлагаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ., 9.1-д [8] ...албан бичгүүдээр ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй талаарх тодорхойлолт болон төсөл хэрэгжүүлэгчийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг үндэслэл болгосон байх тул нэхэмжлэгчийн ...Засгийн газар болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Концессын гэрээнд орон нутгийн саналыг аваагүй... гэх тайлбар нотлогдохгүй, 9.2-т ...авто зам барих байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын тайланг хэлэлцүүлж тогтоол гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна., 9.3-т ...Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т ..., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ...төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх төрлийн гэрээ байна. зэрэг дүгнэлтэд заасан агуулга, үндэслэлийн талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлоогүй, хэргийн оролцогчид маргаагүй байна.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

10.Нэхэмжлэгчээс анх 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд түүний нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хоёр өөр үндэслэлээр хоёр удаа хүлээн авахаас татгалзаж, улмаар уг татгалзсан шийдвэрт гомдол гаргаж шийдвэрлүүлсний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилох, орон нутагт даалгавар биелүүлэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нийт гурван жил гаруй хугацаанд үргэлжлэн явагдаж, зургаан хавтаст хэрэг нотлох, баримт, хэргийн оролцогчдын тайлбар авагдсан тул анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлон, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэн, маргаан бүхий гэрээний хууль зүйн үндэслэл, уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн маргаж буй хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлсэн эсэхэд тайлбар, дүгнэлт өгч, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн хэм хэмжээг тодорхойлон хэрэглэж, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар тодорхой тусгаж, захиргааны хэргийг бүрэн, бодитой, нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

11.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг гаргасан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0781 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Т.ЭНХМАА

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ