Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0720

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 03 өдөр   

             Дугаар                                            .  128/ШШ2020/0720

                   Улаанбаатар хот

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн П-ийн С, Б дүүрэг, 11 дүгээр

 

Хариуцагч:     Убег,

Нэхэмжлэлийн шаардлага: “П.С нь “Г” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй болохыг тогтоож, Б.Уыг тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах, хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.С, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, улсын бүртгэгч Ж.Н, гуравдагч этгээд Б.У, гуравдагч этгээд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч П.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие улсын бүртгэлийн байгууллагын илт хууль бус үйлдлийн улмаас 2 гаруй жил төрийн байгууллагаар явж маш их хэмжээний зардал чирэгдэл болж мөнгө болон цаг хугацаагаар их хохирлоо. Энэ бүх зардлыг мөнгөн хэлбэрээр тооцох үнэхээрийн хэцүү байдаг юм байна. Ажлаас чөлөө авч төрийн байгууллагуудаар явах энэ тохиолдолд бүрд цалин хөлсөө хасуулах, эрүүгийн хэрэгт өмгөөлөгч 1 сая төгрөгөөр хөлсөлсөн, бензин тос хийх гээд маш их зардал гарсан ч ядаж хууль зүйн туслалцаа авсан зардлаа авахаар нэхэмжлэл гаргаж байна.

Бүүр сүүлдээ аргаа барж учраа олж чадахгүй байсан учир аргагүйн эрхэнд хууль зүйн туслалцаа авсны хүчинд асуудал шийдэгдэх талдаа ороод явж байна. Хууль зүйн туслалцаа авахгүйгээр энэ асуудлын ард үнэхээрийн гарч чадахгүй байсан тул захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирол буюу захиргааны хэрэгт ажиллуулахаар өмгөөлөгч хөлсөлсөн зардал 1.5 сая төгрөгийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байна. 2020 оны 08 сарын 27-ны өдөр Убегт Б-ийн У хамт очиж “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг Б.У болгож бүртгүүлэхээр очсон ч боломжгүй талаар хэлсэн.

Улмаар Убегт 2020 оны 09 дүгээр сарын 07 өдөр бичгийн хэлбэрээр гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасан 19.4.2 “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3 “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 19.4.11 “өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах” үүргээ хэрэгжүүлж хяналт тавиагүй илэрхий буруутай үйлдэл гаргасан тул миний иргэний үнэмлэхийг ашиглаж хуулийн этгээд байгуулсан Б-н У /*******/ гэх этгээдийг “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар бүртгэж хууль бус бүртгэлтээ зөвтгөх боломжтой байтал бүртгэж өгөхгүй эс үйлдэхүй гаргасаар өдийг хүрээд байна.

... Би 2019 оны 5 дугаар сарын 09-нд Г ХХК нь миний нэр дээр байдаг талаар мэдсэн. Татварын байцаагч н.******* гэдэг хүн ирээд та компанитай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад компани байхгүй гэж хэлээд маргааш нь Татварын алба болон Улсын бүртгэлийн газарт өргөдөл өгсөн. Улсын бүртгэл газар нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс бичгийн хэвийн тодруулаад улмаар намайг биш гэдэг нь нотлогдсон. Сүхбаатар дүүргийн 2 дугаар цагдаад би мөн адил өргөдөл бичсэн. 2019 оны 5 дугаар сараас хойш жил гаруй явж байна. Сүүлдээ дийлэхгүй болиод 2020 оны 4 дүгээр сард өмгөөлөгч авсан. Татварын албаны архивд очоод Б.У гэдэг хүний гэрийн хаяг болон өргөдөл зэргийг үзээд дахиад прокурорд гомдол гаргаад шалгагдаад явж байна. Улмаар гуравдагч этгээд олдоод хуралдаанд оролцоод явж байна. Б.У өөрөө хүлээн зөвшөөрсөн тул компанийг өөрт нь өгнө. Өөрт нь өгнө гэхээр Улсын бүртгэлийн байгууллага шилжүүлж өгөхгүй байгаа нь хууль бус юм.

... өмгөөлөгчийн хэлж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Нэхэмжлэлд Б.У гэж байгаа. Буруу бичсэн байна. П.С нь “Г” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй болохыг тогтоож, Б.У гэдэг хүнийг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

... Бид нар өөрсдөө өргөдөл гаргаад явж байсан чинь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр прокурорын тогтоол гараад шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр таны гарын үсэг биш. Та энэ компанийг байгуулаагүй улмаар гэмт хэргийн шинжтэй гэхдээ Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар бичиг баримт хуурамчаар үйлдэх бөгөөд үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулсан боловч нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул хэргийг хаасан гэсэн. 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр прокурорын байгууллагад гомдол гаргасан. Хэн гаргасан талаар тогтоож өгнө үү гэсэн. Улмаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбараар байгуулаагүй болох нь тогтоогдож байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т  “...иргэн хуулийн этгээдээс бүртгэл хийлгэх хүсэлтийг хүлээнэ авч хяналтын бүртгэлд бүртгэх эсэх шийдвэр гаргана” гэж заасан. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчийн итгэмжлэл гаргасан этгээд гаргах ёстой гэж заасан. Гэтэл гаргаагүй. Б.Уаас өөрөөс нь авсан. Б.Уаас итгэмжлэл байгаа талаар асууж лавлаагүй. Хүн ихтэй байсан гэдэг тайлбар хэлдэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “8 дугаар сард Улсын бүртгэлийн байгууллагад  ирсэн гэж байна. Улсын бүртгэл байгууллага нь энэ хоёрын амаар ярьсан зүйлийг бүртгэдэг байгууллага биш юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулинд хувьцаа эзэмшигч нь нотариат орж худалдан, худалдан авах бэлэглэлийн гэрээгээр хийнэ. П.С гэдэг хүн өөрийнхөө компанийг гуравдагч этгээд рүү шилжүүлж байгаа тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээ гаргаад хоёр дүрэм шинээр хийгээд тэмдэгтийн хураамж 10000 төгрөг тушаагаад  манай нэг цонхны үйлчилгээнд материалаа бүрдүүлж өгсний дагуу хуулийн этгээдийн бүртгэлийн газар хувьцаа эзэмшигчийн өөрчлөлийн бүртгэл хийгдэж байгаа. 2018 оны 8 дугаар сард ирсэн гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар энэ хоёр хүн нэг ч удаа шийдвэр тогтоол гаргаад ирсэн зүйл байхгүй. Хяналт шалгалтын газар өргөдөл гомдол гаргаад явж байгаа юм шиг байсан. Манайх  бол хуулийн этгээдийн бүртгэлийн газар юм.  1,500,000 төгрөг нэхэж байгаагийн тухайд манай улсын бүртгэлд хамаагүй захиргааны хэргийн маргаан гэж үзэж байгаа.

... Б.Уын бүрдүүлсэн бичиг баримтын тухайд буцаах үндэслэл харагдахгүй байгаа. П.Сыг хандсан эсэх асуудлыг мэдэхгүй” гэв.

 

            Гуравдагч этгээд Б.У шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П-ийн Сын 2020 оны 09-р сарын 25 өдөр гаргасан өөрчлөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргаж байна.

Миний бие нэхэмжлэлд дурдсан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч П.Сд төлсөн.

Мөн Убегын 2015 оны 10-р сарын 15-ны өдрийн ******* дугаартай “Г”ХХК-н 100 хувийн хувьцааг миний нэр дээр шилжүүлэн бүртгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Гуравдагч этгээд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай зүгээс  хуулийн этгээдийг хэн төлөөлөх вэ? гэдэг шийдвэр гарсны дараа хяналт шалгалт явуулах учраас  одоогоор нэмэлт тайлбар байхгүй. Хэн нь компани өвлөж авах вэ? гэдэг зүйл байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч П.С нь анх шүүхэд хандаж ““Г” ХХК-ийг улсын бүртгэлд анх бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа тодруулсны эцэст “П.С нь “Г” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй болохыг тогтоож, Б.Уыг тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгах, хохиролд 1,500,000 төгрөг гаргуулах” гэж тодруулсан.

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “П.С нь Г компанийг байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд Б.У нь миний гээгдүүлсэн иргэний үнэмлэхийг ашиглаж тус компанийг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлснээ хүлээн зөвшөөрсөөр байхад бүртгэлийг залруулахгүй байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргасан бол хариуцагчаас “Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргаж өгсөн баримтуудаар бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд мэдүүлэгт П.С гарын үсэг зураагүй, мэдүүлгийг гаргаагүй болохыг захиргааны байгууллага мэдэх боломжгүй байсны дээр П.С болон Б.У нар нь бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдүүлэг, холбогдох баримтыг захиргааны байгууллагад ирүүлээгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Улсын бүртгэгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17275 дугаар шийдвэрээр “Г” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэж, регистрийн 6012566 дугаар олгож[1], тус хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр П-ийн Сыг бүртгэжээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2015/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно”, 16.1.1-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага”, 16.1.2-т “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч” гэж тус тус заасан байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь “...эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, ...улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудын нэгтгэн авч үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч өөрийн биеэр гаргаж байгаа эсэх, эсхүл түүнээс томилогдсон, эсхүл эрх олгогдсон бусад этгээд гаргаж байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байна.

Гэтэл маргааны тохиолдолд П.С нь “Г” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд гарын үсэг зураагүй, мэдүүлгийг гаргаагүй болох нь,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2864 тоот дүгнэлтэд “... “Г” ХХК-ийн дүрэм, ... үүсгэн байгуулах шийдвэр, ... хуулийн этгээдийн улсын бүртгүүлэх өргөдөл гэсэн баримтуудад зурсан “П.С” гэх гарын үсгүүд нь харьцуулах загвараар нэмэлтээр ирүүлсэн П.Сын дармал хэлбэрийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна”[2] гэж бичигдсэн,

- П.Сын “тус компанийг би үүсгэн байгуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргаагүй. Тухайн үед иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байсан” гэсэн тайлбар,

- нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт "Пүрэвдоржийн С нь иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн шалтгаанаар 2015 оны 09 дүгээр сарын 21-нд хүсэлт гаргасны дагуу 9 дүгээр сарын 23-нд иргэний үнэмлэхийг өөрт нь олгосон"[3] гэсэн лавлагаа,

- гуравдагч этгээд Б.Уын “П.Сын иргэний үнэмлэхийг Саппоргийн урд талын ТҮЦ-ээс таньдаг хүний үнэмлэх гэж хэлээд, 10000 төгрөг төлж авсан. Өөр хүний нэр дээр авах хэрэгтэй байх гэж үзээд, Убегын гадаа байгаа хүмүүс рүү очиж, 160,000 төгрөг төлж компанийн гэрчилгээ гаргуулсан” гэсэн тайлбаруудаар тус тус тогтоогдож байгаагаас үзвэл, “Г” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтууд нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй байсан гэж үзэхээр байх тул хариуцагч захиргааны байгууллага нь уг баримтуудын үнэн зөв эсэхийг нягтлах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Хэдийгээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй, түүнчлэн тухайн мэдүүлэгт зурсан гарын үсэг нь П.Сынх биш эсэхийг захиргааны байгууллага мэдэх боломжгүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй боловч тухайн мэдүүлэгт гарны үсэг зурсан этгээд, эсхүл түүнээс эрх олгогдсон этгээд мэдүүлгийг гаргаж байгаа эсэхийг захиргааны байгууллага шалгах, тодруулах боломжтой тул хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2005/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” бол хуулийн этгээдийг шинээр байгуулсныг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасныг мөн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Б.У нь “Г” ХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг цахимаар бус биечлэн гаргасан болохоо “100 айлын гадаа Ц гэдэг эгчид материалыг өгч гэрчилгээ гаргуулсан” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлаагүй, тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, эсхүл түүнээс томилогдсон гүйцэтгэх удирдлага, эсхүл итгэмжлэл олгогдсон бусад этгээд улсын бүртгэлийн мэдүүлгийг биечлэн өөрөө гаргаж байгаа эсэхийг тодруулаагүйгээс бүртгэхээс татгалзах нөхцөл байдал байхад бүртгэлийг хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргаж өгсөн баримтуудаар бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь хуульд заасан журмын дагуу гэрээгээ байгуулж, мэдүүлгээ гаргах замаар тус хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг өөрчлүүлэх боломжтой. Гэтэл эдгээр хүмүүс нь энэ журмын дагуу хүсэлт гаргаагүй” хэмээн тайлбарлах боловч П.С нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар маргаагүй, харин “Г” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг ерөөсөө гаргаагүй гэж маргасан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.С нь “Г” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтэд гарын үсэг зураагүй, мэдүүлгийг гаргаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар бодит нөхцөл байдалд тохирохгүй байна.

Дээрхээс үзвэл, П.Сын “Г” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр П.Сыг бүртгэсэн нь хууль тогтоомжид нийцээгүйн дээр, нэхэмжлэгчийн хувьд үүсгэн байгуулаагүй, бүртгүүлээгүй хуулийн этгээдийн хувьд үүрэг хүлээх үр дагаварыг үүсгэсэн, хууль бус шийдвэр болжээ.

Гэвч Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 02/315 тоот албан бичгээр “...”Г” ХХК нь манай татварын хэлтэст татварын илүү дутуу төлөлттэй байх тул бүртгэлээс хасах, татан буулгах боломжгүй” гэж улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдсэн байх ба энэ тохиолдолд хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан бүртгэлийг шүүхээс мөн хүчингүй болгох, өөрчлөх боломжгүй.

Харин “Г” ХХК-ийг татвар төлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлтийг гуравдагч этгээд Б.У гаргасан байх ба тэрээр “Г” ХХК-ийг байгуулж П.Сын иргэний үнэмлэхийг ашиглан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарлаж байх тул “Г” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Б.Уыг бүртгэхийг даалгаж шийдвэрлэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “бүртгэл ...үнэн зөв, бодитой байх, ...” байх зарчим, 16 дугаар зүйлийн 16.1.7-д заасан “...илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” захиргааны байгууллагын чиг үүрэгт нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

П.Сын нэхэмжилж буй 1,500,000 төгрөг нь түүнээс эрүүгийн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн хөлс гэж тайлбарлаж байгаа захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас үүссэн хохирол гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16.1.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль/2015/-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, 16.1.2-т “заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Сын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, П.С нь “Г” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй болохыг тогтоож, Б.Уыг тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

 

 

[1] Хавтаст хэргийн 48 дахь талд

[2] Хавтаст хэргийн 183 дахь талд

[3] Хавтаст хэргийн 207 дахь талд