Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 697

 

МАГАДЛАЛ

 

2017.03.10                             

 

 

 

 

                  Дугаар 697                                        Улаанбаатар хот

“Дувайз” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00034 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Дувайз” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Доорстэп” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ажлын хөлс, бараа материалын зардал        76 820 380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ганбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: “Дувайз”    ХХК-ийн захирал Б.Ганбат би анх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутагт байрлах 12 дугаар байрны 75 айлын орон сууцны эхний 30 айлын сантехник, цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэхээр “Ажиг Туул” ХХК-ийн захирал Ц.Баярсайхан гэгчтэй гэрээ байгуулан ажиллахаар болж 2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллаж, гэрээгээр ажлаа хийж гүйцэтгэн дуусч байхад иргэн Ж.Батбилэг гэгч нь манай үлдэгдэл 3, 4, 5 дугаар байрнуудын цахилгаан, сантехникийн ажлуудыг хийгээд өгөөч нэгэнт энэ байранд хийж байгаа юм гэрээ байгуулна гэхэд “би юу гэж худал хэлэхэв, манай дүүгээр Ц.Баярсайхантай хийсэнтэй адил гэрээгээр хийе гэхээр би үнэмшээд, аман хэлцлээр тохиролцоод 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаа бүрэн дуусгаж улсын комисст хүлээлгэн өгсөн болно. Ажлын үр дүнгээ бүрэн хүлээлгэж өгөөд бараа материал бусад компани, хувь хүмүүсээс зээлээр авсан цахилгааны болоод сантехник ажлын хөлс зэрэг бусад гаргасан зардлаа хийсэн ажлын гүйцэтгэл, зохих баримтын дагуу нэхэмжлэхэд өнөөдрийг хүртэл өгөхгүй ямар нэгэн арга эрэн хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн болно. Энэ хугацаанд Ц.Баярсайхан нь өөрийн эзэмшлийн байрны 1, 2 дугаар орцоо Ж.Батбилэгт алдсан, түүнд өгсөн одоо бүх юмыг тэрээр өөрөө мэдэж шийднэ гэсэн тул тэрээр гэрээний дагуу үүргииг шилжүүлэн авсан гэж ойлгож байгаа юм. “Доорстеп” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, гэрээний дагуу зөвшилцөөнд хүрээгүй тул тус компанийг үүргээ биелүүлээгүй гэж Иргэний Хуулийн 343, 355, 222 дугаар зүйлүүдэд заасны дагуу болон гэрээний 4.2-д заасны дагуу ажлын хөлс, бараа материалын үнэ, гарсан зардал, олох байсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас 1, 2 дугаар орцны ажлын хөлс 34 560 000 төгрөг, “Ажиг туул” ХХК-д хөрөнгө оруулсан 17 696 200 төгрөг, 3, 4, 5 дугаар орцны ажлын хөлсний үлдэгдэл           19 600 000 төгрөг, “Мон хоруст” ХХК-нд “Ажиг туул” ХХК-ийн өмнөөс төлсөн 3 979 180 төгрөг, өмнө нь Ж.Батбилэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491 040 төгрөг, нийт 76 920 420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Уг байрны сантехник, цахилгааны засварын ажлыг хийлгэхээр харилцан тохиролцохдоо бичгээр гэрээ байгуулах саналыг “Дувайз” ХХК бус “Доорстеп” ХХК нь тавьсан. Гэтэл “Дувайз” ХХК нь бичгээр гэрээ байгуулах шаардлагагүй, амаар тохиролцоод ажиллах саналыг тавьж, бичгээр гэрээ байгуулахаас татгалзсан. Уг 12 дугаар байрны 75 айлын орон сууц нь анхнаасаа иргэн Ж.Батбилэгийн эзэмшлийн орон сууц болно. “Доорстеп” ХХК нь өөрийн эзэмшлийн дээрх хаягт байрлах орон сууцаа засаж, сэргээн ашиглалтад оруулахаар бизнес төлөвлөгөө боловсруулан, өөрийн хамаатны дүү болох Ц.Баярсайханы “Ажиг туул” ХХК-тай Хөрөнгө оруулалтын гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр уг 75 айлын орон сууцны эхний 30 айлын орон сууцыг сэргээн засаж ашиглалтад оруулах нэгдсэн зорилго биелүүлэхээр, “Ажиг туул” ХХК нь орон сууцны засварын ажилд шаардлагатай хөрөнгийг гаргаж засаж, сэргээх ажлыг зохион байгуулж, ашиглалтад өгөх, “Доорстэп” ХХК нь орон сууц худалдан борлуулсны ашгаас 30 хувийн үнийг “Ажиг туул” ХХК-д төлөхөөр гэрээгээр тохиролцон харилцан тохиролцсон. Үүний дараагаар “Ажиг туул” ХХК-ийн захирал Ц.Баярсайхан нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ зарим хэсгийг буюу уг барилгын сантехник, цахилгааны ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр “Дувайз” ХХК-ийн захирал Б.Ганбат гэгчтэй Ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан байдаг. 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр комисст хүлээлгэж өгөх, “Ажиг туул” ХХК нь үүний хөлсөнд 34 560 000 төгрөг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь гэрээнээс харагдаж байна. Энэ гэрээний тухай “Доорстеп” ХХК-д ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй бөгөөд “Дувайз” ХХК-ийн захирал Б.Ганбатыг Ц.Баярсайхантай хамтран ажиллаж байгаа мэргэжлийн инженер хэмээн бодож байсан. Ийнхүү ажил гүйцэтгэж эхэлснээс хойш 1 cap гаруй хугацаа буюу 6 сарын эхээр ажлын явц удаан, “Ажиг туул” ХХК нь тохирсон хугацаанд гэрээний үүргээ биелүүлэх хугацааны болоод хөрөнгө, санхүүгийн хувьд боломжгүй болж эхэлсэн учир “Ажиг туул” ХХК-ийн захирал Ц.Баярсайхан нь гэрээнээс гарч Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах саналыг тавьснаар “Ажиг туул” ХХК, “Доорстэп” ХХК-иудын удирдлагуудын шийдвэрээр 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсан. Үүний дараагаар “Доорстеп” ХХК нь өөрийн хөрөнгө мөнгөөр уг барилгын засварын ажлын санхүүжилтийг бүрэн шийдэж ажиллахаар болж, Б.Ганбат болон түүний бригад нэгэнт ажлаа хийгээд эхлүүлсэн, дүү Ц.Баярсайхантай танил хүмүүс тул хувь хүний ёс суртахууны үүднээс түүнд итгэн, өмнө нь өөрийн зардлаар авсан бараа материалынх нь өрийг “Доорстеп” ХХК төлж, нийт 5 орц барилга буюу 75 айлын орон сууцны зөвхөн сантехник, цахилгааны засварын ажлын хөлсөнд 47 000 000 төгрөг төлөх, шаардлагатай бараа материал, багаж хэрэгсэлээр бүрэн хангаж өгөхөөр аман хэлбэрээр тохиролцож ажиллуулсан. Гэвч “Дувайз” ХХК-ийн захирал Б.Ганбат нь удаа дараа ажлаа орхиж явах, өөр газарт давхар ажил эрхлэх зэргээр ажлын явц, чанарыг удаашруулж, бараа материал худалдан авах мөнгөнөөс бусадтай нийлж шамшигдуулах зэргээр “Доорстеп” ХХК-ийн хүлээлгэсэн итгэлийг алдан, ажлын болоод хувь хүний ноцтой зөрчил, дутагдал гаргаж байсан бөгөөд үүгээр ч зогсохгүй инженер н.Төгөлдөртэй ашиг олох, үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжлэх зорилгоор нийлэн, үгсэж тохиролцож цахилгаан, сантехникийн ажлын хөлс мэтээр оруулан тооцоо хийлсэн акт үйлдсэн байсан тул Ж.Батбилэг нь одоог хүртэл уг баримтууд дээр баталгаажуулах гарын үсэг зураагүй байгаа билээ.

1. Нэхэмжлэлд “Мон-Хорус интернешнл” ХХК-иас худалдан авсан бараа материалын үнэ болох 3 979 180 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Уг төлбөрийг Доорстеп ХХК нь бүрэн төлсөн. Төлбөрийг захирал Ж.Батбилэг өөрийн биеэр банкинд очиж, “Мон-Хорус интернэшнл” ХХК-ийн харилцах дансанд төлсөн бөгөөд энэ нь “Мон-Хорус интернэшнл ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар “Дувайз” ХХК, “Ажиг туул” ХХК, “Доорстэп” ХХК, иргэн Ж.Батбилэг нартай ямар нэгэн өр төлбөр байхгүй тухай тайлбараар нотлогдож байна. Мөн дээрх төлбөрийг “Доорстеп” ХХК нь төлсөн  болох нь 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3 000 000, 2013 оны 06 дугаар сарын      18-ны өдөр 3 998 000 төгрөгийг тус тус дансанд тушааж, нийтдээ 6 998 000 төгрөгийг “Мон Хорус интерэшнл ХХК-нд төлсөн болох нь тус компанийн харилцах дансны хуулгаар тогтоогдож байна.

2. Цемент БМД 1 200 000 төгрөг гэсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчээс хэрэгт нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Иргэн Б.Ганбатаас гаргаж, “Ажиг туул” ХХК-иар дамжуулан иргэн Ж.Батбилэгийн 12-р байрны 1, 2-р орцонд оруулсан хөрөнгө оруулалтын тооцоо гэх баримтад цемент худалдаж авсан үнийг 1.120.000 гэсэн байх бөгөөд уг төлбөрийг “Ажиг туул” ХХК-ийн захирал Ц.Баярсайханд бэлнээр олгож, “Дувайз” ХХК-ийн уг зардлыг төлүүлсэн. Хэрэгт байгаа баримтаар бол БМД нэртэй компаниас “Ажиг Туул” ХХК нь 10 тн цементийг 1 200 000 төгрөгөөр авсан байх тул энэ төлбөрийг “Дувайз” ХХК нэхэмжлэх эрхгүй юм.

3. Нэхэмжлэлд нийтдээ зардал, ажлын хөлс хэмээн оруулсан 17 696 200 төгрөгийн хувьд уг барилгын 1, 2-р орцонд оруулсан бараа материал, ажпын хөлс гэсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргажээ. Уг баримтаас харахад ажлын хөлс 11 200 000 төгрөг гэж оруулсан нь “Ажиг туул” ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох               34 560 000 төгрөгт багтсан үнэ гэж ойлгож байна.

Энэхүү жагсаалтад орсон цементийн хувьд үнийн дүнгээр нь тооцож үзвэл бараг 10 тн орчим цементийн үнэ байна. Энэ нь өмнө нэхэмжилсэн 10 тн цементтэй нийлэн нийт 20 орчим тн цемент уг барилгын 1, 2-р орцонд хэрэглэсэн болох юм. 20 тн цементийн ердөө 20 хувь нь л уг барилгын 5 орцны сантехник, цахилгааны засварын ажлыг хийж гүйцэтгэхэд хангалттай хүрэлцээтэй болно. Нийтдээ уг барилгын цахилгаан сантехникийн ажилд “Доорстэп” ХХК-иас гаргасан бараа материалын үнэнд 81 332 304 төгрөг зарцуулснаас 1, 2-р орцонд 46 396 876 төгрөгийг зарцуулсан байдаг.

4. Нэхэмжлэлд ажлын баталгаа 2 350 798 төгрөгийн хувьд уг ажлын гүйцэтгэлийн баталгааны хуулийн хугацаа буюу 3 жилийн хугацаа дуусаагүй, уг хугацаанд гүйцэтгэсэн ажилд удаа дараа доголдлууд илэрч байсан тул үүнээс гарсан хохирлын арилгахад уг мөнгө нь бүрэн зарцуулагдсан. Хэрэв элдэв доголдлууд гараагүй бол энэхүү ажлын баталгаа 2 350 798 төгрөгийн олгох боломжтой байсан.

5. Ажлын хөлсний үлдэгдэл 8 837 798 төгрөгийг нэхэмжилсэн байна. Аман хэлцлээр 1-5 дугаар орцны сантехник, цахилгааны засварын ажлыг 47 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсоноос Б.Ганбатад ажил гүйцэтгэх явцад Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн дагуу бэлэн мөнгөний зарлагын баримтаар бэлнээр 25 700 000 төгрөг, бэлэн мөнгөний зарлагын баримтгүйгээр бэлэн мөнгөний гүйлгээний тайланд тусгагдсанаар бэлнээр 320 000 төгрөг, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөлийн дагуу бэлэн мөнгөний зарлагын баримттайгаар дансаар 10 000 000 төгрөг, харилцах дансны хуулганаас харахад Ж.Батбилэг хувийн Хас банкны данснаас 2 000 000 төгрөг, Хаан банкны данснаас 4 000 000 төгрөг нийт 42 020 000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн байдаг. Б.Ганбат нь Б.Ууганбаатарын хамтаар уг ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Бараа материал худалдаж авсан тооцоо нийлсэн актаар нийт 11 445 юанийн зөрүү буюу одоогийн ханшаар 3,570,840 төгрөгийн төлбөрийг хариуцан төлөх ёстой байсан бөгөөд уг төлбөрийг одоог хүртэл төлөөгүй компанид хохирол учруулсан байна.

6. Нэхэмжлэлд ажлын хөлс 34 560 000 төгрөгийг шаарджээ. Ажил гүйцэтгэх гэрээний хувьд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасны дагуу “Ажиг туул” ХХК нь “Дувайз” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах талаар “Доорстэп” ХХК-д мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй байж. “Ажиг туул” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бусад этгээдээр гүйцэтгүүлэхээр “Дувайз” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах талаар Доор стэп ХХК-нд мэдэгдээгүй зохих зөвшөөрлийг аваагүй байна.

7. Барааны үнэ 1 494 000 төгрөг гэжээ. Энэ нь хэрэгт өгсөн баримтаас үзэхэд 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр БМД компанийн бараа материалын үнэ 1 494 000 төгрөгийн зарлагын баримт тамгатай байна. Гэвч энэ баримтаас үзэхэд ямар компани уг бараа материалыг авсан нь тодорхойгүй, огт бичигдээгүй, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, шалгасан нэг ч гарын үсэг байхгүй байх тул нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар төлбөр нэхэмжпэх хууль зүйн үндэслэлгүй. “Дувайз” ХХК уг баримтад бичигдсэн бараа материалыг авсан болох нь нотлогдохгүй байна.

8. Шүүхийн 8702 дугаар шийдвэрийн дагуу улсын орлогод үлдсэн 491 040 төгрөг гэжээ. Дээрх зардал бол нэхэмжлэгчээс урьд нь иргэн Ж.Батбилэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ төлсөн улсын тэмдэгтийн хураамж бөгөөд хариуцагчаас буруу тодорхойлсон гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болж, шүүхийн үйл ажиллагааны зардалд тооцон хуульд зааснаар улсын орлого болгон шийдвэрлэж, энэхүү шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Тэгээд нэхэмжлэгч “Дувайз” XXК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрөө хариуцагчаа буруу тодорхойлсон нь өөрсдийнх нь буруутай үйлдлээс болсон тул “Дувайз” ХХК-тай ямар хамааралгүй юм. Дээрх нэхэмжилсэн зардлууд нь нийлбэр дүнгээрээ 70 609 016 төгрөг болж байх бөгөөд үүн дээр ажлын гэрээний гүйцэтгэлээс алдагдал, олох байсан орлого, бусдад төлөх төлбөр гэх 6 211 364 төгрөгийг ямар үндэслэлээр, ямар баримттайгаар тус компаниас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, холбогдох баримтгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.2-т заасны дагуу хариуцагч “Доорстэп” ХХК-иас 36 097 798 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дувайз” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39 737 582 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 985 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542 060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Доорстэп” ХХК-иас 338 439 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дувайз” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: "Доорстеп" ХХК, "Ажиг туул" ХХК нарын хооронд байгуулсан "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г талууд харилцан тохиролцож, 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр цуцалсан бөгөөд үүнийг үндэслэн хариуцагч "Доорстеп" ХХК болон нэхэмжлэгч "Дувайз" ХХК нарын хооронд амаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээрх хаягт байрлах 12 дугаар байрны 75 айлын орон сууц буюу 1-5 дугаар орцны цахилгаан, сантехникийн засварын ажилд шаардагдах бараа материалыг 100 хувь "Доорстеп" ХХК гаргаж, засварын ажлын хөлсөнд зөвхөн 47 000 000 төгрөгийг "Дувайз" ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу дээрх гэрээнүүд байгуулагдсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан хариуцагчийн тайлбар эргэлзээтэй дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь дээрх 2 гэрээний төлбөрийн нөхцлүүд ялгаатай байгаагаа харж болохоор байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч "Дувайз" ХХК болон "Ажиг туул" ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний тухайд ажил гүйцэтгэгч буюу "Дувайз" ХХК нь 1, 2 дугаар орцны засварын ажлыг өөрийн хөрөнгөөр буюу шаардагдах бүх бараа материалыг өөрөө гаргах, ажлын хөлсөнд 34 560 000 төгрөг төлөх, харин "Доорстеп" ХХК, "Дувайз" ХХК нарын хооронд гэрээгээр ажил гүйцэтгэгч нь 1-5 дугаар орцонд хийх засварын ажлыг захиалагчийн хөрөнгөөр буюу "Доорстеп" ХХК-ийн авч өгсөн материалаар ажлыг гүйцэтгэж, ажлын хөлсөнд 47 000 000 төлөхөөр тохиролцсон байгааг шүүхээс ялгааг нь гаргаж дүгнээгүй, хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн 1, 2 дугаар орцны зөвхөн засварын материалын үнэ 23 914 000 төгрөг ажлын хөлс 34 560 000 төгрөг байхаар зохиогдсон төсөв байхад зөвхөн 34 560 000 төгрөгөөр "Ажиг туул" ХХК, "Дувайз" ХХК нарын хооронд гэрээ байгуулж, өөр ямар ч нэмэлт зардал, ажлын хөлс тохироогүй байхад 1-5 дугаар орцны засварын материалын зардал буюу үнийг "Доорстеп" ХХК бүрэн хариуцаж, ажлын хөлсөнд 47 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчид ямар хохирол учраагүй, хариуцагч нь ямар ч хэмнэлт хийж, бусдын зардлаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, шударга тохиролцоо болсон гэдгийг хэрэгт авагдсан баримтуудаас бүрэн тогтоох боломжтой байхад ийнхүү шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч "Дувайз" ХХК-ийн захирал Б.Ганбат нь анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа "Дувайз" ХХК болон "Ажиг туул" ХХК нарын хооронд байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ" хүчинтэй, тийм ч учраас уг гэрээгээр тохиролцсон төлбөрийг нэхэмжилж байгаа талаар тайлбар гаргасан байдаг. Тэгвэл бодит байдал дээр нэхэмжлэгч "Дувайз" ХХК нь нэг ажлыг буюу 1, 2 дугаар орцны засварын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой гэрээг 2 компанитай давхар хөлс тохирон байгуулсан байна. "Ажиг туул" ХХК-тай байгуулсан гэрээ хүчинтэй гэж үзэж байгаа бол энэ удаад хариуцагч "Доорстеп" ХХК-иас 34 560 000 төгрөгийг энэ шүүхийн шийдвэрээр гаргуулж авчихаад дараа нь гэрээгээ үндэслээд "Ажиг туул" ХХК-иас дахин 34 560 000 төгрөгийг нэхэмжлэх гээд байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл ямар учир шалтгаантай нэг ажил хийсний төлөө 2 компанитай, өөр өөр нөхцлөөр гэрээ байгуулж ажиллаад байна вэ, нэг ажлын төлөө 2 компаниас гэрээний мөнгө давхар авах зорилготой байхыг үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай асуудал байхад шүүх гагцхүү хариуцагч л үүргээ биелүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж 34 560 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Дувайз” ХХК нь хариуцагч “Доорстэп” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ажлын хөлс, бараа материалын зардал 76 820 380 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 985 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ “...хариуцагч компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 8 837 798 төгрөг, ажлын баталгааний 2 350 798 төгрөг, барааны үнэ 1 494 000 төгрөг, зардал 17 696 200 төгрөг, “Ажиг туул”  ХХК-тай байгуулсан гэрээт ажлын хөлс 34 560 000 төгрөгийг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгчид ажлын хөлсийг төлсөн, өөр компанитай байгуулсан гэрээний үүргийг хариуцахгүй...” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Ажиг туул” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Говь-Сүмбэр аймгийн 3 дугаар багийн нутагт байрлах 75 айлын орон сууцны эхний 30 айлын байранд /цаашид барилга гэх/ сантехник, цахилгааны ажлыг 70 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 34 560 000 төгрөг гэж тохиролцсон, “Доор степ” ХХК болон “Ажиг туул” ХХК-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний зүйл нь нэхэмжлэлд заасан байрны 1-2 дугаар орцны эхний 30 айлын орон сууцыг сэргээн засварлаж ашиглалтанд оруулах байсан боловч уг гэрээ 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр цуцлагдсан, хөрөнгө оруулалтын гэрээгэээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор “Ажиг туул” ХХК нь нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь тухайн орон сууцны барилгын 3-5 дугаар орцны сантехник, цахилгаан, зоорийн давхрын магестрал шугамын ажлыг  47 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр хариуцагч компанийн захирал Ж.Батбилэгтэй амаар тохиролцсон, хийсэн ажлыг улсын комисс хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь  нэхэмжлэлд заасан барилга нь иргэн Ж.Батбилэгийн өмч тул барилгын 1-2 дугаар орцны сантехник, цахилгааны ажлын хөлсийг тэр хариуцна гэсэн ба хариуцагч нь 1-5 дугаар орцны цахилгаан, сантехникийн ажлыг нийтэд нь 47 000 000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон гэж маргасан.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүрэгтэй холбогдох аливаа шаардлагыг талууд харилцан гаргах боломжтой.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэл болох ажлын хөлсний дутуу төлбөрийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй, энэ талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагчийн  “...“Ажиг туул” ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг болох ажлын хөлс

34 560 000 төгрөгийг хариуцахгүй, нэхэмжлэгч нь тухайн компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсныг мэдээгүй...” гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь “Ажиг туул” ХХК болон хариуцагч компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын дээрх гэрээний явцад барилгын 1-2 дугаар орцонд хийгдэх сантехникийн ажлын хөлс 21 120 000 төгрөг, цахилгааны ажлын хөлс 13 440 000 төгрөг болохыг талууд тохиролцон баталгаажуулсан байх ба энэ ажлыг нэхэмжлэгч компани гүйцэтгэсэн, ажлын хөлсийг өөрөөр тохиролцсон гэдгийг хариуцагч баримтаар нотлоогүй, барилгын сантехникийн болон цахилгааны ажлын гүйцэтгэлтэй холбогдох аливаа шаардлага гарч байгаагүй, ажлыг улсын комисс хүлээн авсантай хариуцагч маргаагүй, тухайн барилга нь хариуцагч компанийн  /1 гишүүнтэй/ захирал Ж.Батбилэгийн эзэмшлийн болох нь өөрийнх нь тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Хэдийгээр хэргийн оролцогч талуудын хооронд тухайн барилгын 1-2 дугаар орцны сантехник, цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй ч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлс 34 560 000 төгрөгийг  Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь дээрх үндэслэлээр төлөх үүрэгтэй талаар шүүхээс хийсэн дүгнэлт  зөв байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...34 560 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох...” гэж давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/00034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 335 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

 ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

 

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ