Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/434

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2105025781306 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ...-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... эцэг, эх ... дүүгийн хамт .... тоотод оршин суух /РД:/ урьд ял шийтгэлгүй, Ховогт В-н З.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Түргэн үйлчилгээний цэгийн гадна “шээлээ” гэх шаардлага тавилаа гэх шалтгаанаас болж улмаар хохирогч *******-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Түргэн үйлчилгээний цэгийн гадна хохирогч *******-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/,

2. Хохирогч *******-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийн ажиллуулдаг Баянгол дүүргийн 20 дугаар хороо Саппоро төвийн урд талын автобусны буудал дээр байх Түцээ ажиллуулаад байж байсан. Тухайн үед би өөрийн төрсөн дүү Б , түүний найз Т  нарын хамтаар байсан. Тус өдрийн 22 цагийн үед байх манай Түц-ний ар хэсэг рүү үл таних намхан согтуу залуу ганцаараа шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь манай дүү Б  гараад чи одоо олон нийтийн газар ил шээгээд боль гэсэн чинь тус үл таних залуу дүү Б тэй хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Улмаар ...манай Түц рүү шээж байсан залуу болох З  намайг гартаа байсан нэг шил ч юм уу хуванцар зүйлээр миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Улмаар зодоон эхэлж би толгойгоо бариад зогсох үед З  нь намайг барьж аваад “энд шээсэн хүн яадаг юм” гээд намайг хавсараад газарт унагаасан би унах үедээ маш эвгүй байрлалтай газарт унасан бөгөөд унах үедээ баруун шагай хэсгээ хугалсан. Энэ үед цагдаа нар ирж тухайн зодооныг салгасан. Өшиглөлтөөс болж баруун шагай хугарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 18-19 тал/,

3. Гэрч *******-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 26-нд манай ажил тараад хамт ажилладаг З , Э , А , Г  нартай караоке орж жаахан архи уусан. Бид нар 23 цагийн үед тухайн караоке дотроос гараад Саппоро ороод тэнд тамхи тариа аваад гадаа ороомог идээд гадаа сандал дээр сууж байсан. Энэ үед манай найз З  босоод явсан чинь З Түц тойроод явсан бөгөөд А Г  ах Түц рүү тамхи авах гээд орсон. Ингээд гэнэт чимээ гарахаар нь харсан чинь З ыг хоёр залуу энэ муу шээгээд байна гэж хэлсэн бөгөөд нэг үл таних намхан тарган гэмээр залуу бариад авсан байсан тэгээд би Э ийн хамт яваад очсон чинь нэг ногоон малгайтай 20 гаран насны залуу нь намайг шууд цохиод авсан тэгэхээр нь би барих гээд араас нь хөөгөөд гүйсэн чинь зугтаагаад гүйцэгдэхгүй байсан. Би эргээд ирсэн чинь А Г  ахыг нөгөө намхан залуу нь заамдаад буудлын арын шилэн самбарт шахаад байж байсан тэгэхээр нь би нөгөө залууг салгаад мөн нэг удаа гараараа шанаа хэсэгт нь цохисон энэ үед гурван цагдаа хүрээд ирсэн. Бид нарыг юу болоод байна гээд нөгөө цагдаа нар асуусан чинь сүүлд А Г  ахтай зууралдаж байгаад надад цохиулсан залуу гэнэт миний хөл хугарсан энэ тэр гээд байсан. Энэ үед манай найз Э  бид нар хөлтэй нь огт зууралдаагүй хөл чинь хугараагүй байна хугалаад өгч болно шүү гээд хэлсэн. Тэгээд би чамд хүрээгүй байхад юу яриад байгаа юм гээд хэлсэн чинь намайг нөгөө залуу гараараа нэг удаа нүүр хэсэгт цохисон тэгээд би цагдаа нарт намайг цохилоо би одоо цохих уу гээд асуусан чинь боль гээд хэлсэн. Бид нарыг одоо асуудалгүй бол тар гэж хэлээд явсан бөгөөд бид нар үлдээд байж байхад нөгөө эрэгтэй цагдаад дуудлага өгнө энэ тэр гэх зүйл яриад байхаар нь дууд гэж хэлсэн чинь цагдаад дуудлага өгсөн. ...Тухайн үед манай найз З  зодоон маргааныг эхлүүлж З  л тухайн залуутай маргаж зодолдсон. Улмаар тус хөл нь гэмтсэн залуугийн толгой болон хөл хэсэг рүү нь цохиж хавсарч унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 28-29 тал/,

4. Гэрч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 11 сарын 26-нд манай ажил тараад айлд юм хийж байгаад тарсан. Бид нар гадаа машин дотроо 3-н ширхэг 2.5 литрийн Сэнгүр гэх пиво 6-н хүн хуваагаад уусан. Тэгээд Саппоро дээр байдаг нэг караоке ороод нэг найз маань харьсан тул бид тавуулаа дундаа нэг шил Эдэн гэх 0.7 литрийн архи аваад мөн хүний нэг нэг ширхэг 0.5 литрийн пиво авч уугаад шөнө 23 цаг өнгөрч байхад гарсан. ...Ингээд бид хоёр идээд сууж байсан чинь гэнэт Түц-ний тэнд хүмүүс бужигнаад байхаар нь харсан чинь манай найз маань болох З  гэх залуу маань автобусны буудлын Түц-ний араар ороод шээж байгаад үл таних 2 залуутай таарсан яагаад шээгээд байгаа юм гэх шаардлага нөгөө хоёр залуу тавиад тэрнээс болж маргаан болоод нөгөө залуучууд З ыг цохиод байгаа харагдсан. Би М болон Э  нартай хамт байсан болохоор очоод нөгөө хоёр эрэгтэйг салгах гээд байж байхад хаанаас гараад ирсэн нь мэдэхгүй өөр нэг залуу хар өнгийн нэхий күртик өмссөн залууг намайг шууд гараараа цохиод авсан сүүлд сонссон чинь тэр Түц-ний залуу юм байна. Намайг цохисон залууг би яах гэж намайг цохиж байгаа юм харьцаанаас харьцаа үүсдэг юм гэж хэлсэн чинь намайг ахиад нэг хоёр удаа мөн гараараа ам хэсэгт цохисон тэгэхээр нь би уур хүрээд тэр залуугаа нэг хоёр удаа гараараа цохиод байж авсан бөгөөд энэ үед нөгөө эрэгтэй намайг заамдаж зуураад салахгүй байсан чинь манай хуурай дүү маргаан зодоон хийгээд байгаа хоёр залууг Э  болон З  нараас салгасан. Бид арай гэж салаад байж байхад нөгөө гурван залуугийн нэг нь болох Түцнээс гарч ирсэн залуу утсаараа бичлэг хийж байна гээд хөл гэмтсэн энэ тэр гээд эхэлсэн. Харин энэ үед эргүүлийн цагдаа нар ирсэн. ...Тухайн үед Ж ыг манай газрын дүү З  л нэг удаа хавсарч унагаасан. Өөр тухайн үед зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 34-35 тал/,

5. Гэрч Э.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай 20 цагийн үед ажлын газрын хүмүүстэйгээ хамт Саппорогийн автобусны буудлын тэнд байдаг ТHТ гэдэг нэртэй караоке руу ороод ууж сууцгаасан. Караокеноос гараад тамхи олж татах уу гээд Түц оръе гээд манай ажлын газрын ах Түц рүү ороод А Г  ах маань ороод гарч ирэхдээ хүнтэй муудалцсан гарч ирсэн. ...Бид хэд очоод тэр Түц-ний хүнтэй бага зэргийн маргалдаан үүсгээд муудалцсан. Тэгээд тэр Түц-ний хоёр залуу нэг гарч ирээд та хэд манай найзын хөлийн хугалсан байна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 тал/,

6. Гэрч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хэрэг учрал болсон өдөр өөрийн төрсөн ах Ж  болон өөрийн найз Э  нарын хамтаар Баянгол дүүргийн Баянгол дүүргийн *** дугаар хороонд байрлах Саппоро төвийн урд талын автобусын буудал дээр байх Түц дээр худалдаа хийгээд байж байсан. Орой ...манай Түц-ийн хойд хэсэгт нэг залуу шээгээд байсан. Тэгэхээр нь би чи одоо болилдоо гэж хэлэхэд тэр залуу болихгүй байсан. ...Хэрүүл маргааныг зогсоох гэж байтал З  гэх залуу ах Ж ын нүүр хэсэг рүү удаа дараа гараараа цохиж чиний Түц рүү шээхээр яадаг юм гэх зэргээр ах Ж ыг зодоод байсан. Улмаар манай найз Т  бид хоёр салгах гэж оролдох үед ах Ж ыг тэр З  гэх хүн хөл рүү нь өшиглөсөн эсвэл хавсарсан. Гэнэт л Ж  ах газарт хэвтчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 тал/,

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12059 дугаартай “...******* ын биед баруун шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, дагзны хуйханд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдА д нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 59-60 тал/,

8. Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 70-71 тал/,

9: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 100, 101 тал/

10. Шүүгдэгч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би хийсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байна. Прокурортой ял тохиролцсон. Хохирогчид 3 сая төгрөг өгсөн. 2.5 сая төгрөгийг дансаар 500.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг болон хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* зан араншингийн хувьд их тайван, дөлгөөн зантай, хэр барагтаа уурлаад байдаггүй ба хааяа нэг уурлахаараа дуугаа хураачихдаг. ******* нь тамхи татаад байдаггүй ба хааяа найзуудтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/, гэрч Х.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ******* тай хар багаасаа найзалж нөхөрлөж байгаа. Зан ааш нь их дуу цөөтэй, хүнтэй ярьвал ярьчихна, ярихгүй бол нэг их юм яриад байхгүй. Биеэ зөв авч явдаг хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 76 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 79-80 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 81 тал/, зээлийн мэдээллийн лавлагаа /хх-ийн 82 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 83 тал/, регистрийн дугаарын лавлагаа /хх-ийн 84 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 38-40, 42-44 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.  

Хохирогч ******* ын биед баруун шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, дагзны хуйханд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл учирсан, энэ гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь хэргийн 56-60 дахь талд авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12059 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* , гэрч *******, ******* , Э.Э , *******  нарын мэдүүлэг, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хохирогч ******* ын биед учирсан дээрх хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч ******* ын гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Түргэн үйлчилгээний цэгийн гадна “шээлээ” гэх шаардлага тавилаа гэх шалтгаанаас болж улмаар хохирогч ******* ыг зодож эрүүл мэндэд нь баруун шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, дагзны хуйханд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ******* ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.  

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ******* ыг танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ******* д оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.  

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба тэрээр хавтас хэргийн 100 дахь талд “...хохирлыг бүрэн барагдуулсан учир гомдол саналгүй, хөл бүрэн эдгэсэн. 3 сая төгрөг бэлнээр өгсөн...” гэжээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирол төлбөрт тооцож 3.000.000 төгрөг өгсөн, 500.000 төгрөгийг бэлнээр, 2.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн талаар мэдүүлж, холбогдох баримтын хуулбарыг гарган өгсөн тул шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсантай холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болго

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* д сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* т хохиролд тооцож 3.000.000 /гурван сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА