Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Цэндбазар нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Цэндбазарт холбогдох эрүүгийн 2215000000131 дугаартай, 163/2022/0138/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Тогооч овогт Болдбаатарын Цэндбазар, Булган аймгийн Гурванбулаг суманд ...оны ... дүгээр сарын ....нд төрсөн, эрэгтэй, 26 настай, Булган аймгийн ......багт оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, малчин, ам бүл .....хамт, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар төлөгдөөгүй үлдсэн 9.800.000 төгрөгийн торгуулийн ялыг өршөөн хэлтрүүлсэн, регистрийн дугаар: ......,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Цэндбазар нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Ихзаяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Гантулгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000131 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Цэндбазар нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Ихзаяа, хүү Маргад нарыг явуулахгүй гэх шалтгаанаар хэрэлдэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Б.Ихзаяаг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун доод зовхи, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шуу, зүүн өгзөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол,

Мөн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.Ихзаяагийн хойд аав Б.Гантулгыг Б.Ихзаяа, хүү Маргад нарыг авч явахыг хориглож зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, нуруу, хэвлий, баруун өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цэндбазарын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.Ихзаяагийн “2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 10-11 цагийн орчим Булган аймгийн Гурванбулаг сумын 3-р багийн нутаг “Долоон худаг” гэх газарт манай хүүхэд болох Маргад /1 настай эрэгтэй/-ын аав болох Цэндбазарын гэрт байж байгаад Хишиг-Өндөр сумын 5-р багт байрлах гэр лүүгээ явах гэсэн чинь Цэндбазар намайг явуулахгүй гэж хэлээд орилж хашхираад дарамтлаад явуулахгүй олон хоног байлгаад байхаар нь хойд аав болох Гантулга болон ээж Отгонцэцэг нар руу залгаад яаралтай ирж аваарай гэж хэлсэн. Тэгсэн чинь аав болох Гантулга нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр намайг авах гээд 13-14 цагийн орчим Батжаргал гэх хүнтэй орж ирэхээр нь хоол хийж өгсөн юм. Тэгээд байж байтал Цэндээ нь мотоциклтой гэрийн үүдэнд ирж зогсоод Маргадыг аваад ир гэхээр нь Маргадыг хүргээд өгсөн чинь мотоциклын банкин дээр суулгаад байж байхаар нь би гэр лүү орсон чинь манай аав Гантулга нь Маргад, Ихзаяа хоёрыг аваад явъя гэж хэлсэн чинь Цэндбазарын ээж Отгонтуяа нь Маргадыг өгч явуулахгүй энд хэд хоног гэсэн чинь аав зөвшөөрөөд охиноо аваад явлаа гээд сууж байтал Цэндээ нь гаднаас Маргадыг тэврээд ороод ирэхээр нь би явах гэж байгаа талаараа Цэндээ /Цэндбазар/-т хэлсэн чинь Цэндээ явуулахгүй гэж хэлээд Маргадыг баруун талын ор луу шидээд аав болох Гантулгын зүүн талын нүд рүү гараараа цохиж унагаагаад дээрээс нь хоёр гараараа ээлжилж 4-5 удаа цохиод болохгүй болохоор нь аавтай хамт явсан Батжаргал хүнийг гэрийн үүдэнд зогсож байгаад дуудсан юм чинь тэр ах машинаасаа яг бууж ирэх гэж байхад нь Цэндээ гэрээс гарч ирээд уурганы мод бариад тухайн Батжаргал ахын машины хамар дээр нь модоороо цохиод бууж ирвэл ална шүү эндээс яв. Тулгыгаа аваад яв гэж орилж хашхирч байгаад гэр лүү орж аавыг чирч гаргаж ирээд гэрийн үүдэнд дээрээс цохиж, хэвлий хэсэг рүү нь өшиглөж байгаад дахин чирээд Батжаргалын машинд суулгасан боловч баруун талын хөл нь гүйцэд ороогүй байхад хаалгаар нь хавсарч 4-5 удаа хүчтэй савсан чинь Батжаргал гэх хүн машинаа бариад зугтаагаад яваад өгсөн чинь Цэндбазар гэр лүүгээ орох замдаа гараараа миний толгой руу 4-5 удаа цохиж гэр лүү оруулсан. Тэгээд баруун талын ор луу суулгаад миний хэвлий, гуя, хөл рүү, өшиглөж миний толгой руу гараараа 4-5 удаа цохиод гараад явсан.Тэгээд гараад явсныхаа дараа машинаа асааж яваад 10-20 минутын дараа хүрээд ирсэн ирэхдээ зам дээрээс аавыг чинь түлхэж унагаая гэж бодсон чинь аав чинь айгаад яваад өглөө гэж хэлээд намайг дахин зөндөө толгой руу 1-2 удаа өшиглөсөн, мөн нурууны гол хэсэг рүү машины нарийхан төмрөөр 1-2 удаа цохисон. Тэгээд намайг мотоциклоос чирч ална гээд улбар шар өнгийн бүсээр миний бүсэлхий хэсгээс уяж мотоциклын ар хэсгээс уяж чирээд хөдлөх гэж байтал Отгонтуяа нь ирж намайг салгаж авсан. Тэгээд Цэндбазар, Отгонтуяа. Маргад бид дөрөв Гурванбулаг сумын төв рүү машинтай хөдлөөд явж байтал Отгонтуяа төв орохоо болилоо гэж хэлээд замдаа буусан тэгээд сумын төв рүү орж Цэндээгийн хамаатан Ангар /Эрдэнэхүү/ гэх айлд хүргэж өгөөд Цэндээ тухайн айлын арын хашаанд нь шөнийн 00 цаг хүртэл архи уусан юм. Тэгээд би уг айлдаа хонож маргааш нь ээж рүү залгаж гэртээ ирсэн юм... миний толгойн ар хэсэг, нурууны гол хэсэг, дал, зүүн талын бөөр, баруун талын өвдөг шалбарсан, баруун талын гарын тохой хэсэг, зүүн талын гарын тохойноос мөрний хооронд хөхөрч хавдсан, зүүн талын шилбэ хэсэг хөхөрч гэмтсэн байна... би мөрөөрөө хийсэн гэмгүй байж байхад намайг удаа дараа дээрэлхэж доромжилж, цохиж зодсон асуудалд гомдолтой байна. Би бие махбодын болон сэтгэл санааны хохирол авсан. Эмнэлэгт үзүүлсэн зардал болох 1.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 8-10, 15-19 дэх тал/,

 

  1. Булган аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.Ихзаяагийн биед тархи доргилт, баруун доод зовхи, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шуу, зүүн өгзөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг 'Тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

 

  1. Хохирогч Б.Гантулгын өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 12-13 цагийн орчим Булган аймгийн Гурванбулаг сумын 3-р багийн нутаг “Долоон худаг” гэх газарт охин болох Ихзаяаг авах гээд танил ах Батжаргалтай хамт яваад очтол Цэндбазарын гэрт манай охин Ихзаяа, ач Маргад, Цэндбазарын ээж Туяа нар байсан. Тэгээд Туяа нь хоол идчихээд яв гээд хоол хийсэн ба хоолоо идээд байж байтал Цэндбазар нь мотоциклтой гэрийн үүдэнд ирж зогссон. Миний охин Ихзаяа нь хүүхэд Маргадыг мотоциклын банкин дээр суулгаж үлдээгээд Ихзаяа нь гэрт ороод ирэхээр нь миний охин хувцсаа өмс явъя гэж хэлээд гэрээс гарах гэтэл Цэндбазар нь гаднаас хүүхдээ тэвэрч орж ирээд надтай зөрөхдөө миний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд цааш нь юу болсон талаар санахгүй байна нэг ухаан орсон чинь Батжаргалын машины баруун урд талын сандал дээр сууж яваад сэрсэн чинь Батжаргал нь надад нөгөө чамайг цохисон залуу чинь ачааны машинтайгаа бид хоёрын араас хөөгөөд байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын машины хоёр талаас шахаад зүгээр явуулахгүй байсан чинь Батжаргал нь машиныхаа цонхыг буулгаад Цэндбазарт бид хоёр зүгээр явлаа чи одоо буц гэж 2-3 удаа хэлсэн чинь Цэндбазар нь яваад өгсөн... Би гомдолтой байна. Одоо нуруу, толгой өвдөөд юм хийж болохгүй болоод байгаа. Тиймээс Цэндбазарт зодуулснаас хойш Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Орхон аймгийн эмнэлэгт явж үзүүлсэн болон эм тариа, эмчилгээний зардалд болон цаашид хийлгэх эмчилгээний зардалд зарцуулах нийт 5 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 6-7, 24-27 дахь тал/,
  2. Гэрч П.Батжаргалын өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нутгийн дүү Гантулга нь хөдөө яваад манай охиныг аваад ирэх үү гэхээр нь би зөвшөөрөөд явсан ба тухайн үед Гурванбулаг сумын 2 суварганы замын урд талд айлд очсон чинь Гантулгын охин, түүний хүүхэд, хадам ээж нь гэх хүн 3-уулаа байсан ба бид хоёрт хоол хийж өгөхөөр нь идчихээд машиндаа сууж байтал нэг мотоциклтой залуу ирээд байж байгаад удалгүй бөөн дуу шуу болохоор нь хартал уг залуу нь Гантулгыг гэрээс чирээд гаргаж ирээд гэрийн үүдэнд Тулга /Гантулга/-ыг нэг удаа өшиглөөд миний машин руу чирч ирээд машин руу суулгасан Тулгын хөл машин руу гүйцэд ороогүй байсан чинь машины хаалгаар 2 удаа хүчтэй саваад миний машин руу суулгаад машины зүүн талын хаалга руу модоор 1 удаа цохиод энийгээ аваад зайл гэхээр нь шууд хөдлөөд явж байтал уг залуу нь өөрийнхөө машиныг асаагаад миний араас хөөгөөд салахгүй болохоор нь би цонхоо онгойлгоод би Тулгыг аваад явлаа гэж хэлсэн бид хоёрыг хаяад яваад өгсөн. Гантулгыг гэрээс чирч гарч ирэхэд зүүн талын нүдний дээд хэсэг нь шалбарчихсан гарч ирсэн. Тэгээд Хишиг-Өндөр сум явах замд Гантулга нь бие өвдөөд байна гэж хэлээд машинд байсан 0,5 литрийн Хараа нэртэй архиар өвчнөө намдааж орж ирээд Хишиг-Өндөр сумын эмнэлэгт шууд оруулж өгөөд би явсан юм” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

 

  1. Булган аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.Гантулгын биед зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, нуруу, хэвлий, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

  1. Яллагдагч Б.Цэндбазарын өгсөн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Гантулга миний мөрнөөс татаад надтай барилцаад авахаар нь газар түлхэж унагаагаад өргөж машинд хүчээр суулгаад хаалгыг нь хаахад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 70-71, 78 дахь тал/

 

  1. Яллагдагч Б.Цэндбазарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 154 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Ихзаяагийн мэдүүлэг, хохирогч Б.Гантулгын мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 68 дугаартай, 62 дугаартай дүгнэлт, гэрч П.Батжаргалын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Цэндбазарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Цэндбазар нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Ихзаяа, хүү Маргад нарыг хадам аав Б.Гантулгад өгч явуулахгүй гэх шалтгаанаар хэрэлдэх явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Б.Ихзаяаг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун доод зовхи, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шуу, зүүн өгзөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол,

Мөн хамтран амьдрагч Б.Ихзаяагийн хойд аав Б.Гантулгыг Б.Ихзаяа, хүү Маргад нарыг авч явахыг хориглож зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, нуруу, хэвлий, баруун өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Цэндбазарын гэм буруутай үйлдэл, хохирогч Б.Ихзаяа, Б.Гантулга нарын биед учирсан хөнгөн гэмтлийн шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

 

Шүүгдэгч Б.Цэндбазар нь гэм буруугийн талаар маргаагүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ихзаяа, хадам аав Б.Гантулга нарыг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр, түүнээс олон хүнийг гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүнд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” хамаарна гэж хуульчилсан байх бөгөөд Б.Ихзаяа, Б.Цэндбазар нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэргийн 2.6-д заасан ...хоёр, түүнээс олон хүнийг, 2.8-д заасан...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэх хүндрүүлэх шинжтэйгээр гэр бүлийн хамаарал бүхий  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр  хуульчилжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Цэндбазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан ...хоёр, түүнээс олон хүнийг, 2.8 дахь заалтад заасан ...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Б.Цэндбазарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Ихзаяа нь 1,000,000 төгрөг, хохирогч Б.Гантулга нь 5,000,000 төгрөг нэхэмжилснээс хохирогч Б.Гантулга нь 152,950 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Цэндбазар нь хохирогч Б.Ихзаяа, Б.Гантулга нарт тус бүр 200,000 төгрөг төлсөн.

Шүүгдэгч Б.Цэндбазар нь хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжилсэн тохиолдолд төлнө гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Цэндбазарыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Б.Ихзаяа, Б.Гантулга нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Цэндбазарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Цэндбазарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Цэндбазарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 94, 102-113 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 533 дугаартай шийтгэвэр зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Цэндбазар нь ам бүл 4......................-р багт оршин суудаг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, Kia bongo 3 загварын .............улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Цэндбазар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирол төлбөрөөс тодорхой хэсгийг төлж барагдуулсан, цаашид гарах төлбөрийг төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4/58 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Цэндбазарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Цэндбазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Булган аймгийн Гурванбулаг суманд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Цэндбазар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Ихзаяа, Г.Гантулга нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тогооч овогт Болдбаатарын Цэндбазарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дах заалтад заасан ...хоёр, түүнээс олон хүнийг, 2.8 дахь заалтад заасан ...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэндбазарыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэндбазарт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Цэндбазарт сануулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Цэндбазар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэндбазарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Цэндбазар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Ихзаяа, Г.Гантулга нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ