Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

Хохирогч: ******* ,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2205011851389 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тогооч ажилтай, ам бүл ... эцэг, ах, дүүгийн хамт ....аймгийн ... тоотод оршин суух /РД: /, урьд ял шийтгэлгүй, *******.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудалд хохирогч *******-ийг 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн сарвууны эрхий хуруунд хазагдсан шарх, зулгаралт, дух, хоёр нүдний зовхи, баруун хацар, уруул, баруун сарвууны дунд, ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудалд хохирогч *******-ийг 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн сарвууны эрхий хуруунд хазагдсан шарх, зулгаралт, дух, хоёр нүдний зовхи, баруун хацар, уруул, баруун сарвууны дунд, ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд: 

1. Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, гэрэл зураг /хх-ийн 2-4 тал/,

2. Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хамт ажилладаг Г тэй гадуур гарахаар болоод Г  емарт-д ажилладаг зүс таних охиныг дагуулаад бид гурав болон манай найз Б , О нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг караокед бүгдээрээ орцгоосон. 3 цаг болж байхад караокены өрөөнөөс дээшээ буудлын өрөө рүү бөөндөө орцгоосон. ...Гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь нөгөө Г ийн дагуулж ирсэн охин над дээр ирээд чи надад таксины мөнгө өг 15.000 төгрөг одоо өг гээд байсан. Би надад чамд өгөх мөнгө байхгүй. Өөрсдөө учраа ол гээд буцаж буудлын өрөөнд ороод унтаад өгсөн, үүрээр манай эхнэр манайг ирж авсан. Г  тэр охин хоёр маргалдаж зодолдсон талаар сүүлд мэдсэн. Би тухайн үед тэр хоёрыг маргалдаж зодолдсон талаар нь огт мэдээгүй унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4663 дугаартай “...******* ийн биед зүүн эрхий хуруунд хазагдсан шарх, зулгаралт, дух, хоёр нүдний зовхи, баруун хацар, уруул, баруун сарвууны дунд, ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2-3 хоногийн өмнө үүссэн боломжтой шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15 тал/,

4. Хохирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр махан дээр ажилладаг залуу Я  7 хоногийн өмнө намайг нэг найз олчих хамт гаръя гэж ярьсан. ...Орой 22 цаг өнгөрөөд ажлаа тараад гарсан. ...Нэг мэдсэн чинь Э  сэрчихсэн тэгэхээр нь за ашгүйдээ гэж бодоод байж байсан ба нэг залуу хэвтэж байхад нь араас тэвэрсэн юм шиг байгаа юм уурлаж босож ирээд явъя эгчээ гэхээр нь би манай дүү одоо удахгүй ирнэ ирэхээр нь хүргүүлье гэж хэлсэн чинь уурлаад ганцаараа түрүүлээд гараад явчихсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа таксины жолооч гээд нэг ахтай орж ирсэн ээ чи намайг дагуулж ирээ биз дээ балай авгай минь, таксины мөнгө өг гээд хэл амаар доромжлоод маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь шууд миний нүүрийг Э  маажсан тэгээд буудлын хүмүүс нь ирээд бид нарыг гаргасан ба би түрүүлээд гадагш гарсан чинь ардаас Э  гарч ирээд миний үснээс зулгаасан би зөрүүлээд үсдээд авсан чинь гэнэт миний зүүн гарын эрхий хурууг хазаад тавь гээд байхаар нь би үснээс нь тавьсан. Миний эрхий хурууг бараг 2 минут орчимд хазаж зуучихаад тавихгүй байсан, тэгээд тэнд хүмүүс болиоч ээ чи гэж хэлж байж салгасан, тэгээд манай найз Магнай намайг авч дээшээ гараад Э  тэндээсээ такситайгаа яваад өгсөн. ...Миний нүүрийг маажиж, зүүн гарын эрхий хурууг хазсан бас үс унасан байна, зодолдох үед миний нүдний шилийг эвдсэн, би одоогоос 1 сарын өмнө хүнсний 1 орчмоос 200.000 төгрөгөөр уг нүдний шилийг худалдаж авч байсан. ...Би Э аар маажуулсан нүүрээ янзлуулмаар байна. Бүтэн сарын цалин олж авмаар байна. Нүдний шилээ янзлуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 66 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр болсон. ...Өглөө сэрээд хартал ******* сэрсэн байсан. Тэгэхээр нь ашгүй дээ гэж бодсон. Караокед байхад тэврэлдээд байсан залуу араар нь орсон байсныг би мэдээгүй. Тэгээд хөхийг нь барьсан юм шиг байсан. Тэрийг нь би анзаараагүй. Нөгөө залуу янз бүрээр ярьсан юм шиг байсан. Гэтэл тэр уураа надад гаргасан. Миний гарыг мушгаад байсан. Намайг бүр унатал түлхсэн. Яагаад байгаа юм бэ гэж асуутал “Эргүү балай, архичин авгай минь. Явъя гичий янхан минь” гээд байсан. Миний нүүр лүү нулимсан. Чи яасан гээд надад уурлаад байгаа юм бэ? Би дүүгээ дуудсан байгаа. Хүргэж өгнө гэсэн бол би чамайг хүргэж өгнө гэж хэлсэн. Гэтэл намайг эргүү авгай минь наанаа үлдээрэй гээд хаалга саваад гараад явсан. Нэлээн байж байгаад приус-20 машинтай хүн дагуулж орж ирээд “Эргүү авгай минь чи надад мөнгө өг. Надад мөнгө байхгүй. Чи өгөх ёстой” гээд намайг цохисон. 15.000 төгрөг өг гээд миний халаасыг ухаад байсан. Тэгэхээр нь би уурласан. Гэтэл намайг үсдээд миний нүүрийг маажсан. Би бушуухан нүүрээ янзлуулмаар байна. Эмнэлгээр явах гэж танилынхаа машиныг гуйсан. Надад баримт байхгүй болохоор хохирлоо яаж барагдуулахаа мэдэхгүй байна. Хумсны сорви тос түрхээд ч арилахгүй, сорви арилгадаг эмчилгээ хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг,

5. Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баярын өмнө найз О , С-н хамт Баянгол дүүргийн нутаг хороололд байх караокед ороод пиво ууцгаагаад, тэрнээс гараад бааранд ороод бүжиглэж байхад О-н баз Я  гэх хүн утсаар яриад хаана байгаа талаар асуухад нь байгаа газраа хэлж, тухайн бааран дээр Я  нь 3 хүүхэн байгаа газраа хэлж, тухайн бааран дээр Я  нь 3 хүүхэн дагуулж ирээд тухайн баарнаас гараад ахиад караокед ороод ахиад дуулж байгаад 3 эмэгтэйн нэг яваад Г , Э  гэх 2 эмэгтэй бид нартай хамт үлдээд авсан архи, пиво ууцгаасан. Нийт нэлээн олон архи уусан учир би караокед нь тасарчихсан байсан. Би чанга дуу чимээгээр сэрсэн чинь буудалд хэвтэж байсан. ...Г , Э  гэх хоёр хоорондоо хэрэлдээд, таксины мөнгө төгрөг гээд хэрүүл хийгээд байсан бөгөөд Г  гэх эмэгтэй нүүрээ маажуулчихсан хаалганы хажуу талын сандал дээр сууж байсан. Э  гэх эмэгтэй нь хөлийн доод талын орон дээр сууж байсан. Тэгээд юу болоод байгаа талаар асуухад Э  гэх эмэгтэй нь Г  буюу Ганаа гэх эмэгтэйтэй хэрүүл хийсэн гээд уурлаад байсан. Удалгүй Я ын эхнэр нь ирээд бид нарыг загнаж хөөж гаргаад тарцгааж, гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

6. Гэрч А.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр найз Б , С  буюу С-тэй хамт паб, караоке орж архи, пиво ууцгаасан. Бааранд орсон байхад баз болох Я  утсаар яриад хаана байгаа гэж асуугаад байгаа газар ажлын 3 хүүхний хамт ирсэн. Баарнаас гараад өөр караокед орж үргэлжлүүлээд уусан. Хамт явсан 3 эмэгтэйгээс нэг яваад өгсөн. ...Тэгсэн буудалд 2 эмэгтэй хоорондоо маргалдаад насаар дүү эмэгтэй харих гэсэн чинь таксины мөнгө байхгүй гээд нөгөө эгчээсээ мөнгө гуйгаад хэрэлдээд байсан. Тэнд хоёр эмэгтэй нэлээн ширүүн, хэрүүл, маргаан үүсгээд байсан бөгөөд насаар бага эмэгтэй нь ахимаг насны эмэгтэйн нүүрийг маажсан. Бусдыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

 

7. Бэлэн орлогын 159.000 төгрөгийн баримт, “Дойчевурс” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 72, 74 тал/,

8. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогчийн баталгаа /хх-ийн 76 тал/,

9. Шүүгдэгч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажлын газрын эгч болох Г  эгчтэй гарч түүний найзууд болох танихгүй залуустай караокед орж улмаар архи дарс ууцгаасан. Тэндээсээ буудал орж улмаар Г  эгчтэй үл ойлголцох асуудал үүсэж, хэрүүл хийж зодоон хийсний улмаас биед нь халдаж нүүр хэсгийг нь маажиж гэмтэл учруулсан асуудал гаргасан. Би Г  эгчийн биед халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Прокурортой ял тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтээ дэмжиж байна. ...Би 200.000 төгрөгийн хохирол төлсөн байгаа. Цаашид баримтаар гарах эмчилгээний зардлыг төлнө...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ын хувийн байдалтай холбоотойгоор Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 58 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 59 тал/,оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 60 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 6-8, 41 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч ******* , гэрч ******* , ******* , А.О нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4663 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч ******* ын үйлдлийн улмаас хохирогч ******* ийн биед зүүн эрхий хуруунд хазагдсан шарх, зулгаралт, дух, хоёр нүдний зовхи, баруун хацар, уруул, баруун сарвууны дунд, ядам хуруунд зулгаралт гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 4663 дугаар дүгнэлт үндэслэлтэй. 

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* ийн эрүүл мэндэд халдахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч ******* ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ******* ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Иймд шүүгдэгч ******* ыг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” зочид буудалд хохирогч ******* ийг 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь зүүн сарвууны эрхий хуруунд хазагдсан шарх, зулгаралт, дух, хоёр нүдний зовхи, баруун хацар, уруул, баруун сарвууны дунд, ядам хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ******* ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 76 тал/

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 77 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ******* д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ******* ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.  

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4663 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба хавтас хэргийн 72 дахь талд Бэлэн орлогын 159.000 төгрөгийн баримтыг гарган өгсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь 200.000 төгрөгийг хохиролд тооцож нөхөн төлсөн, хохирогч хүлээн авсан талаар мэдүүлж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч ******* нь цаашид соривоо арилгуулах шаардлагатай, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байна гэж ажлын газрын тодорхойлолт гарган өгч мэдүүлсэн боловч энэ талаарх үйл баримтыг дүгнэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-н овогт С-н Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* т хохиролд тооцож 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА