| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03699/И |
| Дугаар | 184/ШШ2018/00959 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2018/00959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Т М Ү” ХХК-д холбогдох
түрээсийн гэрээний үүрэгт 16,267,947 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-ын гаргасан тайлбарт: “С Т” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Т М Ү” ХХК-тай Түрээсийн гэрээ байгуулж, БГД-ийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, 16066-11/3 тоотод байрлах өөрийн өмчлөлийн 300 м.кв талбайг 3 сарын хугацаатай түрээслүүлсэн бөгөөд гэрээний 2.4-т зааснаар түрээсийн төлбөрийг нэг сарын 5,200,000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тооцож, уг төлбөрийн 200,000 төгрөгийг бартераар хийхээр тохиролцсон. Түрээслүүлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж ирсэн бөгөөд Түрээслэгчийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш огт төлбөр төлөлт хийгээгүй байхад ус, цахилгаанаар бүрэн хангаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжоор бүрэн хангаж ирсэн. Гэвч Түрээслэгч “Т М Ү” ХХК нь талуудын байгуулсан түрээсийн гэрээний 2.2-т “... хэрэглээний халуун хүйтэн ус, цахилгаан тоолуураар ... түрээслэгч хариуцна" 2.4-д “... түрээслэгч түрээсийн төлбөрийг өмнөх сарын 15-нд тогтмол төлөх ба эхний сарын төлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 15 төлж, 2017 оныг дуустал түрээсийн төлбөрийг 5200000 төгрөгөөр төлөх бөгөөд үүний 200000 төгрөг нь хоолны бартераар төлөх ...” гэж заасныг удаа дараа зөрчиж, түрээсийн төлбөр болон ашиглалтын төлбөрийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болно. Иймээс 2017 оны 05, 06, 07 дугаар сарын түрээсийн төлбөр 13,800,967 төгрөг, 2017 оны 05, 06, 07 дугаар сарын усны төлбөр 1,204,000 төгрөг, 2017 оны 05, 06, 07 дугаар сарын цахилгааны төлбөр 1,262,980 төгрөг, нийт 16,267,947 төгрөгийг хариуцагч “Т М Ү” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Т М Ү” ХХК-ийн хувьд 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “С Т” ХХК-тай түрээсийн гэрээг бичгээр байгуулж байсан асуудал дээр маргахгүй бөгөөд гэрээний хугацаанд нэхэмжлэгч талаас 2017 оны 6 дугаар сард удаа дараа гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсний дагуу бид 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон билээ. Бидний хувьд түрээслэн ажиллах хугацаанд барьцааны мөнгө 7,000,000 төгрөгийг түрээслүүлэгч талд хүлээлгэн өгч засан сайжруулалт тохижилтын ажлыг өөрийн зардлаар хийсэн боловч бидний хүссэн хэмжээнд ажиллах нөхцөл бололцоо байхгүй байсан тул түрээслүүлэгч талд түрээсийн төлбөрийг буруулж 2,500,000 төгрөгөөр тооцож, барьцаа хөрөнгөөс суутгах тухай саналыг хүргүүлснээр “С Т” ХХК-ийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 30-ны 28 дугаартай гэрээ цуцлах мэдэгдэлд манай саналыг хүлээн авсан болохоо дурдаж тодруулбал “. . . сүүлийн 5, 6 сарын төлөгдөөгүй түрээсийг барьцаанаас үлдсэн 5 саяас сарын 2,500,000 төгрөгөөр тооцож өөрийн чинь саналыг бодолцож суутгасныг ойлгох болов уу” гэж мэдэгдсэнээр бидний хооронд ямар нэгэн тооцооны үлдэгдэлгүй болсон билээ. Дээрхи үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 236.1.2-д зааснаар “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан байх тул цаашид талуудын хооронд үүрэг дуусгавар болсон гэж хариуцагч тал үзэж байна. Мөн нэхэмжлэлд дурдсан 4, 5, 6 сарын усны төлбөр 1,204,000, 4,5,6 сарын цахилгааны төлбөр нийт 1,262,980 төгрөгийн үлдэгдэлтэй гэдэг нь ор үндэсгүй зүйл бөгөөд хариуцагч тал түрээсийн хугацаанд бүрэн төлж байсан болно. Мөн ус болон цахилгааны төлбөрийн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талд төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С Т” ХХК нь хариуцагч “Т М Ү” ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түрээсийн гэрээний үүрэгт 24,401,920 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр шаардлагын хэмжээг бууруулан 16,267,947 төгрөг болгожээ.
Хариуцагч нь түрээс, ус, цахилгааны төлбөрийг барьцаа төлбөрөөс суутгасан, ус, цахилгааны төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч “С Т” ХХК нь улсын бүртгэлийн Ү-2205014230 дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, 16066-11/3 тоот хаягт байрлах барилгын 2 дугаар давхрын 300 м.кв талбайг Монгол хоолны рестораны зориулалтаар ашиглуулахаар хүлээлгэн өгч, хариуцагч “Т М Ү” ХХК нь 3 жилийн хугацаагаар ашиглах ба түрээсийн төлбөрт 2017 оныг дуустал нэг сард 5,200,000 төгрөг, үүний 200,000 төгрөгийг хоолны бартераар, 2018 оноос нэг сард 7,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-15-21/
Гэрээний агуулгаас үзэхэд түрээслэгч нь түрээсийн байранд аж ахуйн үйл ажиллагаа явуулж ашиг олох зорилготой байсан нь талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болно.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар 318.4-т заажээ. Хэрэгт авагдсан Улаанбаатар хотын банкны 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4-6/4988 тоот албан бичиг /хх-50/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолт /хх-51/ болон талуудын тайлбараас үзэхэд түрээсийн гэрээний зүйл болох 300 м.кв талбай нь тусдаа бие даасан үл хөдлөх эд хөрөнгө биш, үйлчилгээний төвийн хоёрдугаар давхрын хэсэг гэх тул уг түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд талуудад түрээсийн гэрээний дагуу шаардах эрх, үүрэг үүснэ.
Зохигчид төлсөн түрээсийн төлбөрийн хэмжээ, түрээсийн төлбөрт оруулан тооцсон хоолны төлбөр, түрээсийн зүйлийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн огноо, түрээсийн зүйлийн дагалдах зүйлсийн хүлээлцсэн байдлын талаар маргаагүй байна. Харин гэрээг цуцлахад түрээс, ус, цахилгааны төлбөр болон дэнчинг хэрхэх талаар тохиролцсон эсэх нь марааны зүйл болжээ.
Түрээсийн гэрээг дуусгавар болгох харилцааг Иргэний хуулийн 27 дугаар бүлэгт зохицуулаагүй байх тул хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-т заасныг баримтлан 294 дүгээр зүйлийг төсөөтэй хэрэглэнэ. Хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-т нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцлахаар заажээ.
Түрээслэгч 5, 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөр, 5, 6, 7 дугаар сарын ус, цахилгааны төлбөрийг төлөөгүй байх ба уг үйл баримтад маргаагүй тул түрээслүүлэгч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхийг эдэлнэ.
Түрээслүүлэгч 2017 оны 6 дугаар сарын 22, 30-ны өдөр, 7 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдэж байсан, түрээслэгч 2017 оны 6 дугаар сарын 3, 6-ны өдрийн албан бичгээр түрээслүүлэгчид түрээсийн төлбөрийг бууруулах талаар санал тавьж байсан үйл баримтаас дүгнэлт хийхэд гэрээ цуцлах журмын зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. Тодруулбал, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээ цуцлах тухайгаа нөгөө талдаа мэдэгдэж, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар ямар нэгэн үр дүнд гарахгүй нь илт тул нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээг цуцалсан гэж үзнэ. /хх-27-35/
Иймээс Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэг тал үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч тал нь нэхэмжлэгч талыг 2017 оны 6 дугаар сарын 22, 30-ны өдрийн мэдэгдэлд түрээсийн төлбөрийг 1 сарын 2,500,000 төгрөгөөр тооцон 5, 6 дугаар сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөгийг дэнчинд авсан 7,000,000 төгрөгөөс суутгасан гэх тул өгөх төлбөр байхгүй хэмээн маргаж байна.
Түрээсийн төлбөрийг 2,500,000 төгрөг болгон өөрчилсөн гэж үзвэл түрээсийн төлбөр нь гэрээний гол нөхцөлийн хувьд талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 10.3-т “Энэхүү гэрээнд гагцхүү талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдсэн гэрээний хэлбэрээр нэмэлт өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасан нөхцөл хангагдах учиртай. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан бол гэрээг бичгээр байгуулсанд тооцохоор зохицуулжээ.
Энэ тохиолдолд талууд түрээсийн төлбөрийг 2,500,000 төгрөг болгосон талаар нэг баримт бичиг үйлдээгүй байна. Түрээслүүлэгч 2017 оны 6 дугаар сарын 22, 30-ны өдрийн албан бичигт түрээсийн төлбөрийг 2,500,000 төгрөгөөр тооцсон гэсэн нь түрээслэгч талын 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн албан бичигт түрээсийн төлбөрийг 2,000,000 төгрөг болгох талаар гаргасан саналд өөр нөхцөлийг санал болгосон байх тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.6-д заасанчлан шинэ санал гэж үзнэ. Шинэ саналыг түрээслэгч буюу хариуцагч тал хүлээн зөвшөөрснөө хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан арга хэрэгслээр илэрхийлээгүй байна. Иймээс түрээсийн төлбөрийг өөрчилсөн нэмэлт өөрчлөлт гэрээнд ороогүй гэж дүгнэнэ. /хх-29-32/
Нөгөө талаас талууд гэрээг цуцлахтай холбоотой үүсэх асуудлаар харилцан тохиролцож болох ба мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчим хэрэгжинэ. Энэ үүднээс хэрэв түрээслүүлэгч талыг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ цуцлах мэдэгдлээр дэнчин болох 7,000,000 төгрөгөөс түрээсийн төлбөр, ус, цахилгааны төлбөрийг суутгах санал гаргасан гэж үзвэл Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.4-т зааснаар гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээснийг зөвшөөрсөн тухай хариуг авснаар гэрээ байгуулагдсанд тооцно. Гэтэл түрээслэгч тал гэрээний саналыг хүлээн зөвшөөрсөн хариу өгсөн тухайгаа нотлоогүй.
Иймээс талууд түрээсийн төлбөрийг бууруулахаар тохиролцсон, эсхүл гэрээ цуцлахтай холбоотой үүсэх асуудлаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх тул түрээсийн төлбөрөөс хоолны үнийг хассан дүнгээр 4 дүгээр сарын төлбөрийн үлдэгдэл 148,000 төгрөг, 5 дугаар сарын төлбөрт 5,072,300 төгрөг, 6 дугаар сарын төлбөрт 5,114,000 төгрөг, 7 дугаар сарын төлбөрт 3,466,667 төгрөг, нийт 13,800,967 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна.
Ус, цахилгааны төлбөрийн хувьд хариуцагч тал ус, цахилгааныг хангадаг эрх бүхий байгууллагаас баталгаажуулж ирүүлсэн нэхэмжлэх байхгүй, анх тоолуурын заалтыг баталгаажуулж хүлээлцээгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.
Ус, цахилгааны төлбөрийг тоолуурыг үндэслэн түрээслэгч төлөхөөр талууд гэрээний 2.2-т тохиролцсон ба түрээслэгч 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 3 дугаар сарын усны төлбөрт 228,000 төгрөг, 4 дүгээр сарын 14-ний өдөр усны төлбөрийн үлдэгдэл болон 3 дугаар сарын цахилгааны төлбөрт 139,500 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын ордер, нэхэмжлэхээр тогтоогдож байна. /хх-37/ Түүнчлэн, нэхэмжлэгч 4-7 дугаар сарын усны төлбөрт 1,204,000 төгрөг, цахилгааны төлбөрт 1,262,980 төгрөг гаргуулахаар ус, цахилгааны тоолуурын баталгаажуулалтын гэрчилгээ, тоолуурын эхлэх заалт, сар бүрийн төлбөрийн нэхэмжлэхийн үндсэн дээр шаардсаныг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй тул шаардлага үндэслэлтэй гэж үзнэ. /хх-39-46/
Хариуцагч тал дэнчингийн 7,000,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлд оруулж тооцуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдав.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Т М Ү” ХХК-аас түрээсийн төлбөрт 13,800,967 төгрөг, ус, цахилгааны төлбөрт 2,466,980 төгрөг, нийт 16,267,947 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С Т” ХХК-д олгох нь зүйтэй.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч “Т М Ү” ХХК-аас 16,267,947 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С Т” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 239,290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН