Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/515

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч С.Бичинхүү /томилолтоор/,

гэрч Г.Н,

хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ч.Анар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Штай харилцан ярилцаж, “дутуу баригдсан барилгад чинь Хонгконгоос хөрөнгө оруулалт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Бы итгэмжлэлээр Ш.Шгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн *** дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг П.Соос зээлийн гэрээгээр хүлээн авсан автомашины барьцаанд тавиулж, иргэний харилцааг ашиглан залилж, иргэн Ц.Бд 76.808.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Би залилах гэмт хэрэг хийгээгүй. Хүнд залилуулаад болохоо байлаа гэх үеэсээ эхлээд төлбөрөө төлж байсан. Дансны хуулга байгаа. Өөрийнхөө учруулсан хохирол төлбөрийг шүүхийн шатанд барагдуулсан гэв. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б мэдүүлэхдээ “2015 оны 8 дугаар сарын сүүлээр Ш над руу яриад “манай найз Хонконгоос хөрөнгө оруулах гэж байна зардлын хэдэн төгрөг хэрэгтэй байна” гэсэн. Би дүүдээ байраа итгэмжлэл хийж өгсөн. Тэр өдөр тооцоо хийж өгөөч гэж дуудахаар нь хамт явсан ба найз нь нотариат дээр ирээд гэрээ хийх гэж байна, гэрээн дээр гарын үсэг зурах” гэж байна гэсэн. Гэрчилгээ авчирч өгөхөд ирсэн гэж ярьж байна. Үүнээс өмнө гэрчилгээгээ авчихсан байсан. Тухайн өдөр би дүүгээ дагаж яваад бэлэн гэрээн дээр гарын үсэг зурсан. 12 дугаар сард танихгүй дугаараас “Ш ахын утас холбогдохгүй байна. 34 сая төгрөг зээлсэн алга болчихлоо” гэхээр нь би “хүүтэй зээлсэн юм уу” гэж асуухад “хүүгүй, Ш ахын найз Б” гэдэг нь зээлсэн гэсэн. Мөнгө өгч авалцсан талаар С гэдэг хүнээс ойлгосон. Надад тухайн үед нэрээ хэлээгүй, “Чингис Хаан” банкны албаны утас байсан. Он гарсны дараа дахин залгаад “Ш ахын найз Б холбогдохгүй болчихлоо, та хоёрыг шүүхэд өгнө” гэсэн. Тэгээд 2021 онд шүүхэд өгсөн байсан. Бг олж хөөцөлдөх гэсээр байтал шүүхийн шийдвэр гарсан. Би шүүхийн шийдвэрийн дарамтад байсан. Орон байр зарагдсан. Хохиролтой байна. Би Бд байр зарагдчихлаа гэж хэлсэн. С гэдэг хүнд мөнгө өгсөн. С мөнгийг нь өгөхгүй байгаа юм уу яасан талаар учрыг нь би сайн олохгүй байгаа. Хохирол төлбөр барагдуулсан бол байр зарагдахгүй байсан. Байраа нэхэмжилж байна. Тухайн байр 76.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Надад 19.000.000 төгрөг өгсөн гэж үзэж байгаа. Би 7 жил Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй. Надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Н мэдүүлэхдээ “Гэрээ батлах журмын дагуу гэрээ хийдэг. ...Хүмүүс намайг гэрээг залхтал тайлбарладаг гэдэг. Ийм учраас над дээр гомдол гаргаж байгаагүй. Гэрээ хэлцэл хийхдээ жишээ нь зээлийн гэрээг хүлээн авснаар, талуудыг байцуулж байж гэрээ хийдэг. Гэрээг урьдаас бэлдсэн зүйл хэзээ ч байхгүй бөгөөд гэрээг хүнээр бэлдүүлдэггүй. Нотариат гэрээг унш гээд талуудад өгдөг. 18 нас хүрээд хариуцлага хүлээж байгаа нотариат дээр орж ирээд гэрээ хийж байгаа хүн уншсан байх ёстой бөгөөд танилцахгүйгээр шууд гарын үсэг зурах боломж байхгүй. ... Би гэрээний хоёр талд нэгд нь өгөөд нөгөөг нь хоосон гаргаж байсан зүйл гаргаж байгаагүй. Би гэрээний хувийг бүгдэд нь өгдөг. ...Ш болон С хоёрын хооронд гэрээ хийхэд гэрээний хувийг Бд хувилж өгөхгүй. Учир нь гэрээний оролцогч тал биш.” гэв.

            Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Штай харилцан ярилцаж, “10 сая долларын гадны хөрөнгө оруулалттай зам тавих Концессын гэрээ хийж байгаа, одоо Зам тээврийн яамнаас бичиг гарахыг хүлээж байгаа, 35 сая төгрөг шаардлагатай байна. Мөнгө орж ирэхээр нь дутуу баригдсан барилгад чинь хөрөнгө оруулалт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Бы итгэмжлэлээр Ц.Шгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн *** дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Соос зээлийн гэрээгээр хүлээн авсан автомашины барьцаанд тавиулж, хохирогч Ц.Бд 76.808.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:  

         Хохирогч Ц.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 9 дүгээр сарын 01-ний үед манай дүү Ш надад хэлэхдээ “манай компанийн барьж байгаа барилгад манай нэг найз ХонгКонг улсаас хөрөнгө оруулалт оруулж өгье, урьдчилаад 35 сая төгрөг шаардлагатай байна” гэж хэлсэн. Тухайн үед Ш бид хоёр барьж байгаа барилгаа бүрэн барьж дуусгах зорилготой байсан бөгөөд урьдчилгаа мөнгө өгөхөд бэлэн байгаагүй. Ш надаас та өөрийн орон сууцыг барьцаалаад өгчих үү гэхэд нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***дугаар байрны 3 давхрын амины орон сууцыг барьцаанд тавиулах зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр уг байрны захиран зарцуулах эрхийг Шд шилжүүлж итгэмжлэл өгсөн. Хэд хоногийн дараа Б буюу Шд хөрөнгө оруулалт олж өгөхөөр тохирсон гэх найз нь Модны 2 орчимд нотариатын газар дуудсан. Тухайн газар Бгаас өөр үл таних залуу байсан бөгөөд Б энд нэг зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад өг гээд миний Шд итгэмжлэн өгсөн орон сууцыг барьцаалсан зээлийн гэрээн дээр Шгаар гарын үсэг зуруулсан. Үүнээс хойш барилгад хөрөнгө оруулсан юм байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 3 дугаар 40-41 дүгээр хуудас/,  

         Гэрч Ц.Шгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Б манай ажил болох Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хажууд баригдаж байсан барилга дээр ирээд уулзсан. Тэр үедээ Улаанаа гэх нэртэй Өвөрмонгол залуу, мөн нэг найзтайгаа хамт явж байсан. Тэгээд бид 3 “10 сая долларын гадны хөрөнгө оруулалттай зам тавих Концессын гэрээг зам тээврийн яамтай хийж байгаа, ерөнхийдөө гэрээ хэлэлцээр дууссан, одоо Зам тээврийн яамнаас бичиг гарахыг хүлээж байгаа, тэр бичиг гарчих юм бол 15-20 хоногийн дараа урьдчилгаа 3 сая долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Хэрэв тэр мөнгө ороод ирэх юм бол чамд ашигтай хөрөнгө оруулчихаар юм байна уу” гэж хэлэхээр нь би өөрийн 21 дүгээр хороололд дутуу баригдсан 115 айлын орон сууцны барилга байгаа, тэрэнд 1 тэрбумын хөрөнгө оруулалт хийх боломжтой. Баригдаад дуусчихвал ашгаа хувааж болно гэж хэлсэн. ...2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Б залгаад “мөнгө байна уу” гэж асуухаар нь бэлэн мөнгө байхгүй гэж хэлэхэд “барьцаанд тавих эд зүйл байгаа юу, 7 хоногийн дараа аваад өгнө” гэхээр нь барьцаанд тавих эд зүйл байлгаж болно гэж хэлсэн. “Замын Концессын гэрээ хийхэд зам тээврийн яамны сайдын гарын үсэг дутуу байгаа, бид нарт ойрдоо хэдэн төгрөгийн зардал гарах юм шиг байна, 35 сая төгрөг хэрэгтэй байна. Би Саруул гээд дүүгээсээ зээлэхээр боллоо гэтэл Саруул зээлж байгаа мөнгөнийхөө оронд барьцаа гаргаад өгчих гэж байна, чамд барьцаанд тавих юу байна” гэхээр нь би надад барьцаанд тавих юм байхгүй, манай төрсөн эгчийн амьдарч байгаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Товчооны замын 25 дугаар байрны 3 тоотод байрлах 64 м/кв, 2 өрөө байрны гэрчилгээг эгчтэйгээ ярьж байгаад барьцаанд тавьж өгье гэж хэлсэн. Тэгээд эгчдээ энэ талаар хэлээд надад байрныхаа гэрчилгээг итгэмжлэл хийгээд өгчих гэхэд манай эгч надад туслах санаатай зөвшөөрсөн. ...Б нь С гэх залуугаас машин авахаар болоод 32.5 сая төгрөгт манай эгчийн байрыг тавина гэсэн. Ингээд би гэрээнд гарын үсэг зурсан ...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 21-23, 149-150 дугаар хуудас/,

        Гэрч П.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 2015 оны 9 дүгээр сарын эхээр “Тоёота Прадо 120” маркийн орж ирсэн улсын дугаар аваагүй машиныг зарахаар болоод “Үнэгүй.мн” сайтад зар тавьсны дараа над руу Түшиг, Б гэх 2 хүн Дахүрээ зах дээр ирж үзээд 37.5 сая төгрөгөөр худалдаж авахаар  болсон. Гэхдээ мөнгийг 5 сая төгрөгийг бэлнээр өгөөд 32.5 сая төгрөгийг 14 хоногийн дотор өгнө, гэхдээ барьцаанд нь 1 байр тавина гэж хэлсэн. Мөнгөө хэрхэн өгөх талаар асуухад Б болон Түшиг нар нь “урдаас барилгын арматур төмөр оруулж ирдэг, гааль дээр бэлэн төмөр ирчихсэн байгаа, энэ авч байгаа машиныг Өвөрмонгол залууд арматур төмрийнхөө тооцоонд өгөөд явуулаад арматур төмөр орж ирээд мөнгөтэй болчихно” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр би машинаа тухайн 2 залууд зарахаар болоод Модны хоёрын ойролцоо нотариат дээр ирсэн. Намайг очиход Түшиг, Б нар ирчихсэн байсан ба байрын гэрчилгээ авч ирэх хүн ирээгүй байна гээд бид нар гадаа хүлээж байхад Б гэх эмэгтэй болон Ш нар ирсэн. Ингээд би өөрийнхөө машиныг Шд зараад 32.5 сая төгрөг дээр нь Шгийн эгчийн байрыг надад барьцаанд тавьж байгаа мэтээр гэрээ хийсэн. Гэтэл нотариатч эмэгтэй тэр гэрээг үзээд “Та нар машиныхаа мөнгийг өгч дуусаж байж байрны гэрчилгээгээ буцааж аваад машины гэрчилгээ Шгийн нэр дээр шилжинэ” гэж хэлсэн. Тэр үед Б машины гэрчилгээг одоо шилжүүлж авмаар байна, тэртээ тэргүй 32.5 сая төгрөгт байрны гэрчилгээ тавьж байгаа юм чинь гэхэд Ш болон түүний эгч Б нар зөвшөөрч байсан. Ингээд яаж машины гэрчилгээг тэд нарт тухайн өдөрт нь шилжүүлж болох боломжтой талаар ярилцаж байхад нотариатч эмэгтэй 32.5 сая төгрөгийг би Шд зээлж байгаа мэтээр зээлийн гэрээ хийж, эхний 1 сар хүүгүй, харин сарын дараа алданги тооцохоор гэрээ хийж барьцаанд нь тухайн байрны гэрчилгээг авсан. Тэр үед Б ажилтай гээд яваад өгсөн эхний хийсэн гэрээ болохгүй, дахин дуудаж надад зээлийн гэрээний барьцаанд байрны гэрчилгээг үлдээх гэрээн дээр гарын үсэг зуруулах гэхэд өөрийн дүү Шд итгэмжлэл хийсэн гэсэн байсан тул тухайн итгэмжлэлээр нь би зээлийн гэрээ хийсэн. Ингээд 37.5 сая төгрөгөөр зарах гэж байсан машиныг Б өөрийн нэр дээрээ шилжүүлж авахаар болсон ба би 37.5 сая төгрөгөөс 5 сая төгрөгийг бэлнээр авах байсан ч Б надад нотариатаас гараад 4.5 сая төгрөг өгсөн ба 32.5 сая төгрөгөө 33 сая болгоод өгчихнө гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш сарын хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд би Б гэх залуутай хамт явсан Түшиг гэх залуутай холбогдож байсан ба Түшиг “одоо ажил бүтэх гээд байна, удахгүй ороод ирвэл мөнгийг чинь өгөөд байрны гэрчилгээг авна” гэж явсаар сарын хугацаа өнгөрсөн. Түшиг нь сүүлдээ Б чиний машиныг авсан гээд Б руугаа бүх асуудлаа чихээд байхаар нь 2015 оны 10 дугаар сараас хойш Бтай холбогдож эхэлсэн. Б болон Ш нартай уулзсан ба би Шгаас “33 сая төгрөгөө авъя эсвэл байраа надад шилжүүлж өг, би шүүхэд хандлаа” гэхэд чи шүүхэд хандаж болно, мөнгө чинь удахгүй 7-10 хоногийн дотор ороод ирнэ, тэр үед хүү, алдангитай нь өгчихнө гэж хэлж байсан. Ингээд тэр уулзсан өдрөөс хойш Шгийн дугаар луу залгахад утсаа авахгүй, мөн Бтай утсаар ярих гэхээр утсаа авахгүй алга болчихдог байсан. Сүүлдээ аргаа бараад Бгийн иргэний үнэмлэх дээр байдаг гэрийн хаягаар очиход ээж нь байсан ба гэрт нь хүлээж байгаад ээжээр нь дуудуулж уулзахад “сар гарны дараа бүтээгээд өгнө” гэж гэрийнхэн нь хэлж байсан ч сар гаран хэлсэн хугацааг нь хүлээж байгаад буцааж уулзахад Б мөнгө бүтсэнгүй гээд дахиад л хугацааг сунгадаг байсан. Ингэж явсаар 2016 оны 6-7 сарын үед би Иргэний шүүхэд хандсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 27-28 дугаар хуудас/,

         Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ах Ба хуваариа барилгын арматур төмөр Хятадаас оруулж ирж, зарж борлуулж мөнгийг нь Хятадуудад буцааж өгч ашиг гаргаж авдаг ажил хийдэг байсан ба Б манай ах дээр ирээд “Хятадаас арматур төмөр зээлээд өгөөч ээ, цаг хугацаанд нь мөнгийг нь өгнө, би нэг барилгын компаниас байр авчихсан, тэр барилгын компанийн баригдаж байгаа барилга руу арматур төмөр өгөх гэсэн юм” гэж ахаас гуйж байсан. Манай ах Бд туслах зорилгоор “Хятадуудыг нь уулзуулж өгье, болох талаас нь ярьж өгье” гэж хэлсэн. Манай ах өөрийн арматур төмөр авдаг хүнтэй уулзуулахад тухайн хятад нь зөвшөөрч цаг хугацааг нь тохироод арматур төмөр өгөхөөр болсон ба Б арматур төмрөө аваад барилгын компанидаа өгсөн боловч Хятадад өгөх мөнгөө тухайд нь өгч чадахгүйд хүрсэн. Хятадууд Бгаас мөнгөө нэхэх үед Б Ш гэх хүний байрыг барьцаалж хүний зарах гэж байсан “Прадо 120” маркийн автомашиныг аваад тухайн машинаа ломбардад тавьж Хятадуудад өрөө дарсан. Ингээд буцааж машинаа авч чадахгүй байсаар байгаад машинаа алдсан, мөн барьцаанд тавьсан Шгийн байрыг авч өгч чадахгүй явсаар өдийг хүрсэн талаар ах надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 30 дугаар хуудас/,

         Гэрч Н.Баийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа байрнаас байр худалдаж авсан” гэж хэлж байсан бэ тэр үедээ надад зээлээр авах арматур төмөр хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн таньдаг Өвөрмонгол залуугаас арматур төмөр зээлээр авч өгсөн. Тэр арматур төмрийг Б байрныхаа төлбөрт өгсөн байх. Гэхдээ Б нь зээлээр авсан арматур төмрийнхөө мөнгийг хугацаанд нь төлж барагдуулсан. Харин түүнээс хойш дахиж арматур төмөр аваагүй. Надтай нэлээд хугацааны дараа уулзаад өөр хүний нэр дээр гэрчилгээтэй байрны бичиг баримтыг харуулаад “энийг барьцаанд тавьж мөнгө болгох ломбард хэрэгтэй байна” гэхээр нь яах гэж байгаа талаар асуухад “Би урдаас Хятадуудтай нийлж арматур их хэмжээгээр оруулж ирэх гэж байгаа, надад мөнгөний хэрэг байна” гэхээр нь би хуваариа мөнгө зээлүүлдэг зүс таних хүнийг дуудаж уулзаад Бгийн барьцаанд тавих гэж байгаа байрыг үзүүлэхэд “Ийм хол байдаг байрны гэрчилгээг барьцаанд тавьж мөнгө зээлэхгүй” гээд яваад өгсөн. Энэ үед Б надаас “энэ байрны гэрчилгээг барьцаанд тавиад мөнгө зээлэх хэрэгтэй байна, урдаас Хятадууд намайг мөнгө олоодох гээд шахаад байна” гэхээр нь ямар гарц байгаа талаар яриад сууж байтал Б “энэ байрыг юунд ч хамаагүй тавиад мөнгө гаргах хэрэгтэй байна, тэгвэл урдаас арматур төмөр ороод ирнэ, удахгүй суллаад авчихна” гээд би зар дээрээс “Тоёота Прадо 120” маркийн гаалийн бичигтэй автомашиныг зарна гэсэн зарын дагуу С гэх залуутай утсаар холбогдож Бтай хамт очиж уулзаад Бгийн байдлыг хэлээд урьдчилгаа тодорхой хэмжээний мөнгө өгөөд үлдсэн мөнгөнд нь байрны гэрчилгээ тавина, хугацаанд нь найдвартай үлдсэн мөнгөө өгөөд байрны гэрчилгээгээ авчихна” гэхэд С зөвшөөрсөн. Ингээд С гэх залуутай гэрээ хийхээр Б, байрны эзэн Б гэх хүний дүү Ш нар нотариатын гадна үлдсэн. Тэр үед С намайг “энд гэрээгээ хийчхэж байгаа юм чинь та очоод миний машиныг “Дахүрээ” зах дээрээс аваад ирээч” гэж хэлэхээр нь би очиж машиныг нь унаж ирээд Бд өгсөн. Б Соос машин авч яваад 2 хоногийн дараа над руу залгаад “Энэ машиныг ломбардад үнэтэйгээр тавиад өгөөч, гадуур 20 сая төгрөгөөс дээш авахгүй байна” гэхээр нь би өөрөө машинаа тавиад зээлдэг “Херо центр” төв дээр очиж Бгийн авсан машиныг үзүүлээд 25 сая төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг нь Б бэлнээр аваад явсан. Ингээд Бтай ахиж уулзаагүй. Тэр үедээ тусалсан гэж бодоод л өнгөрсөн. ...Би Бгаас Ш гэж ямар хүн юм бэ гэхэд “Би арматур төмөр оруулж ирэхээр Ш надаас зээлж авч барилгаа босгож дуусгах гэж байгаа юм. Ийм учраас Ш надад энэ байрыг барьцаанд тавьж, урдаас арматур төмөр оруулж ирэх ажлаа зохицуул гэж байгаа юм” гэж хэлсэн. Б надад 10 сая долларын гадны хөрөнгө оруулалттай зам тавих Концессын гэрээ Зам тээврийн яамтай хийх гэж байгаа талаар ярьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 32-33 дугаар хуудас/,

         Гэрч С.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 1 дүгээр сарын үед би өөрийн компанийн нэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Рояал Хаус” ХХК-ын барьж байсан байрын ажилд арматур төмөр нийлүүлэхээр гэрээ хийсэн ба энэ ажилд Б хамт оролцохоор болсон. Би арматур төмөр нийлүүлээд хөлсөнд нь байр авахаар тохиролцож ярилцсан ба Б надаас “чи компанийнхаа гэрээнд миний нэрийг оруулаад өгөөч, би энэ баригдаж байгаа байрнаас байр авъя, чи угаасаа арматур төмөр нийлүүлэх учраас би бас өөр газрууд руу арматур төмөр нийлүүлэх ажил ярьсан байгаа, дундаас нь олсон ашгаараа байрныхаа мөнгийг төлөөд дуусгачихна, чамд чирэгдэл болохгүй” гэж гуйхаар нь би зөвшөөрөөд дээрх компанитай арматур төмөр нийлүүлэх гэрээндээ Бгийн нэрийг оролцуулж, барьж байгаа байрнаас нь 2 байр авахаар болсон. Ингээд гэрээнд заасны дагуу бүх арматур төмөр нийлүүлэх ажлыг хамт биелүүлэхээр болж гэрээний дагуу нийлүүлж эхэлсэн. Б нь өөрийнхөө байранд нийт 32 сая төгрөгийн арматур төмөр нийлүүлсэн байдаг, мөн миний байрны төлбөрт 9 тонн арматур төмөр нийлүүлсэн. Ингээд 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр тухайн компанийн байрнаас гарсан ба надтай хамт байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан ба миний бие ганцаараа гэрээний үүргээ биелүүлж арматур төмрөө нийлүүлж өөрийн байрны үнийг төлж дуусгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 35 дугаар хуудас/,

        Гэрч У.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б гэх хүн манай ажил дээр ирээд 2005 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугаар аваагүй, “Тоёота Ланд Крузер Прадо” маркийн автомашиныг барьцаалж зээл авахаар  болж 25 сая төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлэхээр болж гэрээ байгуулж машиныг нь авч үлдэж мөнгийг нь бэлнээр өгөөд явуулсан. Б нь зээл авснаасаа хойш сарын хүү 1 сая төгрөг төлөх ёстой байсан ч 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг дутуу хийж түүнээс хойш хүү болон үндсэн зээлийн мөнгөө өгөхгүй удсан тул 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Бг дуудаж уулзаад мөнгөө төлөхийг шаардахад мөнгөө төлж чадахгүй барьцаанд тавьсан машинаа хураалгахаар болж бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн. Ингээд тухайн машиныг зарж хохирлоо барагдуулж Бтай холбоотой зээлийг хаасан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 36-37 дугаар хуудас/,

            Автомашин барьцаалсан зээлийн гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 38-42 дугаар хуудас/,

            Ц.Баас Ц.Шд олгосон итгэмжлэлийн хуулбар /хэргийн 76 дугаар хуудас/,

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр, нэхэмжлэл, хариу тайлбар, гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 86-88, 103-107 дугаар хуудас/,

            “***” ХХК-ийн Арматур худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 115-121 дүгээр хуудас/,

            Гаалийн ерөнхий газрын 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 03-2/843 дугаартай “Иргэн Б.Бгийн нэр дээр 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдсэн мэдээлэл бүртгэгдээгүй” гэх албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтас 238 дугаар хуудас/,

            “Дамно” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №БГ1-18-324 дугаартай “...76.808.625 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 2 дугаар хавтас 62-72 дугаар хуудас/,

            Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 155 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

  Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 73 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 99 дүгээр хуудас/.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Штай харилцан ярилцаж, “10 сая долларын гадны хөрөнгө оруулалттай зам тавих Концессын гэрээ хийж байгаа, одоо Зам тээврийн яамнаас бичиг гарахыг хүлээж байгаа, 35 сая төгрөг шаардлагатай байна. Мөнгө орж ирэхээр нь дутуу баригдсан барилгад чинь хөрөнгө оруулалт хийж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Бы итгэмжлэлээр Ц.Шгийн эзэмшилд шилжүүлэн өгсөн 000261747, Ү-2205050074 дугаартай үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт П.Соос зээлийн гэрээгээр хүлээн авсан автомашины барьцаанд тавиулж, хохирогч Ц.Бд 76.808.625 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, автомашин барьцаалсан зээлийн гэрээ, итгэмжлэлийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн шийдвэр, нэхэмжлэл, хариу тайлбар, гэрээ, “***” ХХК-ийн Арматур худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, Гаалийн ерөнхий газрын албан бичиг, хөрөнгийн үнэлгээний тайлан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор тодорхой идэвхтэй үйлдэл хийж (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж), өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

           Харин “Залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. “Их хэмжээний хохирол” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 /тавин сая/ төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно.

           Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, бодит байдлыг нуух, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсныг, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэж урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, олон жилийн өмнөөс бие биеэ мэдэх болсон байдал, итгэлийг урвуулан ашиглахыг тус тус ойлгоно.

   Залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, хуурамч баримт бичиг ашиглах, итгэл эвдэх зэрэг арга дээр үндэслэгдсэн, шунахайн сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаас биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилах гэмт хэрэг гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь “БНХАУ-аас барилгын арматур төмөр оруулж ирнэ, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна”, “Замын концессын гэрээ хийхэд зам тээврийн яамны сайдын гарын үсэг дутуу байгаа, 35 сая төгрөг хэрэгтэй байна” хэмээн урьдын танил Ц.Шгаар дамжуулж хохирогч Ц.Бы эзэмшлийн байрыг барьцаанд тавиулан П.Соос машин худалдан авч, улмаар уг машиныг банк бус санхүүгийн байгууллагад 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгө авсан байх боловч тухайн мөнгөө хохирогчид итгүүлснээс өөр зүйлд буюу хувьдаа ашигласан байх ба Замын концессын гэрээ байгуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн түүнчлэн Гаалийн ерөнхий газрын 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 03-2/843 дугаартай албан бичиг зэрэг баримтаар шүүгдэгч Б.Б нь барилгын арматур төмөр оруулж ирэхээр гаалийн бүрдүүлэлт хийж хилээр нэвтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

             Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Анар “...Б.Б нь хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлж аваагүй буюу шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн объектив талын шинжийг хангаагүй тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсноос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэрээ байгуулсан тухайн цаг хугацаанд хохирогч Ц.Бы эзэмшлийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлж аваагүй гэж маргаж байх боловч тухайн зээлийн гэрээ байгуулагдаж хохирогчийн орон сууц барьцаалбарт тавигдсанаар хохирогчийн эд хөрөнгийн захиран зарцуулах эрх нь бодит байдалд “дам байдлаар” зөрчигдсөн буюу уг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа алдсаны улмаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хохирогчийн эд хөрөнгө хураагдаж, эд хөрөнгийн эрх бусдад шилжсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Бгийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван долдугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн төрөлд хамаарах ба эрх зүйн онолын хүрээнд шүүх хуулийг тайлбарлахдаа агуулгаар нь буюу “Зорилгоор тайлбарлах арга” зүйг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.   

           Тиймээс шүүгдэгч Б.Бг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бд 76.808.625 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 19.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

             Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгаас 57.808.625 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

           Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ч.Анар “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.6 дахь заалтад заасан “Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэн торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

            Учир нь “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автсан буюу субъект өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн урьдчилан мэдэх боломжийг шууд алдагдуулахад хүргэсэн онцгой нөхцөл байдлыг /байгалийн давагдашгүй хүчин зүйл гэх мэт/, “Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж гэмт этгээд өөрийн үйлдэж буй гэмт хэргийн бодит мөн чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг буруугаар ойлгон төсөөлж үйлдсэнийг тус тус ойлгох бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Б.Бгийн үйлдэлд дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

            Шүүгдэгч Б.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

   Шүүхээс шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгч Б.Бд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Бгийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 166 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

  1. Бусад асуудлаар:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 153.620 төгрөгийг /хэргийн 2 дугаар хавтас 74-75 дугаар хуудас/ гаргуулж, хохирогч Ц.Бд олгож,

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан “Монгол улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 166 /нэг зуун жаран зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгаас 57.808.625 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Бд олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 153.620 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Бд олгосугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бд урьд авсан “Монгол улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Б.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО