Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/461

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Ш.Анужин,

Хохирогч *******-н итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001237 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “I loft” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт, ... дүүргийн ... дугаар хороо, ... .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД:/,

Урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, *******.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны зам дагуу байрлуулсан хохирогч Э.Б-н эзэмшлийн Тоёота приус-50 загварын тээврийн хэрэгслийн жолооч талын урд хаалгыг өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлаас хохирогч *******-н эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч ******* д нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.Б ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

1. ******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн “...2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 17 минутад 1.000.000 төгрөгийн зарлага бэлэн мөнгөний машинаас зарлага гарсан нь дансны хуулгаар тогтоогдож байснаар үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл, ******* ын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 3, 4 тал/,

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Уг бичлэгийг тоглуулж эхлэхэд 10 дахь секундэд Б-н Б нь хөх өнгийн хугархай хаан банкны картыг АТМ-д хийж товчлуурууд дээр дахиж үйлдэл хийгээд уг бичлэгийн 1 минут 5 дахь секундэд карт буцаж гарч ирснийг ******* аваад баруун гартаа бариад зогсож байгаад шар өнгийн хүрэмнийхээ баруун халаасанд хийгээд зүүн энгэрийн цахилгаантай халааснаас хар өнгийн хавтас гаргаж ирэв. 1 минут 23 секундэд АТМ-ээс тоо ширхэг тодорхойгүй 20.000 төгрөгийн дэвсгэртүүд гарч ирэхэд ******* аваад хар хавтаснаас алтан шаргал өнгийн виза карт гаргаж ирээд АТМ-д хийгээд уг мөнгөө буцаагаад АТМ-ний мөнгө авах хэсэг рүү бүгдийг нь хийгээд бичлэг дуусав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-9, 10-11 тал/,

3. Хохирогч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* зочид буудалд найз О-н хамт миний гадагшаа явах виз гарчихлаа гээд тэмдэглээд архи ууж, тэндээ хоносон. Маргааш өглөө нь манай найз О  хоёр залуу дуудсан ба Б  гэх залуу, бас нэг залуутай ирсэн. Тэгээд бид дөрөв архи уух гэтэл архи дууссан байсан тул би О д Хаан банкны картаа өгөөд “архи аваад ир” гэж хэлээд картныхаа нууц кодыг хэлээд, О , Б  хоёр гадагшаа дэлгүүр явсан. Удалгүй О , Б  хоёр гаднаас 1 шил архи, идэж, уух юм аваад орж ирсэн. Архиа уугаад нилээн муудаад унтаж байтал миний гар утсанд мессеж ирэхээр нь харсан чинь Хаан банкнаас 1.000.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Би Хаан банк руу залгаад дансаа хаалгаад О ыг дуудаж сэрээгээд “нөгөө хоёр яасан юм бэ” гэхэд “мэдэхгүй байна, би бас тасраад унтчихжээ” гэсэн. Тэгээд О  Б  рүү залгаад “хаана байна” гэхэд “гадуур явж байна, оройхон очно” гэхээр нь “найзын карт хаана байна, данснаас нь мөнгө аваад явчихдаг юм уу” гэхэд Б  “мөнгө төгрөг аваагүй, оройхон яваад очьё” гэж хэлэхээр нь О  бид хоёр буудалд хүлээгээд байж байтал Б  тухайн орой ирээгүй. Би Хаан банк руу ороод бичлэгийг шүүлгэе гэхэд харуулахгүй гэж хэлээд “шар куртиктэй, тарган, шар, эрүүндээ урт сахалтай залуу АТМ-нээс авсан байна” гэж хэлсэн. Би картнаасаа мөнгө авахыг хэнд ч зөвшөөрөөгүй. ...Би Б д картаа болон картны нууц кодоо өгч 1.000.000 төгрөг авахыг зөвшөөрсөн зүйл байхгүй. Хэрэв тийм зүйл болсон бол би өөрөө данснаасаа шилжүүлээд өгчих байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18, 19-20 тал/, 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******лзийсайхан “...Би хүүгийнхээ хэлсэн мэдүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй. Хүү маань явахаасаа өмнө “хохирол барагдуулаад өгчихвөл өргөдлөө буцаагаад авъя” гэж байсан боловч амжаагүй Ирланд явсан. Шүүх хурал болвол та очоорой гэж байсан. Хохирлоо гаргуулах хүсэлтэй...” гэх мэдүүлэг,

4. Гэрч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би найз Т тай 2022 оны 3 дугаар сарын 27-ний өдөр уулзаад гадуур гарч явж байгаад бид хоёр 10 дугаар хорооллын ******* нэртэй зочид буудалд ороод пиво ууж байгаад бид хоёр унтаад маргааш өглөө нь сэрээд хэвтэж байгаад ахиад архи пиво уугаад байж байгаад би найз Б  рүү залгаад хаана байна гэсэн чинь гадуур явж байна гэхээр нь би 10 дугаар хороололд ******* буудалд ууж байна хүрээд ирээ гэсэн чинь за гэж хэлсэн. 10 цагийн үед Гансүх ирсэн, араас нь 1 цаг орчмын дараа Б , Т  хоёр орж ирээд бид 5 байсан архиа хувааж уугаад дууссан. Т  миний гадагшаа явах виз гарчихсан байна гэж хэлээд надад Хаан банкны картаа өгөөд архинд яваад ир гээд нууц кодоо хэлсэн, тэгээд би дэлгүүр явах гэж байгаад Б ийг цуг явъя гээд хамт дагуулж гараад СU-с 0.75 литрийн 2 шил алтан чингис нэртэй архи, 4 сав хоол, ус ундаа аваад тооцоогоо хийхдээ би Т гийн Хаан банкны картыг өгөөд 80.500 төгрөг болсныг Т-н картнаас уншуулаад би нууц кодыг нь Б ий хажууд хийсэн. Буудал руу буцаж ороод удалгүй архи уугаад эхэлж байтал Гансүх явсан Т , Б , Т  бид дөрөв үлдээд архи ууж байгаад эхлээд Т  тасраад унтаад өгсөн тэгээд араас нь би бас муудаад унтсан. 15 цаг өнгөрч байхад Т  намайг сэрээгээд миний данснаас 1.000.000 төгрөг зарлага гарсан байна. Хаан банкны карт хаана байна гээд надаас асуусан. Би хувцсандаа үзсэн чинь байхгүй байсан. ...Би Б  рүү залгасан чинь хорооллын Эрхэс гээд буудалд байна гэсэн. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Т  3 сарын 31-ний өдөр над руу залгаад миний данснаас мөнгө авсан хүн нь Б  байна, би хаан банк руу утсаар холбогдоод ямар хүн 1.000.000 төгрөг авсныг тодруулсан чинь махлагдуу биетэй, эрүүндээ урт сахалтай, шар өнгийн куртиктэй залуу байна гэж хэлж байна бичлэгийг нь авч болох уу гэсэн чинь цагдаад хандаж байж цагдаа нь авч болно гэж хэллээ гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

5. Гэрч Л.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...10 дугаар хороололд ******* зочид буудалд ирэхэд О , Т , С гэх хоёр залуутай байсан. Бид нар хоорондоо танилцаад тэнд байсан том шилтэй шар чингис 1 бүтэн, 1 тал байсан. Тэрийг ууж эхлээд уг архи нь дууссан. О  гадагшаа архинд явсан хэнтэй хамт явсныг мэдэхгүй байна, 2 шил архи авч орж ирсэн. ...Картаа гаргаад ирчихсэн О ыг архинд яв, өрөөгөө соль гэж байсан. ...Би Т г мөнгө ав гэж Б д картаа өгч байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

6. Шүүгдэгч Б.Б ий Хаан банкны дансны хуулга /хх-ийн 59-61 тал/,

 

7. БГДЦГ ЦХ-2, шуурхай удирдлагын тасаг, дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 67 тал/,

8. Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хар өнгийн приүс 50 маркийн автомашиныг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр авсан. 2022 оны 2 дугаар сарын 07-ны шөнийн 1 цагийн үед 10 дугаар хорооллын туслах зам дээр “*******” төвийн харалдаа зогсож байтал замын хойд талын хэсэгт хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан. Нэг эмэгтэй нь миний урдхан талд зогсож байсан приүс-30 маркийн тээврийн хэрэгсэлд цуг байсан залуугаар суулгуулж байхад үлдсэн нэг эмэгтэй нь миний урд талд зогсож байгаад гараа өргөөд миний машины ард суусан. Урьд машинд хүн суулгаж өгч байсан залуу гүйж ирээд гараа алдалж зогсоод хөдөлбөл ална шүү гээд машин тэрэг цохичих гээд байхаар нь “тайван байгаарай, хүн андуураад байх шиг байна” гэж хэлэхэд ар талын эмэгтэйтэй хамт явж байгаа гэхээр нь “чи буучих” гэж хэлээд нөгөө эмэгтэй буух хооронд тэр залуу миний жолооч талын урд хаалгыг нэг удаа өшиглөсөн. Өшиглөнгүүт нь би дахиад өшиглөж магадгүй гээд урагшаа хөдлөхөд нөгөө эмэгтэй нь тэр залуугаа “болиочээ” гэж хэлээд татаад үлдсэн. Зам дээр байсан болохоор урагшлаад замаа чөлөөлж зогсоод буцаж ирэхэд нөгөө залуу, эмэгтэй хоёр байхгүй болчихсон байсан. ...Тэгээд ******* төвийн зохион байгуулагч О  гэдэг залуутай уулзахад “...чиний машины ард суусан эмэгтэй нь манай эхнэр, харин машиныг чинь өшиглөдөг залууг би таньдаг. Манай найз Б ” гэж хэлсэн. Миний машины жолооч талын хаалга гол хэсэгтээ цөмрөөд орчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 тал/,

9. Гэрч Б.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай ажил дээр найз болох Б  холбогдож байгаад ирээд бид хамтдаа сууж уусан. Манай эхнэр Х надад хэлэхдээ “тухайн орой хаасны дараа явах гэж гараад *******ын замын эсрэг талын туслах замаас такси бариад хар өнгийн приус загварын машинд суухад Б ээ гараа алдалж ирээд “буу” гээд, буух хооронд жолоочтой маргалдаад хаалгыг нь өшиглөх шиг болсон“ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/,

10. Дамно ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн №БГ2-22-265 дугаартай “...үнэлгээний дүн шууд зардал 1.200.000 төгрөг, тус үнэлэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.470.200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 93-95 тал/,

11. Шүүгдэгч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 1 сая төгрөг бооцоонд тавьчихъя хоёулаа гурван удаа гар барилдъя би эхлээд солгой гараараа үзээд даруулсан. Би одоо баруун гараараа үзье гээд 2 удаа ялсан. О.Т-н шарыг малтаад нэг үг хэлтэл би хэлсэндээ хүрдэг хүн гээд О оос картаа аваад надад өгөөд нууц кодоо хэлээд гарч мөнгөө аваад ир гэсэн.  Би гарч 1 сая төгрөг аваад өөрийн ******* гэсэн данс руугаа хийгээд 200.000 төгрөгийн нь бэлнээр авч явсан. ...Би Т-д данснаас чинь 1 сая төгрөг авсан өөр мөнгө аваагүй картыг буцаагаад өгсөн. О  сүүлд хоолонд яваад байсан биз дээ гэж хэлээд цагдаа дээр ирж байхдаа би чиний данснаас чинь ах чинь мөнгө татсан гэж байсан биз дээ гэж хэлсэн. Т  өөрөө О оос авч өгөөд би мөнгө авчаад буцаж орж ирээд О д картыг нь өгсөн.

...Би тэр таксины жолоочтой эмэгтэй танидаг дүүгээ цуг явуулмааргүй байсан болохоор машинаас нь эмэгтэй дүү Хишигзулыг буулгатал таксины жолооч залуу намайг чи хаашаа янзын пизда вэ гэхээр нь би машин руу нь өшиглөсөн. ...Бусдад учруулсан хохирлоо барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45, 108-109, 140 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би найзтайгаа бааранд хамт хамгаалагч хийдэг байсан. Манай найз хүнд хутгалуулсан. Би найздаа эмчилгээний зардал гээд хэдэн төгрөг өгсөн байсан учир надад мөнгөний боломж байгаагүй. Тэгээд картаас нь мөнгө авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирлоо төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 46-58 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 116 тал/, үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 148 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 149 тал/, хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 117-122 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 126-127 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 27-29, 87-88 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх дүгнэвэл:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, *******-ын хаан банкны дансны хуулга, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, шүүгдэгч Б.Б ий Хаан банкны дансны хуулга, хохирогч ******* ын “...би О д Хаан банкны картаа өгөөд “архи аваад ир” гэж хэлээд картныхаа нууц кодыг хэлээд, О, Б  хоёр гадагшаа дэлгүүр явсан. Удалгүй О, Б  хоёр гаднаас 1 шил архи, идэж, уух юм аваад орж ирсэн. Архиа уугаад нилээн муудаад унтаж байтал миний гар утсанд мессеж ирэхээр нь харсан чинь Хаан банкнаас 1.000.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн. Би Хаан банк руу залгаад дансаа хаалгаад О ыг дуудаж сэрээгээд “нөгөө хоёр яасан юм бэ” гэхэд “мэдэхгүй байна, би бас тасраад унтчихжээ” гэсэн. Тэгээд О, Б  рүү залгаад “хаана байна” гэхэд “гадуур явж байна, оройхон очно” гэхээр нь “найзын карт хаана байна, данснаас нь мөнгө аваад явчихдаг юм уу” гэхэд Б  “мөнгө төгрөг аваагүй, оройхон яваад очьё” гэж хэлэхээр нь О  бид хоёр буудалд хүлээгээд байж байтал Б  тухайн орой ирээгүй. Би Хаан банк руу ороод бичлэгийг шүүлгэе гэхэд харуулахгүй гэж хэлээд “шар куртиктэй, тарган, шар, эрүүндээ урт сахалтай залуу АТМ-нээс авсан байна” гэж хэлсэн. Би картнаасаа мөнгө авахыг хэнд ч зөвшөөрөөгүй. ...Би Б д картаа болон картны нууц кодоо өгч 1.000.000 төгрөг авахыг зөвшөөрсөн зүйл байхгүй...” гэх, гэрч Б.О ын “...15 цаг өнгөрч байхад Т  намайг сэрээгээд миний данснаас 1.000.000 төгрөг зарлага гарсан байна. Хаан банкны карт хаана байна гээд надаас асуусан. Би хувцсандаа үзсэн чинь байхгүй байсан. ...Би Б  рүү залгасан чинь хорооллын Эрхэс гээд буудалд байна гэсэн. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. ...Т  3 сарын 31-ний өдөр над руу залгаад миний данснаас мөнгө авсан хүн нь Б  байна, би хаан банк руу утсаар холбогдоод ямар хүн 1.000.000 төгрөг авсныг тодруулсан чинь махлагдуу биетэй, эрүүндээ урт сахалтай, шар өнгийн куртиктэй залуу байна гэж хэлж байна бичлэгийг нь авч болох уу гэсэн чинь цагдаад хандаж байж цагдаа нь авч болно гэж хэллээ гэсэн...” гэх, Л.Т ын...Би Т г мөнгө ав гэж Б д картаа өгч байхыг хараагүй...” гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” зочид буудлаас хохирогч ******* ын эзэмшлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар хулгайлан авч, хохирогч ******* д нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б ий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Мөн хохирогч ******* д нийт 1.000.000 төгрөгийн учирсан болох нь ******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, ******* ын Хаан банкны дансны хуулгаар нотлогдсон.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.  

Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтаар хохирогч Э.Б-н эд хөрөнгөд бага хэмжээ буюу 300.000 төгрөгөөс давсан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь шүүгдэгч Б.Б ий хийсэн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны зам дагуу байрлуулсан хохирогч Э.Б-н эзэмшлийн Тоёота приус-50 загварын тээврийн хэрэгслийн жолооч талын урд хаалгыг өшиглөж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.200.000 төгрөгийн шууд, 270.000 төгрөгийн шууд бус хохирол учирсан болох нь хохирогч Э.Б-н “...2022 оны 2 дугаар сарын 07-ны шөнийн 1 цагийн үед 10 дугаар хорооллын туслах зам дээр “*******” төвийн харалдаа зогсож байтал замын хойд талын хэсэгт хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн байсан. Нэг эмэгтэй нь миний урдхан талд зогсож байсан приүс-30 маркийн тээврийн хэрэгсэлд цуг байсан залуугаар суулгуулж байхад үлдсэн нэг эмэгтэй нь миний урд талд зогсож байгаад гараа өргөөд миний машины ард суусан. Урьд машинд хүн суулгаж өгч байсан залуу гүйж ирээд гараа алдалж зогсоод хөдөлбөл ална шүү гээд машин тэрэг цохичих гээд байхаар нь “тайван байгаарай, хүн андуураад байх шиг байна” гэж хэлэхэд ар талын эмэгтэйтэй хамт явж байгаа гэхээр нь “чи буучих” гэж хэлээд нөгөө эмэгтэй буух хооронд тэр залуу миний жолооч талын урд хаалгыг нэг удаа өшиглөсөн. Өшиглөнгүүт нь би дахиад өшиглөж магадгүй гээд урагшаа хөдлөхөд нөгөө эмэгтэй нь тэр залуугаа “болиочээ” гэж хэлээд татаад үлдсэн...” гэх, гэрч Б.О ын “...Эхнэр Хишигзул надад хэлэхдээ “тухайн орой хаасны дараа явах гэж гараад *******ын замын эсрэг талын туслах замаас такси бариад хар өнгийн приус загварын машинд суухад Б ээ гараа алдалж ирээд “буу” гээд, буух хооронд жолоочтой маргалдаад хаалгыг нь өшиглөх шиг болсон гэж хэлсэн...” гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дамно ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн №БГ2-22-265 дугаартай “...үнэлгээний дүн 1.470.200 төгрөг...” гэх тайлан зэргээр тогтоогдож байна.

Хэргийн 93-95 дахь талд авагдсан Дамно ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтээр шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Э.Баясгаланд нийт 1470.200 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн” гэмт хэргийн шинж хангагдсан, шүүгдэгч хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд эд хөрөнгийг устгаж, гэмтээж буй үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж дүгнэж, шүүгдэгч Б.Б ийг “Эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь “Хулгайлах” “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.    

Шүүхээс шүүгдэгч Б.Б ийг ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэх нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 /хоёр зуун жар/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Б д биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 560 /таван зуун жар/-н нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ******* д 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь ******* тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, ******* ын хаан банкны дансны хуулга, хохирогч *******  нарын мэдүүлэг зэргээр, хохирогч Э.Баясгаланд нийт 1.470.200 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн №БГ2-22-265 дугаартай тайлангаар тус тус тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нийт 2.470.200 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж, хохирогч *******-д 1.000.000 төгрөг, хохирогч Э.Б-д 1.470.200 төгрөг олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдол бүхий байх тул хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.     

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 /хоёр зуун жар/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б ий биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 560 /таван зуун жар/-н цагаар тогтоосугай.   

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ээс 2.470.200 /хоёр сая дөрвөн зуун далан мянга хоёр зуу/-н төгрөг гаргуулж хохирогч ******* д 1.000.000 /нэг сая/ төгрөг, хохирогч Э.Б-д 1.470.200 /нэг сая дөрвөн зуун далан мянга хоёр зуу/-н төгрөг тус тус олгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА