Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/519

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх /томилолтоор/,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, М.Б /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч М.Б нь 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганти” нэртэй байрны гадна хохирогч Х.Цийг “найз охин зодсон” гэх шалтгаанаар түүний толгой хэсэгт цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж баруун чамархайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, нуруунд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганти” нэртэй байрны гадна хохирогч Х.Цийг “найз охин зодсон” гэх шалтгаанаар түүний толгой хэсэг рүү цохих, цээж, гар хэсэг рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, нуруунд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:  

Хохирогч Х.Ций мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр найз охины хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганти” нэртэй байрны урд талын хүүхдийн тоглоомын газар ирэхэд манай сургуулийн Баттөгс, Баттөгөлдөр, Ц, Хосбаяр нар байсан. Би юу болсон талаар асуухад Баттөгс надад “гэр лүүгээ орох гээд явж байтал 5-6 эрэгтэй хүүхдүүд зодох гээд дээрэлхээд байхаар нь та нарыг дуудсан” гэж хэлсэн. ...Баттөгсийн яриад байсан хүүхдүүд саравчинд сууж байсан бөгөөд ойролцоогоор 2 эмэгтэй, 9-10 эрэгтэй байсан. Тэгээд би тэр хүүхдүүдээс “хэн нь манай найзыг дээрэлхээд байгаа юм” гэхэд нэг эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод миний нүүрэн тус газарт гар утас барьсан гараараа нэг удаа цохихоор нь би цааш түлхэхэд тэр охин газар унасан. ...Силоам-Эрдэнэ хүнсний дэлгүүрийн үүдэнд сууж байхад гар утсаараа цохисон эмэгтэй, 8-9 эрэгтэйн хамтаар ирээд цагаан сорочкон цамцтай, бараан өнгийн өмдтэй залуу миний урд ирээд миний нүүрэн тус газар баруун гараараа нэг удаа цохиход миний толгой эргээд нүүрээ дартал дахин 9-10 удаа миний нүүрэн тус газар баруун гараараа цохиод “миний гарын савхан яс хугарчихлаа” гээд намайг зодохоо больсон ба намайг араас нэг хүн татаад унагаасан. Намайг унаад юу болоод байгааг мэдэх сөхөөгүй байхад нэг нь ирээд өшиглөсөн. ...Сүүлд дэлгүүрийн камер харахад Х гэх залуу Быг салгаад явж байгаа харагдсан. М гэх охин намайг зодооноос холдуулах гээд татаж байгаад унагаасан байна лээ. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 23-26 дугаар хуудас/,

Гэрч М.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед Б, А, Эрхэмбилэг, Э нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганти” нэртэй байр буюу манай гэрийн ойролцоо юм яриад сууж байсан. Тухайн үед 12-15 орчим эрэгтэй хүүхдүүд бид нар дээр ирээд “та нар манай найзыг зодсон уу” гээд асуухаар нь “та нар хүн андуураад байна” гэхэд А бид нарын дундуур ороод маргалдаад газар уначихсан. Тэгээд бид нар маргалдаж байхад Б Ц гэх хүүхэдтэй маргалдаад хоорондоо зодолдож байхад нь би тэр хоёрыг салгах гээд голоор нь орсон...” гэх мэдүүлэг /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэсэг залуучууд явж байсан. ...Тухайн залуучууд дунд байсан хар өнгийн савхин куртиктэй, улаан өнгийн өмдтэй эмэгтэй Цийг хэл амаар доромжлоод толгой руу нь гараараа цохиод байхаар нь Ц тухайн эмэгтэйг цааш түлхсэн чинь газар уначихсан. ...Дэлгүүрийн гадна сууж байхад Цд зодуулсан гэж яриад байгаа эмэгтэйн найз залуу гэх цагаан өнгийн цамцтай залуу ирээд Цийг шууд гараараа цохиж зодоод сандал дээр унасан чинь дээрээс нь олон удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хэргийн 36 дугаар хуудас/,

Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэдэн залуучууд орилоод байхаар нь би тухайн залуу руу очиж гараараа түлхсэн чинь зөрүүлээд намайг алгадаад хавсарч унагаасан. ...Манай найз залуу Б ирээд зодуулдаг залуу дээр шууд очоод “найз охин зодлоо” гээд зодчихсон...” гэх мэдүүлэг /хэргийн 38 дугаар хуудас/,

Гэрч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэнд байсан нэг эмэгтэй Цийг хэл амаар доромжлоод Ций толгой руу цохисон. Тэгээд Ц нөгөө охиныг түлхэж унагаасан гээд маргалдаад байсан. ...Дэлгүүрээс гарч ирэхэд Б  манай найзыг цохисон, харин Х нь салгаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гүйж ирэхэд Ц толгойгоо гараараа хаагаад доош болоод Б цохиж байсан. Х Быг салгаад Цээс холдуулж байхаар нь би хажуугаар нь гараад Цийг татаад явах гэхэд явахгүй байсан. Нэмж зодох гээд байгаа юм шиг байхаар нь би Цийг хойшоо болгоод бүх хүчээрээ татаж байгаад бид хоёр хамт арагшаа унасан. ...Б Цийг хөлөөрөө 2-3 удаа жийх маягтай гар луу нь өшиглөөд явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 42 дугаар хуудас/,

Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б Модны хоёрын шар байрны урд дэлгүүрийн сандал дээр сууж байсан залуучууд дээр очоод нэг залууг учир зүггүй зодоод эхэлсэн. Зодож байхдаа “чи эмэгтэй хүнд гар хүрдэг хэн бэ” гэж хэлээд цохиод байсан. Тэр үед Х Быг салгасан. М чи одоо болиоч гэж хэлээд Цийг сандал дээрээс нь Баас холдуулж татахад Ц газар унасан...” гэх мэдүүлэг /хэргийн 44-45 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №7483 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.Х.Ций биед баруун чамархайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, нуруунд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 49-51 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баруун чамархайн хуйханд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хэргийн 56-57 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Намайг очиход Ц босоод ирэхээр нь сандал руу нь түлхээд баруун гараараа нүүр болон толгой хэсэг рүү нь цохиход Ц гараараа хаасан. Тэгэхээр нь баруун зүүн гараараа баруун чамархай, толгой хэсэг рүү нь цохисон. ...Цд учирсан гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 67-68 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 88 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 92 дугаар хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 93-98 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 107 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч М.Б нь 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ганти” нэртэй байрны гадна хохирогч Х.Цийг “найз охин зодсон” гэх шалтгаанаар түүний толгой хэсэг рүү цохих, цээж, гар хэсэг рүү нь өшиглөх зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, нуруунд зулгаралт, зүүн мөрөнд цус хуралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

          Шүүгдэгч М.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Тиймээс шүүгдэгч М.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ций эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 108 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Бт  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч М.Б нь улсын яллагчийн саналтай мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

         Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авч шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

  Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО