| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2022/00143/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/149 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Д.Ц******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц*******д холбогдох эрүүгийн 2115002670127 дугаартай, 163/2022/00143/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У******* овогт Д******* Ц*******, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд .... оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, Булган аймгийн ....... гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл .... хамт амьдардаг, 67 настай, эрэгтэй, урьд Булган аймгийн шүүхийн 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ц******* нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Хүүдий гэх газрын ойгоос 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 ширхэг босоо мод буюу 2.4 м3 хуурай, 02 м3 нойтон шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байгаль экологид 933.868 төгрөгийн шууд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115002670127 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Ц******* нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Хүүдий гэх газрын ойгоос 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 13 ширхэг босоо мод буюу 2.4 м3 хуурай, 02 м3 нойтон шинэс төрлийн модыг гар хөрөөгөөр хөрөөдөн бэлтгэж байгаль экологид 933.868 төгрөгийн шууд, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 2,801,604 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
3. Хоёр талдаа модон бариултай, хоёр талаас нь барьж гар аргаар мод хөрөөдөх зориулалттай хуучин төмөр хөрөө байв. Уг хөрөө нь ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй бөгөөд уг хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж, 2 кадр зураг авав. ... гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17 дахь тал/,
4. Иргэний нэхэмжлэгч Я.А******* “...Би 2021 оны 10 дугаар сарын 25- ны өдөр өөрийн хариуцсан Орхон сумын Халиун, Их хайлаастай гэх газруудад хяналт шалгалтыг зохион байгуулахад Хүүдийн эх газарт мод бэлтгэсэн байна гэх мэдээллийг авч мэдээллийн дагуу газар дээр нь очиж шалгахад 32 ширхэг модыг бэлтгэсэн байсан. Тухайн хэргийн газарт ямар нэгэн хүн байгаагүй ба би сураглаад эзнийг асууж тодруулахад Д.Ц******* бэлтгэсэн болох нь тогтоогдсон. Тэгээд сумын цагдаатай хамт Д.Ц*******ын гэрт очиж Хүүдийд та мод бэлтгэсэн үү гэхэд тиймээ хашаа барих гээд мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн... Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй... 2021 онд Хүүдий гэх газарт ямар нэгэн тусгаарлалт хийгдээгүй газар байсан... 13 ширхэг босоо модыг хөрөөдөж унагаасан шинэхэн хожуул байсан ба ойролцоогоор 3, 4 метрийн уртаар бэлтгэсэн 32 ширхэг нарийн моднууд байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь хуудас/,
5. Яллагдагч Д.Ц*******ын гэрчээр өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон сумын 2-р багийн нутаг Хүүдий гэх газраас би мод бэлтгэсэн. Бэлтгэх үедээ 13 ширхэг босоо хуурай модыг тайрч унагаад 3-4 метрийн хэмжээтэй тайрч бэлтгэж хураагаад машин байхгүй учраас авч чадахгүй үлдээгээд явсан байсан. Тухайн өдрийн орой хэсгийн цагдаа Мөнгөн, байгаль хамгаалагч А******* нар манайд ирээд Хүүдийд бэлдсэн мод танайх мөн үү гэж асуусан. Би угаасаа өөрөө бэлдсэн байсан учраас тиймээ манайх мөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь хуудас/
6. Гэрч У.М өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Я.А******* нь Орхон сумын Халиун баг Хүүдий гэх газарт мод бэлтгэсэн талаар мэдээлэл байна хамт эргүүл шалгалт хийе гээд хамт явсан. Тэгээд Халиун багийн Хүүдий гэх газарт очиход ууланд хөрөөдөж тайрч бэлтгээд бөөгнүүлээд тавьсан 32 ширхэг нарийвтар мод байсан. Тухайн газарт анх очиход ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд А*******той бэлтгэсэн хүнийг нь олохоор ойр хавийн айлуудтай уулзахад Халиун багийн Хөшөөт гэх газарт оршин суух иргэн Д.Ц*******ыг тухайн модыг бэлдсэн талаар хэлсэн. Ингээд Ц*******ын гэрт очоод та Хүүдий гэх газарт мод бэлтгэсэн үү гэж асуухад тиймээ өвөлжөө, хаваржаагаа сэлбэх гээд мод бэлтгэсэн талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь хуудас/
7. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №33 дугаартай “...Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хүдий гэх газарт 2021 онд ойгоос мод бэлтгэх талбайн тусгаарлалтын ажил хийгдээгүй болно. Иргэн Ц*******ын бэлтгэсэн гэх 31 ширхэг модны 2 ширхэг нь нойтон 29 ширхэг нь хуурай мод байна. Үүнээс хуурай модны эзлэхүүн 2.4м3, нойтон модны эзлэхүүн нь 0.2 мЗ болж байна. Уг модыг бэлтгэсэн Хүүдий гэх газар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 325-р тоот тушаалын дагуу 1-р мужийн ойд багтаж байгаа тул...экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд ашигладаг итгэлцүүрээр хэрэглээний бөөрөнхий модыг 1.8-р үржүүлж бодно... шинэс хэрэглээний хуурай 2.4 мЗ итгэлцүүр 1.8 төлбөр 728.590 төгрөг, шинэс хэрэглээний нойтон 0.2 мЗ итгэлцүүр 1.8, төлбөр 205.278 төгрөг. Нийт 933.868 төгрөг...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх хуудас/
8. Шүүгдэгч Д.Ц*******ын мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хүүдий ам гэх газраас өөрийн хэрэгцээнд зориулан мод бэлтгэсэн. Би холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй модоо унагаачхаад унаа тээврийн хэрэгсэл байхгүй байсан учир би бэлтгэсэн модоо тухайн газарт нь үлдээгээд явсан. Тэгээд намайг гэртээ хариад 1 хонож байхад ойн байцаагч А******* манай гэрт цагдаатай ирээд та модоо бэлтгэсэн үү гэхээр нь би тиймээ мод бэлдсэн гэхэд та яагаад зөвшөөрөл аваагүй юм бэ гэхээр нь би чиний утасны дугаарыг чинь авч амжаагүй хүйтрэхээс өмнө модоо бэлтгэчхээд дараа нь тойрохоор нь зөвшөөрлөө авъя гэж бодож байсан юм гэж хэлсэн. Би түлээнийхээ модыг бэлтгэсэн. Гэхдээ модоо татаж чадаагүй тухайн газарт нь үлдээгээд явсан. Би тухайн модыг өвлийнхөө түлээний мод бэлдээд өөрөө унаа тээврийн хэрэгсэл байхгүй учир дараа нь нутгийн машинтай хүмүүсээр зөөлгөе гэж бодож байсан. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 талдаа модон иштэй төмөр хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч У.М өгсөн мэдүүлэг, Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №33 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан хоёр талдаа модон бариултай, хоёр талаас нь барьж гар аргаар мод хөрөөдөх зориулалттай хуучин төмөр хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Д.Ц******* нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Хүүдий гэх газрын ойгоос 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 ширхэг босоо мод буюу 2.4 м3 хуурай, 02 м3 нойтон шинэс төрлийн модыг хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Ц*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг баталсан, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Ц******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос босоо мод хөрөөдөж бэлтгэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.Ц*******ын эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн ойгоос ургаа мод огтолж бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ц*******ыг Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг Хүүдий гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 ширхэг босоо мод буюу 2.4 м3 хуурай, 02 м3 нойтон шинэс төрлийн модыг тус тус хууль бусаар бэлтгэж байгаль экологид 933,868 төгрөгийн шууд, нийт 2,801,604 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Шүүгдэгч Д.Ц*******ын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 933,868 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 2,801,604 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна. /хавтаст хэргийн 43-44 дэх тал/
Иймд экологи эдийн засгийн хохирол 2,801,604 төгрөгийг шүүгдэгч Д.Ц*******оос гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Ц*******ыг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ц*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ц*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ц*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 51-58 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Булган аймгийн Шүүхийн 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ц******* нь ам бүл 2, эхнэрийн хамтаар Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Хөшөөт гэх газарт мал маллан амьдардаг, өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Ц*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, шүүгдэгч Д.Ц*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 2.4 м3 хуурай, 02 м3 нойтон шинэс төрлийн тайрч бэлтгэсэн 31 ширхэг модны битүүмжлэлийг хүчингүй болгож, хурааж үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр талдаа модон бариултай, хоёр талаас нь барьж гар аргаар мод хөрөөдөх зориулалттай хуучин төмөр хөрөөг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У******* овогт Д******* Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ц******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц*******оос байгаль экологид учруулсан, экологи эдийн засгийн хохирол 2,801,604 /хоёр сая найман зуун нэг мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон тайрч бэлтгэсэн 31 ширхэг буюу 2.4 м3 хэмжээтэй хуурай, 0.2м3 шинэс төрлийн нойтон модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр талдаа модон бариултай, хоёр талаас нь барьж гар аргаар мод хөрөөдөх зориулалттай хуучин төмөр хөрөөг устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ц*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ