| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03469/И |
| Дугаар | 184/ШШ2018/01108 |
| Огноо | 2018-05-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2018/01108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.М-д холбогдох
Гэм хорын хохиролд 3,590,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Д.А, иргэдийн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн үед замын хөдөлгөөнд оролцож байхдаа Г.Гын машиныг мөргөж хохирол учруулсан. Тухайн үед нь хохирол тогтоож, талууд хоорондоо ярилцаж 2,000,000 төгрөгийг эхний ээлжид хуваагаад төлүүлэхээр хоорондоо ярьж байсан. Харамсалтай нь хариуцагч осол болсноос хойш, нэхэмжлэл гаргаснаас хойш нэг удаа ч төлөлт хийгээгүй, бас холбогдох гэхээр утасны дугаараа өөрчилсөн байсан. “MSM” ХХК-ийн үнэлгээгээр машиныг хохирол 16,000,000 орчин төгрөг гардаг учир талууд өөрсдөө байлцаж байгаад Г.Мийн ар гэрийн байдлыг харгалзаад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчээр үнэлүүлэхэд 3,590,000 төгрөгийн үнэлгээг гаргуулсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж, 3,590,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөг байж байгаад, 3,590,000 болсон байдаг. Бид 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагын үнийн дүн ямар үндэслэлээр гаргаж ирсэн тодорхойгүй байна. Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан нөхцөл журмыг хангасан эсэх нь эргэлзээтэй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд шинжээчид эрх, үүрэг тайлбарлан, 14.1.2-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргана гэж заасан байдаг. Шүүгчийн захирамжид автомашинд учирсан бодит хохирлыг тогтоолгохоор заасан боловч дүгнэлтэд тэр тухай тодорхой тусгаагүй. Осол болсон даруй хийсэн Замын цагдаагийн газрын үзлэгээр урд буфер зурагдсан, их гэрэл хагарсан гэж тодорхойлсон байхад шинжээчийн дүгнэлтэд 5 төрлийн эд анги гэмтэлтэй гэж тусгасан учир шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүнг төлөх боломжгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд тухайн эд ангиудыг сольж тавих гэж тусгасан байна. Хэрэв сольж тавьбал гэмтсэн хөрөнгө нэхэмжлэгчид үлдэх болно. Энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал үүснэ гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулж, үлдэгдэл 1,590,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Г.Мд холбогдуулан тус шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэм хорын хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гарган ба 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлэн 3,590,000 төгрөг болгожээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг хариуцагч тээврийн хэрэгсэл ашиглах явцад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан хэмээн хохирлыг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2,000,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Д.М нь 2017 ны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн хойд уулзварт Хьюндай грейс маркийн 3961 УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс нэхэмжлэгч Г.Г жолоодож явсан Бенз S350 маркийн 3000 УБҮ улсын дугаартай автомашиныг мөргөсөн байна. Ослын улмаас Бенз S350 маркийн автомашины урд буфер зурагдсан, их гэрэл хагарсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид гэм буруугийн байдал болон ослын улмаас учирсан хохирлын талаар маргаагүй ба харин хохирлыг арилгах мөнгөн дүнгийн хувьд маргаж байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хариуцагч Д.М нь тээврийн хэрэгсэл ашиглах явцад хууль бус үйлдлийнхээ улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй ба мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д гэм хорыг арилгахдаа өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр заажээ.
Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 350 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган Г.Г өмчлөлийн Бенз S350 автомашинд учирсан бодит хохирлыг тогтоолгохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаар дүгнэлтээр автомашинд урд их гэрэл, копут, мэдрэгч, нүүр, улсын бүртгэлийн дугаар тогтоогч гэх 5 төрлийн эд ангийг солих шаардлагатай гээд эдгээрийн зах зээлийн үнэ, засах, будах, солих ажлын хөлсийг оролцуулан хохирлын хэмжээг 3,590,000 төгрөг хэмээжээ. /хх-39-43/
Нэхэмжлэгч тал ослоос автомашинд 2 төрлийн хохирол учирсан тухайд маргаагүй хирнээ 5 төрлийн эд ангид хохирол учирсан хэмээн зах зээлийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагадаа үндэслэж байгаа нь энэхүү үйл баримтын хувьд зөрүүтэй үндэслэл, тайлбар гаргасан гэж үзнэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ буюу зөрүүтэй тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2,000,000 төгрөгийн хэмжээнд ханган, үлдэх 1,590,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хавтаст хэргийн 4-14 дэх талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг баримтлан,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.М 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г олгож, үлдэх 1,590,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 46,950 гаргуулан нэхэмжлэгчид олгосуай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ