Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/49

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Н.У,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн Бод холбогдох эрүүгийн 2217000450034 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Тө-ийн Б /РД:......./, Г аймгийн Ш суманд 19 оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, У хот, Ч дн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн барилга дээр ажиллаж байхдаа тус барилгын даамал Н.Уаас “Хадам аавын бие муудсан, ходоодны хагалгаанд орно, ажил хийгээд цалингаараа төлнө, Хэнтий аймагт байгаа адуугаа зарчихаад өгье” гэж хуурч 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 удаагийн банкны дансны гүйлгээгээр 1 570 000 төгрөг, бэлнээр 350 000 төгрөг, нийт 1 920 000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хамгийн анх Уаас 6 сараас эхэлж мөнгө авч эхэлсэн. Анх мөнгө авахдаа хадам аавын бие муудсан гэж хэлсэн. Дараа нь эмчилгээ хийлгэсэн, хадам аав бие нь муудлаа, нас барчихлаа, Хэнтий аймагт байдаг адуугаа зараад өгнө гэж хэлж мөнгө авч байсан. Уаас нийт дансаар 1 570 000 бэлнээр 350 000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй. Дээрх мөнгөнүүдийг би эмчилгээ хийлгэх болон ойр зуур зүйлд зарцуулсан. Гэхдээ ходоодны хагалгаанд ороогүй. Надад одоо эмчилгээ хийлгэсэн гэдгийг нотлох баримт байхгүй. Би авсан мөнгөө ажиллаж байгаад төлнө гэж бодож байсан. Цалин 800 000 гаран мянган төгрөг авсан ба түүнээс 140 000 төгрөгийг Ут өгсөн. Тэгээд үлдсэн мөнгөө бага багаар өгнө гэж байгаад өгч чадаагүй. Мөн Хэнтий аймагт надад адуу байхгүй. Надад Уын мөнгийг нь буцааж өгнө гэсэн бодол, хүсэл байсан. Сүүлд нэг уулзсан чинь шийдэх газраар нь шийдүүлнэ, чамтай яриад байх юм байхгүй гэж хэлсэн. Би Уаас авсан 1 920 000 төгрөгийг төлж барагдуулна. Одоо би Улаанбаатар хотод өдрийн 50 000 төгрөгний цалинтай ажил хийж байгаа. Ажлаа хийж байгаад төлж барагдуулна. Прокуророос надад бусдаас 1 920 000 төгрөгийг залилан авсан гэм буруутай гэж үзэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Хохирогч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Быг жижигхэн биетэй юм байна, арай хөнгөн ажил хийлгэе гээд өөр дээрээ авч сайхан сэтгэл гаргасан. Б ч үнэхээр сайн ажиллаж байсан. Гэнэт хадам аав өвдлөө гэхээр нь би өөрөө хагацал, зовлон үзчихсэн болохоор чи явчихаад ир, би чамд мөнгө өгье гэсэн. Тэгээд манай хадам аав сэхээнд байна, би сахиад байж байна гэсэн. Дараа нь манай хадам аав өнгөрчихлөө, одоо би хөдөөлүүлэх гэж байна, дахиад хэдэн төгрөг хэрэгтэй байна гэсэн. Би нэгэнт мөнгө өгчихсөн болохоор чадахгүй гэж хэлж чадаагүй. Тэгээд эргээд ирэхэд нь за ахын дүү ажлаа хийж байгаад мөнгөө төлчих гэсэн. Бод 300 000 төгрөгийн цалин гарахад надад өгчих юм болов уу гэсэн чинь ахаа дараачийн цалин дээр өгье гэсэн. Тэгээд ажлаа хийж байгаад гэнэт ажилдаа ирэхээ больчихсон. Гэрт нь очиход ходоодны шархтай болчихсон, босож чадахгүй үнэхээр хэцүү байна гээд хэвтэж байсан. Өчигдөрөөс хойш юм идэж уугаагүй гэхээр нь жаахан идэж уух юм авчирч өгөөд явсан. Маргааш нь чи эмнэлэгт үзүүлсэн юм уу босоод гүрийж байгаад үзүүлчих эсхүл би чамайг эмнэлэг хүргээд өгье гэсэн чинь би өөрөө босоод очоод үзүүлчихнэ гэхээр нь миний санаа зовоод, ажлаа тараад орой нь очсон чинь миний ходоод цоорчихсон гэж байна, яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гэж байна, олон ах дүүтэй боловч хэн ч намайг тоодоггүй гэхээр нь би зориг гаргаад барьцаа авч үлдэхгүйгээр эмчилгээ чинь хэдэн төгрөг болох юм бэ гээд мөнгө өгсөн. 10 гаруй хоноод ирчихээр нь за ахын дүү ажлаа хийчих гэсэн чинь 2, 3 хоног ажлаад маргааш нь ажилдаа ирээгүй. Дахиад гэрт нь яваад очсон чинь дахиад гэдэс өвдөөд байна гэсэн. Энэ хооронд өр нь нэмэгдээд л байсан. Эмнэлэгт очоод үзүүлчих гэсэн чинь оёсон хоёр оёдлын нэг оёдол нь задарчихсан намайг үхэх гэж байна, хагалгаанд орсон эмнэлэгтээ очиж дахиад хагалгаанд ор гэж байна гэж хэлсэн. Би итгээд дахиад мөнгө өгөөд, дахиад явчихаад ир, мэс засалд ороод 10 хоног хэвтээд ирээрэй, би чамайг юм өргүүлэхгүйгээр ажил хийлгэе гээд өөрийнхөө мөнгийг авах гээд хэлсэн. 2 дахь удаагаа явахдаа надад очих газар байхгүй, гадаа хоноод байж байна гэхээр нь би 7 хоног нийтийн байшин амьдарчих гээд 50 000 төгрөг шилжүүлсэн чинь би байрандаа орчихлоо гэсэн. 7 хоног хүлээж байгаад мэс засалдаа орно гэсэн. Түүнээс хойш залгаад утсаа авахгүй, мессеж бичээд хариу өгөхгүй 10, 11, 12, 1, 2 сар өнгөрөөд ирээгүй. Аргаа бараад 4 сард цагдаад хандан эрэн сурвалжилж байж олсон. Б надаас эхлээд бэлнээр 2 900 000 төгрөг авсан гэж мэдүүлсэн байдаг. Дараа нь аваагүй гэсэн. Б хагалгаанд орчихлоо гээд эргээд ирэхдээ цалин орсон гээд 140 000 төгрөг надад өгсөн. Дахиад бие нь муудаад явахдаа ахаа танд өгсөн 140 000 төгрөгөө хүү гээд бодъё, дахиад мөнгө зээлчих гэсэн. Б бэлнээр 350 000 төгрөгнөөс гадна нэг төгрөг ч надаас аваагүй гэж байна. Миний хохирол 2 900 000 төгрөг. Одоо нотлогдож байгаагаар 1 920 000 төгрөг болж байгаа. Хуралд ирсэн шатахууны зардлаа нэмж нэхэмжилж байна гэв.

 

3. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Быг ходоодны хагалгаанд хаана орсон болон холбогдох бичиг баримт нь хаана байгаа талаар мэдэхгүй байна. Б нь 3 дугаар ангийн боловсролтой бөгөөд сургуулиас гараад хөдөө мал малладаг байсан. Одоо барилга дээр туслах ажил хийдэг, эхнэр, хүүхэдгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20, 150-151 хуудас/

4. Гэрч Ш.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь миний төрсөн хүү. Б албан ёсоор гэр бүлээ батлуулсан эхнэр хүүхэд байхгүй. Хэнтий аймаг болон өөр бусад газарт өөрийн гэсэн адуу мал байхгүй. Өөрөө адуутай гэж хэлсэн бол худлаа ярьсан байх. Б 2021 оны 08 дугаар сард ходоодны хагалгаанд ороогүй. Тухайн үед Говьсүмбэр аймагт барилгад ажиллаж байсан. Ходоод өвдөөд доошоо цус алдаад байна гэж над руу ярихаар нь би наадхаа эмчлүүлээч гэж хэлж байсан. Би тухайн үед гэртээ байгаагүй уулзаж чадаагүй. Тэгээд дараа нь уулзахад хүнээс мөнгө аваад эмч авч уусан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-30 хуудас/

5. Гэрч Ш.От мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь 2021 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд Говьсүмбэр аймагт манайд амьдарч, ажилладаг байсан. Манайд амьдарч байхдаа мөнгөтэй байдаг байсан, юун мөнгө юм гэж асуухад цалингаа авсан л гэж ярьдаг байсан. Цалингаа өөртөө зарцуулдаг байсан, манай хүүхдүүдэд хааяа чихэр амттай юм авч өгдөг байсан. Бод хадам аав гэж байхгүй. Ходоодны хагалгаанд орж байсан эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ ходоод нь өвдөөд доошоо цус алдаад байдаг байсан ба Говьсүмбэрт ажил хийж байх хугацаандаа ходоодоо үзүүлэхээр Улаанбаатар хот руу явж байсан. Бод эзэмшлийн адуу гэж байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 148-149 хуудас/

6. Иргэний үнэмлэхийн лавлагаа, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 56, 59, 61 хуудас/

 

7. Шүүгдэгч Т.Бын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Н.Уын Хаан, Хас, Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга, тэдгээр дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 64-97, 155 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Б нь Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн барилга дээр ажиллаж байхдаа буюу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын хооронд тус барилгын даамал Н.Ут “хадам аавын бие муу байна, нас барсан, өөрөө ходоодны хагалгаанд орно, хагалгаанд орсон шарх нь задарсан гэх шалтгаанаар мөнгө зээлж, зээлсэн мөнгөө Хэнтий аймагт байгаа адуугаа зарчихаад өгье, ажил хийгээд төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 10 удаагийн банкны дансны гүйлгээгээр 1 570 000 төгрөг, бэлнээр 350 000 төгрөг тус тус залилан авсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Б нь дээрх гэмт хэргийг гэм буруутай болох нь хохирогч Н.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Б, Ш.Т, Т.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Мөн шүүгдэгч Т.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь шүүгдэгчийн гэм буруутай холбогдуулан маргаагүй болохыг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдлээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Т.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгэгч Т.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Ш.Батсүхээс шүүгдэгч Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь: шүүгдэгч Т.Б нь хохирогч Н.Ут учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэнээс хойш одоо болтол төлж барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай, хэдэн төгрөгийн орлого олдог эсэх нь тодорхойгүй, торгох ялыг биелүүлэх өөрийн гэсэн орлого, эд хөрөнгөгүй байна.   

Шүүхээс шүүгдэгч Т.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Н.Ут учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: хохирогч Н.Ут нийт 1 974 000 төгрөгийг хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Боос хохирогч Н.Уаас нийт залилан авсан 1 920 000 төгрөг, хохирогчийн шүүх хуралдаанд ирэхэд шатахуун авсан 54 000 төгрөг, нийт  1 974 000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Т.Боос 1 974 000 /нэг сая есөн зуун далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Орхон аймгийн Баян-өндөр сум, Эрдэнэ 5а-29 тоотод оршин суух хохирогч Н.Ут олгосугай.

6. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА