Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0003

 

С.Ж нарын нэр бүхий 7 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий Шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, Л.Б нар,

Нэхэмжлэгч: С.Ж нарын нэр бүхий 7 иргэн,

Хариуцагч: Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Нн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дугаартай Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай захирамжийн хавсралтын 2 дугаарт Б дүүрэг, 2 дугаар хороо, 7 байрны баруун хойно байрлалтай ** тоосгон гарааш гэснийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0782 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0782 дугаар шийдвэрээр:

1. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ж, Т.Б, Б.Ч, Б.Б, Ц.Г, А.Х, А.Г нарын Н-н 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дугаартай Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай захирамжийн хавсралтын 2 дугаарт Б дүүрэг, 2 дугаар хороо, 7 байрны баруун хойно байрлалтай ** тоосгон гарааш гэснийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нн 2023 оны 04 сарын 04-ны өдрийн А/321 дугаартай Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хавсралтын 2 дугаарт "Б дүүрэг, 2-р хороо, 7 байрны баруун хойно байрлалтай ** ширхэг тоосгон гарааш гэснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

2.2.Нэхэмжлэгч нарын зүгээс автограшуудыг анхнаасаа зөвшөөрөлтэй баригдсан гэдгийг нотлохоор тус хотхоныг барьж ашиглалтад оруулсан Л ХХК-аас газар ашиглах эрхийн гэрээ гэрчилгээ, захирамж, газрын баталгаат хэмжээг тогтоосон акт, 2001 оны ерөнхий төлөвлөгөөний зураг болон 1 орцтой орон сууцыг гарааш болгон өөрчилж зуруулсан 2006 оны зургуудын хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн. Ингэхдээ тус компанийг гуравдагч этгээдээр оролцуулах болон эдгээр бичиг баримтыг тус компаниас болон холбогдох газраас нотлох баримтын шаардлага хангахуйц байдлаар гаргуулж авах хүсэлтийг гаргасан.

2.3.Шүүх төв болон нийслэлийн архивд тус баримтууд хадгалагдаагүй гэсэн хариуг үндэслэсэн, дээрх компанийг гуравдагч этгээдээр оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй. Тус компанийг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулснаар тухайн автограшууд зөвшөөрөлтэй баригдсан эсэх болон иргэдэд автограшийг зарахдаа эзэмших эрхийг шилжүүлээгүй талаар нэг мөр шийдэгдэх, цаашлаад компани өөрт байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломж үүсэх байсан.

2.4.Нэхэмжлэгч нар газрыг эзэмших, автограшийг өмчлөх эрхийн гэрчилгээгүй тул эрх ашиг хөндөгдөөгүй гэж шүүх дүгнэсэн. Гэвч тухайн үед Л ХХК нь хотхоныг газар ашиглах эрхийнхээ хугацаанд барьж ашиглалтад оруулан орон сууцыг борлуулж, худалдан авагч нарт орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч хотхон барьсан газар нь ашиглах эрхийн гэрчилгээтэй байсан учир тухайн газрыг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх эрхгүй байсан тул тухайн үед гарааш дээр аливаа эрхийн гэрчилгээ гараагүй, эзэмшигч нар нь өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн иргэд тухайн үед тоосгон гараашид үл хөдлөхийн болон газрын ямар нэг гэрчилгээ байхгүй тул доорх газрыг нь эзэмших хүсэлт гаргах гэхээр Нн 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 397 дугаар захирамжаар нийслэлийн бүх дүүргүүдийн орон сууцны хорооллын орчимд баригдсан авто машины гарааш ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмших эрх олгох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр Хугацаагаар зогсоосон байсныг шүүх авч үзээгүй, үнэлээгүй.

2.5.Нэхэмжлэгч иргэд хотхоныг барьсан компаниас болон газрын албанаас тухайн газрыг эзэмших эрхийг олж авч чадаагүй.

Гурав. Маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцээгүй, бодит байдалд үндэслээгүй, захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн байгааг шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгч нарын эзэмшиж буй гараашууд нь явган хүний зам талбай болон бусад нийтийн эзэмшлийн зам талбайд саад болоогүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөгүй, дур мэдэн гарааш барьж байгуулаагүй, хотхоны эзэмшил газартаа багтсан, хотхоны хашаандаа байрлаж байгаа гараашууд юм. Үүнийг шүүх үзлэг хийн бодит байдалтай танилцаж баталгаажуулсан. Маргаан бүхий Нн 2023 оны 04 сарын 04-ний өдрийн А/321 дугаартай Захирамжийн 1 дүгээрт "Нийслэлийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсугай гэж захирамжийн зорилгоо тодорхойлжээ. Мөн захирамжийн 2 дугаар зүйлийн 2.1-д "Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих хууль журмын дагуу зохион байгуулах"-ыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгасан байна. Захиргааны байгууллагаас акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг судлаагүй, иргэдийн эрх ашиг хөндөгдөх сөрөг нөлөөлөл бүхий акт гаргаж байгаа мөртлөө урьдчилж мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, хотхоны газартаа хамаарч байгаа авто гаражийг тоосгон л бол бүгдийг нь буулгана гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан "Захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг зөрчсөн байна. Захиргааны эрх зүйн онолд харьцангуй тэнцвэртэй байх" шаардлага буюу аливаа захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн, тэдний хууль ёсны эрх, эсхүл ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа тодорхой зорилготой, тухайн шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон байхыг шаарддаг.

2.6.Гэвч Нн дээрх захирамжид манай гараашуудыг оруулсан нь уг шаардлагыг хангаагүй, үзлэг хийгээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, зорилгодоо нийцээгүй байгааг анхаарч үзээгүй.

Дөрөв. Нэхэмжлэгч нарын автограшуудын доор инженер техникийн шугам сүлжээ явдаг, цахилгааны хүчдэл өндөртэй хэсэг тул тус байршилд тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, тохижилтын ажил хийгдэх боломжгүй, мөн авто зогсоол болгосон тохиолдолд ойр хавийн эмнэлэг, цэцэрлэг, дэлгүүр үзвэр үйлчилгээний газруудаас үйлчлүүлж буй автомашинууд зогсож, хотхоны оршин суугчид болон хүүхэд залууст ээлгүй, иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх тухай тус хотхоны Алтан Өргөө СӨХ-ийн Гүйцэтгэх захирлын тодорхойлолтыг үнэлээгүй. Иймд анхан шатны шүүх нь хэргийг бүх талаас нь бүрэн хянаагүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0782 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч С.Ж нарын нэр бүхий 7 иргэнээс Нн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дугаартай Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай захирамжийн хавсралтын 2 дугаарт Б дүүрэг, 2 дугаар хороо, 7 байрны баруун хойно байрлалтай ** тоосгон гарааш гэснийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нд холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий А/321 дүгээр захирамжаар[1] Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, хавсралтын 2 дугаарт Б дүүргийн 2 дугаар хорооны 7 байрны баруун хойно байрлах ** тоосгон гараашийн газрыг чөлөөлөхөөр тусгажээ.

3.Нэхэмжлэгч С.Ж нарын 7 иргэнээс Л ХХК нь Нн 2001 оны 231 тоот захирамжаар олгогдсон газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, газар ашиглах ерөнхий төлөвлөгөөний үндсэн дээр газрыг ашиглан Ногоон төгөл хорооллыг ашиглалтад оруулсан, гараашууд хотхоны ашиглах эрхийн талбайд багтсан, 1 орцтой орон сууц барихаар ерөнхий төлөвлөгөө батлагдсан байсан боловч инженер техникийн шугам сүлжээ байрлаж байгаа гэх шалтгаанаар 2006 онд газар ашиглалтын өөрчлөлт оруулж, тус байршилд гарааш барих зориулалтаар зураг төсөл батлагдсан, ямар нэг эрхгүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр, нийтийн эзэмшил талбайд дур мэдэн гарааш барьж байгуулсан асуудал байхгүй, Л ХХК нь орон сууц худалдан авсан оршин суугчдаа орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч тоосгон гараашид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахгүй байсан тул өмчлөх эрх үүсэх боломжгүй байсан гэж маргажээ.

4.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг,

...3 дугаар зүйлийн 3.1.4-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг,

...5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.,

...6 дугаар зүйлийн 6.1-д Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана. гэж заасан.

Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Н газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.2.2.батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох,

...21 дүгээр зүйлийн 21.5-д Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.

...27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно,

...56 дугаар зүйлийн 56.1-д Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ. гэж тус тус заажээ.

5.Маргааны үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нарын эзэмшлийн гараашийн  доорх газрыг нэхэмжлэгч нарт дээр дурдсан хуульд заасны дагуу эрх бүхий дүүрэг, Нас газар ашиглах, эзэмших эрх олгосон бөгөөд нэхэмжлэгч нар нь хууль ёсны дагуу авсан газрын гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий гараашийн доорх газрыг эзэмшиж байгаа нөхцөл байдал тогтоогдсонгүй.

6.Иймээс Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдээс газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байхад нэхэмжлэгч С.Ж нарын 8 иргэнийг уг маргаан бүхий газар дээр барьсан гараашийг худалдан авч уг газарт үүсгэсэн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч Нас Газрын тухай хуулийн /2002 оны/ 20 дугаар зүйлийн 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарын маргаж буй гараашийн доорх газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

7.Мөн маргаан бүхий актын хэрэгжилттэй холбоотойгоор Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2/02 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 02/07 дугаар Мэдэгдэх хуудас-аар тус тус газар чөлөөлөхийг мэдэгджээ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т зааснаар хариуцагч газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байхад уг зөрчилтэй газар дээр барьсан гараашийн доорх газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх бүрэн эрхтэй гэж үзэхээр байна.

8.Үүний учир нэхэмжлэгч нарын хотхон барьсан газар нь ашиглах эрхийн гэрчилгээтэй байсан учир тухайн газрыг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх эрхгүй байсан тул тухайн үед гарааш дээр аливаа эрхийн гэрчилгээ гараагүй, Нн 2011 оны 397 дугаар захирамжаар нийслэлийн бүх дүүргүүдийн орон сууцны хорооллын орчимд баригдсан авто машины гарааш ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмших эрх олгох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр Хугацаагаар зогсоосон байсныг шүүх авч үзээгүй, захиргааны байгууллагаас акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг судлаагүй, иргэдийн эрх ашиг хөндөгдөх сөрөг нөлөөлөл бүхий акт гаргаж байгаа мөртлөө урьдчилж мэдэгдээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

9.Нн 2001 оны 231 дүгээр захирамжаар[2] Л ХХК-д Б дүүргийн 2 дугаар хороонд байрлах 0,3 га газрыг сургалт, орон сууц, үйлчилгээний цогцолбор-ын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч Л ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа 2006 онд дуусгавар болжээ.

9.1.Түүнчлэн Л ХХК-ний шүүхэд гаргасан албан бичгээр[3] Б дүүргийн 2 дугаар хорооны Н Л ХХК нь Нн 2001 оны 231 захирамжаар 3000 м.кв талбайг сургалт, орон сууц, үйлчилгээний цогцолбор барих шийдвэрийн дагуу 2001-2008 оны хооронд нийт 150 айлын орон сууцыг барьсан, тухайн газар дээр инженерийн шугам сүлжээ бүхий газар байгааг харгалзан 1 орц байшингаа хасан өөрчилж, 9 гараашийг барьж ашиглалтад оруулж, барилгын орон сууц эзэмшигчдэдээ тухайн үеийн ханшаар худалдсан гэсэн тайлбарыг өгсөн байна.

9.2.Үүнээс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна. гэж заасны дагуу Л ХХК-ийг маргаан бүхий гараашийн талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

10.Дээрхээс гадна анхан шатны шүүхээс маргаан бүхий Л ХХК-ийн барьсан Ны зэргэлдээ байрлах авто машины 9 гараашийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, гараашийн батлагдсан зураг төсөл, уг барилгыг улсын комисс хүлээн авсан акт зэрэг баримтыг эрх бүхий этгээдээс шаардан гаргуулах ажиллагааг хийсэн[4], эдгээр баримт байхгүй талаар Нийслэлийн болон Үндэсний төв архиваас баримтууд[5] ирсэн гэдэг нь тогтоогдож байна.

11.Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар дугаар 32.1-д тус тус заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Л ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах, гуравдагч этгээдээр оролцуулснаар тухайн автограшууд зөвшөөрөлтэй баригдсан эсэх болон иргэдэд автограшийг зарахдаа эзэмших эрхийг шилжүүлээгүй талаар нэг мөр шийдэгдэх, цаашлаад компани өөрт байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломж үүсэх байсан, анхан шатны шүүх хэргийг бүх талаас нь бүрэн хянаагүй, иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх тухай тус хотхоны Алтан Өргөө СӨХ-ийн Гүйцэтгэх захирлын тодорхойлолтыг үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

**.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж,  хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлж дүгнэн, маргаан бүхий актад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, **0 дугаар зүйлийн **0.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0782 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ