Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт С-ын Шт холбогдох эрүүгийн 2111008760054  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 31-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ......... дүгээр хороо, ол, ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор 2002  оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 төгрөгийн торгох ялаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх Б овогт С-ын Ш /РД: ........../                          

                                                                     Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.Ш нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд үргэжилсэн үйлдлээр Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Т.Бг бусадтай хардан түүний толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрийн таславчийн мурийлт, зүүн алганд шарх, дээд, доод уруул, зүүн мөр, баруун дал нуруу, гуя зүүн өвдөгт цус хуралт, дух зүүн баруун зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Шт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111008760054 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

2. Шүүгдэгч С.Ш мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Одоо дахин ийм зүйл хийхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/

3. Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 07 дугаар сарын 26-нд нөхөр Шын хамт Дорноговь аймаг, Чойрт хотод очиж таньдаг хүний машин янзалж өгөхөөр Улаанбаатар хотоос явсан юм. Тэгээд тэр өдрийн орой Чойрын төв дээр машинд хонохоор болоод байж байтал манай нөхөр хамт явж байсан Ц гэх хүнтэй архи уугаад над руу агсараад хэл амаар доромжлоод миний нүүр рүү цохиод дайраад байхаар нь би хүүхдээ аваад машинаас нь гараад зугтаасан юм. Тэгээд дээрээс нэг портер машин явж байхаар нь гар өргөөд суух гэтэл нөхөр араас гүйж ирээд бид хоёрыг машинд суулгахгүй авч үлдээд нөгөө машины жолоочийн загнаад явуулахаар би хүүхдээ үлдээгээд цаашаа зугтаад нүүрс буулгадаг хашааны харуул манаач ахаас гуйж байгаад тэнд хоносон юм. Тэгээд маргааш өглөө буюу 2021 оны 07 дугаар сарын 27-нд архи нь гарсан байх гэж бодоод өглөө нөхөр дээрээ яваад очсон чинь хамт явж байсан хүнтэйгээ архи уугаад сууж байснаа намайг чи хаагуур янхандаж явж байгаад ирж байгаа юм, Шаланзны кабин хэсэж яваад ирсэн үү гээд дайраад байсан. Тэгээд бид нар Чойрын төвийн дэлгүүрээс ойр зуурын юм авчихаад хөдөө эвдэрсэн машин дээр очсон юм. Тэгээд хоол унд хийж идчихээд байж байтал хамт архи уусан залуу ойрхон сүлжээтэй газар очиж утсаар ярьчихаад ирье гээд явсан хойгуур чи урд шөнө хаагуур янхандаж яваад ирсэн, энэ хамт явж байгаа залуутай хэдэн удаа унтаж хэвтсэн, тэрийгээ хэл гээд намайг зодож эхэлсэн. Миний хамтран амьдрагч С.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг хэл амаар доромжилж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, бас чулуугаар цохисон. Үсдэж чирж машинаас холдуулж байгаад газраас чулуу аваад миний нуруу, цээж хоёр хөл рүү олон удаа давтан цохисон... Миний нуруу, хөл, гуя хэсэгт гар хөлөөрөө өшиглөх цохих зэргээр гэмтэл учруулсан. Би маш тодорхой хэлэх гэхээр сайн санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Манай нөхөр Ш намайг өмнө нь зодож байгаагүй. Хаяа архи дарс уусан үедээ хэрүүл маргаан гардаг ч гэсэн намайг зодож байгаагүй. Тухайн асуудал болох үед л намайг анх удаа зодсон болохоор би уур хүрээд айгаад цагдаагийн байгууллагад хандсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хурдан шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18, 22, 29 дүгээр хуудас/

 

4. Гэрч Н.Цо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Шыг эхнэртэйгээ маргалдаж байсан талаар хараагүй. Намайг дуудаад ирэхдээ авгай хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд би машин дээрээ үлдээгээд Баянжаргалан сум ороод эпир гэдэг зүйл аваад буцаад хүрээд ирсэн чинь явчихсан байсан. Би Шыг эхнэртэйгээ маргалдсаныг нь ч мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

 

5. Гэрч С.Ш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Орой эхнэр бид хоёр маргалдаад эхнэр яваад өгсөн. Тэгээд маргааш өглөө буюу 2021 оны 07 дугаар сарын 27-нд вокзал дээр хоночихоод ирлээ гээд ирсэн юм. Би тухайн үед согтуу байсан болохоор эхнэрээ хаана хэнэтэй хоноод ирж байгаа юм гээд барьж зодсон юм... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эхнэрийнхээ нүүр орчим гараараа нэг удаа алгадсан. Мөн хөл орчим нь гараараа 2 удаа цохисон. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн машин янзлуулах гэж байсан хүмүүс машиныхаа сэлбэгийг авахаар явсан байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 33, 47 дүгээр хуудас/

 

6. Хохирогч Т.Бгийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 6851 дугаартай дүгнэлтэд:

-Т.Бгийн биед хамар ясны хугарал, хамрийн таславчийн мурийлт, зүүн алганд шарх, дээд, доод уруул, зүүн мөр, баруун дал, нуруу, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, дух зүүн баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжтой.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

-Бэлгийн замын Дох, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчний халдвар илрээргүй байна.

-Үтрээ шулуун гэдэснээс авсан арчдас наалдацад эр бэлгийн эс илрээгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч О.Нансалмаа гэжээ. (хх-ийн 51 дүгээр хуудас),

 

8. Шүүгдэгч С.Шын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 85,87 дугаар хуудас)

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-91 дүгээр хуудас/

-Чингэлтэй дүүргийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 255 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-94 дүгээр хуудас/

 

9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 106-108, 116-119 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Ш нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд үргэжилсэн үйлдлээр Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Т.Бг бусадтай хардан түүний толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрийн таславчийн мурийлт, зүүн алганд шарх, дээд, доод уруул, зүүн мөр, баруун дал нуруу, гуя зүүн өвдөгт цус хуралт, дух зүүн баруун зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Ш нь согтуугаар 2021 оны 07 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд үргэжилсэн үйлдлээр Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Т.Бг бусадтай хардан түүний толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрийн таславчийн мурийлт, зүүн алганд шарх, дээд, доод уруул, зүүн мөр, баруун дал нуруу, гуя зүүн өвдөгт цус хуралт, дух зүүн баруун зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн хохирогч Т.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.Б, шүүгдэгч С.Ш нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 6851 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч С.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Ш нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч С.Ш нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч С.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч С.Ш нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч С.Шыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч С.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжээр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Ш эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч С.Шын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иймд шүүгдэгч С.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч С.Ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Б овогт С-ын Шыг  үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч С.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шт оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч С.Ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ