Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М-н овогт Э-н А-д холбогдох эрүүгийн 2217000000055 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Д аймгийн С сумын 3 дугаар баг,  ............... дугаар гудамжны ......... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн гэх М овогт Э-н А /РД: ..............,                        

                                                                 Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Grand нэртэй баарны гадна 2022 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн орчим иргэн Г.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохих, цээж рүү нь түлхэж унагах зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, зүүн хөхлөг сэртэнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000055  дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

2. Шүүгдэгч Э.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Гранд бааранд үйлчлүүлж байгаад 00 цагийн үед гараад Гранд баарны гадаа тамхи татаж байх үед үл таних залуу, үл таних 2 эмэгтэйтэй маргалдаад байсан. Гэхдээ тухайн 2 эмэгтэйн биед халдсан зүйл болоогүй. Тэр үед би болиоч гэхэд үл таних залуу яасан гээд өөдөөс алхахаар нь өөрийн хоёр гараараа тухайн залуугийн цээж хэсэгт нь нэг удаа түлхэхэд арагш питонон хэсэгт ар дагз хэсгээрээ саваад унасан. Газарт унаад зүүн чихнийх нь дотор талаар улаан өнгийн цус мэт зүйл гараад байсан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас),

3. Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 00 цагийн орчимд би Сүмбэр сумын 1 дүгээр баг, Гранд пабд сууж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед би нилээн согтолттой байсан. Гэхдээ болсон үйл явдлыг санаад байна. Грандад сууж байгаад гараад ирэх үед үл таних нэг эрэгтэй нэг эмэгтэйтэй маргалдаад байж байсан. Тэр үед боль гээд тухайн үл таних хүн Гранд пабын гадаа үүдэнд тамхи татдаг хэсэгт миний зүүн шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед би доошоо зогсоол руу буухад миний араас ирээд цээж хэсэгт 2 гараараа түлхэхэд нь би өөрийн толгой ар хэсэг дагзаараа газарт унасан. Тэрнээс хойш би ухаан алдсан байж магадгүй. Юм санахгүй байгаа. Цагдаатай хамт эмнэлэг явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас),

...Өмнөх үеээ бодвол дээрдсэн. Эмчилгээ хийлгэж байгаа. Би эмчилгээний зардалд 1 500 000 төгрөг нэхэмжилж А-г мөн харгалзан үзэж А-тай нотариат орж гэрээ хийж батлуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас),

4. Гэрч О.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

А нь бусадтай нийтэч зан араншинтай, энгийн даруу зантай дуугай хүн байгаа юм. Харьцааны хувьд гэрийнхэн болон надтай их сайхан харьцдаг... гэх мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас),

5. Гэрч Л.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Энэ оны 05 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Гранд баарны гадаа 00 цаг 50 минутанд очсон юм. Дөнгөж очоод байж байтал цэнхэр ажлын өмдтэй ажлын хар фудволктой 25 орчим насны залуу шар ногоон фудволктой хар өмдтэй гартаа пиво барьсан залуу руу очоод хоёр гараараа түлхсэн. Тэр түлхэлтэд шар ногоон фудволктой залуу арагшаа савж унасан. Тухайн хүн рүү очиход чихнээс нь цус гарсан байдалтай ухаангүй байсан тул эргүүлийн машин дуудаж эмнэлэгт хүргэсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас),

6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 139 дугаартай дүгнэлтэд:

- Г.Б-ийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, зүүн хөхлөг сэртэнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Баяртогтох гэжээ. (хх-ийн 27-28 дугаар хуудас),

7. Шүүгдэгч Э.А-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51 дүгээр хуудас)

- Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 53-58 дугаар хуудас),

8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-8 дугаар хуудас) зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Grand нэртэй баарны гадна 2022 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн орчим хохирогч Г.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохих, цээж рүү нь түлхэж унагах зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, зүүн хөхлөг сэртэнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Grand нэртэй баарны гадна 2022 оны 05 дугаар сарын 28-ны шөнө 00 цагийн орчим хохирогч Г.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа цохих, цээж рүү нь түлхэж унагах зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт, зүүн хөхлөг сэртэнгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн шүүгдэгч Э.А нь хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Б, гэрч Л.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 139 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Э.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

 Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан эмчилгээний зардалд 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгч Э.А нь 750 000 /долоон зуун тавин мянга/ төгрөг төлсөн гэсэн боловч хохирол төлсөн баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-гаас 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-т олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Э.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Э.А-д торгох ял оногдуулах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Э.А нь Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсний дараа өөрийн үйлдэлд дүгнэлт хийхгүй дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.А-гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна гэж шүүхээс үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан өдөрт 8 /найм/ цагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

            Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М овогт Э-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Агаас 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-т олгосугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ