| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 101/2018/1975/И |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Б даргалж,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-үүд сумын 4-р багт оршин суух, Н овогт Т.Э-ийн нэхэмжлэлтэй,
Э.Б-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2018 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч Т.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үүнээс хойш Б болон түүний нөхөр М нь зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй дахин сураггүй болсон. Би утасны дугаарын луу нь залгасан боловч утсаа авахгүй сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Мөн гэрт нь буюу БЗД-ийн 4р хорооны байранд очиход өөр хүмүүс амьдарч байсан. Би БЗД-ийн 4-р хорооны засаг даргатай очиж уулзахад Э.Б болон нөхөр М нь тус хаягд бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг өгсөн. Иймд хариуцагч Ч овгийн Э.Б-н хаяг нь тодорхойгүй, хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй байх тул хариуцагч Э.Б-г эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Т.Э-н гаргасан Э.Б-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Э.Б нь 2014 оны 03-р сарын 07-ны өдөр Т.Э-с 20.000.000 /хорин сая/ төгрөгийг зээлсэн боловч нэхэмжлэгчтэй холбогдохгүй, зээлээ төлөхгүйгээр оршин суух хаягтаа байхгүй алга болсон байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Э.Б, утасны дугаар нь Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 4-р хороонд оршин сууж байсан, одоо уг хаяг дээр өөр хүмүүс амьдарч байгаа, охин М.Б-тай Улаанбаатар хотын Ерөнхий Боловсролын 2 дугаар сургуульд сурдаг, мөн охины хамт Солонгос улс руу гарах зорилготой виз гаргуулсан зэргийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ч овгийн Э.Б-г эрэн сурвалжилсугай.
2. Э.Б-г эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б