| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0109/И |
| Дугаар | 124 |
| Огноо | 2018-05-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймагт төрсөн, Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Б овогт Н.Н-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр 27-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч Н.Н, гэрч Г.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Н нь 2013 оны 04 сарын 24-нөөс 2018 оны 04 сарын 27-ны өдөр буюу одоог хүртэл Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төмөр замын цагдаагийн хэсэгт хэв журмын цагдаагаар ажиллаж байна. Тухайн үед ямар нэгэн томилох тухай тушаал шийдвэр гаргаагүй тул, тасралтгүй таван жил ажиллаж байгаа байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Н.Н 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл шүүхэд гаргах үе буюу 2018 оны 04 сарын 27-ныг хүртэл хугацаанд Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн Замын-Үүд зангилаан дахь гэрээт хэв журмын цагдаагаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Н нь Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн Замын-Үүд зангилаан дахь гэрээт хэв журмын цагдаагаар ажиллаж байсан нь 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын харъяа төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн даргын 58 дугаартай тушаал, Цагдаагийн Ерөнхий газар Төмөр зам дахь цагдаагийн газрын 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 28/570 тоот албан бичиг, 2013-2018 оны Төмөр зам дахь цагдаагийн газрын цалингийн хүснэгт, гэрч Ж.Д “…..2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын тушаалаар Төмөр зам дахь цагдаагийн газрын Замын-Үүд зангилаа хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажилд орж байсан. Намайг ажилд ороход Н.Н нь 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр сургуулиа дөнгөж төгсөөд Замын-Үүдэд зангилааны цагдаагаар томилогдож ажиллаж байсан. Түүнээс хойш Замын-Үүд сумандаа Н.Н-тэй тасралтгүй одоог хүртэл ажиллаж байна. Н.Н нь сүүлийн 5 жил Замын-Үүд суманд тасралтгүй ажиллаж байсныг гэрчилж байна” гэх мэдүүлэг, гэрч Г.Г шүүх хуралдаан дээр “Н нь 2013 оны 04 сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн Замын-Үүд зангилаан дахь гэрээт хэв журмын цагдаагаар ажиллаж байна. Тасралтгүй 5 жил ажилласан.” гэх мэдүүлэгүүд, нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр болон шүүхэд гаргасан тайлбар мэдүүлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Н.Нарбүрэнгийн 2013 оны 04 сарын 24-ны өдрөөс 2018 оны 04 сарын 27-ны өдөр хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн Замын-Үүд зангилаан дахь гэрээт хэв журмын цагдаагаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Н.Н-н 2013 оны 04 сарын 24-ны өдрөөс 2018 оны 04 сарын 27-ны өдөр хүртэл Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн Замын-Үүд зангилаан дахь гэрээт хэв журмын цагдаагаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б