| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2022/0025/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/151 |
| Огноо | 2022-06-21 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч Э.Гантулга,
хохирогч Б.Б,
хохирогчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Сарантуул
шүүгдэгч Г.Э*******, Н.У******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э*******, Н.У******* нарт холбогдох эрүүгийн 2115001710313 дугаартай, 163/2022/0025/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х******* овогт Н******* У*******, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ... оны ... дугаар сарын .....-ний өдөр төрсөн, Булган аймгийн ........эх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, /РД: ...../.
Монгол Улсын иргэн, Т******* овогт Г******* Э*******, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ..... оны ... дугаар сарын .....-ны өдөр төрсөн, Булган аймгийн .х газарт оршин суух бүртгэлтэй, малчин, 43 настай,....... эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 264 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД: ...../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э*******, Н.У******* нар нь бүлэглэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт иргэн Б.Б******* 26 тооны үхэр хөлсөөр маллах аман гэрээ хийж 2018 оноос 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нийт өссөн тоогоор 36 үхэр байснаас 32 тооны үхрийг хувьдаа завшсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2115001710313 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.Э*******, Н.У******* нар нь 2018 оны 05 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт Булган аймгийн Булган сумын иргэн Б.Б******* 5 тугалтай үнээ, 5 тугалаагүй үнээ, 2 эр, 3 охин бяруу, 4 эм, 2 эр шүдлэн нийт 26 тооны үхрийг хүлээн авч хөлсөөр мал маллах аман гэрээ хийж, сарын 200,000 төгрөгийн цалин авахаар тохиролцжээ. Хохирогч Б.Б******* 26 тооны үхэр нь 2018 оны 05 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нийт өссөн тоогоор 36 үхэр байснаас 32 тооны үхрийг шүүгдэгч Г.Э*******, Н.У******* нар нь дур мэдэн зарцуулж, хувьдаа завшсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Э*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.У*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б******* өгсөн: 2018 онд шүүгдэгч нарт 26 тооны үхэр өгсөн. Жилд нэг удаа очиж идэш авч, намартаа очиж уулздаг байсан. 2 тооны бяруу үхсэн нь үнэн байх, бусдаар бол үхэж үрэгдээгүй. Шүүгдэгч нар идэшний оныг зөрүүлж хэлээд байх шиг байна. 2018 онд идэшний үеэр 2 үхэр, 2019 онд 3 үхэр, 2020 онд мөн 3 үхэр тус тус авсан. Анх танилцаж үнэ хөлсөө тохиролцож сарын 200.000 төгрөгийн цалин авахаар аман хэлбэрээр тохиролцсон. Мал юм чинь үхэж үрэгдэх тохиолдол гарвал мэдэгдэж, үхсэн үхрийн зургийг болон чихний ээмгийг авах, мал өвдсөн тохиолдолд эмчилгээний мөнгийг би өгнө гэж аман хэлбэрээр хоорондоо тохиролцсон. Мөн би цаг хугацаандаа цалин хөлс өгөхгүй бол надад холбогдуулж санал, гомдол гаргаж болно гэж аман хэлбэрээр тохиролцсон. Дондогийн булагт байдаг манай дүү нэг удаа очиж үхэр авсан. Бусад үед би өөрөө очиж авч байсан. Хамгийн сүүлд охинтойгоо очиж идэш авсан. 2019 оны хавар 9 тугал гарсан байсан. Очих үедээ өөрийн бүх үхрийг нэг доор тоолж байгаагүй, мал бэлчээрт явсан үе таардаг байсан. 2018 онд цас шуургатай хүйтэн өвөл болсон нь үнэн. Тэр үед нэг тугал үхсэн гэж хэлж байсан. Өөр мал үхсэн гэж хэлээгүй. 2019 оны хавар 6 тооны тугал гарсан гэж У******* өөрөө надад зааж өгсөн. 2021 оны хавар банкнаас охиндоо зээл авч өгөх санаатай, банкны хүмүүст үхэрээ харуулахаар очихдоо энэ хоёрт үхрээ бэлэн байлгаж байгаарай гэж хэлсэн. Очих үед мал бэлчээрт гарсан байсан. Маргааш зуслан руугаа нүүх гэж байна, буух газраа үзчихээд ирье гээд яваад өгсөн. Орой мал ирэх үед 28 тооны толгой мал ирсэн. Манай мал цөөхөн байсан. Тэр үед л яагаад ийм бага байгааг гайхаад, жаахан сэжиг төрөөд өнгөрсөн. 26 тооны толгой үхрээс 6 тугалтай үнээ, 4 бяруу, /охин бяруу-1, эр бяруу-3/, 1 үнээ байсан. Энэ хоёр хүнийг малыг минь маллаж байсан гэж хэлэхэд хэцүү л байна. Гэтэл би сар болгон цалинг нь хугацаанд нь шилжүүлдэг байсан. Иймээс үлдэгдэл үхрийн үнийг шинжээчийн дүгнэлтийн дагуу, сар болгон өгч байсан цалин хөлс болох 7,120,000 төгрөгийг тус тус энэ хоёр шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Шүүгдэгч нарт заавал хорих ял оногдуулахгүйгээр хохирлыг минь л хурдан барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Эрүүгийн 2115001710313 дугаартай хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд Б.Б******* гаргасан миний эзэмшлийн малыг манай малчин хувьдаа завшсан... гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
2. Б.Б энэ манай үхэр байна гэж хэлээд бидэртэй хүрэн зүсмийн үнээ, хүрэн зүсмийн бяруу, хүрэн зүсмийн тугал нарыг тусад нь хашив. Уг тугал, бяруу нар нь бидэртэй хүрэн зүсмийн үнээнээс салахгүй дагаж байсан учир эх нь бидэртэй хүрэн зүсмийн үнээ байх гэж бодож байв гэх үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 10-11 дэх тал /,
3. Хохирогч Б.Б******* өгсөн: Би 2018 оны 05 дугаар сард өөрийн эзэмшлийн 26 тооны үхрийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн иргэн нөхөр Э*******, эхнэр У******* нартай амаар ярилцаж тохиролцоод сарын 200.000 төгрөгийн хөлстэйгөөр өөрийн үхрийг харуулах болсон. Тухайн үед хүлээлгэж өгөхөд тугалсан үнээ 5, тугал 5, тугалаагүй үнээ 5, бяруу 6, Шүдлэн 6 үхрүүдийг хүлээлгэж өгсөн. Тэгээд тухайн жилийн намар нь идшинд тугалаагүй үнээнээс 1, эр 1 бяруу зэргийг төхөөрч авсан. Тухайн жил ямар нэгэн байдлаар өвөл үхэж хорогдсон зүйл байгаагүй ингээд нийт 24. Тэгээд 2019 онд болохоор тугалтай үнээ 9, тугал 9, Бяруу 5, шүдлэн 5, хязаалан 5 нийт 32 байснаас тухайн жилийн намар идшинд 2 үнээ, 1 шүдлэн эм зэргийг төхөөрч 29 үлдсэн. Тухайн жилийн өвөл нь үхэж хоргодсон зүйл байхгүй. Тэгээд 2020 оны хавар болохоор үнээ 7, тугал 6, 1 тугал үхсэн. Бяруу 8, шүдлэн 5, хязаалан 4, соёолон 5 нийт 34 үхэр байснаас намар идшинд үнээ 1, шүдлэн эр үхэр 1, соёолон эр үхэр 1 зэргийг тус тус төхөөрч авсан.
Ингээд 31 үхэр үлдсэн. Тухайн жилийн намар ямар нэгэн үхэр үрэгдээгүй. Тэгээд 2021 оны хавар болохоор Үнээ 6, тугал 5, бяруу 5, Шүдлэн 8, хязаалан 4, соёолон 4, хуучин соёолон 4 нийт 36 тооны үхэр байснаас одоо манай 4 тооны буюу тугалтай үнээ, шүдлэн 1, бяруу 1 зэргийг авчихсан байгаа... Би дансаар болон бэлнээр мөнгөө цалингаа өгдөг байсан. Үхэр үрэгдвэл өөрсдөө төлж өгөх талаар огт ярилцаагүй. Харин үхсэн үед нь толгой арьс зэргийг нь харуулахгүй бол би та нараас орны үхрийг чинь авна шүү гэхэд за за гэж байсан. Тэгээд 2018 оноос хойш огт үхрийн зүс харуулаагүй. Мөн утсаар хэлэхдээ 2 тугал үхчихсэн гэж л хэлж байсан. Би гомдолтой байна. Өөрийн үхрүүдийг эргүүлэн авмаар байна. 2018 оны 05 дугаар сард Э*******, У******* нарт тугалсан үнээ 5, тугал 5, /үүнээс 4 эр, 1 охин/ тугалаагүй үнээ 5, бяруу 5 /2 эр, 3 охин/, шүдлэн 6 /2 эр, 4 эм/ үхрүүдийг хүлээлгэж өгсөн.
Тухайн жил ямар нэгэн байдлаар өвөл үхэж хоргодсон зүйл байгаагүй. Нийт 24 байсан. 2019 онд болохоор тугалтай үнээ 9, тугал 9, /1 тугал үхсэн/, бяруу 5 /4 эр, 1 охин/, шүдлэн 5 /2 эр, 3 охин/, хязаалан 5 /1 эр, 4 охин/ нийт 32 байснаас тухайн жилийн намар идшинд 2 үнээ, 1 шүдлэн /эм/ зэргийг төхөөрч 29 үлдсэн. Тухайн жилийн өвөл үхэж хоргодсон зүйл байхгүй.
2020 оны хавар үнээ 7, тугал 6 /1 үхсэн/, бяруу 8, шүдлэн 5, хязаалан 4 Соёолон 5 нийт 34 үхэр байснаас намар идшиндээ үнээ 1, шүдлэн эр үхэр 1, соёолон эр үхэр 1 зэргийг тус тус төхөөрч авсан. Ингээд 31 үхэр үлдсэн. Тухайн жилийн өвөл ямар нэгэн үхэр үрэгдээгүй.
2021 оны хавар үнээ 6, тугал 5, бяруу 5 /эр 2, эм 3/, шүдлэн 8 /эр 4, эм 4/, хязаалан 4 /эр 4, эм 1/, соёолон 4 /эр 2, эм 2/, хуучин соёолон 4 эм нийт 36 үхэр байснаас би эргүүлэн 1 үнээ, 1 шүдлэн, 1 бяруу, 1 тугалыг буцаан авсан. Намар нь Баягаа гэж дууддаг нутгийн айлаас 1 үнээ, 1 бяруу, 1 тугалаа буцаан авсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал/,
4. Иргэний нэхэмжлэгч Ч.Д өгсөн “...Манай нөхрийг О гэдэг, Бид хоёр нутгийн иргэн болох Э*******, У******* нарт 2019 оны 11 дүгээр сарын үеэр 1.200.000 төгрөг зээлсэн. Тухайн үед Э*******, У******* нар нь хэлэхдээ 2020 оны хавар 2 унагатай 2 гүү өгье гэж хэлээд мөнгө зээлж авсан. Тэгээд түүнээс хойш мөнгө өгөхгүй удаасаар байгаад 2020 оны намар 12 дугаар сарын үеэр Э******* У******* нар нь таны мөнгөний өрөнд адуу биш үхэр өгье гэж хэлсэн. Тэгээд ямар насны үхэр өгөх талаар асуухад тугалтай үнээ, бярууны хамт нийт 3 тооны үхэр авахаар болсон. Тэгээд дээрх 3 тооны үхрийг авахдаа Б эхнэр Цоож гэж дууддаг хүүхэн, нөхөр О нарын хамтаар Э*******ын хотноос бидэртэй хүрэн үнээ тугалтай нь, 1 бяруу нийт 3 тооны үхэр авсан. Дээрх үхрүүдийг өгч явуулахад Э*******, У******* хоёр хоёулаа байсан. Мөн Э*******, У******* нар нь өөрсдөө үхрийнхээ зүсийг зааж өгөөд туугаад гэрээсээ зайтай болгож өгсөн. Улмаар дээрх 3 тооны үхрийг Бөд 1.500.000 төгрөгөөр бодож зарсан. Түүнээс өөрөөр үхэр авсан зүйл байхгүй. Тэгтэл саяхан Бхөөс дээрх 3 тооны үхрийг манай үхэр мөн байна гээд Булган аймгийн хүн ирээд аваад явсан гэсэн. Тэгээд болсон явдлын талаар Э*******, У******* нараас асууж үзэхэд өөр хүний үхэр байсан юм бид хоёр таны хохирлыг мөнгөөр барагдуулж өгнө гэж хэлсэн... Дээрх мөнгийг мөн адил Б манайхаас нэхэмжилж байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал/,
5. Иргэний нэхэмжлэгч Ш.Б өгсөн “...Энэхүү хэрэгт өмнө манай нөхөр Б мэдүүлэг өгч байсан. 2020 оны өвөл 12 дугаар сарын үеэр манай саахалт айл болох О нь манайх Э*******, У******* нараас өрөндөө үхэр авч байгаа тухайн үхрийг та хоёр авах уу гэхээр нь үзэж харж байгаад болъё гээд О, эхнэр Д болон би нөхөр Б нарын хамтаар Э*******ынд очиж үхрийг нь заалгаад үзэж хараад болох юм байна гээд 1.500.000 төгрөгөөр тугалтай үнээ, бяруу нийт 3 тооны үхрийг худалдаж авсан. Тухайн мөнгийг нь Д данс руу шилжүүлсэн. Мөн Э*******, У******* нар нь өөрсдөө үхрээ зааж өгөөд үхрээ зэлнээсээ хөөж гаргалцаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/,
6. Гэрч Г.Э*******ын “...Би иргэн Б******* 2018 оны 05 дугаар сарын 17- ны өдөр нийт 26 тооны үхэр авсан. Тухайн үед тугалтай үнээ 5, сувай үнээ 5, бяруу 5, шүдлэн үхэр 6 байсан. Тухайн үед хэд нь эр, хэд нь эм үхэр байсан талаар нарийн санахгүй байна... Үхрүүд үхчихсэн учир манай эхнэр бид хоёр хэлж чадахгүй байсан юм. Улмаар манай эхнэр энэ жил тэдэн үнээ тугалсан энэ тэр гээд худлаа зохиож ярьдаг байсан. Тэгээд Б нь жил болгоны хавар хааяа нэг ирдэг байсан. Тухайн үед үнээнүүд сайн тугалж дуусаагүй байсан. Мөн 2019 оны хавар Цогоо гэх хүний үхрийг давхар маллаж байсан. 2021 оны хавар Баатарван амралтын газрын үхрийг давхар маллаж байсан учир тухайн айлуудын тугалтай үнээг зааж байгаад энэ танай тугалтай үнээ гэх мэтээр зааж харуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал/
7. Гэрч Б.Б өгсөн “...Манай аав Б гэх хүн нь 2018 оны намар нийт 26 тооны үхэр маллуулахаар Э*******, У******* нарт өгч сарын 200.000 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм. Тэгээд 2020 оны намар 10 сарын үед очиж идэшний үхрээ харах мөн өөрийн үхрүүдийг тоолж үзэх санаатай очтол манай үхэр бэлчээрт байсан. Тухайн үед тоолж үзэхэд ойролцоогоор 27 тооны үхэр байсан. Тэгээд дутуу үхрүүд нь айлын үхэртэй нийлээд явчихсан байна гэж хэлж байсан юм. Тухайн үед манай үхрүүдийг шар өнгийн ээмгээр ээмэглэчихсэн байсан. Тэгээд яагаад ээмэглэж байгаа юм бэ гэхэд малын эмч ээмэглэж бүртгэлжүүл гэсэн гэж хэлж байсан. Тэгээд сарын дараа ирж идэшээ авахад идэшний үхрийг маань төхөөрчихсөн байсан. Гэхдээ надад нэг үхрийн махыг өгсөн, толгой, шийр, арьс зэргийг өгөөгүй холилдчихсон байна араас чинь явуулъя гэж хэлээд явуулаагүй. Тэгээд энэ жил үхрээ тоолж үзэх гээд манай аав зориод очиход гэртээ тогтохгүй үхрээ тоолуулахгүй байсан юм. Тэгээд сураг сонсоод байсан чинь Жигүүр гранд ХХК-ны үхрийг маллаж байгаад дутаагаад хамаг үхрээ хураалгуулсан гэж сураг сонссон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
8. Гэрч Н.У*******ийн өгсөн “...Би 2019 оны өвөл үхэр олноор үхэх үед нь Б.Б ахад утсаар хэлэхдээ үхэр ер нь тааруухан байна цас ихтэй нөхцөл байдал хүндэрч байна мөн үхэр үхэж байна гэж хэлж байсан. Түүнээс танай үхрээс өнөөдөр тэд үхээд нийлээд үхсэн үхрийн тоо тэд боллоо гэх мэтээр ярьж хэлж байгаагүй. Би Б.Б ахын үхсэн үхрийн зургийг огт дарж бэхжүүлж байгаагүй. Тухайн үед камертай гар утасгүй байсан юм... Тухайн үед уулзаж ярилцаад сарын 200.000 төгрөгөөр 26 тооны үхэр хүлээн авч маллах болсон. Түүнээс цаасан гэрээ байгуулж малчин, үхрийн эзэмшигчийн эрх, үүргийн талаар нарийн тусгаагүй. Мөн үхэр үрэгдүүлсэн тохиолдолд хэн хариуцах талаар огт ярьж тохиролцоогүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
9. Гэрч Ч.Б өгсөн “...Э*******, У******* нар нь манай найз Г******* хүүхдүүд байгаа юм. Би 2018 оны 11 дүгээр сард байхаа идшинд эр шүдлэн үхэр авч улмаар данс руу нь мөнгө шилжүүлж байсан. Түүнээс өөр мал авч байгаагүй. Одоо тухайн үхрийн зүс болон содон шинж тэмдгийн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал/,
10. Гэрч Л.А өгсөн“...Манай нөхрийн ахынх нь хүүхэд нь Э******* байгаа юм. Хамт айл саахалт болж өвөлждөг юм. 2019 оны хавар санагдаж байна Б гэх хүний үхрээс үхэр үхэж хорогдсон байсан. Одоо ойролцоогоор тэдэн үхэр үхчихсэн гээд хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор өвөлжөөндөө нэг байшин барьсан. Тухайн байшинг барих гэж банкнаас мөнгө зээлдэж хүүтэй мөнгө төгрөг гэснээс болж одоогийн байдалд хүрээд байгаа байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал/,
11. Гэрч Ц.П өгсөн “...Би тухайн хүний үхрийг /Б*******/ бага зэрэг гадарладаг байсан. Мөн Э*******, У******* нар нь давхар Т, Цо нарын үхрийг малладаг байсан юм. Мөн 2019, 2020 оны хавар бол алаг зүсмийн хязаалан болох гэж байсан үхэр, хугархай эвэртэй хар үхэр үхсэн байсныг тод санаж байна. Ер нь өвөл Б******* үхрээс нийт 8-аас хэтрэхгүй үхэр үхсэн. Түүнээс олон тоогоор бол мал үхээгүй. 2021 оны хавар бол их сайхан болсон мал хорогдоогүй...” гэсэн мэдүүлэг/11 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал/
12. Гэрч С.Ч өгсөн“...Би Э*******, У******* нарт 2021 оны 01 сарын 19-ний өдөр би дансаар 4.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 12 тооны үхэр авахаар болсон юм. Тухайн үедээ 8 бяруу 4 шүдлэн үхэр авахаар ярьж тохирсон. Тэгээд 2021 оны 04 сарын үед 1 бяруу, 1 шүдлэн үхэр авсан. Тэгээд 2021 оны 06 сарын 10-ны үед 6 шүдлэн үхэр авсан. Дараа нь Баатарван амралтын газрын ажилтан нар нь ирж харж үзээд манай үхэр байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/,
13. Гэрч О.Б “...О надад хэлэхдээ Э*******, У******* нар нь надад өртэй байгаа юм тэднийхээс үхэр танайд заръя гэхээр нь Оийг дагуулж Э*******, У******* нарын мал дээр очиж байгаад үхэр авч улмаар мөнгийг нь От өгсөн. Тухайн үед ойролцоогоор 50 орчим байх нэлээн олон тооны үхэр байсан. Тэр үед Баатарван амралтын газрын малыг маллаж байсан гэсэн. Тухайн айлаас мал зайтай байдаг учир тэдний малын талаар огт мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/,
14. Гэрч Р.Г******* “...Би яагаад дутаасан талаар нарийн зүйлийг бол сайн мэдэхгүй байна. Ер нь бол банкнаас зээл аваад түүнийхээ өрийг дарах гэж ганц нэг үхэр зарсан юм болов уу гэж бодож байна. Гэхдээ Б гэх хүний үхрийг хааш нь хэнд хэчнээн тооны зарж борлуулсан талаар мэдэхгүй байгаа. Би өөрийн хүү Э*******аас асууж үзсэн боловч надад хэлэхдээ У******* мэдэж байгаа гэж хэлж байсан. Харин У*******ээс асууж үзээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75- 76 дахь тал/,
15. Тольдох оюуны өгөөж ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №21/524 дугаартай шинжээчийн 36 тооны үхрийг 24.700.000 төгрөгөөр тогтоосон...” дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 86-91дэх тал/
16. “...Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3-р баг Уньтын эх гэх газарт өвөлжиж байсан Б гэх айлын үхрүүдэд хохирогч Б.Б******* хамтаар үзлэгийг хийв. Уг үхрүүд нь ойролцоогоор 60 орчим тооны олон үхрүүд байх ба гадаа харуй бүрэнхий болж гэгээ тасарч байлаа. Уг үхрүүд дундаас хохирогч Б.Б энэ манай үхэр байна гэж хэлээд бидэртэй хүрэн зүсмийн үнээ, хүрэн зүсмийн бяруу, хүрэн зүсмийн тугал нарыг зааж тусад нь хашив... Дээрх үхрүүдийг хохирогч Б.Б нь миний үхэр мөн байна гэсэн тул хохирогч Б.Бд хүлээлгэн өгөхөөр тогтов...” гэсэн малд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал/,
17. Яллагдагч Н.У*******ийн “...Ер нь бол 2018, 2019 онуудад болохоор дандаа эр болон сувай үхрүүдээс үхэж хоргодсон байсан. Тэгээд дээрх үхрүүдээс би нөхрийн хамт тугалтай үнээ, бярууны хамтаар О гэх хүнд 2020 оны намар өрөндөө өгсөн. Түүнээс өөрөөр бол үхэр мал зарж борлуулаагүй. Харин өвөл үхэр үхэж байсан ч Бд үхсэн талаар хэлээгүй. Хохирогч Б******* хэлээд байгаа хавар нь тэдэн тугал тугалсан гээд байгаа тоо нь буюу 2019 оны хавар 9 үнээ, 2020 оны хавар 6 үнээ, 2021 оны хавар болохоор 5 үнээ тус тус тугалсан нь үнэн. Гэхдээ тухайн тугалууд нь тухайн жилийнхээ намар, өвөл үхчихдэг байсан юм. Манай нутгаар цас их ордог мөн чоно ихтэй газар байгаа юм. 2021 оны хавар тугалсан тугал болон үнээ нь хавартаа үхчихсэн. Би тэгээд Б******* айгаад үхэр үхсэн талаар огт хэлж байгаагүй... Би нөхрийн хамтаар хохирлоо барагдуулж 4 тугалтай үнээ, 2 бяруу, түлшний мод 1 машин, өвс 3 машин зэргийг хохирогч Бд өгчихөөд байгаа. Мөн иргэний нэхэмжлэгч От 700.000 төгрөг өгч хохирлыг нь барагдуулсан. Харин Б нь болохоор Оаас мөнгө авсан гэсэн. Ингээд дээрх 2 иргэнийг гомдолгүй болгосон...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал/
18. Яллагдагч Г.Э*******ын “...Хохирогч Б.Б******* авсан үхрүүд нь өвөл зуднаар үхэж хорогдсон. Мөн хавар тугалсан тугалууд нь тухайн жилийнхээ өвөл нь зуднаар үхэж хорогдож байсан болохоор үхрийн тоо нь өсөж үржээгүй. Тэгээд 2018, 2019, 2020 онуудын өвлөөр яг аль аль үхэр үхэж хорогдсон талаар надад тооцоо судалгаа байхгүй. Хохирогч Б******* хэлээд байгаа хавар нь тэдэн үхэр тугалсан гээд байгаа тоо нь үнэн зөв байгаа юм...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Ч.Д, Ш.Б, гэрч Б.Б, Ч.Б, Л.А, Ц.Пү, С.Чух, О.Ба, Р.Г нарын өгсөн мэдүүлэг, “Тольдох оюуны өгөөж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/524 дугаартай шинжээчийн дүгнэлт, малд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Г.Э*******, Н.У******* нар нь бүлэглэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутагт иргэн Б.Б******* 26 тооны үхрийг хөлсөөр маллах аман гэрээ хийж, сарын 200,000 төгрөгийн цалин авахаар тохиролцож 2018 оны 05 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд нийт өссөн тоогоор 36 тооны үхэр болж өссөнөөс 32 тооны үхрийг дур мэдэн хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдож тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Г.Э*******, Н.У******* нарын бусдын өмчлөлийн малыг дур мэдэн өөрийн өмчийн нэгэн адил бусдад зарж борлуулсан, завшсан идэвхитэй үйлдэл, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Э*******, Н.У******* нар нь хохирогч Б.Б******* үхрийг хөлсөөр маллаж байсан нь хохирогчийн өгсөн “...26 тооны үхрийг хөлсөөр Н.У*******, Г.Э******* гэх гэр бүлийн хоёр нь 2018 оны 05 дугаар сараас сард 200.000 төгрөгөөр маллахаар тохирч өгсөн юм. Тэгэхдээ ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Амаар тохиролцсон...” гэх мэдүүлгээр тогтоогдсон, тэднийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу хүлээлцэж тохиролцсон малыг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож захиран зарцуулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч нар нь хохирогчийн үхрээс 2018 оны өвөл зуднаар олноор үхэж хорогдсон, Б.Б******* айгаад энэ талаар хэлээгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч шүүгдэгч нар нь энэ талаараа хохирогчид тухай бүр мэдэгдээгүй, мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Э*******, Н.У******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу малыг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №21/524 дугаартай дүгнэлтээр 2021 оны 08 дугаар сарын байдлаар 36 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 24.700.000 төгрөгөөр тогтоосон байх тул хохирогчийн буцаан авсан 4 тооны үхрийг хасаж, үлдэх 32 тооны үхрийг 22,500,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Э*******, Н.У******* нар нь хохиролд нийт 5 тугалтай үнээ, 3 бяруу, 1 шүдлэн үхэр, түлшний 1 машин мод 350,000 төгрөг, 3 машин өвсийг 750,000 төгрөгөөр тооцож тус тус өгчээ.
Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зах зээлийн ханш буюу 22,500,000 төгрөгөөс хохирогчид буцаан өгсөн 5 тугалтай үнээ 6,500,000 төгрөг, 3 бяруу /2 охин, 1 эр бяруу/ 1,000,000 төгрөг, нэг машин түлээ 350,000 төгрөг, гурван машин өвсний үнэ 750,000 төгрөг, нийт 8,550,000 төгрөгийг хасаж, шүүгдэгч нараас үлдэх 13,950,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Бд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгч Б.От хохирол төлбөрт 700,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.О нь иргэний нэхэмжлэгч Ш.Бид хохирлыг төлж барагдуулсан гэх тул шүүгдэгч нарыг иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Б.Б, шүүгдэгч Н.У*******, Г.Э******* нар нь 2018 оны 05 дугаар сард сарын 200,000 төгрөгөөр үхэр хөлсөөр маллах аман гэрээ хийсэн ба хохирогч Б.Б******* шүүгдэгч нарт өгсөн 36 сарын цалин хөлс буюу /сүүлийн сард 120,000 төгрөг өгсөн/ 7,120,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь дээрх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.У*******, Г.Э******* нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У*******ийг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Э*******ыг 1 жил 8 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Сарантуул нь “...Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, хохирогчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, хохирогчийн шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүй байх байр суурийг дэмжиж тус тус саналаа гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүгдэгч Г.Э******* нь урьд 2 удаа, шүүгдэгч Н.У******* нь урьд 1 удаа эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримт хэрэгт авагдсан байх тул /1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 110 дахь тал/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж үзэв.
Шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
1 дүгээр хавтаст хэргийн 130-143 дахь талд авагдсан шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 02/561 дугаартай албан бичиг, гэрлэсний бүртгэлийн 404/000680 дугаартай лавлагаа, иргэний дэлгэрэнгүй мэдээллийн лавлагаа, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018, 2019, 2020 оны тооллогын баримт, 1999 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 209 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргийг шинжлэн судлахад шүүгдэгч Н.У*******, Г.Э******* нар нь 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд гэрлэж, 0036 дугаарт бүртгүүлж байсан, ам бүл гурав, 2004 онд төрсөн охин Анхтуяагийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт 3 дугаар багт мал маллан амьдардаг, шүүгдэгч Г.Э*******ын нэр дээр Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 2б хэсгийн 18-8 тоот хаягт байршилтай газар, Н.У*******, Г.Э******* нарын нэр дээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0415000516 дугаартай хувийн сууцтай, шүүгдэгч Г.Э******* нь урьд 2 удаагийн, шүүгдэгч Н.У******* нь 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, түүнээс тодорхой хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг шүүгдэгч Г.Э******* нь өөрийн ахындаа гүү барьж, айраг зарж төлөх, шүүгдэгч Н.У******* нь ажил хийж цалингаараа төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, шүүгдэгч нарын нэг гэр бүл буюу эхнэр, нөхөр, ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч охинтой зэрэг тэдний хувийн болон ар гэрийн байдал, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлөх боломжийг олгож, нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрээс 8 сарын хугацаанд гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.У*******, Г.Э******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж хуульчилжээ.
Хохирогч Б.Б нь “...2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өөрийн үхрийг малладаг шүүгдэгч Н.У*******, Г.Э******* нарынд очиход зуслан руугаа нүүх гэж байна, мал бэлчээрт гарсан, нүүх газраа харахаар явчхаад ирье гэж яваад тэр шөнө нь гэртээ ирж хоноогүй, орой нь бэлчээрээс цөөхөн мал ирсэн болохоор гайхсан. Дараа нь шүүгдэгч нараас асуухад тал нь зусланд оччихсон, зарим нь айлын үхэртэй нийлсэн байх гэж хэлэхэд нь итгэсэн. Ингээд 8 дугаар сард миний үхэр энэ хүмүүст байхгүй гэдгийг баттай мэдээд Цагдаагийн байгууллагад хандсан” гэж мэдүүлдэг, энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдан, мөн оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилсан байх тул дээрх хуулийн зохицуулалтад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хамаарахгүй гэж шүүх үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* овогт Н******* У*******, Т******* овогт Г******* Э******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу малыг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У*******, Г.Э******* нарыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У*******, Г.Э******* нарыг 8 /найм/ сарын хугацаагаар оршин суух газраас буюу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У*******, Г.Э******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У*******, Г.Э******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар шүүгдэгч Н.У*******, Г.Э******* нараас хувь тэнцүүлэн 13,950,000 /арван гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг 401 тоотод оршин суух Боржигон овогт Банзрагчийн Бд /ГЮ56021711/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үхэр хөлсөөр харуулахдаа өгсөн 36 /гучин зургаа/ сарын цалин, хөлс 7,120,000 /долоон сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Б нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ