Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/560

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч С.Энхтуул,

иргэдийн төлөөлөгч Д.Сүхбаатар,

шинжээч эмч Б.Даваасүрэн /онлайн/,

хохирогч С.Ө,

шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналын прокуророос Ч.Тд холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 16 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, Ч.Т /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн ***тоотод иргэн С.Өтой “өөдөөс салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар зэвсэг буюу хайчаар түүний толгой болон нуруу, далан тус газар нь 3-4 удаа хатгаж эрүүл мэндэд нь дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т мэдүүлэхдээ “Тухайн өдөр гаргасан үйлдлээ ухамсарлаж байна. Гэмтлийн зэрэг дээр маргаж байгаа. Гэмтэл учруулснаа дээрээ маргаагүй. Би эмнэлэгт хэвтсэнээс нь хойш эмч нартай нь уулзаж байсан. Тухайн гэмтлийн эмнэлгийн эмч нь Өыг зүгээр гэж эмнэлгээс гаргасан. Гэмтлийн эмнэлгийн өвчний түүх дээр шинжээч эмчийн дүгнэлт гарсан байна. Гэмтлийн эмнэлэгт авхуулсан томографын зураг дээр дүгнэлт гаргаж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ө мэдүүлэхдээ “...Т бид хоёр маргалдсан. Хэн хэнийх нь буруутай үйлдэл байгаа гэж үзэж байна. ...Тулгаа, Таа гурав тамхилах гээд гарахад нь би хойноос нь гарч ирээд салаавч гаргасан байсан. Би ямар нэгэн гомдол саналгүй. Гэмтэл Согог үндэсний төвд би 6 хоног хэвтээд гарч болно гэхээр нь яагаад гаргаж байгаа талаар нь асуухад эмч “чиний биеийн байдал хэвийн байна” гээд эмчилгээ бичиж өгсөн. Би эмнэлгээс гарахдаа ажилдаа явж болох уу гэж асуухад “болно” гэсэн. Би маргааш нь ажилдаа явсан. Би эмнэлэгт очсон өдрөө томограф зураг авхуулсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Даваасүрэн мэдүүлэхдээ “Мөрдөгч Х.Тулгын тогтоолоор С.Өод гэмтлийн зэрэг тогтох зорилгоор “Гэмтэл согог үндэсний төв”-ийн өвчний түүхээр  дүгнэлт гаргасан. Тухайн өвчний түүх нь 10662 дугаартай байсан. Шинжилгээнд 2021 дугаар сарын 10 дугаар сарын 27-ны толгойны компьютер томограф, цээжний томограф, хэвлийн эхо, цээжний рентген зургийн хариу ирсэн. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Гэмтлийн зэрэг тогтоох журам нь 2018 онд сүүлд шинэчлэгдсэн. Тус журамд эмнэлгийн бичиг баримтаар шинжээчийн дүгнэлт гаргах гэж байгаа. Томограф зургийг энгийн нүдээр харахад сэртэн ясны хугарал нь харагдах боломжтой. Хэрэг болсон цаг хугацаанд эмнэлэгт үзүүлсэн бичиг баримт бичгийг үндэслэж дүгнэлт гаргасан нь илүү бодитой. Гавал ясны хугарал учрах үедээ аюултай” гэв.

Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн ***тоотод иргэн С.Өтой “өөдөөс салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хайчийг зэвсэг болгон хэрэглэж түүний толгой болон нуруу, далан тус газар нь 3-4 удаа хатгаж эрүүл мэндэд нь дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:      

Хохирогч С.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 10-311 тоотод эхнэр Анхтуяа, найз Т, Бүжинлхам нарын хамт байхад найз Тулгаа ирээд тарвага боохоор болсон. Тэгээд бид нар архи ууцгаасан....Манай эхнэр Анхтуяа манай бие муутай ээжийг орон дээр хэвтүүлэх гэж байхдаа ширүүхэн татаж хэвтүүлсэн. Тэгсэн чинь Т ээжийгээ ямар эвгүй хэвтүүлдэг юм гэхээр нь би чамд ямар хамаатай юм гээд Т руу салаавч гаргасан. Тэгээд муудалцаж байгаад больсон ба гарч тамхи татахаар Таа, Тулгаа, Т бид 4 гарсан. Гадаа гараад Тулгаа, Таа 2 бие засах гээд явсан, Т бид хоёр амбаарын үүд хэсэгт байсан. Тэгээд бид хоёр дахин маргалдаж би Т руу салаавч гаргасан. Тэгсэн чинь Т миний санаж байгаагаар үзүүртэй төмөр зүйлээр толгойны ар хэсэгт 3 удаа, зүүн дал хэсэгт 1 удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч О.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 22 цагийн үед гэртээ унтах гээд байж байхад Н миний гар утас руу залгаад “Болдоо ахын найз нь хайч шиг үзүүртээ зүйлээр толгойн тус газарт нь зоочихлоо толгойноос нь их цус гараад байна” гэхээр нь би гэрт нь очиход их хэмжээний цус хувин дотор асгарсан, үүдний хэсэгт амбаарын цементэн шалан дээр цус дуссан юм шиг байсан ба би найздаа гомдол гаргахгүй гээд байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 16-18 дугаар хуудас/,

Гэрч С.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө залгаад манайд ирээд хорхог хийгээд өгөөч гэж гуйсан. Намайг очиход Ө, түүний эхнэр, дүү, ээж, Т, мөн нэг найз нь найз охинтойгоо байсан. Тг өмнө нь 1 удаа харж байсан. Тэгээд бид нар хорхог хийх зуураа архи, пиво уусан. ...Ө, Т, Т бид 4 тамхи татахаар гарсан. Би тамхиа татангаа бие засах гээд явсан ба  бие засаж байхад гэнэт л нэгнээ аллаа гээд орилж, чанга чанга дуу гараад байсан. Тэгээд доошоо гүйгээд үүдний амбаарт ортол Ө ухаангүй байсан ба зүүн бөөрний хойд хавьцаанаас цус алдаж байсан. Т тэр үед Өын доогуур нь гараа хийчихсэн байсан ба намайг хамт өргөөрэй гэхээр нь би хамт өргөөд гэр лүү нь оруулаад газар шалан дээр өөрөө унаад өгөхөөр нь нурууг нь хартал 2-3 нарийхан чигчий хурууны дайтай нүх гарчихсан байсан. Бид хоёр Өод хамаг анхаарлаа хандуулчихсан байхад Т найз охинтойгоо хамт яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өын гэрт ороход Т, Өын эхнэр Анхаа, ээж, дүү нь, Тулгаа, Тгийн найз охин гэх эмэгтэй нийт 6 хүн байсан. Т нь саяхан Өршөөлийн хуулиар суллагдаж гарч ирсэн. ...Бид нар архи ууж байгаад Т, Тулгаа, Ө бид 4 тамхи татах гээд гарсан. Т, Ө хоёр үүдний амбаар дотор тамхи татаад би амбаарын хаалганы дэргэд тэр хоёр луу хараад тамхи татаад зогсож байсан. Тулгаа бие засах гээд явсан байсан. Тэгээд би тамхиа татаж дуусгачхаад ишээ хаях гээд хашаа давуулан шидчихээд эргээд хартал Т Өын толгойг доошоо дарчихсан нуруу болон шилэн хүзүү рүү нь гараараа цохиж байна л гэж бодсон. Тэгээд би гүйж очоод Тг цааш нь түлхэж холдуулаад Өын хоёр суган доогуур нь гараараа дээшээ өргөтөл Ө доошоо гулжганаад уначихсан. Тэгээд нойтон зүйл мэдрэгдэхээр нь гараа хартал цус болчихсон байсан. Тэр үед Тулгаа орж ирээд бид 2 Өыг дамжлаад гэр лүү нь оруулаад шалан дээр тавьтал толгойных нь ар талд цус болчихсон байсан. Мөн нурууных нь ар хэсгээс их хэмжээний цус гарч байсан. ...Тэр үед Ө би найздаа гомдол гаргахгүй гээд орилоод байсан. Маргалдсан зүйл анзаарагдаагүй, гэнэт л Т Өыг цохиод байж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө ахын гэр лүү ороход Ө ах, Т, Т, Т ах нар зөрөөд гарсан ба амбаар дотор Ө ах, Т ах нар хоорондоо “чи яагаад салаавч өгөөд байгаа юм” гэх зэргээр маргалдахыг нь сонссон. Тэр үед би амбаар дотор байсан байшингийн хаалга онгорхой байсан болохоор Тг хаалгаа хаа гэхээр нь би хаалгаа хаасан. Тэрний дараа 1 орчим минутын дараа байшингийн хаалга онгойлгоход Ө ахын толгой хэсэг тэр чигээрээ цус болсон байсан ба Таа ах Ө ахын цээж хэсгээс нь, Тулгаа ах хөл хэсгээс нь дамжлаад байшин руу оруулсан. Ө ахын толгой болон нуруу хэсгээс нь цус гарч байсан. ...Ө ахыг өргөөд байшин руу оруулах үед Т “хурдан түргэн дууд би Өыг хайчаар ийм болгочихлоо” гэж хэлж байхыг сонссон. Толгойны зүүн болон ар хэсэгт нь ямар нэг зүйлээр хатгасан юм шиг 2 ширхэг шарх үүссэн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 39-41 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №2266 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.С.Өын биед дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн, ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дагз ясны сэлтэрсэн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хэргийн 49-50 дугаар хуудас/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариу /хэргийн 52-60 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дагз ясны сэлтэрсэн хугарал тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба мохоо зүйлийн цохих, цохигдох зүйлийн нөлөөгөөр үүснэ. Хохирогчийн биед үүссэн гэмтлийн эдгэрэлтийн хугацаа гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 129-131 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн найз С.Өын биед хайчаар хатгаж гэмтэл учруулсан нь үнэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 73-75 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 76 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 77 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 81 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 84-110 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 114-124 дүгээр хуудас/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4/3302 дугаартай албан бичиг /хэргийн 206 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн ***тоотод иргэн С.Өтой “өөдөөс салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хайчийг зэвсэг болгон хэрэглэж түүний толгой болон нуруу, далан тус газар нь 3-4 удаа хатгаж эрүүл мэндэд нь дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Харин “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хууль тогтоогчоос тайлбарлахдаа “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно, “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэжээ. 

Өөрөөр хэлбэл “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг” гэж гэмт хэрэг үйлдэхэд шууд ашигласан, гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл шууд дамжин хэрэгжиж, түүний тусламжтайгаар учруулах хор уршгийг ихэсгэх, учруулах үйл явцыг түргэсгэх зорилгоор тодорхой эд зүйлийг зэвсгийн шинж чанартайгаар шууд ашиглаж буй материаллаг шинжтэй юмс, эд зүйлийг хэлнэ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

         Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана”, 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж тус тус заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №2266 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэх ямар нэгэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

         Нөгөөтэйгүүр шинжээч эмч Б.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд “...Дагз ясны сэлтэрсэн хугарал тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба мохоо зүйлийн цохих, цохигдох, зүйлийн нөлөөгөөр үүснэ. Хохирогчийн биед үүссэн гэмтлийн эдгэрэлтийн хугацаа гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй... ” гэсэн мэдүүлэг өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугларсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ч.Т нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

         Тиймээс шүүгдэгч Ч.Тг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

   Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэгт гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно. 

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Өын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах “5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ч.Тгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ч.Тд 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд өмнө 3 удаагийн ял шийтгэлтэй, түүнчлэн Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан буюу зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан 5 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.    

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Тг 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                           ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ