Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00005

 

 Цагаан-Уул тэрхэн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 155/ШШ2019/00351 дугаар шийдвэртэй,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаар магадлалтай,

Цагаан-Уул тэрхэн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох

Гэм хорын хохирол 94.461.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Алтанхуяг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Мөрөн сумын Засаг даргын 2008 оны 146 тоот захирамжийг хуульд нийцүүлэн гаргуулахаар 2009 оны 2 дугаар сарын 09-ний өдөр өгсөн манай хүсэлтийг үл ойшоон аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав нь 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 107 тоот захирамжаар дээрхи захирамжийг хүчингүй болгож, мөн өдрийн 108 тоот захирамжаар өмнө нь огт газар эзэмшиж байгаагүй иргэн Ц.Гантуяад 250 м.кв газрыг, Хот тохижилт ХХК-нд 3621 м.кв газрыг тус тус Газрын тухай хуулийн 4.1.3 болон 40.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэсэн заалтуудыг зөрчин хууль бусаар эзэмшүүлсний улмаас Хот тохижилт ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд манай компанийн манааны шовгорт 3 манаачаа ээлжлэн хонуулах замаар 2009 оны 4 сараас 2012 оны 12 сарыг дуустал 44 сар манай компанитай гэрээгээр ажиллаж байсан түрээслэгчдээс орлого хураан авч байсны улмаас олох ёстой орлогоо олж чадаагүй юм. УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 249 дүгээр тогтоолоор хууль бусаар гаргасан шийдвэрүүдээ хүчингүй болгож, манай компанид үргэлжлүүлэн газар эзэмшүүлэхийг Засаг даргад өөрт нь даалгасан боловч уг тогтоолыг хэрэгжүүлэхгүй, эсрэгээр нь Ц.Гантуяагаас иргэн Ч.Төгсдэлгэрт 250 м.кв газрыг эзэмшүүлэх, Хот Тохижилт ХХК-нд хууль бусаар эзэмшүүлсэн 3621 м.кв газраа дуудлага худалдаанд оруулах, 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/409 тоот захирамжийг шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гаргаж, улмаар дуудлага худалдаанд оруулж ялагчийг тодруулсан нь төрийн албан хаагчийн илт буруутай үйлдэл байсныг УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны хуралдааны 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар тогтоолын 1 дэх заалтад ... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.33 , 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 ,14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын Захирамж хүчингүй болгуулах тухай 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/409 дүгээр захирамж, Газар эзэмших гэрчилгээ олгох тухай 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 340 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсэг, Ч.Төгсдэлгэрийн 02844476 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, 000093456 үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэж өөрчилсүгэй гэж тогтоосон. Эрх баригчдын буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас иргэнд 250 м.кв, Хот Тохижилт ХХК-нд 3621 м.кв эзэмшил газраа хууль бусаар алдсаны улмаас олох ёстой орлогоо олж чадаагүй нь ажилчдын цалин нэмэх захирлын шийдвэр хэрэгжих боломжгүй болж тэтгэвэр багаар тогтоогдож хувь хүнийг хохироох, компанийн өөрчлөлт, шинэчлэлтийг зогсоох, эзэмшил газраас ашиг орлого олох, түүнийгээ захиран зарцуулах эрх зөрчигдөн, гарах ёсгүй шүүхийн зардлууд гарч, бизнесийн нэр хүнд, эдийн засгийн хувьд үлэмж хохироод зогсохгүй эзэмшил газрыг булаан авахын тулд урьдчилан зохион байгуулалттайгаар албан бичгийг хуурамчаар үйлдэх, устгах явцдаа захирал миний бие устгасан захирамжийн нөгөө эх хувийг манай компанид байсныг төрийн албан бичиг, тамга хуурамчаар үйлдэн өөртөө газрын захирамж гаргасан гэх эрүүгийн хэрэгт хилсээр тохохоор улайран шалгуулж сэтгэл санааны хохирол учруулсан нь өнөөдөр олон баримтаар нотлогдож байгаа тул сэтгэл санааны хохирол ч нэхэмжлэх эрхтэй, гарах ёсгүйгээр гаргасан зардлуудаа ч нэхэмжилж байна. Иймд манай компани өмнө олж байсан орлогоо 44 сараар тооцсон 87.098.000 төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү. Нийт 3871 м.кв газрыг 3асаг даргын хууль бус шийдвэрийн улмаас эзэмшиж чадаагүйгээс, мөн төрийн албан хаагчдын буруутай үйлдлийн улмаас үндэслэлгүйгээр 10 жилийн турш хууль, шүүхийн байгууллагаар явахад гарах ёсгүй их хэмжээний зардлууд гарснаас зөвхөн баримтаар нотлогдох өмгөөлөгчийн зардал 6.400.000 төгрөг, унааны зардал 869.600 төгрөг, нотариатын зардлууд 148.100 төгрөг дээр түрээсийн орлого 1.978.500 төгрөгийг 44 сараар 87.054.000 төгрөг, нийт 94.461.700 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын шүүхэд гаргасан тайлбарт: ...Цагаан-Уул тэрхэн ХХК-ийн 44 сараар тооцон олох байсан орлого 87.098.000 төгрөгийг хэрхэн тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь тодорхойгүй. Зардал 10.296.348 төгрөгийг хэрхэн тооцсон, ямар нотлох баримтад үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, мөн хуулийн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан. Уг асуудлаар Цагаан-Уул тэрхэн ХХК аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах, хяналтын шатны шүүх тус тус шийдвэрлэсэн. Энэхүү хэргийн явцад Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад Цагаан-Уул тэрхэн ХХК нэг ч түрээсийн гэрээг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлээгүй байсан болно. Олон жилийн шүүхийн маргааны явцад гарсан зардлыг нэхэмжилжээ. Энэ хугацаанд гуравдагч этгээд буюу захын түрээслэгч нартай 2013 оноос хойш маргааныг үүсгэж явсан хэргийн гарсан зардлыг манайхаас нэхэмжилсэн, нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдээгүй хэргийн өмгөөллийн зардал нэхэмжилсэн байдал нь аймгийн Засаг даргаас нэхэмжлэх зардал биш болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155/ШШ2019/00351 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас гэм хорын хохиролд 59.730.000 /тавин есөн сая долоон зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цагаан-Уул Тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34.731.700 /гучин дөрвөн сая долоон зуун гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645.000 /зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн Засаг даргаас 456.600 /дөрвөн зуун тавин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цагаан-Уул Тэрхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаар магадлалаар хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийн 2 дахь заалтын Иргэний хуулийн гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэж өөрчилж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 97.94.348 төгрөг байсныг 94.461.700 төгрөг болгон өөрчилсөн ба олох ёстой байсан түрээсийн орлого 1.978.500 төгрөгийг 44 сараар 87.054.000 төгрөг, өмгөөллийн зардал 6.400.000 төгрөг, унааны зардал 869.600 төгрөг, нотариатын зардлууд 148.100 төгрөг буюу нийт 94.461.700 төгрөг нэхэмжилж байна гэсэн. Тухайн аж ахуйн нэгжид учирсан гэм хорын төлбөр нь олох ёстой байсан түрээсийн орлого. Түрээсийн орлого нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлд маш тодорхой тайлбарласан ба бусад үйл ажиллагааны орлого гэж нэхэмжлээгүй. Анхан шатны шүүх дүгнэхдээ Цагаан-Уул тэрхэн ХХК нь 1996 оноос хойш хүнсний захын үйл ажиллагаа явуулж ирсэн, өөрийн эзэмшлийн газарт хүнсний худалдаа эрхлэгчдээс төлбөр хураамж авч, газрыг худалдааны талбайн зориулалтаар ашиглуулж байсан үйл баримт тогтоогдлоо. Мөн нэхэмжлэгч байгууллагын захирал Ж.Алтанхуягийн шүүх хуралдаанд ...татварын байцаагч нар манай компанийг түрээслэгч нараас хураамж авдгийг мэддэг, энэ талаар юм хэлж байгаагүй. ...Цагаан-Уул тэрхэн ХХК нь Мөрөн сумын Засаг даргын 1997 оны 73 тоот захирамжаар хүнсний зах ажиллуулах зөвшөөрөл авч, Зам анги гэх компаниас зам тавиулж, түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. 2007 онд худалдааны талбай түрээслүүлэх талаар тогтоол гарсан. Би газар түрээслээгүй, худалдааны талбай түрээсэлсэн юм. Худалдааны талбай учраас би түрээслэдэг, тэдгээр хүмүүсийн хог шороог цэвэрлэж, өмч хөрөнгийг нь хамгаалдаг юм. Би бол газраа түрээслээгүй... гэх тайлбар зэргээр нэхэмжлэгч байгууллага нь газар эзэмших эрхээ бусдад төлбөртэйгээр ашиглуулж байсан нь тогтоогдож байна. Мөн бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүйн харилцаанд түрээсийн гэрээний онцлог ялгааг гэрээний зүйл болон тухай эд хөрөнгийг ашиглаж, үр шимийг нь олж авах боломжтой, тухайн зүйлийн ашигтай чанарыг ашиглуулах зорилгоор өөрөөр хэлбэл түрээсийн зүйл нь өөрөө ашиг үр шимийг бий болгож байдгаар тодорхойлогддог. Иймээс аж ахуйн нэгжийн хөрөнгийн орлого биш, харин тухайн эд хөрөнгийг нэг тал нөгөөд түр хугацаагаар шилжүүлж, хөрөнгө ашигласны хөлсийг нөгөө тал төлөх үүрэг хүлээж, эд хөрөнгийг зөвхөн зориулалтаар нь ашиглаж байгаа нь хэдийгээр талуудын хооронд түрээсийн гэрээ хийгдсэн боловч түрээсийн гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм гэж тус тус дүгнэж, шийдвэрийн үндэслэлийг тогтоожээ гэж үзсэн. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Засаг даргын буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо нэхэмжилсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг огт өөрчлөөгүй бөгөөд гэм хорын төлбөр нь олох ёстой байсан түрээсийн орлого байсан, түрээсийн орлого 1.978.500 төгрөгийг 44 сараар 87.054.000 төгрөг юм гэж тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх үзэхдээ газар эзэмших эрхээ хуульд заасан хэлбэрээр төлбөртэйгээр шилжүүлснээс олсон орлого байна гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх тухайн нөхцлийг хянаж үзээгүй. Эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр ашиглах, эд хөрөнгө эзэмших эрхээ бусдад шилжүүлэх замаар ашиг олох үйлдэл нь хоорондоо ялгаатай ба энэ талаар давж заапдах гомдолд тодорхой тайлбарласан. Мөн эд хөрөнгө хөлслөх гэрээ, түрээсийн гэрээний ялгаатай байдлыг зохицуулалтыг хэрхэн ойлгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-т газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгодог. Ийнхүү хэрэглэхдээ Иргэний хуулийн шаардлагад нийцсэн гэрээний үндсэн дээр бусдад ашиглуулах ба энэ нь түрээсийн гэрээ байгуулж ашиглуулах явдал. Эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээний шинжээс харах юм бол Цагаан-Уул тэрхэн ХХК нь газар эзэмшиж, ашиглах эрх зүйн зохицуулалтыг түрээсийн гэрээгээр байгуулсан нь зөв байсан. Харин гэрээний хүчин төгөлдөр болох хуулийн шаардлагыг хангалгүй өдий хүрсэн ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээг нотлох баримтад үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэж шийдвэрлэж байгаа нь шийдвэр, магадлал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангаж чадахгүй. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т шийдвэрийн Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ... тусгана гэж заасан бөгөөд түрээсийн орлого нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хөрөнгө ашиглуулсан орлого гэж болгон өөрчилж, хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Нотлох баримтын тухайд түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан гэрээ Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн эсэх талаар хариуцагч тал нотлох баримт цуглуулж шүүхэд гаргаж өгсөн. Цагаан-Уул тэрхэн ХХК-ийн Төмөрбаатар, Норов гэх иргэнтэй байгуулсан Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан хуулийн хүчин төгөлдөр гэрээг нотлох баримтаар гаргаж өгч, уг 2 гэрээний хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн хянан үзэхдээ Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна гэж дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан хэргийг бүхэлд нь хянан үзэх чиг үүргээ хэрэгжүүлэлгүй шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн 2009 оны 5 дугаар сараас 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хичнээн түрээслэгч тогтвортой үйлчилгээ эрхэлж ирсэн талаар жил бүрийн нэгдсэн бүртгэл нэхэмжлэгч талд байхгүй ба хэдэн түрээслэгч үйл ажиллагаа явуулж байсан талаар тойм тоогоор тайлбар өгч байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байгаа. Тухайн маргаж байгаа хугацаанд Цагаан-Уул зах дээр худалдаа эрхэлж байсан татвар төлөгч иргэдийн бүртгэлийг аймгийн Татварын албанаас гаргуулж нотлох баримтаар өгсөн бол нийт 3 жилийн хугацаанд хичнээн түрээслэгч тогтвортой үйл ажиллагаа явуулсныг тодорхойлж болно. Гэтэл 2008 оны 1 жилийн хугацаатай байгуулсан хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээ, уг гэрээг үндэслэн авсан бэлэн мөнгө хураах баримтыг шүүх 3 жилийн түрээслэгч нарын тоог тогтоож байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ баримтаар түрээслэгч нарын тоонд хөдөлгөөн ороогүй гэх нотлох баримт хэргийн баримтад байхгүй болно. Энэ нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох нотлох баримтын эх сурвалжаа тодорхойлж чадаагүй ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Газар эзэмших эрхийг бусдад төлбөртэйгээр шилжүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн эрх шилжүүлэх зохицуулалт үйлчилж, эрх бүхий этгээд буюу Засаг даргын шийдвэр гарч, эрх олж авч байгаа этгээдийг эрхийг баталгаажуулж өгнө. Энэ харилцаанаас үүссэн орлогыг аж ахуйн нэгж орлогын албан татварын тайланд тусгахдаа эрх борлуулсны буюу үйл ажиллагааны орлогод тусгах ёстой. Нөгөө талаас Цагаан-Уул тэрхэн ХХК-ийн үндсэн чиг үүрэг нь худалдаа үйлчилгээ эрхлэх болохоос эрх шилжүүлэх чиг үүрэг байхгүй. Харин газар эзэмшигч нь өөрийн мэдэлд байгаа хөрөнгийг бусдад ашиглуулах замаар олж буй орлого нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого буюу татвар төлөгчийн хөрөнгийн орлогод хамаарах юм. Гэтэл шүүх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан үйл ажиллагааны орлого хэмээн буруу дүгнэлт хийж, залруулан нотлох баримтаар гаргасан Цагаан-Уул тэрхэн ХХК-ийн аж ахуйн нэгжийн татварын тайлан болон санхүүгийн тайланг буруу ойлгож үнэлсэн нь алдаа болсон. 2008, 2009 оны аж ахуйн нэгжийн татварын тайлан болон 2013 оноос өнөөдрийг хүртэл гаргаж буй санхүүгийн тайлангаас харвал Цагаан-Уул тэрхэн ХХК нь хөрөнгийн орлого буюу түрээсийн орлого огт олдоггүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн хууль буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заапдах шатны шүүх засалгүй үндэслэл бүхий шийдвэр болсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил болсон. Иймд хүчин төгөлдөр бус нотлох баримтад үндэслэж, хуулийг буруу тайлбарлаж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль бус гэрээ үндэслэн гэм хорын хохирол шаардсан Цагаан-Уул тэрхэн ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан олох ёстой байсан орлого 87.098.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн зардал 6.400.000 төгрөг, нотариатын зардал 396.100 төгрөг, унааны зардал 96.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 3.404.248 төгрөг, нийт 97.394.348 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 94.461.700 төгрөг болгож багасгасан байна.

Хариуцагч олох байсан орлогод 70.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад шаардлагыг зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт техникийн чанартай алдаа байгааг залруулж өөрчлөлт оруулжээ.

Магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгддөг байна.

Хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл, уг үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоо, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК-ийн 3851 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож, өөр этгээдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэж хууль зөрчснийг нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу эрхээ сэргээлгэсэн нь тогтоогджээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь төрийн албан хаагч бөгөөд эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргадаг бие даасан субъект тул гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх үзэхдээ Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК нь 1996 оноос эхлэн хүнсний захын үйл ажиллагаа явуулж, эзэмшлийн газарт түр барилга буюу павильон, контейнер байрлуулж хүнсний худалдаа эрхлэгчдээс гэрээний дагуу төлбөр авч байсан, тухайн газар эзэмших эрх хүчингүй болж, сэргээгдэх хүртэл төлбөр аваагүй нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заахдаа үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.

Газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос хойш дахин сэргээх хүртэл 44 сарын хугацаанд нэхэмжлэгч Цагаан-Уул тэрхэн ХХК нь 42 иргэнээс сард 1.357.500 төгрөгийн орлого олох боломжоо алдсан гэж шүүх дүгнэн хохиролд нийт 59.730.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад тулгуурласан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн өмнө олж байсан орлогоор хохирлыг хэмжээг тодорхойлж, зохигчийн хооронд үүссэн хохирол гаргуулах шаардлагын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ. Иймд Цагаан-Уул тэрхэн ХХК-ийн иргэдтэй буюу гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж, хохирлын хэмжээг шүүх буруу тодорхойлсон гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.

Олох байсан орлогод 27.368.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 6.400.000 төгрөг, нотариатын зардал 396.100 төгрөг, унааны зардал 96.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй, шийдвэр, магадлалын энэ хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.Ганболдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ