Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 571

 

                                                       

 

 

 

 

 

2019       6               11                                               2019/ДШМ/571

                                                       

   Б.Х, Б.У, Б.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ц.Гантулгабат,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/562 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Х, Б.У, Б.Б нарт холбогдох эрүүгийн 201625013558 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Эзэн овгийн Батхуягийн У, 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эх, эгч, 5 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

 

2. Гоё овгийн Буянтогтохын Б, 1987 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын  тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 195 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 10 сар 22 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ТГ/;

 

3. Төмөрчин овгийн Балжиннямын Х, 1986 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баян-Уул  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Б.У, Б.Б, Б.Х нар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Баттогтохыг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.У, Б.Б, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эзэн овгийн Батхуягийн У, Гоё овгийн Буянтогтохын Б, Төмөрчин овгийн Балжиннямын Х нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар Б.У, Б.Б нарт тус бүр 14 жилийн хугацаагаар хорих ял, Б.Хд 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Б.У нарт оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Б.Хд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Болдтулгын цагдан хоригдсон 656, Б.Хаш-Эрдэнийн цагдан хоригдсон 656, Б.Уын цагдан хоригдсон 655 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар оршуулгын зардалд Б.У, Б.Б, Б.Х нараас тус бүр 770.000 төгрөгийг, нийт 2.310.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Батсүхийн Доржбатад /РД:НЮ70083076/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой бичмэл нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б, Б.Х, Б.У нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.У, Б.Б, Б.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 30 минутын зодооны үед миний бие хохирогч миний бие хохирогч Баттогтохыг зодооноос салгаж, цааш түлхэж байсан. Ингээд салж өгөхгүй болохоор нь ...зүүн хацар луу нь нэг удаа алгадсан. Өөрөөр бол миний бие цохиж нүдсэн зүйл байхгүй.

Иймд миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие болсон асуудалд маш ихээр харамсаж байна. ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1868, 914 дугаартай дүгнэлтэд илүү тодорхой бичигдсэн байдаг. 196 дугаартай шинжээч нарын дүгнэлтэд мөн тодорхой хэлсэн байдаг. Дээрх шинжээч нарын дүгнэлтээр тухайн хэргийн нөхцөл байдал, үр дагаварт тохирох шийдвэр гарна гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Гэрч Мөнхзул удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. Мөн шинжээч эмч М.Энхбаяр хохирогчийн талаар дэлгэрэнгүй тайлбарладаг. Шинжээч эмч прокурорын асуусан асуултад “талийгаач нь 18 цагт энэ шархыг авсан” гэж тодорхой хариулдаг.

...Миний бие эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг ба эхнэр бие давхар амаржихад нэг сар үлдсэн бөгөөд миний бие мужааны ажил хийж ар гэрээ болон амьдралаа залгуулдаг байсан.

Иймд миний ар гэр маш хүнд байдалд байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэрэг гардаг өдөр Б, Х миний бие муудалцаж зодолдохоос өмнө хохирогч Баттогтох гэрч гэх Цолмонтой зодолдсон болохыг гэрч Уранчимэг хэлдэг. Үүнээс хойш хохирогч бид гуравтай муудалцсан. Камерын бичлэгт зодоон болж байгаа нь тодорхой харагддаг боловч бид гурвын яг нь хэн нь хохирогчийн толгойд гэмтэл учруулсан цохиж байгааг үзүүлээгүй. Энэ байдлыг бодитой тогтоолгох мөн хохирогч нь гурван жилийн өмнө нь толгой руугаа тоосгоор цохиулснаас болж татаж унадаг гэмтэл авсан, байнга өвддөг өвчтэй байсан ба татаж унахаараа архи уудаг болохыг хохирогчийн эхнэр, хүү нар хэлдэг. Мөн хохирогч хэд хоногийн өмнө эмнэлэгт үзүүлсэн “намайг хавдартай, удахгүй гэж байна” гэж ресепшин Д.Бурмаад хэлсэн байдаг. Ийм байхад шүүх эмнэлэг хохирогчийг үхэлд хүрэх өвчингүй гэж гаргасан. ...хохирогч нь урьд нь ямар өвчтэй байсан, ямар шалтгаанаар үхэлд хүрсэн, цохилт уу, уналт уу эсвэл урьд нь Цолмонтой зодолдох үед үүссэн үү, бид гурвын хэнийх нь цохилтоос болж үүссэн гэдгийг тогтоогоогүй байж яллаж эрх зүйн байдлыг дордуулж байна.

Иймд хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээч эмчийн дүгнэлт зөрүүтэй байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээч эмчийн дүгнэлт зөрүүтэй байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч нь гурван жилийн өмнө нь толгой руугаа тоосгоор цохиулснаас болж татаж унадаг гэмтэл авсан, байнга өвддөг өвчтэй байсан ба татаж унахаараа архи уудаг болохыг хохирогчийн эхнэр, хүү нар хэлдэг. Мөн хохирогч хэд хоногийн өмнө эмнэлэгт үзүүлсэн “намайг хавдартай, удахгүй гэж байна” гэж ресепшин Д.Бурмаад хэлсэн байдаг. Ийм байхад шүүх эмнэлэг хохирогчийг үхэлд хүрэх өвчингүй гэж гаргасан. ...хохирогч нь урьд нь ямар өвчтэй байсан, ямар шалтгаанаар үхэлд хүрсэн, цохилт уу, уналт уу эсвэл урьд нь Цолмонтой зодолдох үед үүссэн үү, бид гурвын хэнийх нь цохилтоос болж үүссэн гэдгийг тогтоогоогүй байж яллаж эрх зүйн байдлыг дордуулж байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийн өмгөөлөгч О.Алтанчулуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар “...Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор, ... бүрэн эхээр, бичгээр үйлдэж ... өмгөөлөгчид гардуулан өгнө...” гэсэн заалтыг зөрчиж, шийтгэх тогтоол бичгээр гарсан тухай өмгөөлөгч надад мэдэгдэлгүйгээр дугтуйнд хийлгүй ил задгай хэлбэрээр 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн бичиг хэрэгт хүргүүлснийг 2019 оны 5 дугаар сарын 7-.ны өдрийн 15:47 минутад 70116364 тоот утаснаас надад мэдэгдсэний дагуу 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 16:09 минутад гардаж авсан.

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан эсэх, гэмт үйлдэл хохирогчийн үхэл хоёрын шалтгаант холбоотой шинжийг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Учир нь манай үйлчлүүлэгч Б.Х нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон хэрэг учралын үед камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Б.Хаш- Эрдэнэ нь талийгаачийн толгойн зүүн хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохив...” гэх тэмдэглэл /1хх 25-26/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт уг камерын бичлэгийг үзсэн боловч шүүх бүрэлдэхүүн төдийлөн сайн нотлох баримт шинжлэн судлаагүй, тус шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Б.Х нь талийгаачийн толгой руу гараараа цохиж байгаа бичигдсэн байна...” /1хх 25-26/ гэж нотлох баримтыг гуйвуулсан.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хэргийн материалаар хийсэн 196 тоот шинжээчийн дүгнэлтэд  “... уг гэмтлийг учруулсан хүч нь толгойн баруун хэсэгт үйлчилсэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь унах үед учирсан бол толгойн баруун хэсгээр савж унахад үүссэн байх боломжтой...” Дээрх гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд 14-16 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна...” /2хх 9-10/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч эмч М.Энхбаярын “...анх 18 цагийн өмнөөс эхлэн цусан хураа үүсч эхэлсэн гэж үзэж болно, “...дээрх гэмтэл нь уг гэмтлийг учруулсан хүч нь эсрэг талдаа...” байна гэх мэдүүлэг нотлох баримтууд нь Б.Хаш-Эрдэнийн учруулсан гэмтэл шалтгаант холбоо биш болохыг нотолж байна. Мөн эдгээр цагийн зөрүүнээс харахад хохирогч Б.Баттогтох нь өмнө нь ч гэмтэл авсан байх магадлалтай байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэрч М.Мөнхзулыг шүүх хуралдаанд оролцуулахаар шүүхээс захирамж гарсан бөгөөд шүүх хуралдаанд оролцуулах талаар арга хэмжээ авагдаагүй зөвхөн хаяг дээрээ байхгүй гэсэн шалтгаанаар гэрч М.Мөнзулыг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/562 тоот шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт өөрчлөлт оруулж, Балжиннямын Хаш-Эрдэнийн үйлдэл холбогдлыг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Болдтулгын өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр талийгаач нь “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” гэсэн гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон. Гэхдээ уг гэмтэл нь унаснаас үүсч болно, мөн цохилтоос ч үүсч болно гэж үзсэн бөгөөд яг юунаас болж уг гэмтэл үүссэн бэ гэдгийг салгаж тогтоож чадаагүй. Харин Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ...цусан бүлэн нь 6-12, 12-18 цаг болсон бүлэн байна гэж дүгнэсэн. Энэ талаар шинжээч эмч М.Энхбаярын шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд /2хх 164/ өгсөн мэдүүлэгт “...Үхэлд хүргэсэн цусан бүлэн нь анх үүссэнээсээ хойш 18 цаг болсон гэж үзэх боломжтой байна. Анх үүсэж эхэлсэн цаг нь нас барахаас 18 цагийн өмнө үүссэн байна” гэж маш тодорхой тайлбарласан. Иймд талийгаач нь нас барахаасаа 18 цагийн өмнө тархиндаа гэмтэл авч анхны цусан бүлэн үүссэн гэж үзэхээр байна. Тэгвэл Б.У, Б.Б, Б.Х нартай зодоон цохион хийхээс 4-5 цагийн өмнө тархиндаа гэмтэл авсан байх боломжтой байна. Талийгаачийн тархиндаа анх гэмтэл авсан цаг хугацааг нарийвчлан тогтоож байгаа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт бол хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд дүгнэлт гаргаж байгаа учир энэ дүгнэлтийг шүүх харгалзан үзэж дүгнэлт хийх ёстой. Гэтэл анхан шатны шүүх шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн "... Цусан хураа нь анх үүссэн цагаасаа эхлэн нэмэгдэж байдаг учир анх 18 цагийн өмнөөс эхлэн цусан хураа үүсч эхэлсэн гэж үзэж болно” гэсэн мэдүүлгийг илт буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, уг мэдүүлгээр шүүгдэгч нар болон өмгөөлөгч нарын “талийгаач зодуулсны дараа унаснаас тархиндаа гэмтэл авсан байх магадлалтай” гэж маргаж байгаа нь үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн. Харин ч эсрэгээрээ шинжээч эмч М.Энхбаярын уг мэдүүлгээр талийгаач нь зодуулснаас болж тархиндаа гэмтэл авсан болох нь үгүйсгэгдэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч М.Мөнхзул, насанд хүрээгүй гэрч М.Батбаатар, гэрч А.Мөнхзул, гэрч Б.Уранчимэг нарын мэдүүлгээр талийгаач нь байнга татаж унадаг байсан болох нь тогтоогддог.

Гэтэл шүүх талийгаач Б.Баттогтохыг унаж татдаг өвчтэй байсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Иймд шүүхийн дээрх дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Б.У, Б.Б, Б.Х нарын үйлдлийн улмаас талийгаач Б.Баттогтох нас барсан болох нь хохирогч М.Мөнхзул, насанд хүрээгүй гэрч М.Батбаатар, гэрч А.Мөнхзул, гэрч Б.Уранчимэг нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “талийгаач зодоон болсны дараа тархиараа газар савж унасан, байнга татаж унадаг байсан, зодоон болсны дараа татаж унасан, зодоон болсны дараа машин мөргөж унасан” гэх мэдүүлгүүд, шинжээчийн уг гэмтэл унаснаас үүсэх боломжтой гэх дүгнэлт, мөн шинжээчийн “цусан бүлэн нь 6-12, 12-18 цаг болсон бүлэн байна” гэсэн дүгнэлт болон шинжээч эмч М.Энхбаярын “нас барахаас 18 цагийн өмнө анхны цусан бүлэн үүссэн” гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Б.У, Б.Б, Б.Х нарын үйлдэлд гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байна.

Иймд анхан шатны шүүх Б.Баттогтохын амь нас хохирсон нь шүүгдэгч Б.У, Б.Б, Б.Х нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Харин Б.Болдтулгын үйлдэл нь олон нийтийн газар нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын эрх чөлөөнд халдсан, өөрөөр хэлбэл, танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШШТ/562 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч А.Мөнхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Б.У нь энэ гэмт хэргийг “Хэрэв миний цохилтын улмаас амь хохирогч нас барсан бол би гэм буруугаа хүлээнэ. Анхнаасаа ч өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байсан” гэж мэдүүлдэг. Гэтэл өмгөөлөгчийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэхэд хэд хэдэн эргэлзээтэй зүйл байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийн талаар дүгнэлт хийхдээ “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нар “талийгаач зодуулсны дараа таталт өгч унаснаас тархинд гэмтэл авсан байх магадлалтай” гэж мэтгэлцэж байх боловч талийгаач Б.Баттогтохыг унаж татдаг өвчтэй байсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй...” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч буюу амь хохирогчийн хамтран амьдрагч М.Мөнхзулын мэдүүлэг /1хх 36, 38/, насанд хүрээгүй гэрч буюу амь хохирогчийн хүү Батбаатарын мэдүүлэг /1хх 43/, гэрч А.Мөнхзулын мэдүүлэг /1хх 51/, гэрч Уранчимэгийн мэдүүлэг /1хх 52/ зэргээр хохирогч Б.Баттогтох нь татаж унадаг өвчтэй, татахаараа хамаг бие нь хөшиж арагшаагаа шууд савж унадаг нь нотлогддог. Мөн гэрч М.Мөнхзулын мэдүүлгээс харахад унаж татдаг өвчнийг нь амьдралын боломжгүй байдлаас эмнэлэгт огт үзүүлж байгаагүй талаар гэрчилдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан байдаг. Дээрх хүмүүсийн мэдүүлгүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан хэрэгт хамааралтай нотлох баримтууд гэж үзэж байна. Анхан шатны шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй орхисонд гомдолтой байна.

Энэ хэрэгт 3 шүүгдэгчийн өмгөөлөгч нар нэгдмэл нэг байр суурьтай байдаг. Амь хохирогчийг зодуулсны дараа таталт өгч унасан талаар хэн ч маргадаггүй. Энэ талаар гэрчүүд ч мэдүүлсэн байдаг. Харин “талийгаач зодуулсны дараа таталт өгч унаснаас тархинд гэмтэл авсан байх магадлалтай” гэж өмгөөлөгч нарын хэн аль нь маргаагүй.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч эмч М.Энхбаярын “тархины цусан хураа тархийг дарснаас болж нас барсан. Гавал тархины цусан хураа тэр дороо тархийг дарахгүй, аажимдаа дардаг. Цусан хураа нь анх үүссэн цагаас эхлэн нэмэгдэж байдаг учир анх 18 цагийн өмнөөс эхлэн цусан хураа үүсч эхэлсэн гэж үзэж болно.” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, талийгаачийг нас барахаас 18 цагийн өмнө тархинд цусан хураа үүсч эхэлсэн талаар мэдүүлсэн. Талийгаач Б.Баттогтох нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өглөөний 03 цаг 30 минутын үед нас барсан байдаг. Энэ цагаас урагш нь буюу ухрааж 18 цагийн өмнө гэж тооцож үзвэл 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 09 цагийн орчимд анхны гэмтлийг авч тэр үеэс эхлэн цусан хураа үүсч эхэлсэн байх магадлалтай гэж өмгөөлөгчийн хувьд маргасан. Мөн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 30 минутад уг хэрэг гарсан нь камерын бичлэгийн цаг хугацаанаас харагддаг.

Мөн гэрч М.Мөнхзулын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь илтэд зөрүүтэй байдаг. М.Мөнхзул 2016 оны 10 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд өгсөн мэдүүлэгтээ /1хх 36, 38/ “Зодоон болсны дараа нөхөр маань машин угааж байгаад татаад унасан” гэж мэдүүлдэг. Энэхүү мэдүүлгийг амь хохирогчийн хүү Батбаатар давхар нотлон гэрчилдэг. Гэтэл 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр /2хх 9-10/ “...гэмтэл нь унах үед ч үүсэх боломжтой” гэж дүгнэсэн байдаг. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг гарсны дараа гэрч Мөнхзулаас дахин мэдүүлэг авсан бөгөөд /2хх 156/ тэрээр мэдүүлэхдээ “...арагшаа машин налж сууж байгаад машин налсан чигтээ татаж унасан” гэж мэдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэрчийн мэдүүлгийг шинжээчийн дүгнэлттэй уялдуулж авсан нь илтэд харагдаж байгаа болно.

Нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл нь цохилтоос ч үүссэн байх боломжтой гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүд, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар амь хохирогчийн толгойн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон. Үүнээс харахад талийгаач нь цохилтоос болж нас барсан байж ч болох талтай. Тэгэхээр талийгаач цохилтоос болж нас барсан уу, уналтаас болж нас барсан уу гэдэг нь нэг мөр тодорхой болоогүй эргэлзээ төрүүлсэн хэвээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн зохих ял хариуцлагыг оногдуулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн эмчийн гаргасан дүгнэлтийг өмгөөлөгч нар буруу тайлбарлаж байна гэж үзэж байна. Талийгаачийг 6-12, 12-18 цагын хооронд авсан гэмтэл гэж нотолсоор байтал өмгөөлөгч нар буруу тайлбарлаж байна. Талийгаач татаж унадаг байсан эсэх нь уг хэрэгт ямар ч хамааралгүй. Нас барахаас 12 цагийн өмнө авсан гэмтлээс болж талийгаач нас барсан...” гэв.

 

Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан баримт болон шинжээчийн дүгнэлтээр богино цаг хугацаанд явагдсан учир хэний үйлдлээс цохисон эсэхийг ялгаж тогтоох боломжгүй. Талийгаач унаж татдаг өвчтэй байсан хэдий ч унаж татсаны улмаас нас барсан гэж үзэх боломжгүй. Шинжээчийн дүгнэлт унаснаас үүссэн гэдгээр үндэслэж хэргийг унахаас үүссэн гэдэг байдлаар хандаж болохгүй. Сидиг анхан шатны шүүх хуралдаанд 3 удаа шинжлэн судалсан. Б.Хаш-Эрдэнийн салгаж байгаа үйлдлүүд тодорхой харагддаг хэдий ч сүүлд нь алгадаж, цохиж байгаа үйлдэл нь аль ч биш байдлаар талийгаачийн толгойн тус газар цохиж байгаа нь харагддаг. Хэргийг бүлэглэн гүйцэтгэж байгаа тохиолдолд аль нэгийг ялгаж, салгаж энэнээс үүсээгүй гэдэг байдлаар гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй. Шинжээч эмчийн бичмэлээр гаргаж ирсэн нотлох баримтанд 6-12, 12-18 цаг гэж бичигдсэн байдаг. Хэдийгээр шинжээч эмч Энхбаяр шүүх хуралдаанд 18 цагийг 2 янзаар тайлбарладаг. Цагаатгах тогтоол гарсан шүүх хуралдаанд шинжээч эмч цаад тал нь 18 цаг гэж ярьж байсан. Сүүлийн шүүх хуралдаанд наад тал 18 цаг гэж тайлбарласан. Цаг хугацааны хувьд эргэлзэх нөхцөл байдал байхгүй, хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Х, Б.Б, Б.У нар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Баттогтохыг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Мөнхзулын “...Тэгээд зах дээр машин угааж байж байгаад 13:30 цагийн үед зах дээр хулгай хийгээд явдаг хүн нөхрийн хажуугаар гарахдаа “Шар бандиа чамайг мэдэхгүй юм байна” гэснээс болж нөхөр маань тэр хүнтэй муудалцаад тэр хүн хамт явсан 3 хүнтэй нийлээд манай нөхрийг зодсон, 1 хүн намайг зодсон. Тэгээд зах дээр машин угааж байгаад татаад унасан ба босч ирээд “бие сонин болоод” гээд 15-16 цагийн үед надад “би ер нь явлаа” гээд байхаар нь би 5.000 төгрөг өгөөд нөхрөө явуулсан...” гэх /1хх 36-37/,

насанд хүрээгүй гэрч М.Батбаатарын “...ээж 2 угаах машин олоод ээж, аав 2 угааж байтал 4 ах ирээд аавд хандаж “чи хэзээнээс эхэлж машин угаадаг болсон юм бэ” гээд хөөсөн. Тэгтэл аав “2000 оноос хойш угааж байна” гэж хэлээд маргалдсан. Тэгээд зодолдож эхэлсэн. Нөгөө гурван ах хажуунаас нь орж аавыг бас нийлээд тал талаас нь өшиглөж зодсон. Аав газар унаад “больё” гээд арай гэж босч ирэхэд нь нүүрэндээ сорвитой нэг ах “ямар овоо мөргөдөг юм бэ” гээд элэг хавь руу нь цохиж унагаасан. Тэгээд ээжийн үснээс зулгааж дугтарч унагаад намайг хөөхөд би зугтаасан. Тэгтэл хажууд машин угаадаг Зулаа гэдэг эгч “та нар болиоч, нэг хүн рүү гурав, дөрвүүлээ дайраад бас эмэгтэй хүнийг зодохоо боль” гээд салгасан...” /1хх 43-44/,

гэрч О.Цэдэвдоржийн “...миний машин угааж байсан эгнээнд хүмүүс зодоон хийгээд байхаар нь харахад машин угаадаг Баттогтох, эхнэр Зулаа нар нь Цоомоо бас хажууд нь 2, 3 хүмүүс хэрүүл хийгээд зодоон хийгээд байгаа бололтой байсан. Би тэр үед нь 200 метр орчим газар машин угаагаад байж байсан. Тэгээд машинаа угааж дуусаад тэд нар дээр ирээд “юу болсон юм” гэсэн чинь машин угаадаг Тулгаа ахын эхнэр, мөн Мөөгий гэдэг ахын эхнэр нь Баттогтохыг өмөөрөөд хэрүүл хийсэн. Баттогтох хэдэн хүмүүстэй хэрүүл хийхэд нь өмөөрөөд хэрүүл хийгээд байсан чинь нөгөө залуучууд нь цаашаа явцгаасан би тэгээд дахин машин угаахаар цаашаа явсан...” /1хх 49-50/,

гэрч Ө.Цолмонгийн “...Эхлээд түлэнхий нүүрт Ууганаа маргаж зодолдож эхэлсэн бөгөөд Хашаа, Болдоо нар надтай хамт эхлээд залгаж байсан ба сүүлдээ Батааг нөгөө гурав маань нийлээд зодоод эхэлсэн юм. Энэ бичлэгт сая харснаар бол эхлээд түлэнхий нүүрт Ууганаа шанаадаж байна, харин бичлэгийг бүрэн үзээгүй болохоор хэн, хэн хаана, хаана нь цохиж байгааг сайн хэлж мэдэхгүй байна. Харин тухайн үед миний харснаар түлэнхий нүүрт Ууганаатай бол зууралдаад зодолдоод цохилоод байсан ба Ууганаа 2-3 удаа цохиод үснээс нь зулгаагаад доошоо дараад 2 удаа өшиглөж байсан. Тэр үед нь Хашаа бид хоёр салгасан ба дараа нь Хашаа, Батаатай зууралдсан. Бас маргаад цохиод байсан. Би дахин очоод салгасан ба энд тэнд л бужигналдаад Тулгаа эхнэртэй нь маргачихсан байсан. Би тэд нарыг нэгэн зэрэг салгаж чадаагүй болохоор энд тэнд бужигналдаад нэгийг нь салгахаар нэг нь барьж авчихаад байсан юм. Ямар ч байсан миний харснаар бол Ууганаа 2-3 удаа шанаанд нь цохиод үсдээд дарж байгаад бас 2-3 удаа өшиглөсөн. Харин Хашаа, Тулгаа хоёр намайг салгаж байх үед мөн Ууганаатай маргаж байх үед хажуугаар нь ороод хэд хэдэн удаа шанаадаж байсан...” /1хх 53-56/,

гэрч А.Мөнхзулын “...Миний сонссоноор бол тэр нүүрэндээ түлэнхий сорвитой залуу Баттогтохыг “чи хэзээ ийм том болчихсон юм бэ, машин угаадаг хүмүүс ийм том байхыг мэдэхгүй юм байна” гээд маргалдаад байсан. Ингээд Баттогтох тэр түлэнхий нүүртэй залуутай заамдалцаж байсан чинь өндөр нуруутай залуу түлэнхий нүүртэй залууг цаашаагаа дагуулаад салгаад аваад явсан. Тэр хоёр залуутай Бүлтүүш хамт явсан. Баттогтох эхнэртэйгээ хамт машин угаагаад зогсож байсан чинь барзгар түлэнхий нүүртэй залуу дахиж ирээд Баттогтохыг шууд хэд хэдэн удаа алгадсан. Би холоос харж байсан болохоор яг хаана нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Тэгээд Баттогтохыг зодуулж байхыг эхнэр Зулаа нь хараад гүйгээд очсон чинь тэр түлэнхий нүүртэй залуу Зулааг барьж аваад унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би ямар дээрэлхүү залуу вэ гэж бодоод нөгөөдүүл дээр очсон. Би очоод “болиоч” гэсэн чинь “та нарт ямар хамаатай юм” гээд салахгүй Зулааг зодоод байсан. Харин цаад талд нь өндөр нуруутай, цагаан саарал куртиктай залуу Баттогтохыг заамдчихсан бас алгадаад “би чамайг өчнөөн өмөөрч байгаа шүү" гээд байсан. Зулааг зодож байхад хүү нь хажууд нь байсан болохоор ээжийгээ өмөөрөөд нөгөө барзгар нүүртэй залууг хэл амаар доромжлоод нөгөө барзгар нүүртэй залуу араас нь хөөсөн. Ингээд түлэнхий нүүртэй залуутай нөгөө хүүхдийг гүйцэхгүй болохоороо орхиод бие засах газрын тийшээ бөөнөөрөө явсан...” /1хх 51/,

гэрч Б.Уранчимэгийн “...Тэгтэл Цоомоо тэр хавиар явж байснаа Баттогтохыг “хөөш өвгөн Батаа” гэж тоглоомоор дуудтал Баттогтох уурлаад Цоомоотой хэрэлдтэл хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй гурван залуу хүрч ирснээ түлэнхий юм шиг нүүртэй залуу нь Баттогтоход хандан “зах хэзээ нээгдсэнийг мэдэх үү, та нар яадаг болчихсон юм бэ, та нар миний нүүрийг ийм болохоор ингээд байна уу” гэж хэлээд Баттогтохыг нэг удаа цохих шиг болсон. Би тэгэхэд тонгойгоод машин угааж байсан болохоор хэн нь цохисныг сайн харж чадаагүй. Тэгэхэд нь Цоомоо “больцгоо” гээд нөгөө залуусыг дагуулаад явсан. Тэгээд Цоомоо нөгөө залуучуудтайгаа хамт машинуудын ард нэг шил архи хувааж уучихаад эргээд хүрээд ирчихсэн явж байсан. Тэгэхэд би мөн машин угааж байсан бөгөөд хүмүүс орилолдоод байхаар нь хартал Цоомоо болон түүний найзууд нь Баттогтох болон түүний эхнэр Мөнхзул нарыг тойрчихсон зодож байх шиг байсан. Хэн нь хэрхэн яаж цохисныг мэдэхгүй байна...” /1хх 52/,

шинжээч эмч Г.Энхбаатарын “...Талийгаачид учирсан үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь толгойд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу талийгаачийн толгой хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. Бичлэгээс харахад дээрх хүмүүс талийгаачийн толгойн хэсэг рүү гараараа цохиж байна. Мөн дээрх үйлдлүүд нь нэг цаг хугацаанд болж байх тул яг алиных нь цохилтоос тархины гэмтэл учирсан болохыг ялгах боломжгүй. Уг гавал тархины гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Гэхдээ яг аль цохилтоос гэдгийг тогтоох боломжгүй...” /1хх 109-110/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:

“...талийгаач Б.Баттогтохын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, эрүүний төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. ...Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчингүй...”,

“...талийгаач Б.Баттогтохын үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх цусан бүлэн нь 6-12, 12-18 цаг болсон бүлэн...”,

“...Урд гаргасан Шүүх эмнэлгийн 1868 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Б.Баттогтохын үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд дээрх гэмтэл Б.Х, Б.У, Б.Б нарын цохилтуудын аль цохилтоос үүссэнийг ялгаж тогтоох боломжгүй. ...Талийгаачид гавлын ясны хугарал үүсээгүй, тархины эдийн няцрал үүсээгүй байх тул хүч үйлчилсэн цэгийг нарийвчлан тогтоох боломжгүй байх боловч задлан шинжилгээний тэмдэглэлд... баруун чихний дэлбэн ард 1.5x0.2 см зах ирмэг тэгш биш язарсан шарх, баруун чамархайн булчинд 2х2см хүрэн улаан хуралттай гэсэн байх тул уг гэмтлийг учруулсан хүч нь толгойн баруун хэсэгт үйлчилсэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь унах үед учирсан бол толгойн баруун хэсгээр савж унахад үүссэн байх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд нас барахаас 14- 16 цагийн өмнө үүссэн байх боломжтой...” болохыг тогтоосон дүгнэлтүүд /1хх 73-74, 2хх 9-10, 2хх 161-163/

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25-26/ зэргээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х, Б.Б, Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийн “...миний бие цохиж нүдсэн зүйл байхгүй, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...”, шүүгдэгч Б.Болдтулгын “...миний ар гэр маш хүнд байдалд байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”, шүүгдэгч Б.Уын “...бид гурвын хэнийх нь цохилтоос болж үүссэн гэдгийг тогтоогоогүй байж яллаж эрх зүйн байдлыг дордуулж байна, хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү...”, тэдний өмгөөлөгч О.Алтанчулуугийн “...Хаш-Эрдэнийн үйлдэл холбогдлыг гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү...”, өмгөөлөгч С.Батдэлгэрийн “...Б.Болдтулгын үйлдэл нь олон нийтийн газар нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын эрх чөлөөнд халдсан, өөрөөр хэлбэл, танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна, зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...”, өмгөөлөгч А.Мөнхсайханы “...ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн зохих ял хариуцлагыг оногдуулан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь дүрс бүхий бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлд “Б.У ...талийгаачийн зүүн талын шанаан тус газар нь гараараа цохиж дахин зууралдаж 3-4 удаа толгойн зүүн хэсэгт баруун гараараа цохив. ...Б.Б талийгаачийг баруун гараараа 1, зүүн гараараа 1 удаа цохиход Хаш-Эрдэнийн малгай газар унав. ...энэ үед Б.У нь талийгаачийн толгойн зүүн хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохиж холдоход Б.Б нь талийгаач дээр очиж зүүн гараараа толгойн баруун хэсэгт 1 удаа, баруун гараараа толгойн зүүг хэсэгт 1 удаа цохив. ...Б.Х талийгаачийн толгойн зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохив...” гэснээс үзвэл шүүгдэгч нар гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсоныг нотолж байгаа болно.

Түүнчлэн дээрх дүрс бүхий бичлэг, амь хохирогчийг шүүгдэгч нар хэрхэн, яаж цохисон, ямар байдалтай унасан, түүний биеийн байдал тухайн ямар байсан, зодуулснаас хойш гарсан өөрчлөлт зэргийг тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлт, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Баруун чамархайн булчингийн цус хуралт баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, эрүүний зулгаралт гэмтлүүд нь унаж оочих үед үүсэх боломжгүй. ...Хэрэв зүүн хажуугаар унаж гэмтэхэд ихэвчлэн тархины эсрэг тал болох баруун чамархай зулай, дагзны хэсгээр савж унавал урд хэсэг болох духны эдэд цус хуралт гэмтэл учирдаг. Иймд яг зүүн хажуугаараа унасан бол дээрх гэмтэл үүсэх боломж багатай...” /3хх 97, 98/, шинжээч эмч М.Энхбаяр “...баруун талд хүч үйлчлээд зүүн талдаа цусан хураа үүссэн байх боломж байгаа...” /3хх 246/ гэх мэдүүлгүүдээр давж заалдах гомдлууд давхар няцаагдаж байна.

 Шүүгдэгч Б.Х, Б.Б, Б.У нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасантай нийцжээ.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Шүүгдэгч Б.Х, Б.Б, Б.У нар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Баттогтохыг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж амь хохирогч дээрх гэмтлийн улмаас нас барсан үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.У, Б.Б нарт 14 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Хд 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шийдвэрлэсэн нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.