Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 100

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Батмөнх,

Шүүгдэгч: Ж.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх тайж овгийн Жигмэджамцын Алтангэрэлд холбогдох эрүүгийн 201616000175 тоот нэг хавтаст хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Ж.Алтангэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Их-Уулын 02-15 тоотод Монгол Улсын Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй каффейн /мими/-г хууль бусаар худалдан борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Алтангэрэлийн мэдүүлсэн мэдүүлэгт: Би цагаан хад гэдэг газар ажил хийх гэж очоод цалингаа аваад мими-г хүмүүс зараад байхаар нь худалдаж аваад аймагт ирж зарсан. Тэр үед болдог юм байх гэж бодсон. Хэрэг бүртгэлтийн шатанд ийм зүйл хийж болдоггүй гэдгийг ойлгосон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хэрэг зөрчил гаргахгүй гэв. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч У.Дөшбатын мэдүүлсэн мэдүүлэгт: Шинжилгээнд ирүүлж шинжлүүлсэн мими гэх бодис буюу каффейн нь гарал үүсэл тодорхойгүй учраас Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирэх, зарах, хадгалахыг хориглоно. Монгол Улсын Эмийн бүртгэлд БНХАУ-ын Tianjin Zhogan Pharmgceutical Co6.Ltd фармд үйлдвэрлэсэн каффейны түүхий эд бүртгэлтэй байдаг. Каффейн нь эмийн түүхий эд мөн. Шинжлүүлсэн бодис нь гарал үүсэл байхгүй, тодорхойгүй байсан. Би дүгнэлт дээрээ бусад зүйлийг тодорхой тусгагдсан байгаа. Гарал үүсэл нь тодорхой байсан ч эм болон эмийн түүхий эдийг гар дээрээс зарж борлуулахыг хуулиар хориглодог учраас угаасаа энэ мими буюу каффейнийг зарж болохгүй гэсэн үг юм гэжээ. /хх-22/,

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16/03/04/14 тоот шинжээчийн дүгнэлтэд: 1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүнгээр тус цагаан өнгийн нунтаг зүйлийн найрлагад каффейны агуулга илэрсэн байсан. 2.Тухайн бодисоос шинжилгээний дүнд илэрсэн каффейн нь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх ханган нийлүүлэх журам батлах тухай” 68 тоот, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” А/184 тоот тушаалуудад заагдсан Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтанд багтдаггүй болно. 3.Тухайн бодисоос шинжилгээний дүнд илэрсэн каффейн нь эмийн найрлаганд түүхий эд болж ордог боловч тухайн худалдан борлуулж байсан бодисын хувьд гарал үүсэл нь тодорхой бус байна. Монгол Улсын эмийн бүртгэлд Эмийн үйлдвэр ХХК-ийн бүртгүүлсэн БНХАУ-ын Tianjin Zhogan Pharmgceutical Co6.Ltd фармд үйлдвэрлэгдсэн F090419V-00120 улсын бүртгэлийн дугаартай каффейн бүртгэлтэй байна. 4.Тус аймгийн Шивээхүрэн, гашуун сухайт хилийн боомтууд нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 73 тоот “Эм эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” тогтоолоор эм эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэх хилийн боомтоор тогтоогдоогүй болно. 5. Каффейн бол шош, жимс гэх мэт 60 гаруй ургамлын төрөлд агуулагддаг, бидний хамгийн сайн мэдэхээр бол кофе, цайны навч, кокоа, кола болон энергийн ундаануудад /energy drink, вакус/ ихээр агуулагддаг. Каффейнийг химийн аргаар синтезлэж хоол болон ундаа, нэмэлт тэжээл, эм тарианд хэрэглэгддэг. Каффейн нь хүн бүрт адил үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд хувь хүний биеийн онцлог болон хамт хэрэглэсэн бүтээгдэхүүнээс нь хамаараад үйлчилгээ нь ‘Эрилцан адилгүй байна. Тус бодис нь анхаарал сайжруулж, ядаргааг бууруулах, диабет болон зүрх судасны өөрчлөлийн эрсдлийг бууруулах, метаболизмыг хурдасгах зэрэг эерэг нөлөөг үзүүлнэ. Харин сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах, чадамж багасгах, шээс ялгаруулалтыг хурдасгах зэрэгт сөрөг нөлөөтэй байна. /хх-20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5490 тоот шинжээчийн дүгнэлт: 1.4. Шинжилгээнд ирүүлсэн “ Шүүх шинжилгээний хүрээлэнд Алтангэрэлд холбогдох 20 кг нунтаг” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн найрлаганд каффейны агуулга илэрч байна. Энэ бодис нь НҮБ-ын “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” болон “Мансууруулах бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаггүй болно. Каффейны хүнд үзүүлэх эерэг нөлөө нь: Анхаарал сайжруулж, ядаргааг бууруулах, диабет болон зүрх судасны өвчлөлийн эрсдэл бууруулна, Сөрөг нөлөө нь: сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах чадамж багасах, шээс ялгаруулалт хурдсах зэргээр нөлөөлдөг байна, 2.3.Энэ асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно. /хх-15/,

Мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагч Ж.Алтангэрэлийн мэдүүлсэн мэдүүлэгт: Би 2016 оны 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хадан дээрээс нэг танихгүй хүнээс 25 ширхэг мимийг 1 ширхэгийг нь 4000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тэгээд би тэрийг буюу мимийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд авч ирж зарсан. 20 ширхэг мими зарсан байсан. Нэг мимийг нь 7000 төгрөгөөр зарсан. Тэгээд 5 ширхэг мими үлдсэн байсныг цагдаагийн газраас хүмүүс ирж хураан авсан. Би юуг нь мэдэхгүй байна. Мими гэж нунтаг цагаан зүйл байдаг юм. Тэрийг тунгалаг цагаан цаасан дээр тавьж байгаад доороос нь асаагуураар халааж уугиулан сорж хэрэглэдэг юм байдаг юм. Урд хил дээр том тэрэгний жолооч нар их авч хэрэглэдэг юм билээ. Нойр хүрэгдэггүй гэдэг юм билээ. /хх-30/, .

..Мими гэж тугалаган цаасан дээр тавиад доороос нь халаагаад утааг нь сор> хэрэглэдэг нунтаг цагаан бодисыг хэлээд байгаа юм. Хүмүүс буюу том машины жолооч нар ихэвчлэн авч хэрэглэдэг. Нойр хүргэдэггүй сэргээш болдог гэх юм билээ. Янз бүрийн хэмжээгээр нь тугалган цаасанд боочихсон байдаг юм. Мини авсан миминүүд нэг боодолдоо 20 грамм байсан. Цагдаад хураалгаад үлдсэн 5 ширхэгийг хиллүүлэхэд бүгд яг адилхан 20, 20 грамм болж байсан. Шинжилгээгээр мими гээд байгаа бодисийг Каффейн буюу эмийн түүхий эд гэж гарсан байсан гэжээ. /хх-32/, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9/,

Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлийг хиллэсэн тэмдэглэл /хх-9/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-14/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн албан бичиг /хх-18/, Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-19/, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газар шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-24-27/, Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан бичиг /хх-33/, Захиргааны шийтгэврийг хүчингүй болгох тухай Прокурорын тогтоол /хх-38/, Ж.Алтангэрэлийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-44/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-45/, Банкуудын тодорхойлолт /хх-47-54/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-57/, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 17-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Их-Уулын 02-15 тоотод Монгол Улсын Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй каффейн /мими/-г хууль бусаар худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээч У.Дөшбатын “...Шинжилгээнд ирүүлж шинжлүүлсэн мими гэх бодис буюу каффейн нь гарал үүсэл тодорхойгүй учраас Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирэх, зарах, хадгалахыг хориглоно. Монгол Улсын Эмийн бүртгэлд БНХАУ-ын Tianjin Zhogan Pharmgceutical Co6.Ltd фармд үйлдвэрлэсэн каффейны түүхий эд бүртгэлтэй байдаг. Каффейн нь эмийн түүхий эд мөн. Шинжлүүлсэн бодис нь гарал үүсэл байхгүй, тодорхойгүй байсан. Би дүгнэлт дээрээ бусад зүйлийг тодорхой тусгагдсан байгаа. Гарал үүсэл нь тодорхой байсан ч эм болон эмийн түүхий эдийг гар дээрээс зарж борлуулахыг хуулиар хориглодог учраас угаасаа энэ мими буюу каффейнийг зарж болохгүй гэсэн үг юм...” гэсэн мэдүүлэг /хх-22/, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16/03/04/14 тоот шинжээчийн дүгнэлт “ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүнгээр тус цагаан өнгийн нунтаг зүйлийн найрлагад каффейны агуулга илэрсэн байсан. Тухайн бодисоос шинжилгээний дүнд илэрсэн каффейн нь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг импортлох, үйлдвэрлэх ханган нийлүүлэх журам батлах тухай” 68 тоот, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Журамд өөрчлөлт оруулах тухай” А/184 тоот тушаалуудад заагдсан Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтанд багтдаггүй болно. Тухайн бодисоос шинжилгээний дүнд илэрсэн каффейн нь эмийн найрлаганд түүхий эд болж ордог боловч тухайн худалдан борлуулж байсан бодисын хувьд гарал үүсэл нь тодорхой бус байна.

Монгол Улсын эмийн бүртгэлд Эмийн үйлдвэр ХХК-ийн бүртгүүлсэн БНХАУ-ын Tianjin Zhogan Pharmgceutical Co6.Ltd фармд үйлдвэрлэгдсэн F090419V-00120 улсын бүртгэлийн дугаартай каффейн бүртгэлтэй байна. Тус аймгийн Шивээхүрэн, гашуун сухайт хилийн боомтууд нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 73 тоот “Эм эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх хилийн боомтыг тогтоох тухай” тогтоолоор эм эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэх хилийн боомтоор тогтоогдоогүй болно. Каффейн бол шош, жимс гэх мэт 60 гаруй ургамлын төрөлд агуулагддаг, бидний хамгийн сайн мэдэхээр бол кофе, цайны навч, кокоа, кола болон энергийн ундаануудад /energy drink, вакус/ ихээр агуулагддаг. Каффейнийг химийн аргаар синтезлэж хоол болон ундаа, нэмэлт тэжээл, эм тарианд хэрэглэгддэг. Каффейн нь хүн бүрт адил үйлчилгээ үзүүлдэггүй бөгөөд хувь хүний биеийн онцлог болон хамт хэрэглэсэн бүтээгдэхүүнээс нь хамаараад үйлчилгээ нь ‘Эрилцан адилгүй байна. Тус бодис нь анхаарал сайжруулж, ядаргааг бууруулах, диабет болон зүрх судасны өөрчлөлийн эрсдлийг бууруулах, метаболизмыг хурдасгах зэрэг эерэг нөлөөг үзүүлнэ. Харин сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах, чадамж багасгах, шээс ялгаруулалтыг хурдсгах зэрэгт сөрөг нөлөөтэй байна.” /хх-20-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5490 тоот шинжээчийн “ Шүүх шинжилгээний хүрээлэнд Алтангэрэлд холбогдох 20 кг нунтаг” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн найрлаганд каффейны агуулга илэрч байна. Энэ бодис нь НҮБ-ын “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” болон “Мансууруулах бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаггүй болно. Каффейны хүнд үзүүлэх эерэг нөлөө нь: Анхаарал сайжруулж, ядаргааг бууруулах, диабет болон зүрх судасны өвчлөлийн эрсдэл бууруулна. Сөрөг нөлөө нь: сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах чадамж багасах, шээс ялгаруулалт хурдсах зэргээр нөлөөлдөг байна. Энэ асуулт нь манай лабораторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно.” гэсэн дүгнэлт /хх-15/,

сэжигтэн, яллагдагч Ж.Алтангэрэлийн “...Би 2016 оны 06 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хадан дээрээс нэг танихгүй хүнээс 25 ширхэг мимийг 1 ширхгийг нь 4000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тэгээд би тэрийг буюу мимийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд авч ирж зарсан. 20 ширхэг мими зарсан байсан. Нэг мимийг нь 7000 төгрөгөөр зарсан. Тэгээд 5 ширхэг мими үлдсэн байсныг цагдаагийн газраас хүмүүс ирж хураан авсан. Би юуг нь мэдэхгүй байна. Мими гэж нунтаг цагаан зүйл байдаг юм. Тэрийг тунгалаг цагаан цаасан дээр тавьж байгаад доороос нь асаагуураар халааж уугиулан сорж хэрэглэдэг юм байдаг юм. Урд хил дээр том тэрэгний жолооч нар их авч хэрэглэдэг юм билээ. Нойр хүргэдэггүй гэдэг юм билээ. /хх-30/, Миний авсан миминүүд нэг боодолдоо 20 грамм байсан. Цагдаад хураалгаад үлдсэн 5 ширхгийг хиллүүлэхэд бүгд яг адилхан 20, 20 грамм болж байсан. Шинжилгээгээр мими гээд байгаа бодисыг Каффейн буюу эмийн түүхий эд гэж гарсан байсан...” гэсэн мэдүүлэг хх-32/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Ж.Алтангэрэлийн үйлдэлд тохирсон байна. Учир нь: Шүүгдэгч Ж.Алтангэрэлийн зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар худалдан борлуулсан каффейн /мими/ нь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, тушаалд заагдсан Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтанд багтдаггүй, эмийн найрлаганд бэлдмэл, түүхий эд болж ордог боловч гарал үүсэл нь тодорхой бус болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлд эмийн түүхий эд гэж эмчилгээний идэвхит бодис агуулсан цэвэр язгуур махбодь, нийлэг болон ургамал, амьтан, эрдсийн гаралтай зүйлийг хэлэхээр заажээ. Уг гэмт хэргийн улмаас буюу каффейн /мими/ нь хүний амь нас эрүүл мэндэд сэтгэл түгшилт, донтолт, хөдөлгөөн удирдах чадамж багасах зэрэг хүний амь нас, эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулдагаараа сөрөг үр дагавартай гэмт хэрэг юм. Иймд шүүгдэгч Ж.Алтангэрэлийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар каффейн /мими/-ийг худалдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан хэдий ч ялтайд тооцогдох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5490 дугаартай дүгнэлтэнд “...20 кг нунтаг гэсэн хаягтай...” цаасан ууттай зүйлийг ирүүлсэн гэж бичсэн байх ба хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар тооцож хураагдаж ирсэн каффейн /мими/ нь нийт 100 грамм ба нэг боодол нь 20 грамм байх тул 20 граммыг 20 кг гэж бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг боодолтой, нийт 100 грамм каффейн /мими/-ийг гүйлгээнд хориглосон эд зүйл гэж үзэж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хөх тайж овгийн Жигмэджамцын Алтангэрэлийг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эм /эмийн түүхий эд каффейн /мими/-ийг худалдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтангэрэлд 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтангэрэлд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг боодолтой, 100 грамм каффейн /мими/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтангэрэлд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Ж.Алтангэрэлд мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь зааснаар Ж.Алтангэрэл нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Алтангэрэлд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Алтангэрэлд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ