Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0774

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр               Дугаар 128/ШШ2020/0774                    Улаанбаатар хот

                             

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Г овогт Б-ийн Д, Б

Хариуцагч: Бздзда,

Нэхэмжлэлийн шаардлага: “Бздздын 2020 оны ... дугаар захирамжийн иргэн Бийн Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Д.П, гуравдагч этгээд Б.Э, гэрч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Д миний бие Баянзүрх дүүргийн 9-р хороо, ,,,хаягт байрлах газар дээр 2006 оноос хойш амьдарч байна. Анх энэ газрыг манай аав Б нь М гэх хүнээс худалдан авч байсан баримт нь одоог хүртэл манайд байгаа юм. Энэ газар дээр миний аав ээж дүү би болон бид гэр бүлээрээ амьдарч байгаа юм. Миний бие 2016 оноос хойш Бийн Э гэх залуутай хамтран амьдарч байгаад 2018 оны 09 сараас тус тусдаа амьдрах болсон  билээ. Гэтэл Б.Эын төрсөн эгч болох Бийн Э нь манай хашааны газар дээр огт амьдарч байгаагүй нэг ч хашааны банз хатгаагүй атлаа Баянзүрх дүүргийн газрын албанд бид нараас түрүүлж хуурамч материал бүрдүүлж өгч манай газар дээр Бздздын 2020 оны ...тоот захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан байна. Газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар материал бүрдүүлж өгөхдөө хашааны 4 тал зураг хавсаргаж өгдөг. Гэтэл манай хашааны зургийг дарж материалдаа хавсаргаж өгсөн байсан юм. Би удаа дараа дүүргийн газрын албанд материалаа өгөх гэтэл материал хүлээж авахгүй гээд миний материалыг авахгүй байсан. Гэтэл сая 4 сард хүн манай газрыг зарах гэж байгаа газар мөн үү гэж хүн сураглаж ирэхээр нь мэдсэн юм. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухай шатны засаг даргад ... гаргана”, мөн зүйлийн 32.4-т Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүгийн газрын албан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ” гэж заасан. Мөн хуулийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан.

Иймд газрын албаны ажилтан иргэн миний газар эзэмших тухай хүсэлтийг удаа дараа үндэслэлгүйгээр хүлээж авахаас татгалзаж иргэн миний Газрын албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн дагуу газар эзэмших эрхийг зөрчсөн мөртлөө уг газар дээр огт амьдарч байгаагүй, хамааралгүй хүнд газар эзэмших эрх олгосон нь Бздздын 2020 оны ...тоот захирамжийн Бийн Эд холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 6.1, 32.1, 32.4 дэх заалтуудыг зөрчсөн байна. Иймд уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноор иргэн миний зөрчигдсөн эрх болох “газар эзэмших эрх” сэргээгдэх юм. Миний зүгээс уг захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн засаг даргад энэ асуудлаар өргөдөл гаргаж хэрхэн шийдвэрлэсэн талаарх албан бичгийг нэхэмжлэлдээ хавсаргасан болно” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Манай нэхэмжлэлийн шаардлага болохоор Бздздын 2020 оны ...тоот захирамжийн Бийн Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах байгаа. Нэхэмжлэгч 2006 оноос хойш амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байна. Гуравдагч этгээд болохоор тус газарт огт амьдраагүй байж газрын гэрчилгээ гаргасан байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Дгийн хүсэлт гаргаж байгаа газар нь Б.Эгийн эзэмшиж байгаа газартай давхацсан гэдэг. Гэтэл Б.Э нь тухайн газраа огт амьдраагүй атлаа газрыг эзэмшиж материал бүрдүүлж өгсөн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.

Газрын албанаас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар бүртгэл авагдсан гэдэг хариу тайлбар хэлж байна. Б.Эгийн өгсөн материал нь газар эзэмших хүсэлт гаргагчийн бүрдүүлж өгөх баримтын шаардлагыг хангасан учраас Газрын албанаас материалыг хүлээж авсан боловч энэ газар дээр Б.Э амьдарч байна уу? Эсвэл Б.Д гэдэг хүн амьдраад байгаа юм уу? гэдгийг судлахгүйгээр шууд газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн байна. Хариуцагчийн хариу тайлбараас Б.Д нь 2016 онд 1000 болон ... тоотод өргөдөл өгсөн байна. 2018 онд газар зохион байгуулагчтай ирж уулзаад газрыг очиж үзсэн гэдэг. Б.Э 2018 онд мөн адил холбогдох материалаа бүрдүүлж өгсөн байна. Цаг хугацааны хувьд ойролцоо газар эзэмших хүсэлтээ өгч байсан. Энэ талаар хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Гуравдагч этгээд нь Б.Дгаас худалдаж авсан мөн дүүтэй нь хамтран амьдарч байсан учраас байшин барихад мөнгө зээлдүүлсний хариуд тухайн газрыг авсан гэж өөрөө тайлбарладаг боловч энэ талаарх ямар нэгэн баримт байхгүй. Б.Д цалингийн зээл авч өөрөө байшингаа барьсан. Энэ талаар цалингийн зээлийн хуулбараар харагдана.

Нэхэмжлэгчийн тухайд тухайн газраа амьдарч байгаа гэдгээр шударга эзэмшигч болж байгаа. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Гэтэл энэ заалтыг зөрчиж Б.Дгийн эзэмшиж байгаа газрыг ямар нэгэн дурын этгээдэд эзэмшүүлсэн. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь өөрөө амьдарч байгаа хашаагаа барьсан гэдэг нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү гэж хүсч байна” гэв.

 

Хариуцагч Бздздын үүрэг гүйцэтгэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Хариуцагчийн зүгээс иргэн Б.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Иргэн Б.Э нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших хүсэлтээ Бздздад гаргасныг тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бүртгэж авсан байна.

Иргэний гаргасан хүсэлтийг хянаж үзээд Бздзда Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 оны ... дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 424 метр квадрат газрыг “Гэр, орон сууцны хашаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай тус иргэнд газар эзэмшүүлсэн.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... уг газар дээр огт амьдарч байгаагүй, хамааралгүй хүнд газар эзэмших эрх олгосон...” гэж дурдсан байдаг. Гэтэл иргэн Б.Э нь газар эзэмших хүсэлтдээ “... 2004 оноос хойш өдийг хүртэл Шар хадны 64-1002 тоотод амьдарч байна. Уг газарт ногоо тарьдаг байсан...” гэж дурджээ. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуулиар газар эзэмшихэд тухайн хүсэлт гаргасан газарт амьдарч байсан, эсхүл амьдардаг байхыг шаардаггүй.

3. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ” гэж заасан боловч 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаж тухайн газрыг эзэмших хүсэлт давхцуулж олгох боломжгүй, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасанчлан маргааныг дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэгчид 2020 оны 05 дугаар 06-ны өдрийн 13/2109 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг.

4. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж зааснаас үзэхэд хуульд заасны дагуу 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүр газрыг эзэмшиж ашиглахаар байна. Нэхэмжлэгч Б.Д нь тухайн хэм хэмжээг зөрчсөн гэж байгаа боловч ямар байдлаар, хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой тайлбарлаагүй. Иймд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг зөрчсөн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрхээс үзэхэд Бздздын 2020 оны ... дугаар захирамж нь хуульд нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Д нь Бздздад холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн Б.Эд Бздздын 2020 оны ... дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 424 м.кв газрыг Гэр, орон сууцны хашаа-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэг, 32.1 дэх хэсэг, 32.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэжээ. Иймд Бздздын 2020 оны ... дугаар захирамжийн Б.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагчийн зүгээс иргэн Б.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Иргэн Б.Э нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших хүсэлтээ Бздздад гаргасныг тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бүртгэж авсан байна. Иргэний гаргасан хүсэлтийг хянаж үзээд Бздзда Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2020 оны ... дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 424 м.кв газрыг Гэр орон сууцны хашаа-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай тус иргэнд газар эзэмшүүлсэн.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...уг газар дээр огт амьдарч байгаагүй, хамааралгүй хүнд газар эзэмших эрх олгосон... гэж дурдсан байдаг. Гэтэл иргэн Б.Э нь газар эзэмших хүсэлтдээ ...2004 оноос хойш өдийг хүртэл Шархадны 64-1002 тоотод амьдарч байна. Уг газарт ногоо тарьдаг байсан... гэж дурджээ. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуулиар газар эзэмшихэд тухайн хүсэлт гаргасан газарт амьдарч байсан, эсхүл амьдардаг байхыг шаарддаггүй.

3. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт энэ хуулийн 32.2, 32.3-д заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ гэж заасан боловч 32 дугаар зүйлийн дахь хэсэгт Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, сум, дүүргийн Газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх хүсэлтийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна" гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаж тухайн газрыг эзэмших хүсэлт давхцуулж олгох боломжгүй, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасанчлан маргааныг дээд шатны албан тушаалтан, байгууллага эсхүл шүүхээр шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэгчид 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 13/2109 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг.

4. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана" гэж зааснаас үзэхэд хуульд заасны дагуу 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн бүр газрыг эзэмшиж ашиглахаар байна. Нэхэмжлэгч Б.Д нь тухайн хэмжээг зөрчсөн гэж байгаа боловч ямар байдлаар, хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой тайлбарлаагүй. Иймд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг зөрчсөн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрхээс үзэхэд Бздздын 2020 оны ... дугаар захирамж нь хуульд нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.3.14 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Дгийн газар дээр давхцал гэж байхгүй. Өөрсдөө анхнаасаа зөвшөөрөлгүй газар дээр хашаа татсан” гэв.

 

Гуравдагч этгээд Б.Э шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Э миний бие 2017 оны 1 сард Б.Од 5 сая төгрөг бэлнээр өгч Б.Дтай аман гэрээ хийж авсан БЗД 9-р хороо шархад 64-р гудамжны ...газрыг авсан. Тухай үед Б.Д Б.Э нар БЗД 9-р хороо, Шархад ...тоот газар дээр амьдарч байсан. Б.Э миний бие 2017 оны 2 сард БЗД газрын албаны мэргэжилтэн Пгийн хамт очиж хуулийн дагуу кадастр хийлгэсэн БЗД газар албанд 2017 оны 2 сар 8 өдөр холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн газрын алба хүлээж авсан. Бичиг баримтаа бүрдүүлж өгөх үед Б.Д хүлээн зөвшөөрсөн мөртлөө одоо хууль бусаар хуурамч материал бүрдүүлж өгсөн гэж нэхэмжлэл гаргасан байна өөрөө хүн гүтгэж мөн газар албаны хүмүүсийг давхар гүтгэсэн. Өөрийнхөн газрын материал БЗД 9-р хороо шархадны 64 гудамжны ... тоот хашааны кадастртай байж миний ...газрыг авах гэж улайран зүтгэж байгаа нь намайг болон газрын албыг гүтгэж байна.

Миний бие Б.Э БЗД газрын албанд хуулийн дагуу өргөдөл холбогдох баримтыг бүрдүүлж хавсарган газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан Гэрчилгээ дугаар – 000084931 2020 оны 2 сар долооны өдөр А50 тоот шийдвэрээр БЗД 9-р хороо шархад 64-р гудамжны ...хаягт ... бүхий 424 (0,0424) 15 жилийн ... бүртгэлтэй гэрчилгээ олгосон 2020 оны 03.23 өдөр гэрчилгээ авсан Б.Д нь 2016 оноос Б.Э гэдэг залуутай амьдарч байгаад 2018 оны 9 сараас тустай амьдрах болсон гэж худал бичсэн байна. Б.Д 2009-2018 оны хооронд 9 жил амьдарсан нотолгоо нь Б.Д 2013-2014 сүүл хүртэл Өмнөговь аймгийн ХЦ031 ангид ариун цэврийн байцаагчаар ажиллаж байсан.

Ажиллаж байсан үеийн цалин нийгмийн даатгалаар баталгаажина. Б.Э нь Заставын дарга байсан. 2017 онд БЗД газрын албанд өргөдөл бичихэд ...амьдарч байснаар бичиж өг гэж Д хэлсэн Б.Д нь 2006 оноос амьдарч байсан худлаа 2016 онд Б.Д Б.Э БЗД 9-р хороо шархад ...тоот газрын бичиг баримтыг БЗД газрын албанд өгсөн надад зарсан БЗД 9-р хороо шархад 64-р гудамжны ...газраа үлдээгээд кадастр оруулсан. 2017.02.08 материалаа өгсөн хэрвээ ...газрыг авах 2016 онд ... тоот газрын албанд өгөх байсан гэтэл 2018 онд салсны дараа 2019 онд 2002 тоотыг авна гэж материал бүрдүүлж өгсөн нь луйвар хийж байна. Бие хууль дагуу шударгаар авсан Б.Дгийн худал гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед итгэж мөнгөө өгөөд орох оронгүй ах Б.Оыд амьдарч байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр Б.Дгийн Бздздад холбогдуулан гаргасан “Бздздын 2020 ... дугаар захирамжийн иргэн Бийн Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Бздздын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг үндэслэн Б.Э нарын 720 иргэнд газар эзэмших эрх олгож баталгаажуулахаар шийдвэрлэсэн байна[1].

Шүүхээс хийсэн газрын үзлэг болон хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэгч Б.Д нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 60 гудамжны 1000, ..., ...хаягт байрлах газруудыг бүхэлд нь хашаалсан боловч 1000 тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Б.Д, ... тоот хаягт байрлах газрын нэхэмжлэгчийн ах Б.Хнар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг, эдгээр газрууд нь дугаарлалтын хувьд дэс дараалан дугаарлагдаагүй буюу ... тоот газар нь хашааны урд хэсэг/жижиг байшин байрлаж буй/-т, 1000 тоот газар нь хашааны дунд хэсэг/1 давхар ногоон өнгийн амины сууц байрлаж буй/-т, харин маргаж буй ...газар нь хашааны хойд хэсэгт тус тус байрлаж байгаа нь тогтоогдов[2]. Энэ тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

Харин нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс тус дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 60-1002 тоотод орших 424мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар Б.Эд эзэмшүүлсэн хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн үндэслэлээ “Маргаж буй газрыг бүхэлд нь анх 2006 онд худалдаж аваад ногоо тарьж оршин сууж байсан байхад хариуцагч нь хээрийн судалгаа хийлгүйгээр бодитоор эзэмшиж үүссэн газартай давхцуулж гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлтээ гаргаж байгаагүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй газрыг хашаалсан тул давхцуулж эзэмшүүлсэн гэж үзэхгүй, маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 13/4848 тоот лавлагаагаар  Б.Э нь тус дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 64-...хаягт байрлах 424мкв газрыг эзэмших тухай хүсэлтээ 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хорооны Засаг даргаар уламжлан анх гаргасан, ингэхдээ иргэний үнэмлэхний лавлагаа, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, газрын кадастрын болон фото зураг зэрэг баримтуудыг хавсарган өгсөн[3] нь тогтоогдов.

Энэ тохиолдолд хариуцагч Бздздаас маргаан бүхий актаар 424 мкв газрыг эзэмших эрхийг Б.Эд олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” заасан дүүргийн Засаг дарга нь  эрх хэмжээнд нийцсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр нь иргэний хүсэлтэд үндэслэгдэхээр, 31 дүгээр зүйлийн 31.3-т иргэний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газартай давхцаагүй байх шаардлагыг тус тус заасан байх ба маргааны тохиолдолд Б.Эгаас гаргасан газар эзэмших тухай хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан, харин нэхэмжлэгч Б.Дгаас ...газрыг эзэмших тухай хүсэлтээ бичгээр гаргаж байгаагүй байх тул маргаан бүхий актыг хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчээс тус газар дээр газар эзэмших тухай хүсэлтээ 2016 оны үед гаргаж байсан гэж тайлбарлах боловч хүсэлтээ гаргаж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй, харин тэрээр ...газрыг эзэмших тухай хүсэлтээ өөрийн нэрээр гаргаж байгаагүй гэдгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...газрыг эзэмших тухай хүсэлт гаргаж байсан баримт тус газрын архиваас шүүж үзэхэд олдоогүй" тайлбарлаж байх тул нэхэмжлэгч Б.Д нь маргаж буй ...газрыг эзэмших тухай хүсэлтээ хууль тогтоомжид нийцүүлэн эрх бүхий этгээдэд гаргаагүй гэж үзэхээр байх тул хариуцагч захиргааны байгууллагыг бусдын эзэмшиж буй газарт давхцуулан Б.Эд газар эзэмших эрх олгосон гэж буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “Б.Дгийн аав н.Б нь уг газрыг 2006 оны н.М гэдэг хүнээс худалдаж авсан, 2014-2015 оны үеэс уг газрыг бүхэлд нь хашаалж амьдарч байсан. Бодитоор эзэмшил үүссэн байсныг хариуцагч харгалзаагүй, уг газартай давхцуулан Б.Эд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан” гэж тайлбарлан маргах боловч энэхүү тайлбар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасанд нийцэхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Төрийн өмчийн газрыг эрхийн гэрчилгээгүй этгээдүүд захиран зарцуулах эрхгүй тул маргаан бүхий актаар газрыг давхцуулан эзэмшүүлсэн гэж үзэхгүй” гэсэн тайлбар илүү үндэслэлтэй, хүлээж авахуйц байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “2016 онд өөрийн дүү Б.Шийн нэрээр хүсэлт гаргасан боловч баримт дутуу гээд аваагүй, дараа нь хүсэлтээ гаргах гэсэн боловч дүү гадаад улсад зорчихоор болсон, мөнгө төгрөгний асуудал нь болоогүй зэргээр хүсэлтээ аваачиж өгөөгүй” гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн дүү болох Б.Ш нь Бздздын 2020 оны ... дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй, маргаагүй тул Б.Ш нь ...газарт газар эзэмших хүсэлт гаргаж байсан талаарх баримтыг шүүхээс цуглуулахгүй, мөн түүний хүсэлт гаргасан газартай давхцуулж маргаан бүхий актаар газар эзэмшүүлсэн эсэхэд шүүхээс дүгнэлт хийхгүй.

Иймд Б.Дгийн Бздздад холбогдуулан гаргасан “Бздздын 2020 оны ... дугаар захирамжийн иргэн Бийн Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн Бздздад холбогдуулан гаргасан “Бздздын 2020 оны ... дугаар захирамжийн иргэн Бийн Эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

 

 


[1] Хавтаст хэргийн 51 дэх талд

[2] Хавтаст хэргийн 137-138 дахь талд

[3] Хавтаст хэргийн 87-98 дахь талд

РЭ