Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/562

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

гэрч Б.Н,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Ц.Б /РД:***/.   

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “****” зочид буудалд хохирогч Б.Мийн 1.575.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Н мэдүүлэхдээ “...Мэдүүлэгт хэлсэн намхан залуу нь Болбаатар мөн. Надаас 60.000 төгрөгийн зүйл аваад 100.000 төгрөг өгчихөөд “Адилхан амьдрах гэж байгаа” гэж хэлсэн. Надад мөнгө өгөх гэж байгаад их хэмжээний мөнгө газар унагаасан. 200.000 төгрөг, 600.000-700.000 төгрөг газарт унах үед нүдэн баримжаагаар ялгах боломжтой” гэв.

         Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2 дугаар сарын  13-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “****” зочид буудлын 210 тоот өрөөнд хохирогч Б.Мийн 1.575.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн үед Амарсүрэн, Б, Бын дүү нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” нэртэй зочид буудлын 210 тоот өрөөнд орсон. Шөнө 02 цагийн үед Б 2 найзыгаа дуудчихсан гээд удалгүй Мина, Заяа гэх 2 эмэгтэй ирсэн. Бид хэд нийлж ууж, идэж байгаад шөнө 03 цагийн үед Бийг дуудаад Б найз Хонгорзулын хамт ирсэн. Өглөө 06 цагийн үед Бын дүү, Заяа, Мина нар явсан. Өрөөнд Б, Хонгорзул, Б бид 4 үлдсэн ба би түрүүлээд баруун талын орон дээр ганцаараа хувцастайгаа унтсан. Намайг унтах гэж байхад миний түрийвчтэй мөнгө, гар утас өмдний зүүн талын урд халаасанд байсан. тэгээд унтаж байгаад өглөө 9 цагийн үед сэрэхэд миний гар утас, нүдний шил байгаагүй. Харин миний түрийвч өмдний арын халаасанд байхаар нь би гайхаад түрийвчтэй мөнгөө шалгахад дотор нь байсан 1.680.000 төгрөг алга болсон байсан. Намайг сэрэхэд өрөөнд Б, Б, Амарсүрэн Жинжиймаа нар байсан ба Хонгорзул явчихсан байсан. Тэгээд би гар утас, мөнгө алга болсон байна гэхэд Б миний гар утсыг гаргаж ирсэн ба хаанаас авсан талаар асуухад буудлын ресейпшнээс авсан гэж хэлсэн. Буудлын ресейпшнээс асуухад Б гар утас өгөөгүй, аваагүй гэж байсан. Тухайн үед өөрийн ажиллуулдаг “БУММ” ХХК-ийн орлогын мөнгийг дансандаа хийж компанийн данс руу шилжүүлэх гэж байсан ба тухайн мөнгөнөөс 105.000 төгрөгийг зарцуулсан, үлдэгдэл 1.575.000 төгрөг нь бэлнээр 20.000 төгрөгийн дэвсгэртээр байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 11-12 дугаар хуудас/,   

         Гэрч С.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүү М рүү яриад “ээжийнх нь ажлын шургуулгад 1.680.000 төгрөг тоолоод хийчихсэн байгаа, тэр мөнгийг аваад дансанд хийчихээрэй” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр М тэр мөнгийг авч гараад дансандаа хийлгүй хулгайд алдчихсан...” гэх мэдүүлэг /хэргийн 18 дугаар хуудас/,

         Гэрч З.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр найз М дуудаад “****” гэх зочид буудлын 210 тоот өрөөнд орсон. Өрөөнд үл таних 2 эмэгтэй, 2 эрэгтэй, Амарсүрэн нар архи уугаад сууж байсан. ...М орон дээр унтаж байсан. Удалгүй ресейпшн эгч орж ирээд “шөнө орж ирээд байсан охин захын өрөөнд 2 хөгшин залуутай хамт унтаж байна, ороод авчих” гэхээр нь би Амарсүрэнг дуудаад тэр охиныг авахаар гарсан. Тухайн үед өрөөнд Б, М нар үлдсэн. Тэгээд нөгөө өрөө рүү ороод Жинжиймаа гэх охиныг аваад буцаж орж ирээд байж байтал Б гаднаас орж ирснээ “ахын дүү энэ 20.000 төгрөгөөр тамхи аваад татчих” гээд байхаар нь би хүнээс мөнгө авдаггүй гээд сууж байхад Амарсүрэн гаднаас орж ирээд Бтай цуг гараад явсан. Б, Амарсүрэн нар орж ирээд Б М рүү “андаа чиний гар утсыг ресейпшнээс сая авлаа” гээд өгтөл М халаасаа уудалж үзээд миний халаасанд байсан 1.680.000 төгрөг алга болчихсон байна гэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

         Гэрч Б.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах “****” зочид буудалд ресейпшний ажил эрхэлж байсан. Тэгэхэд 2022 оны 2 дугаар сарын 12-ны орой 9 цагийн үед 4 залуу буудлын өрөө хоногоор авъя гэж орж ирсэн ба 210 тоот өрөөнд оруулсан. Өндөр залуу нь буудлын мөнгөнөөс 20.000 төгрөг өгсөн. ...Өндөр залуу нь архи авъя гээд 2 шил архины мөнгө болох 80.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр үед өндөр залуугийн түрийвчинд 20.000 төгрөгийн дэвсгэртүүд харагдаж байсан. Тэр залуу “энэ хэдэд намайг бэлэн мөнгөтэй явж байгааг битгий хэлээрэй” гэсэн. ...Надаас дахиж ундаа, чипс, шоколад зэрэг зүйлс нэмж авсан ба авсан зүйлийнхээ мөнгийг өгөхгүй болохоор нь би надад барьцаанд юм өг гэхэд нэг эмэгтэй, үсээ хоёр хагалчихсан залуу хоёр надад утсаа өгсөн. Тэр хэд нийтдээ надаас 60.000 гаран төгрөгийн юм авсан. Тэгээд өглөө болж байхад намхан залуу нь манай өрөөнд орж ирэхээр нь би мөнгөө нэхэхэд тэр залуу өмднийхөө баруун хойд халаасыг ухаж байгаад их хэмжээний шинэ 20.000 төгрөгийн дэвсгэртүүд асгасан. Тэр мөнгө ойролцоогоор 600-700 орчим мянга байсан байх их харагдаж байсан. Газарт унасан мөнгийг нь бид хоёр цуг хамж авсан ба тэр намхан залуу надад 100.000 төгрөг өгсөн. Тэр мөнгө нь миний авах мөнгөнөөс их байхаар нь би илүү байна гэхэд “та ч амьдрах гэж байгаа, би ч амьдрах гэж байгаа” гэж хэлээд гараад явсан. Тэр залууд би мөнгөний оронд барьцаанд тавьсан 2 ширхэг гар утсыг эргүүлж өгсөн. Тэрний дараа намхан залуу дахин орж ирээд бэлэн гоймон 2 ширхгийг дэвтээгээд өгөөч, бас пиво авна гээд 40.000 төгрөг өгчихөөд явсан. Удалгүй өндөр залуу нь миний мөнгө алга болчихлоо гээд хашхираад байсан. ...Цагдаа нар өрөөнд мөнгө хайж байгаад орны хажуу талаас 20.000 төгрөг олсон. Тэгээд би намхан залуугийн надад өгсөн мөнгийг өгсөн ба 160.000 төгрөг байсан. Тухайн намхан залуу надад гар утас өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/,

         Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэгийн 10 дугаартай “***” ХХК-с 1.680.000 төгрөгийн ширээг бэлэн мөнгөөр худалдаж авсан” гэх албан бичиг, зарлагын баримт /хэргийн 87, 78 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 56 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 57-66 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 67 дугаар хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 68-77 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 111 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2 дугаар сарын 13-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “****” зочид буудлын 210 тоот өрөөнд хохирогч Б.Мийн 1.575.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.575.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэгийн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

         Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

          Тиймээс шүүгдэгч Ц.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирлын талаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мэд 1.575.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 1.580.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Идэрхангай “... зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

          Шүүгдэгч Ц.Бын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

        Шүүхээс шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Бт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.    

Шүүгдэгч Ц.Б нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай. 

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО