Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Б.Ууганбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 992 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Н.Д /РД:***/.   

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Н.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баруун дөрвөн замын автобусны буудлаас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД” андуудын замын хойд талын автобусны буудал хүртэл автобусаар зорчиж явахдаа хохирогч П.Бгийн цүнхнээс “Самсунг Ж-7” болон “Самсунг Ж-3” загварын гар утаснуудыг хулгайлж түүнд 220.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч Л.Хын куртикний халааснаас “Самсунг Эс-10” загварын гар утсыг хулгайлж түүнд 400.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Эгийн куртикний халааснаас “Айфоне Икс Ар” загварын гар утсыг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 1.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ “Би автобусны голын хаалгаар ороод хоёр хүүхдийн гар утсыг авч буусан. Тухайн хоёр хүүхэд араас хүрээд ирэхээр нь хоёр утсыг буцааж өгсөн...” гэв.

         Шүүгдэгч Н.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баруун дөрвөн замын автобусны буудлаас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД” андуудын замын хойд талын автобусны буудал хүртэл 47 дугаартай автобусаар зорчин явахдаа насанд хүрээгүй хохирогч Л.Хын халааснаас “Самсунг Эс-10” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 400.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Эгийн халааснаас “Айфоне Икс Ар” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Насанд хүрээгүй хохирогч Л.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэр лүүгээ харих гээд Энхтайван найрамдлын ордны урдаас автобусанд ганцаараа суусан ба баруун 4 замын автобусны буудлаас хар бараан өнгийн хувцастай, хар малгайтай, хар цүнхтэй ах автобусны арын хаалгаар орж ирээд миний хажууд зогссон. Тэгээд би “ТБД” андууд дээр зогсох үед би буугаад халаасандаа байсан утсаа тэмтэртэл байхгүй байхаар нь шууд миний хажууд зогсож байсан хар бараан өнгийн хувцастай хүнийг хардаад автобуснаас буугаад ирэхээр нь “Та миний утсыг авсан уу” гэхэд үгүй гээд цаашаа явсан ба яг тэр үеэр бас нэг охин утсаа алдчихсан гээд нөгөө ахын араас гүйж очоод “Утас өг, утсаа авъя” гэтэл “би аваагүй, тэр хүн авсан” гээд өөр зүг рүү заасан. Ингээд утсаа нэхээд зогсож байтал бас нэг эгч ирээд тэр залуугаас өөрийнхөө утсыг болон бид хэдийн утсыг нэхээд загнитал тэр ах нөгөө охины утсыг халааснаасаа гаргаж ирээд өгсөн. Тэгээд цагдаа ирээд бид хэд цагдаа руу явсан. Хэсэг хугацааны дараа тэр ах өөрөө миний гар утсыг авчирч өгсөн. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,  

            Насанд хүрээгүй хохирогч А.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед хичээлээ тарчихаад “Улаанбаатар” их дэлгүүрийн хойд талын автобусны буудлаас “Орбит” чиглэлийн автобусанд суусан. Тэгээд явж байтал Баруун 4 замын автобусны буудлаас хар өнгийн хувцастай, эрүүндээ сахалтай ах орж ирээд миний ойролцоо зогссон. “ТБД” андууд дээр зогсох үед тэр сахалтай ахаас нэг үл таних хүн “чи буух юм уу” гэхэд тэр ах буухгүй гэж хэлээд миний хойд талд гарсан. Тэгээд надаас “чи буух юм уу” гэж асуухаар нь би буухгүй гэж хэлтэл тэр ах буугаад явчихсан. Тэгэхээр нь сэжигтэй санагдаад баруун талын халаасанд байсан утсаа тэмтэрч үзэхэд байхгүй байхаар нь нөгөө ахыг хардаад автобуснаас буутал тэр ахыг бас нэг миний үеийн охин барьчихсан уулзаад зогсож байсан. Тэгээд тэр ахаас би шууд утсаа нэхэхэд эхэндээ би аваагүй гэж хэлж байгаад сүүл рүүгээ чиний утас чинь надад байна гээд миний утсыг өгсөн. Тэр үед бас нэг настай эгч ирээд утсаа нэхээд байсан. Би утсаа буцаагаад авчихсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,  

         Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Насанд хүрээгүй хохирогч Л.Х 2 дугаартай Н.Дийн зургийг зааж, энэ ах мөн байна, хар хувцастай, эрүүндээ сахалтай хүн байсан,

         ...Насанд хүрээгүй хохирогч А.Э “Тухайн хүн эрүүндээ хар өнгийн сахалтай, 20 гаран насны хүн байсан. Миний гар утсыг авсан хүн 2 дугаар дээр байгаа хүн мөн байна гэж Н.Дийн зургийг заав...” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-9, 10-13 дугаар хуудас/,

         “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №ТХҮ-922/3552 дугаартай “...Айфоне Икс Ар маркийн гар утас 800.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 51-54 дүгээр хуудас/,

         “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №ТХҮ-922/3565 дугаартай “...Самсунг Эс-10 маркийн гар утас 400.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 58-61 дүгээр хуудас/,

          Шүүгдэгч Н.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Ажилгүй мөнгө хэрэгтэй болоод бусдын гар утсыг хулгайлсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хэргийн 79-80 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 64-66, 93-94 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 96 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 97 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 100 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 103-106 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  Шүүгдэгч Н.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баруун дөрвөн замын автобусны буудлаас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД” андуудын замын хойд талын автобусны буудал хүртэл 47 дугаартай автобусаар зорчин явахдаа насанд хүрээгүй хохирогч Л.Хын халааснаас “Самсунг Эс-10” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 400.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Эгийн халааснаас “Айфоне Икс Ар” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 800.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Н.Д нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баруун дөрвөн замын автобусны буудлаас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД” андуудын замын хойд талын автобусны буудал хүртэл 47 дугаартай автобусаар зорчиж явахдаа хохирогч П.Бгийн цүнхнээс “Самсунг Ж-7” болон “Самсунг Ж-3” загварын гар утаснуудыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 220.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.  

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан.

         Хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэр лүүгээ харих гээд Баруун дөрвөн замын автобусны буудал дээрээс 47 дугаартай автобусанд суугаад “ТБД” андууд дээр буутал цүнхэнд байсан миний эзэмшлийн “Самсунг Ж-7”, “Самсунг Ж-3” маркийн 2 ширхэг гар утас байхгүй болсон байсан. Тэгээд ойр хавиар хайтал надтай хамт автобусанд утсаа алдсан 2 жоохон охин цагдаатай хамт явж байхаар нь “миний утас бас алга байна” гээд хамт цагдаагийн хэлтэс рүү явсан. Ингээд надаас тайлбар мэдүүлэг аваад байж байтал манай найз Батцогт цагдаа дээр хүрээд ирэхээр нь би гайхаад асуухад “Чиний утас руу залгахад нэг эрэгтэй хүн утсыг чинь аваад би энэ 2 утсыг автобуснаас олсон гээд байхаар нь би чиний 2 гар утсыг авчихлаа” гэж хэлсэн. Би утсаа олж авсан учраас надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №ТХҮ-922/3509 дугаартай “...Самсунг Ж-7 маркийн гар утас 150.000 төгрөг, Самсунг Ж-3 маркийн гар утас 70.000 төгрөг, нийт 220.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 44-47 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч П.Бд 220.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн объектив талын шинж болох хохирлын хэмжээг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хохирогч П.Бд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Н.Дийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирлын талаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Л.Хд 400.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Эд 800.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Н.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нарт учирсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Улсын яллагчаас шүүгдэгч Н.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 Шүүгдэгч Н.Дийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдсон болно.    

Шүүхээс шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.Дид 2 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Д нь түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.    

  1. Бусад асуудлаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.    

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Дид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч П.Бд холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Н.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай. 

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО