Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Ганзориг (цахимаар) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуулаас Ш ургийн овогт Э-ын М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1935002630102 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Э-ын М, 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 1664 тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсон, регистрийн дугаар: ...........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Увс аймгийн Ховд сумын нэгдүгээр багийн нутгаас хохирогч П.С-ын 62-23 УВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогчид 1’080’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 1935002630102 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (1 дэх хавтаст хэргийн 35-39 дүгээр хуудас),

- Чулуун хашаа гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 47-51 дүгээр хуудас),

- П.С-аас хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 53-54, 56-57 дугаар хуудас),

- Х.Б-сгаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

- П.С-ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 60 дугаар хуудас),

- Х.П-гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (1 дэх хавтаст хэргийн 63-64, 66-67 дугаар хуудас),

- Т.А-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас),

- Э.Б-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас),

- О.Б-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),

- Эд зүйл үнэлсэн шинжээчийн 272 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 160 дугаар хуудас),

- Э.М-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас),

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судлаагүй, мөн шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хохирогч П.С-ын “...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ховд сумын нэгдүгээр багийн нутаг болох Ховд гол дотор байх Шар тохой нэртэй газраас өөрийн гэрийг найз Б.Б, эгч П.С, дүү П.С нарын хамт нүүлгэж сумын төвд байх хашаандаа буулгачхаад өөрийн цэнхэр өнгийн 62-23 УВЗ улсын дугаартай мотоциклоор эгчийн хамт үхрээ гол дотроос орой 21 цагийн гаргаж ирээд хашаандаа шахсан. Эмээ н.Хутгаагийн гэрт хоёр сав ус авч ирж өгөөд авга ах Х.Б-гийн хашааны хойд талд мотоциклоо данхраадаад тавьчхаад өөрийн гэрт орж унтаад шөнө 02 цаг 30 минутын үед үхрээ зуслан туухаар босоод мотоциклоо авах гэхэд миний мотоциклыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас);

- Гэрч П.С-ийн  “...Манай хашааны урд талд авга ах Х.Б-гийн хашаа байдаг, тухайн хашааны гадна мотоциклоо тавьчхаад гэрт орж ирээд унтаад өгсөн, тэгсэн чинь алга болчихсон байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60 дугаар хуудас);

- Гэрч Х.П-гийн  “...2019 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 10 цаг буюу хотын 11 цагийн үед байх миний хүү П.С над руу утсаар ярьсан. Утсаар ярих үедээ “өнгөрсөн шөнө 01 цагийн үед хашааны гадна тавьчихсан байсан мотоциклоо хулгайд алдлаа. Банк дүүрэн бензинтэй байсан алга болчихлоо” гэж ярьсан. ...Анхаа нь надад “танай мотоциклыг Э.М гэх хүн авсан, би мэдэж байна. Та өргөдлөө өг, болохгүй бол би бичээд өгье. Та гэрийнхэн хүнтэй уулзаад надад хариу өгчих” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63-64, 66-67 дугаар хуудас);

- Гэрч Т.А-ын “...Тухайн үед тэр хоёр нэг мотоциклын талаар яриад “нөгөө мотоциклын асуудлыг манай н.Арслан ахын эхнэр Бэкээ цагдаад хэлнэ гээд байна, нөгөө мотоциклыг нуумаар байна” гэж н.Барс хэлсэн чинь Э.М “тэр мотоциклыг н.А ах нуучихсан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас);

- Шинжээчийн 272 дугаартай “2019 оны 6 дугаар сарын байдлаар Увс аймгийн Ховд суманд Мустанг-5 загварын мотоцикл 1’080’000 (нэг сая наян мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (1 дэх  хавтаст хэргийн 160 дугаар хуудас);

 Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч Э.Мын яллагдагчаар өгсөн “...Би гудмаар алхаж байгаад сумын төвийн гудамд зогсож байсан цэнхэр өнгийн мотоцикл дээр очиход 62-23 УВЗ гэсэн дугаартай байсан. ...Би өөрт байсан хуучин мотоциклын түлхүүрийг кондукторт нь хийхэд таарч байсан. Тухайн үед шөнө болж байсан бөгөөд 23.00-00.00 цаг болж байсан байх тэгээд би мотоциклыг түлхээд холдуулж байгаад нөгөө түлхүүрээ мотоциклд хийхэд түлхүүр таараад мотоцикл ассан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М нь Увс аймгийн Ховд сумын нэгдүгээр багийн нутгаас хохирогч П.Сын 62-23 УВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч П.С-ын хулгайд алдсан нь Мустанг-5 загварын мотоцикл 1’080’000 төгрөгийн үнэлгээтэй болох нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон ба хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Э.Мыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, хохирлыг хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Хохирогч П.С “...Э.М нь надаас уучлалт гуйж хохиролд 2’000’000 төгрөгийг бэлнээр 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас) тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ... 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна...” гэх саналыг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Х.Э-ын “...Э.Мын хувьд зан аашны хувьд даруу, хүнтэй зөв харилцдаг, уулан бол даруухан бөгөөд сүүлийн хоёр жил болж бүтэхгүй хүмүүстэй нийлж хэрэгт холбогдож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 156 дугаар хуудас) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 213 дугаар хуудас), Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 217-236 дугаар хуудас), Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 01-13 дугаар хуудас), шүүгдэгч Э.Мын яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М эрхэлсэн тодорхой ажилгүй, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 217-236 дугаар хуудас)-оор шүүгдэгч Э.Мд дөрвөн жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байна. Шүүгдэгч нь уг ялаас 3 (гурван) жил 01 (нэг) сар 15 (арван таван) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4/12401 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан ...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх тул шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.М энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Э-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ыг 500 (таван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.М-д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 (таван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурван) жил 01 (нэг) сар 15 (арван таван) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Мд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 (гурван) жил 01 (нэг) сар 15 (арван таван) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хотоос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Э.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найман) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХЗАЯА