Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 113

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Н.А-д холбогдох,

302.500 төгрөгийн татварын өр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны Хувь хүний орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 302.500 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй. Татварын ерийг барагдуулахаар татвар төлөгч Н.А-д удаа дараа утсаар шаардлага тавьж, ер барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул ТЕХ-ийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.А миний бие Дорноговь аймгийн Т хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 302.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэс нь хариуцагч Н.А-д холбогдуулан 302.500 төгрөгийн татварын өр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 302.500 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.А-д холбогдох 302.500 төгрөгийн татварын өр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.А нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.А-с  улсын тэмдэгтийн хураамж болох 9.725 төгрөгийн 50 хувь болох 4862,5 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.А нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

Шүүгч Д.Ц