Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс Б ургийн овогт Д-гийн Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2235000140108 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Д-гийн Д, 1961 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл нэг, Увс аймгийн Улаангом сумын зургаадугаар багийн 2-27 тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 195 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 1231 дүгээр зүйлийн 3, 138 дугаар зүйлд зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар: .................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь Увс аймгийн Улаангом сумын нутагт 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Х.Д-тэй түүний туслах малчнаар ажиллахаар харилцан тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаа болгож дөрвөн зуун мянган төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000140108 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Хохирогч Х.Д-гээс Увс аймаг дахь цагдаагийн газарт гаргасан гомдлыг (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Х.Д-г хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас);

- Хохирогч Х.Д-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийг (хавтаст хэргийн 8, 11 дүгээр хуудас);

- Гэрч Ц.Х-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас);

- Шүүгдэгч Д.Дийн Хаан банк дахь 5819399521 дугаартай дансны хуулгыг (хавтаст хэргийн 33 дугаар хуудас);

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Шүүгдэгч Д.Д-оос яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 67 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д “Сагил сумын нэгдүгээр багийн иргэн Х.Д гэдэг хүнээс дөрвөн зуун мянган төгрөг авсан нь үнэн. Тэр мөнгийг өөрийн биеэр малыг нь хариулж төлнө” гэх мэдүүлэг өгчээ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Хохирогч Х.Д-гийн “Манайх 1, 2 сар туслах малчин авах зорилгоор эхнэр бид хоёр 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаангом суманд ирсэн. Улаангом сумын 12 дугаар багт байрлах Итгэлт барааны захын зар байршуулах цэгээр “туслах малчин авна” гэж зарлуулахад над руу нэг дугаараас холбогдоод “малчин авна гэсэн үү” гэж ярьсан. Тухайн залуу ирж уулзахаар болсон. Удалгүй зах дээр ирээд эхнэр бид хоёртой уулзаж сарын 800’000 төгрөгийн цалинтай туслах малчин хийхээр болсон. Би өөрийн автомашинтай явсан бөгөөд уг залууг Найрамдлын хорооны ойролцоо буулгасан. Тухайн залуу өөрийгөө Д.Д гэж танилцуулсан. Тэр өдрөө эхнэр бид хоёр сум руугаа явсан бөгөөд суманд очоод хэд хоносны дараа над руу Д.Д утсаар яриад “хэд хоногоос очно, эндээс гутал авах гэсэн юм, би гэртээ хэдэн төгрөг үлдээх хэрэгтэй болчихлоо” гээд надаас цалингийн тавин хувь буюу дөрвөн зуун мянган төгрөг дансаар авсан. ...Үүний дараа Д.Д “одоо очно, маргааш очно” гэж утсаар ярьж байсан. Хэд ярьсны дараа Д.Д утсаа авахаа больсон. Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаангом суманд ирээд Д.Дийн өгсөн гэрийн хаяг болох зургаадугаар багийн 2-27 тоот гэсэн хаягт очиход н.Ганбаатар гэж айл байсан. Тухайн залуу нь Д.Дийн төрсөн дүү гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);

Гэрч Ц.Х-гийн “Би нөхөр Х.Д-гийн хамтаар тус аймгийн Улаангом суманд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр орж ирээд 12 дугаар багт байрлах барааны захын узель буюу зарлан мэдээллийн цэгээр “туслах малчин авна” гэж зар явуулсан. Тэгтэл миний нөхрийн дугаар луу нэг дугаараас залгаад “малчин авна гэсэн үү” гэж ярьсан. Тухайн иргэнтэй миний нөхөр ярьж тохироод хоёроос гурван хоногийн дараа араас нь очно гэж хэлсэн. Тухайн хүнтэй миний нөхөр тохирохдоо сарын найман зуун мянган төгрөгийн цалинтай гэж тохирсон. Д.Д гэх залуу зах дээр ирээд бид хоёртой уулзаад дөрвөн замын ойролцоо үлдсэн. ...Хэд хоногийн дараа миний нөхөр лүү Д.Д гэх хүн холбогдоод “эндээс хувцас хунар авах гэсэн юм, мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд дансаа өгсөн. Тухайн данс руу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед Х.Д сумын төв орж цалингийн тавин хувь буюу дөрвөн зуун мянган төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш тухайн залуу нэг хоёр хоног утсаар холбогдож байгаад сүүлдээ утсаа унтраасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас);

Шүүгдэгч Д.Д-ийн Хаан банк дахь 5819399521 дугаартай дансны “...Гүйлгээний огноо: 11/17/2021, Цаг: 09:45, Хуулгын агуулга: Д С, Орлого: 400,000.00” гэх хуулга (хавтаст хэргийн 33 дугаар хуудас);

Мөн дээрх баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч Д.Д-ийн яллагдагчаар дахин өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сард зах дээр явж байгаад туслах малчин авна гэх зарын дагуу холбогдож Х.Д гэдэг хүнтэй уулзсан. Тухайн үед Сагил суманд мянга орчим бог мал маллуулан гэж хэлсэн бөгөөд би тэднийд очиж ажиллахаар болж, цалин нэг сарын найман зуун мянган төгрөг авахаар харилцан тохиролцсон. ...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Х.Дтэй утсаар яриад “цалингийн урьдчилгаа авмаар байна, дөрвөн зуун мянган төгрөг өгөөч, мөнгөний хэрэгцээ байна” гэж хэлэхэд зөвшөөрч миний дансны дугаарыг утсаар аваад удалгүй миний данс руу дөрвөн зуун мянган төгрөг шилжүүлсэн байсан. ...Х.Д над руу хоёр удаа холбогдож “малаа маллаач” гэж дуудахад нь “явна, удахгүй очлоо” гэж хэлж хойшлуулсан. Сүүлдээ би өөр хүнтэй ярьж тохиролцоод Тэс сум руу өөр хүний мал маллахаар явчихсан юм. Х.Дд өөр хүний мал маллахаар болсон талаараа хэлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар хохирогч Х.Д 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах Итгэлт захын зарын цэгээр “туслах малчин авна” гэж зарлуулсан байна. Уг зарын дагуу шүүгдэгч Д.Д хохирогчтой холбогдож сарын найман зуун мянган төгрөгийн хөлсөөр түүний малыг маллахаар харилцан тохиролцжээ.

Улмаар шүүгдэгч Д.Д хохирогч Х.Д-тэй утсаар холбогдож ажлын хөлсний урьдчилгаа болгож дөрвөн зуун мянган төгрөгийг шилжүүлэх санал тавьсныг хохирогч зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгчийн Хаан банк дахь 5819399521 дугаарын данс руу уг мөнгийг шилжүүлсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгчийг цагаатгах үндэслэлийн талаар:

Прокурор шүүгдэгч Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжтэй гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол (хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас) үйлдэж, мөн зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эзэмшигч, өмчлөгчийг хуурч эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авсан” гэх шинжийг эзэмшигч, өмчлөгчөөс эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авахаас өмнө үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар түүнийг төөрөгдөлд оруулсныг ойлгох ба эд хөрөнгө шилжсэний дараа бодит байдлыг гуйвуулах замаар хохирогчийг төөрөгдөлд оруулсныг залилах гэмт хэргийн энэхүү шинжид хамааруулахгүй юм.  

Тодруулбал шүүгдэгч нь туслах малчин хийдэг болох нь гэрч Д.А-гийн “...Аав маань дахин хүнтэй гэр бүл болоогүй, ганцаараа өдийг хүртэл амьдарч байгаа. Өөрийн гэсэн гэр оронгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ямар нэгэн тэтгэвэр, групп, халамжид хамрагдаагүй, тогтсон орлогогүй, хөдөө айлд туслах малчин хийх, ойр зуурын хар бор ажил хийх зэргээр амьдралаа залгуулдаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Л-гийн “...Д.Д айлд хөлсөөр мал маллаж амьдардаг” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 25 дугаар хуудас) зэргээр нотлогдож байна.

Хохирогч “Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаангом суманд ирээд Д.Д-ийн өгсөн гэрийн хаяг болох зургаадугаар багийн 2-27 тоот гэсэн хаягт очиход н.Г гэж айл байсан. Тухайн залуу нь Д.Д-ийн төрсөн дүү гэж надад хэлсэн. ...Харин надад өгсөн гэрийн хаяг нь худлаа байсан” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 8 дугаар хуудас) ба шүүгдэгч Д.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаагаар тус хаягт буюу Увс аймгийн Улаангом сумын зургаадугаар багийн 2-27 тоотод оршин суух хаягтай болох нь нотлогджээ. Мөн шүүгдэгч нь гэр оронгүй, айлаар хэсэж явдаг болох нь гэрч Д.А-гийн мэдүүлгээр нотлогдсон, уг хаягт шүүгдэгчийн төрсөн дүү байдаг болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж хуурсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэх шинжийг залилагч этгээд болон эзэмшигч, өмчлөгчийн хооронд тодорхой хугацаанд хувийн харилцаатай байж нэгнийхээ талаар мэддэг гэх итгэлийг хохирогчид бий болгосон, эсхүл ажил хэргийн хүрээнд харилцаж иргэний эрх зүйн харилцаа бий болсон байхыг ойлгодог. Тухайлбал урьд нь шүүгдэгч хохирогчийн малыг маллаж байсан, эсхүл шүүгдэгч бусдын малыг хөлсөөр маллаж байхад хохирогч танил болсон бол энэ ойлголтод хамаарна.

Хохирогч Х.Д “...Би Д.Д гэх хүнийг өмнө харж байгаагүй. Зар тавиад зарын дагуу ирж уулзсан залуу юм” гэх мэдүүлэг, гэрч Ц.Х-гийн “...Би тухайн иргэнийг огт харж байгаагүй” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч, хохирогч нарыг урьдын харилцаатай, уг харилцааны явцад итгэлцэл бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үйл баримтуудаар прокурорын шүүгдэгчийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинж хангагдаагүй гэж дүгнэлээ.

Хохирогч Х.Д-гийн “2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаангом суманд ирсэн. Улаангом сумын 12 дугаар багт байрлах Итгэлт барааны захын зар байршуулах цэгээр “туслах малчин авна” гэж зарлуулахад над руу нэг дугаараас холбогдоод “малчин авна гэсэн үү” гэж ярьсан. Тухайн залуу ирж уулзахаар болсон. Удалгүй зах дээр ирээд эхнэр бид хоёртой уулзаж сарын 800’000 төгрөгийн цалинтай туслах малчин хийхээр болсон” гэх мэдүүлэг, гэрч Ц.Х-гийн “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр орж ирээд 12 дугаар багт байрлах барааны захын узель буюу зарлан мэдээллийн цэгээр “туслах малчин авна” гэж зар явуулсан. Тэгтэл миний нөхрийн дугаар луу нэг дугаараас залгаад “малчин авна гэсэн үү” гэж ярьсан. Тухайн иргэнтэй миний нөхөр ярьж тохироод хоёроос гурван хоногийн дараа араас нь очно гэж хэлсэн. Тухайн хүнтэй миний нөхөр тохирохдоо сарын найман зуун мянган төгрөгийн цалинтай гэж тохирсон” гэх мэдүүлэг зэргээр хохирогч Х.Д, шүүгдэгч Д.Д нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр туслах малчнаар ажиллах, ажиллуулахаар, ажлын хөлсөнд сарын найман зуун мянган төгрөгийн цалин өгч, авч байхаар харилцан тохиролцсон нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт “дараахь үндэслэлээр гэрээг байгуулсан тооцно” гэж, мөн хэсгийн 196.1.5-т “нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгснөөр” гэж, мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус зааснаар хохирогч, шүүгдэгч нарын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт “шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно” гэж, мөн хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт “ажиллагч ажлын хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ” гэж хөлсөөр ажиллах гэрээний хөлс төлөх, буцаан шаардах үндэслэлийг тодорхойлсон тул шүүгдэгч Д.Д урьдчилгаанд дөрвөн зуун мянган төгрөг авсныг хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр үйлддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд хохирогчийнд туслах малчнаар ажиллах санаа зорилгогүй байсан гэх үйл баримт хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь туслах малчнаар ажиллаж амьдралаа залгуулдаг, түүний амьдралын хэвшил болсон асуудлаар хохирогчтой тохиролцоо хийсэн тул хариу төлбөр огт хийхгүй буюу ажиллахгүй гэсэн санаа зорилготой байсан гэж үзэх үндэслэлгүй болно. Энэ нь хохирогч Х.Дгийн “...Д.Д нь ямар нэгэн мөнгө төгрөг байхгүй, анх надад тохирсноороо манай малыг маллаж хохирол барагдуулан гэдгээ хэлсэн. Д.Д нь миний малыг авсан мөнгөндөө тохируулаад маллаж өгвөл надад гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), шүүгдэгчийн яллагдагчаар дахин өгсөн “...Х.Дгийн малыг маллаж өгөх замаар хохиролгүй болгож өгөх болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дугаар хуудас) зэргээр нотлогдоно.

Шүүгдэгч Д.Д нь хохирогчтой харилцан тохиролцсоны дагуу туслах малчнаар ажиллаагүй буруутай үйлдэл байна. Иргэд хоорондын хэлцлийн явцад нэг тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэл бүрийг гэмт хэрэг гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.

Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь заавал нийгэмд аюултай байх шинжийг агуулдаг бөгөөд нийгэмд аюултай гэх ухагдахуун нь хууль бус байх, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн сэдэл зорилго зэргээр тодорхойлогддог өргөн хүрээтэй ойлголт юм. Шүүгдэгчийн хөлсөөр ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэл дээр дурдсан нийгэмд аюултай байх шинжгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2235000140108 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д-ийг цагаатгах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч Х.Д-гийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Төгөлдөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2235000140108 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б ургийн овогт Д-гийн Д-ийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Д нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арван) жилийн дотор Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 5. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА