| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2022/0055/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/53 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | Ч.Энхцэцэг |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/53
2022 03 23 2022/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
Улсын яллагч
Шүүгдэгч нарын өмгөөлөгч
Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох 2230000000076 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн сумын цэцэрлэгт бүлгийн багш ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг, Зүүн булаг гэх оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй РД:*******, ******* овогт Бат-Уулын Хажиддолгор.
2. Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:ЛЗ95061004, ******* овогт Оюунбилэгийн Гантуяа.
3. Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр баг, “Баян” гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: , ******* овогт Оюунсүрэнгийн Эрдэнэбаатар.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Сүхбаатар аймгийн сумын цагдаагийн хэсгийн мэдүүлэг авах өрөөнд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн 2230000000002 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Яллагдагч *******ын “...*******, ******* нар нь манай гэрт байсан. Цагдаа, түргэний машин явсны дараа Эрдэнэбаатар нь “ийм хэрэг болчихлоо чи 2 найзыгаа битгий хэлээрэй найз нь гэсэн ардаа амьдралтай, найзыгаа байхгүй гээд хэлээд өгчих” гээд гуйгаад байхаар нь би “та хоёрыг байснаар нь хэлнэ” гэхэд Эрдэнэбаатар нь “битгий хэлэлдээ” гээд гуйгаад байсан. Гантуяа бас “найзыгаа байхгүй байсан” гээд хэлээрэй гэж гуйсан. Тэгэхээр нь тэр хоёрыг “байхгүй” гээд худлаа мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Яллагдагч *******ын “...Би өмнө нь айж сандарсандаа худлаа мэдүүлэг өгчихсөн юм. Би талийгаачтай байснаа хэлчихвэл өөрөө хэрэгт орчих байх гэж бодоод айсан...Түргэн тусламж ирж, Ядмааг цагдаа нар аваад явсны дараа би Хажиддолгорт Гантуяа бид хоёрыг байсан гэж битгий хэлээрэй, аягүй бол бөөндөө хэрэгт орох байх шүү гэж хэлсэн. Тэр архины шилийг нойлд хаядаг учир нь миний хурууны хээ гарчих болов уу гэж бодоод нойлд хаясан юм. Би тэр үед айж балмагдаад хэрэгт орчих байх гэж бодоод худлаа мэдүүлсэн. Худал мэдүүлэг өгсөндөө маш их харамсаж байна. Мөн би талийгаачийн эхнэр рүү нь намайг талийгаачтай байсан гэдгийг битгий хэлээрэй дараа нь бөөн асуудал болно шүү гэж мессеж бичсэн. Би эмнэлэг цагдаа явсны дараа Хажиддолгороос хаанаас юун хутга авчихваа гэж асуухад Хажиддолгор “гэрээс аваад гарсан” гэхээр нь чи хорихгүй яасан юм гэхэд “ би хорьсон, намайг түлхэж унгаачхаад гэрээс гарсан, араас нь гарч очиход хутгалчихсан байсан” гэж надад хэлсэн. Энэ талаар Гантуяа мэдэж байгаа. Хажиддолгорыг тэгж хэлэхэд Гантуяа хажууд байсан...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Яллагдагч *******гийн “...Би өмнө нь айж сандарсандаа найзыгаа бодоод худал мэдүүлэг өгсөн. Би болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлнэ...Эмнэлэг цагдаа явсны дараа Эрдэнэбаатар, Хажиддолгор бид гурав Ядмаагийн гэрт байж байх үед Эрдэнэбаатар бид хоёрт “Гантуяа бид хоёрыг Ядмаагийнд байсан гэдгийг битгий хэлээрэй, цагдаа мэдчихвэл бөөн юм болно шүү” гэж хэлэхээр нь цагдаагаас нуучихсан юм. Тэгээд би цагдаад “Эрдэнэбаатартай таарсан” гэж худлаа мэдүүлэг өгсөн. Би худлаа мэдүүлэг өгсөндөө маш их харамсаж байна...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 27-28/,
Гэрч “... 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр өглөө 08 цагийн үед босоод байж байна гээд зүв зүгээр ярьсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм мэдэгдээгүй. Тэгээд байж байгаад 11 цагийн үед над руу залгаад “хайр нь Эрдэнэбаатар ахынд ирсэн байна 20,000 төгрөг данс руу хийчхээч ганц пиво авч уучхаад гэр лүүгээ харьж амарлаа” гээд зүв зүгээр ярьж байсан...18 цагийн үед залгаад “Ядамсүрэнгийн төрсөн өдөр гэнээ Эрдэнэбаатар ах хамт явъя гээд байна байрных нь найраар ороогүй юм чинь яаж айлд хоосон орох вэ дээ 20,000 төгрөг шилжүүлээч” гэж байсан тэгээд л би данс руу 20,000 төгрөг хийсэн. Удаагүй “Ядамсүрэнгийнд ирсэн байна” гээд ярьж байсан...20 цагийн үед над руу видео дуудлага хийгээд ярьсан. Тэгэхдээ “одоо гэр лүүгээ орж амарлаа” гээд залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь Эрдэнэбаатар ах руу залгасан чинь “Гантөмөр сая гэртээ харина гээд гараад явсан” гэхээс өөр юм хэлээгүй....Манай нөхөр... гэртээ ирсэн байна видео дуудлага хийж харуулсан. Удахгүй над руу утсаар залгаад “хайр нь хашаа даваад Ядамсүрэнгийн гэр лүү орох гэж байна. Намайг утсаа авахгүй бол Ядамсүрэнгийнх рүү залгаад асуугаарай” гэж хэлээд утсаа салгасан...Тэгээд 21 цаг 30 минутын үед байхаа манай нөхөр утсаа аваад Ядамсүрэн, Эрдэнэбаатар ах бид 3 байна одоо нэг архи хувааж уугаад харьж амарлаа” гэж хэлсэн. Тэрнээс хойш хэн нь ч утсаа аваагүй тэрнээс хойш холбоо бариагүй. Маргааш өглөө нь Эрдэнэбаатар ах над руу залгаж “нөхөр чинь хүнд хутгалуулаад нас барчихлаа” гэж хэлсэн хэнд хутгалуулсан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
Яллагдагч *******ын “...Худлаа мэдүүлэг өгсөндөө гэмшиж байна. Би өмнө нь өгсөн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх асуудлыг зөвөөр мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 89/,
Яллагдагч *******гийн “...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн...Би худал мэдүүлэг өгсөндөө гэмшиж харамсаж байна. Би бага насны 2 хүүхэдтэй, хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/,
Яллагдагч *******ын “...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлыг талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй ээ...Би айж сандарсандаа, хууль эрх зүйн мэдлэггүйгээс болж асуудалд орсондоо харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/
Шүүгдэгч *******, *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95, 101, 107 х/
Шүүгдэгч *******, *******, ******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 94,100,106 х/
*******, *******, ******* нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 83,99,105 х/
Шүүгдэгч *******, *******, ******* нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 138,139,140 х/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 141-143 х/
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 20 дугаартай санал /хх-ийн 144-145 х / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Сүхбаатар аймгийн сумын цагдаагийн хэсгийн мэдүүлэг авах өрөөнд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн 2230000000002 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох гэрч Г.Тунгалаг, *******, *******, ******* нарын мэдүүлэг, 2230000000002 дугаартай Т.Ядамсүрэнд холбогдох хэргийн яллах дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Худал мэдүүлэх гэмт хэрэг гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******, *******, *******ыг нарыг “худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Худал мэдүүлэх гэмт хэрэг нь давхар объекттой гэмт хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд хандаж, улмаар хүний эрх ашиг сонирхолд хохирол учруулж болох ба энэхүү гэмт хэргийн улмаас хохирол учраагүй байна.
Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад эдийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******, *******, ******* нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч *******, *******, ******* нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарын улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр, *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэл тус тус оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, тэдгээрт оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, *******, ******* нарт мэдэгдье.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, Шүүгдэгч *******, *******, ******* таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Бат-Уулын Хажиддолгор, ******* овогт Оюунбилэгийн Гантуяа, ******* овогт Оюунсүрэнгийн Эрдэнэбаатар нарыг худал мэдүүлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, шүүгдэгч *******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******, *******, ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР