Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 114

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Э ХК-д холбогдох,

35.330.272 төгрөгийн татварын өр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны Үл хөдлөх эд хөрөнгийн татварын тайлангаар ногдуулсан 35.330.272 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төсөвт төлөхөөр заасан. Татварын өрийг барагдуулахаар Э ХК, захирал Ч.А болон нягтлан бодогчид удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул ТЕХ-ийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч байгууллага нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оноос үндсэн үйл ажиллагаа болох шилжүүлэн ачилтын 80%-ийг эзэлж байсан цементний тээвэр зогсож үйл ажиллагааны алдагдалд орсон. Энэхүү алдагдал нь барилгын гол түүхий эд болох цементийг дотоодын үйлдвэрүүдээр хангах улс орны эдийн засгийн бодлого шийдвэрийн дагуу цементийг төмөр замаар тээвэрлэх зардлыг 20%, гаалийн татварыг 50% нэмэгдүүлсэн нь ачаа эргэлтэнд шууд нөлөөлөн БНХАУ-аас цемент импортлох явдал бүрэн зогссонтой холбоотой юм. Удирдлагын зүгээс үүсч болох алдагдлаас сэргийлэх арга хэмжээг тодорхой түвшинд авч хэрэгжүүлсэн боловч ажилчдаа авч үлдэх, гаднаас зээл авч цалин хөлсийг тогтмол цаг хугацаанд нь тавих зэргээс хэтрэхгүй байсан бөгөөд 2016 онд (314,257.9) мянган төгрөг, 2017 онд (378,599.3) мянган төгрөгний алдагдалтай ажилласан.

Манай компани нь сүүлийн хоёр жилд ийнхүү алдагдалтай ажилласан боловч өмнөх жилүүдэд татвар мөнгөний аливаа асуудалд орж байгаагүй жил бүрийн татвараа цаг хугацаанд нь төлж байсныг Монголын татварын албаны дээд шагнал хөх дэвтрийн эзэн буюу шилдэг татвар төлөгчөөр 2015 онд шалгарч байснаас харж болно. Иймдээ ч Дорноговь аймгийн Т хэлтсээс нэхэмжилж байгаа 2017 оны үл хөдлөх хөрөнгийн албан татвар болох 353.302.72 төгрөгийн татварыг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү татварыг төлөх чадвартай болохоороо барагдуулна гэдгээ мэдэгдэж, Дорноговь аймгийн Т хэлтэст өмнө нь удаа дараа хүсэлт явуулж байсан.

2018 оноос улс орны эдийн засгийн байдал сэргэж ачаа барааны эргэлт сайжирч байгаа нь манай үйл ажиллагаанд нөлөөлж бид ч гэсэн тодорхой түвшинд алдагдалгүй ажиллан өрөө барагдуулж үйл ажиллагаагаа хэвийн байдалд орно гэдэгт итгэлтэй байна. Компанийн ашиг орлого үндсэндээ гадны хэрэглэгчдээс шууд хамааралтай байгаа нь зарим талаараа сөрөг нөлөө үүсгээд байна. Бид цаашид үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх, алдагдлаас сэргийлэх арга хэмжээ, төсөл төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа ба эдийн засаг сайжирч, Компанийн үйл ажиллагаа жигдэрэн мөнгөний урсгал нэмэгдэнэ гэж итгэлтэй байгаа тул татварын өрөө тухайн үед барагдуулахад ямар нэгэн асуудалгүй байх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэс нь хариуцагч Э ХК-д холбогдуулан 35.330.272 төгрөгийн татварын өр гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 35.330.272 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Э ХК-д холбогдох 35.330.272 төгрөгийн татварын өр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э ХК нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХК–аас улсын тэмдэгтийн хураамж болох 334.601 төгрөгийн 50 хувь болох 167.300,5 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХК нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ    Д.Ц