Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
Хэргийн индекс | 150/2018/00047/И |
Дугаар | 47 |
Огноо | 2018-04-09 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 47
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг 0-00 тоотод оршин суух Боржигон овгийн ******* РД/--ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч ******* /РД:ДБ-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* би Сайхан сумын засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар 3500м2 талбай бүхий газрыг эзэмшилдээ авч ногоон өнгөтэй төмөр карказан хашаа барьж байсан. Ингээд газрын маргаан үүсч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид 15 хоригдлуудын хамтаар 2016 оны 04 сарын 10-ны өдөр дайран орж гэр хороо барьж ажлаа эхлүүлсэн байсан. ******* нь асуудал шийдэгдтэл танай хашааг шавар зуурагч машин, конторын зориулалттай байрыг манай байгууллага нь албан хаагчаа байрлуулах зорилгоор түрээслэе гэсэн саналыг тавьсан. Би үүнийг бодож үзээд шавар зуурагч машин бол үгүй, конторын зориулалттай байрыг түрээслэх гээд яахав цэвэрхэн эдлээрэй. Харин хашааг бол сарын 2.000.000 /хоёр сая төгрөг/-өөр түрээслэнэ гэхэд "Манай байгууллага нэг сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-өөр түрээслэе" гэснээр сард нь өгч авахаар тохиролцож аман гэрээ хийгдсэн. 2016 оны 05 сарын 12-нд 1 сарын түрээсээ нэхэхэд "Удахгүй өгнө, дээд даргадаа хэлсэн чинь нэг мөр түрээслэсэн юм чинь өгнө. Төсвөөр баригдаж байгаа болохоор хэцүү юм" гэсэн аар саар шалтаг тавьсан. 2016 оны 07 сарын 16-ны өдөр очиж түрээсээ нэхэхэд мөн л шалтаг тавьсаар байсан. 2016 оны 08 сарын 11-нд очиж түрээсээ нэхэхэд "Өгнө өө 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн төлье" гэснээр Иргэн ******* би аман хэлцлээ зөрчиж түрээсээ төлөхгүй байна гэж үзээд 2016 оны 08 сарын 12-нд ажилчдаа авч очоод хашаагаа буулган авсан. Хашаагаа буулгаж байх үед Дарга *******, Нягтлан бодогч Бямбадорж нар нь "Нэг cap сунгачихаач, одоо 300.000 /гурван зуун мянган төгрөг/ өгье. 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн 7.200.000 /Долоон сая хоёр зуун мянган төгрөг/-ийг төлье гээд байсан. Би үүнийг зөвшөөрөөгүй хашаагаа буулгаад аваад явсан юм. 2016 оны 04 сарын 12-нд ангийн дарга болох *******той уулзаж байхад манай гэр бүлийн хүн Т.Амарбаясгалан, барилгын даамал Ж.Мөнхбаатар нар нь хамт очсон байсан. Тэр хоёрт хашаагаа нэг сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-өөр түрээслэхээр боллоо гэдгээ хэлж байсан. Хашаа буулгасан өдөр Дарханы хорих ангиас нэмэгдэж 2 ширхэг машин, 4 хянагч ирж байсан. *******оос буюу шийдвэр гүйцэтгэх хэсгээс 6.000.000 /зургаан сая төгрөг/-ийг нэхэхэд "Чадахгүй сүртэй амьтан бэ? Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр чи хашаагаа буулгаад аваад явсан биз дээ? Шүүхдээд аваарай гэснээр шүүхэд хандаж байна. Бидний хооронд хийсэн аман гэрээ, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2016 оны 04 сарын 12ны өдрөөс 2016 оны 08 сарын 12 хүртэлх 1 сарын түрээсийн үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ нийт 4 сарын түрээс болох 6.000.000- /зургаан сая төгрөг/-ийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Эд хөрөнгийг хөлслөх гэрээний үүрэгт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Сайхан сумын Засаг даргын захирамжаар орон сууцны газар барих зориулалтаар газар авсан байсан. Эднийх газраа 3-н /гурван/ жил ашиглаагүй гээд манайд газрыг олгосон. Газрыг давхардуулж олгосон гээд маргаан гарсан. Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхээр манайд өөр газар олгохоор шийдвэрлэсэн.Урьд нь энэ асуудлаар танай байгууллага болон цагдаагийн байгууллагт хандаж байсан. Тухайн үед ******* дарга нь байсан. Танай хашааг 5-6 сарын хугацаатай хөлсөлье. Манайх хоригдол ажиллуулж байгаа. Мөн шаврын машин болон конторын зориулалттай угсармал орон сууцыг түрээслэнэ гэсэн. Конторын зориулалттай байранд хянагч нар нь байрлаж байсан. Мөн хоригдлууд дээр эргэлт ирэхэд ашиглаж байсан.Тэр нь ч яахав та нар цэвэрхэн эдлээрэй гэсэн. Эхлээд хашааг 2.000.000 төгрөгөөр хөлсүүлнэ гээд сүүлдээ ******* бид хоёрын дунд 1.500.000 төгрөгөөр түрээслэхээр болж аман гэрээг байгуулсан. Түрээсийн мөнгийг сар сард нь өгөхөөр тохирсон боловч 6,7,8-н сарын түрээсийг өгөөгүй. Би ажилтан авчирч хашаагаа буулгаж эхэлтэл Энхболд 09 дүгээр сарыг хүртэл хүлээж бай гэсэн саналыг тавьж байсан. Мөн нягтлан Ц.Бямбадорж нь 300.000 төгрөг бэлэн өгье нэг сар сунгачих гэсэн. Би Ц.Бямбадоржоос хоёр асуулт асууя гэж бодож байтал өнөөдөр ирээгүй байна. Одоо ерөнхийдөө 6.000.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс нэхэмжилж байна гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Юуны өмнө энэ барилгын талаарх мэдээллийг өгөх нь зүйтэй байна. Манай барилга 3-н /гурван/ давхар. Энэ барилгыг барихад зах зээлийн ханш нь 700.000.000 төгрөгөөр баригддаг юм байна. Гэтэл манай энэ барилга 300.000.000 төгрөгөөр баригдсан барилга. Илүү дутуу зардалгүй маш нарийн тооцоолол дээр хатуу чанга хяналтын доор баригдсан барилга юм. Энэ хүнтэй хашааны түрээсийн талаар ярьсан зүйл байхгүй. ******* манай газар дээр хашаа барьсан. Хашаагаа ав гэж шаардаж байсан. Хорих ирээд газар шорооны ажил эхлэх гээд хашаан дотор ортол ******* манай эд хөрөнгийг эвдсэн гэж цагдаад хандсан байдаг. Энэ хүн их том хашаа барьсан байсан. Манай газар жижигхэн хэсэг нь байсан. Юу болсон юм бэ? гэж асуутал манаач нь цалин өгөөгүй учир миний мэдлийн юм гээд хашаан дотор оруулчихсан байсан. Ийм асуудлаар цагдаа дээр очоод бид хоёр анх удаа уулзсан. Та манай газар дээрээс хашаагаа буулгаж ав гэсэн шаардлагыг өгсөн. Энэ хүнтэй нэг удаа утсаар та манай газрыг чөлөөл хашаагаа ав гэж ярьсан. Гэтэл урдаас утсаар чи намайг дийлэхгүй би наад газрыг чинь авна. Би мөнгөтэй хүн гэсэн. Түүнээс хойш энэ хүнтэй дахиж яриагүй. Засаг даргад манай газрыг чөлөөлж өг гэж 2-3 удаа хандаж байсан. Энхболд олдохгүй байсан. Цагдаа дээр таарсан. Тэгээд Энхболд эргээд алга болчихсон. Хаана яваа гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Энхболдод мөнгө өгсөн авмаар байна гэсэн хүмүүс хашаа руу дайрдаг байсан. Би тэр Энхболдыгоо олж ирээд ав гэсэн хариуг өгдөг байсан. Тэрнээс түрээсийн талаар 1.500.000 төгрөг 2.000.000 төгрөг ярьсан зүйл бол байхгүй. Энэ хүн яагаад тэгж ойлгосон юм мэдэхгүй байна гэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн талын нотлох баримт болох гэрчийн мэдүүлгүүд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн нягтлан бодогчтой ярьсан утасны бичлэг, барилгын гадна талаар барьсан хашааг харуулсан СD бичлэг, фото зургууд
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нэг цонхны албан хорих байрны барилгын үе шатны ажлын хуваарь, барилга угсралт их засварын ажлын гүйцэтгэлийн баримт зэрэг нотлох баримтуудыг уншиж, сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* нь нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ******* нь Сайхан сумын засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмшиж түүнийгээ тойруулан ногоон өнгөтэй төмөр карказан хашаа барьсан байна.
*******ын эзэмшсэн газрын талаар маргаан үүсч шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч *******ын эзэмшиж байсан газрын тодорхой хэсэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн эзэмшилд очиж тухайн байгууллага албаны байр барих болсон байна.
Ингээд нэхэмжлэгч *******ын өмнө нь барьсан байсан ногоон өнгөтэй төмөр карказан хашаан дотор 2016 оны 04-р сарын 10-ны өдрөөс 2016 оны 08-р сарын 12-ны өдөр хүртэл 04 сарын хугацаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг өөрийн албаны байраа барьж ашиглаж байгаад, нэхэмжлэгч 2016 оны 08-р сарын 12-нд хашааг буулгаж аваад явсан гэх үйл баримт тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргахгүй байна.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч *******той хашаа түрээслэх талаар ямар нэг хэлцэл хийгээгүй харин ч хашаагаа буулгаад аваад яв гэсэн шаардлага тавьж байсан гэж мэтгэлцэж байгаа боловч 2016 оны 04-р сарын 02-ны өдөр нэхэмжлэгч *******той хамт хашаа буулган авахаар ирхэд хашааг түрээслэх талаар тохиролцсон талаар гэрч Т.Амарбаясгалангийн” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн ******* даргатай яриад хашаагаа 1.500.000 төгрөгөөр түрээслэхээр боллоо гэж байсан би машинд сууж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Энхжавхлангийн “ Хашаануудыг бид Дарханд хийгээд энд авчирч суулгасан. Дараа нь буцаад ачих гээд ирсэн. Тэгсэн болилоо түрээслэхээр боллоо гэж ярьсан. Би машины жолооч хүн, бүх юмыг нь тээвэрлэсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Мөнхбаатарын “Анх хашааг би ирж байрьсан. Дараа нь Жавхаа, Баяраа Цоож бид хэд буулгах гээд ирсэн. Гэтэл 1.500.000 төгрөгөөр түрээслэхээр боллоо гээд буцаасан. Ямар хүнтэй яаж тохирсон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэгээр нэхэмжлэгч болон хариуцагч байгуулагын хооронд хашааг түрээслэх талаар амаар хэлцэл хийгдсэнийг нотолж байна.
Шүүхийн шийдвэр биелүүлэх хэсэг нь энэ талаар няцаасан ямар нэгэн нотлох баримт гаргаагүй болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хөлсийг 1.500.000 төгрөгөөр тохирсон байгаа. гэрээг аман хэлцлээр хийсэн. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж байгуулагдсан. Гэрээний хугацааг 5-6 сар гэж тохирсон байдаг. Энэ хугацаанд Энхболд хашааг тодорхой хугацаагаар эзэмшил, ашиглалтанд шилжүүлээд тодорхой хөлсийг тохирсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж мэтгэлцэж байгаа боловч талуудын хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг гэрээ хийснээс хойш 1-3 сарын хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар хөлслөгч 3 сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно гэж заасны дагуу гэрээгээ цуцлаад хашааг авч явсан байдаг. Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг хашааг хөлсөлж байсан 4-н /дөрвөн/ сарын хугацааны мөнгө буюу сарын 1.500.000 төгрөгөөр бодож нийт 6.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч ******* түрээсийн гэрээ, өмгөөлөгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж гэрээгээ нэрлэж байгаа болно.
Түрээсийн гэрээний эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгагдах онцлог нь түрээсийн гэрээгээр эд хөрөнгийг зөвхөн ашиглаад зогсохгүй эд хөрөнгийн үр шим, ашиглалтын давуу талыг өөртөө авч үлддэгээрээ ялгагдана. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь *******ын хашааг түрээслэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиглаж барилгаа барьж үр шимыг нь хүртсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулна гэж мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д бичгээр байгуулах шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* Шүүхийн шийдвэр биелүүлэх хэсэгтэй хашаа түрээслэх гэрээг амаар хийсэн гэж байгаа ба энэ талаар гэрчүүд мэдүүлж байгаа боловч талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, хуульд заасан хэлбэрийг зөрчсөн тул хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг / бичгээр байгуулах/зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар, мөн хуулийн 56.5-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч ******* нь хашаагаа 2016 оны 08-р сарын 12-ны өдөр буулган авч явсан гэх ба хэлцлээр шилжүүлсэн хашаагаа буцаан авсан энэ талаар маргаагүй болно.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэлгүй тул *******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, энэ хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч талаас ирүүлсэн хашааны байдлыг харуулсан бичлэгтэй Си Ди-г хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэлгүй тул *******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Энэ хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгч талаас ирүүлсэн хашааны байдлыг харуулсан бичлэгтэй Си Ди-г хэрэгт хавсаргасугай.
4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ГСАРАНТУЯА