Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар  2022/ШЦТ/186

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ш.Ч
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: Х.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Хын ******* /РД:            /-т холбогдох эрүүгийн 000000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн ******* хорооллын 14-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Хын ******* /РД:............./

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Тоёота Приус маркийн 02-04 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцон явж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэснийг зөрчиж, зорчих хэсгийг чөлөөлж, шороон хэсэгт зогсож байсан Тоёота Приус маркийн 25-90 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээс бууж, уг автомашины ар талд нь байсан Ш.Бг мөргөж амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн: “...2022 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө тухайн хэрэг болсон. Аав минь улсад 27 жил ажиллаад энэ оны 11 сард тэтгэвэртээ гарах байсан. Эрүүл мэндийн хувьд ямар нэг архаг хууч өвчингүй эрүүл саруул хүн байсан. 2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнө ах маань манайд ирээд осол болсон талаар хэлсэн. Тэгээд осол болсон газарт очиход аав минь байхгүй байсан. Хархорин сумын эмнэлэг дээр ирэхэд морогт байсан. Шүүгдэгч Х.*******т маш их гомдолтой байна. Х.*******ийн хувьд санаандгүй гэмт хэрэг үйлдсэн гэхээс илүү хайхрамжгүйгээр замаас гараад зогссон машины ард тал руу очиж мөргөсөн байгааг миний зүгээс санаатайгаар хэрэг үйлдсэн гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтээр маш олон ясны хугарсан, дотор эрхтний бяцралтай гэж гарсан байсан. 2 цагийн турш маш их гэмтэлтэй зовж, шаналж нас барсан учраас маш их гомдолтой байна. Бидний хувьд 2022 оны 02 дугаар сарын 26-аас хойш 4 сарын хугацаанд сэтгэл санаа болон санхүүгийн хохирол амссан. Мөн хүүхдүүд минь өвөөгөө санаад сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Аав дээр минь өссөн том охин минь сэтгэл зүйн хувьд хүнд асуудалтай байна. Хохирол төлбөрийн тухайд нэхэмжилсэн төлбөрөөс 27.258.570 төгрөг төлөгдөөгүй байгаа. Тухайн үед сэтгэл санааны байдлаас хамаараад баримт цуглуулах боломжгүй байсан. Баримтаар гараагүй маш их зардал гарсан гэв.

 Мөрдөн байцаалтын шатанд 2000000000 дугаартай эрүүгийн хэргээс:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 цагийн үед намайг Улаанбаатар хотод байдаг гэртээ унтаж байхад амь хохирогчийн төрсөн дүү ******* орж ирээд амь хохирогчийг Архангай аймгийн нутаг дэвсгэрт явж байгаад зам тээврийн осолд орж бие нь их тааруу байна гэж надад хэлсэн. Үүнийг сонсоод шууд Улаанбаатар хотоос нөхөр Б.*******ийн хамт Архангай аймаг руу гарсан. Тухайн зам тээврийн ослын газар ирэхэд мөргөлдсөн 2 автомашин нь байсан бөгөөд амь хохирогчийг ******* аймгийн Хархорин сумын эмнэлэг рүү аваад явсан байсан. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд амь хохирогч маань аль хэдийн нас барсан байсан. Миний мэдэх зүйл энэ. Амь хохирогч маань тухайн үед Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу орох гээд өөрийн төрсөн дүү *******, түүний нөхөр нарын хамт 25-90 ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан юм. Тэгсэн чинь 02 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 05 цагийн үед зам тээврийн осолд орсон гэж сонссон. Би хамт явсан амь хохирогчийн төрсөн дүү болох *******ээс амь хохирогчийг яагаад нас барсан талаар асуухад Элсэн тасархай өнгөрөөд нэлээн явж байгаад овоотой зогсоол байсан бөгөөд тухайн зогсоол дээр зогссон. Тэр үед амь хохирогч автомашинаас түрүүлээд ганцаараа буусан гэсэн. Тэгтэл гэнэт машины араас нэг автомашин хүчтэй мөргөсөн гэсэн. Тэгэхээр нь *******, нар машинаас буухад амь хохирогч автомашины ертөнцийн зүгээр хойд талд нь газар унасан байсан гэж хэлсэн. Автомашины ертөнцийн зүгээр зүүн талын хойд хаалгаар буусан гэж хэлсэн. Би тэр талаар асуугаагүй. Хааяа бол хэрэглэдэг. Түүнээс тэр болгон байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Амь хохирогчийн төрсөн эцэг нас бараад 49 хоногийг хураах гээд *******, нарын хамт явж байсан юм. Одоохондоо сайн хэлж мэдэхгүй байна. Явцын дунд шалгуулах хүсэлттэй зүйлийг хүсэлтээр гаргана. Амь хохирогчийг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч засмал замын хажууд зогсож байсан автомашиныг яагаад мөргөсөн юм бол гэдгийг гайхаад байна. Үүнийг шалгуулмаар байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлүүлж зохих шийтгэлийг нь оногдуулмаар байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 37-39 хуу/

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн дахин мэдүүлсэн: ...Талийгаачийн буяны ажилд зарцуулсан баримтуудыг урьдчилсан байдлаар гаргаж өгөхөд 7.227.272 төгрөг болсноос осол гаргасан буруутай жолоочийн ар гэр нь 7.440.000 төгрөг, мөн цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 2.876.562 төгрөг, машины зээлийн нэг сарын төлбөр болох 600.000 төгрөг, нийтдээ 10.916.562 төгрөг төлж барагдуулсан. Талийгаач аавынхаа 21, 49 хоногт буяны ажил хийсэн бөгөөд түүнийхээ баримтуудыг гаргаж өгч байна. Энэ бүх зардлууд нь нийтдээ 15.218.570 төгрөг болсон. Мөн талийгаач аав маань энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарах байсан бөгөөд байгууллагаас нь 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох байсан талаар гаргаж өгсөн баримтыг үндэслэн 12.900.000 төгрөг, мөн талийгаач аавын маань зээлээр худалдан авч байсан 21-74 улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машины үлдэгдэл төлбөр болох 10.000.000 төгрөг, ингээд нийт 38.118.570 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Машины үлдэгдэл төлбөр баримт буюу дансны хуулгаа шүүх хуралдаанд оролцохдоо авч очно. Осол гаргасан буруутай жолоочоос дээрх нэхэмжилсэн 38.118.570 төгрөгийг нэхэмжилж байна. Жолооч нь манай ар гэрээс уучлалт гуйж, хохирол төлбөрийг бүрэн барагдуулж дуусаагүй учраас гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42 хуу/

*Иргэний нэхэмжлэгч Д.ын мэдүүлсэн: ...Танилцсан санал, хүсэлт байхгүй. Өөрийн эрүүл мэндийн даатгалаар үзүүлж харуулсан. Баримт байхгүй. Зам тээврийн осол гаргасан жолоочтой уулзаж ярилцаж бэлнээр 10 сая төгрөг авч, банк бусын зээлийн үлдэгдэл мөнгө болох 2 сая гаруй төгрөгийг төлж барагдуулж өгөхөөр тохирсон. Тийм болохоор миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 53 хуу/

*Гэрч Д.ын мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сум руу хадам аавын буяны ажлын 49 хоногт очихоор эхнэр *******, хадам ах Ш. нарын хамтаар явж байсан. Тэгээд Архангай аймгийн сумын нутаг Бүгдийн овоо гэх газар машин амрах газар замаас гарч зогсоод хадам ах арын суудлаас буухад машин араар тойрох үед араас машин ирж мөргөсөн. Би буугаад харахад хадам ах машины ард толгойноос нь цус гарсан, толгой хэсгийг зам руу харуулсан, хажуу талаараа хэвтэж байсан. Тэгээд нөгөө машины жолооч ирээд эмнэлэг рүү авч явъя гэхээр нь би хөдөлгөж болохгүй гээд цагдаад дуудлага өгөхөөр залгасан. Тэгээд Булган аймгийн Цагдаагийн газартай холбогдоод болсон ослыг хэлэхэд Архангай аймагт харъяалалтай гэж хэлсэн. Бид нар дамжуулж өгье гэсэн бөгөөд замаар явж байсан машинд дуудлага өгөөч гэж хэлээд явуулсан. Манай эхнэр Ш.******* жолоо барьж би хажуу талын суудалд, хадам ах Ш. хойд суудалд сууж явсан. Манай эхнэр ******* машин барьж явсан. Жолооч, хадам ах 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин би 2 дугаар сарын 25-ны өдөр архи хэрэглэсэн байсан. Миний уруулын дээд хэсэг хавдсан. Өөр гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахгүй. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Урдаас машин ирээгүй байсан. Зогсолт хийх үед ослын дохионы гэрлийг асааж зогсоосон мөргөсөн гэх машин нь цаанаас ирж байхдаа зам голлож яваад байхаар нь гүйцэд түрүүлээд Бүгдийн овооны тэнд зогссон...гэх мэдүүлэг /1хх-ийн 62-65 хуу/

*Гэрч Д.ын дахин мэдүүлсэн: ...Талийгаач Ш. нь манай хадам ах байгаа юм. Миний зүгээс болсон асуудлын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ зам тээврийн ослын талаар өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би 2014 онд жолооч болж байсан. Тэр цагаас хойш байнга машин барьж жолоодож байгаа. 2021 оны 09 дүгээр сард согтуугаар машин жолоодсон гээд жолоо барих эрхээ хасуулсан байгаа. Манай эхнэр тээврийн хэрэгслийг жолоодож яваад талийгаач ах маань бие засъя гэхээр нь Тарны гүүр гараад Бүгдийн овоо гэх газрын авто машины шороон зогсоол руу орж зогсоод засмал замыг бүрэн чөлөөлж зогссон. Ойролцоогоор 2-3 метрийн зайтай засмал замаа чөлөөлж шороон дээр зогссон байсан. Тухайн автомашин нь 2018 оны 06 дугаар сард Монгол улсад орж ирээд Монголд явж байхад нь буюу 2021 оны 02 дугаар сард 11.5 сая төгрөгөөр худалдан авахаар ярьж тохирч урьдчилгаа 8 сая төгрөгийг өгч үлдэгдэл 3.5 сая төгрөгийг Тайгын булаг ББСБ-аас зээл гаргуулан авч худалдан авч байсан. Уг автомашин нь Тайгын булаг ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй боловч манайх гэр бүлийн хэрэгцээндээ унаж ашигладаг. Манай зүгээс зээлээ цаг тухайд төлөөд явж байгаа. Авто машины зүүн хойд тал тэр чигээрээ чихэгдэж эд ангиуд нь эвдэрч хэмхэрч зүүн хойд дугуй эргэж явах боломжгүй болсон.Хойд багаж шил хагарсан, хойд гупер хагарсан. Би тухайн үед хамгаалах бүсээ яг тайлж байхад араас их хүчтэй мөргөсөн тэр үед би урд толийг уруул хэсгээрээ мөргөж уруул жаахан хавдсан. Тэрнээс өөр бэртэл гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Автомашины хохирлоо түргэн шуурхай барагдуулж авахыг хүсэж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 67-68 хуу/

*Гэрч Б.ийн мэдүүлсэн: ...Би анх 2012 оны 06 дугаар сард Архангай аймаг дахь Цагдаагийн гарын Цэнхэр сум дахь хэв журмын цагдаагаар томилогдон анх цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш эргүүлийн цагдаа, мэдээлэл хүлээн хүлээн авагч цагдаа, *******, Жаргалант сум дахь хэв журмын цагдаагаар ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Хотонт сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн зохицуулагч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтойгоор ажиллаж байна. Би тухайн өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын баталсан хуваарийн дагуу эрүүгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.*******ийн хамтаар Архангай аймгийн сумын Номгон Тарнын гүүрний Замын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн өмнөх өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Х.******* нь Архангай аймгийн төв рүү явчихаад ирье гэж надад хэлэхээр нь би одоо хоёрхон хоног үлдэж байхад пост орхиж явахгүй ээ, хоёр хоногийн дараа буугаад яваарай гэж хэлсэн байсан юм. Тэгээд орой  22 цаг хүртэл би эрүүгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.*******ийн хамтаар орон нутгийн улсын чанартай авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт хийж ажилласан юм. Тэгээд постынхоо амралтын өрөөндөө ороод би компьютер дээр ажлын мэдээ, зөрчлийн шийдвэрлэлт шивж байхад Х.******* цагдаа хувцсаа солиод энгийн хувцас өмсөж байсан. Би тухайн үед хаашаа явах, яах гэж байгаа талаар асуугаагүй. Тэнд постонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид орой нь зам дагуу байдаг гуанз орж хоол иддэг болохоор гуанз орох эсвэл дэлгүүр орж тамхи авах гэж байгаа юм байх л гэж бодсон. Тэгээд Х.******* гараад явсан. Би амрахаар хэвтээд утсаа оролдож байхад 01 цагийн орчимд миний гар утас руу Архангай аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрээс утсаар ярьж постын баруун хойд чиглэлд 1 км орчим зайд зам тээврийн осол болсон талаар мэдэгдсэн юм. Тэгээд би тухайн ослын газарт очиход 50 гаруй настай эрэгтэй хүний хөл гэмтсэн гээд босож чадахгүй, зүүн талын шанаа орчим язарсан шархтай хар саарал өнгийн Приус-20 маркийн 25-90 ******* улсын дугаартай автомашины хойно газарт хэвтүүлсэн байсан. Мөн Х.*******ийн 02-04 улсын дугаартай мөнгөлөг саарал Приус-20 маркийн автомашин замын хажуу тадын даланг мөргөж зогссон байдалтай, маркийн 25-90 ******* улсын дугаартай автомашины зүүн хойд тал их хэмжээний эвдрэлтэй байсан. Тэгээд сумын эмнэлэгт дуудлага өгөөд аймгийн төвөөс бүрэлдэхүүн ирсэн. сумын эмнэлгийн ажилчид ирээд тухайн эрэгтэйг авч яваад замдаа нас барсан талаар сүүлд нь мэдсэн. Тухайн дуудлага нь 30 орчим минутын дараа тухайн дуудлага мэдээлэл ирсэн. Х.******* тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед миний согтуурал шалгагч багажийн стандартчил хэмжил зүйн газраас баталгаажуулсан хугацаа дуусчихсан байсан учраас Х.*******ийг ******* аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтсийн жижүүрийн мөрдөгчөөр согтуурлыг нь шалгуулсан гэж ярьж байсан юм. Согтуурал шалгах багажаар ямар үр дүн гарсан талаар би мэдэхгүй байна. Би эхлээд ямар зорилгоор явж байсныг мэдэхгүй байна. Би тухайн ослын газарт оччихоод Х.*******оос энд юу хийж яваа талаар нь асуухад надад юм хэлээгүй. Би ахалж ажиллах үүрэгтэй байсан. Би Х.*******ийг ийм хол явчихна гэж бодоогүй. Харин гуанз юм уу, дэлгүүр орох гэж байна гэж бодсон учраас зорилго чиглэлийг нь асуугаагүй юм. Миний хувьд тухайн цагдаагийн албан хаагчийг хариуцах үүрэгтэй байсан боловч тухайн цаг хугацаанд ингээд гарч яваад осол аваарт холбогдчихно гэж бодсонгүй. Хот хоорондын төв замд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, иргэдийг осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготой ажилладаг байсан. Тухайн өдөр өглөө 10 цагийн үед ажилдаа хяналт, шалгалтын ажлаа эхэлж тэр өдөр 120 орчим тээврийн хэрэгсэл шалгаж миний хувьд 10 хүнд 280.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 13 иргэний зөрчлийг газар дээр нь арилгуулж ажилласан. Х.******* нь 5 жолоочид арга авч байсан санагдаж байна. Би X.*******ийг сайн мэдэхгүй. Сая хамгийн анхны удаа хамт постод томилогдож ажиллаж байна. Х.******* нь надад өөрөө хэлэхдээ 3 дахь жилдээ ажиллаж байгаа талаараа хэлсэн. Өөрөөр сайн мэдэхгүй. Ойр дотно байдаггүй юм. Х.******* өөрийнхөө хувийн тээврийн хэрэгслээр үүрэг гүйцэтгээгүй тухайн постод Пробокс маркийн 16-66 АРА улсын дугаартай албан тээврийн хэрэгслээр үүрэг гүйцэтгэж байсан. Аймгийн төвөөс бид хоёрт ээлж хүлээлцсэн хүн байхгүй. Аймгийн төвөөс хуваарийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явах болтол Х.******* өөрийн хувийн тээврийн хэрэгслээр явахаар болж би Х.*******ийн тээврийн хэрэгсэлд сууж үүрэг гүйцэтгэх постод очсон юм. Тэгээд постод үүрэг гүйцэтгэх үедээ албаны автомашин ашиглаж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 71-73 хуу/

*Гэрч С.гийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Улаанбаатар хот руу сарын тайлан тооцооны асуудлаар өөрийн хүүгийн хамтаар Приус-40 маркийн автомашинтай явж байгаад Бүгдийн овоон дээр гарч ирэхэд 1 эмэгтэй 2 эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоход түргэн тусламж үзүүлээч гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгсэн чинь эмэгтэй хүн нь манай ахын араас мөргөчихлөө, та цагдаа, эмнэлгээс аль нэгийг нь дуудаад өгөөч гэхээр нь би энд ойрхон цагдаагийн газар байгаа гэж хэлээд явсан. Тэгээд Тарны гүүрний цагдаа дээр очиход байхгүй байхаар нь Архангай аймаг руу дуудлага өгсөн. Би хараагүй. Эмэгтэй хүн нь машинд мөргүүлсэн хүний бие нь муу байна, цус алдаад байна гэж хэлсэн. Манай хүү машины хойд суудалд унтаж явсан болохоор хараагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 75-76 хуу/

*Гэрч Ш.*******ийн мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн орчим Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу очиж аавынхаа 49 хоногийг хурааж буян ном хийхээр гэр бүлийн хэрэгцээнд унаж хэрэглэдэг Тоёота приус маркийн 25-90 ******* улсын дугаартай авто машинтай өөрийн нөхөр , төрсөн ах Ш. нарын хамт гарцгаасан ба нөхөр маань жолоочийн хажуугийн урд суудалд суугаад, ах маань хойд суудалд ганцаараа суугаад нөхөртэй маань ажил төрлийнхөө талаар ярилцаад би жолоо бариад явж байтал шөнийн 01 цаг өнгөрчихсөн байсан ба Тарнийн гүүрний орчим талийгаач ах маань бие засъя гэж хэлэхээр нь гүүр гараад амралтын зогсоол руу буюу засмал замаа бүрэн чөлөөлөөд их гэрлээ унтраагаад фодворын гэрлээ асааж, аваарын гэрэл дохиогоо асаагаад зогссон. Талийгаач ах маань авто машинаас түрүүлж буусан ба авто машины зүүн хойд хаалгаар буугаад хаалгаа хаасан. Тэр үед нөхөр маань хамгаалах бүсээ тайлах гэж байсан ба гэнэт түс тас хийх чимээ гарч авто машин урагшаа түлхэгдээд явахаар нь юу болж байна гэж хэлээд хамгаалах бүсээ тайлаад машинаас буутал араас Тоёота приус маркийн авто машины манай машины зүүн хойд булангаас мөргөөд зогссон байдалтай, талийгаач ахын маань хоёр гутал хоёулаа тайлагдаж хол шидэгдэж, нэг гутлынх нь ул нь ханзарсан байдалтай, талийгаач ах маань авто машины зүүн хойд талд газар уначихсан байсан. Талийгаачийг өргөөд машинд оруулж суулгах гэхэд хоёр хөлийнх нь яс хугарчихсан шажигнаад дуугараад байхаар нь эвтэйхэн өргөж авто машины хойд суудал дээр суулгаад хоёр хөлийг нь урд хоёр суудлыг хэвтүүлж тавьсан. Тухайн үед талийгаач ах маань ухаантай байсан бөгөөд ахынх нь хоёр хөл өвдөөд байна, бариад өгөөч гээд орилоод байсан. Би орилж хашгирч байж байхад замын машин зогсоод юу болсон талаар асуухаар нь зам тээврийн осол болсон талаар хэлэхэд танихгүй хүмүүс, талийгаачийг хөдөлгөж болохгүй яаралтай цагдаа, түргэн дуудъя гэж хэлээд яваад өгсөн. Манай машины араас ирж мөргөсөн авто машины жолооч гэх 20 гаруй насны танихгүй залууг чи яаж явж байгаа юм бэ, бид нар замаа чөлөөлөөд зогссон байхад араас ирж ингэж мөргөөд байхдаа яадаг юм бэ гэж хэлэхэд тухайн залуу нь эгчээ уучлаарай, би 8 сартай охинтой, эхнэртэйгээ муудалцаад аав, ээж рүүгээ очих гээд явж байгаад гар утсаа унагаачихаад авах гэж байгаад ийм боллоо гэхээр нь чиний гар утас миний ахын аминаас илүү үнэтэй юм уу гэж орилж хашгирсан. Тэгтэл удалгүй түргэний машин ирж эмч нь талийгаач ахыг маань үзээд цус их алдсан байна, эмнэлэг рүү яаралтай очих хэрэгтэй байна гээд цус тогтоох тариа, өвчин намдаах тариа хийгээд өөр тариа хийх гэсэн боловч судас нь хагараад хийж болохгүй байсан. Дуудлагаар ирсэн эмч талийгаач ахыг маань үзээд эмнэлэгт хүргэгдэх явцдаа ямар нэгэн эрсдэл гарч магадгүй, биеийн байдал нь хүнд байна шүү, сэтгэлээ бариад тайван байгаарай, найдваргүй шүү гэж хэлээд тээвэрлээд явах замдаа нас барсан. Осол гаргасан жолооч эмнэлгийн машинд манай нөхрийн хамт талийгаач ахтай цуг яваад цагдаа нар ирж үзлэг хэмжилт хийгээд хоёр машиныг Тарнийн гүүрний постон дээр үлдээсэн. Би 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр жолооны шалгалтаа өгч тэнцэн тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын үнэмлэхтэй. Жолооч болсон цагаасаа хойш байнга тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Засмал замаас авто машинаа амралтын зогсоол буюу шороон зам дээр зогссон. Засмал замаас яг хэд орчим гэдгийг тодорхой санахгүй байна, харанхуй шөнө байсан учраас засмал замаас нилээн зайтай, ямар ч байсан машин араас ирж мөргөхөөргүй замаа чөлөөлж зогссон. Автомашины хойд багаж дүүрэн юм ачсан байсан. Талийгаач ах маань баруун гар талаа дэрлэж тав тухтай явах үүднээс автомашины баруун хойд талын суудалд куртик, дээл болон бусад эд зүйл тавьж явсан учраас авто машины зүүн хойд хаалгаар буусан юм. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Уг автомашиныг 2021 оны 02 дугаар сард урьдчилгаа 8 сая төгрөгийг өгч үлдэгдэл 3.5 сая төгрөгийг Тайгын булаг ББСБ-аас зээл гаргуулан авч худалдан авч байсан. Уг авто машин нь 2018 оны 06 дугаар сард орж ирсэн байсан. Авто машины зүүн хойд тал тэр чигээрээ чихэгдэж эд ангиуд нь эвдэрч хэмхэрсэн. Хойд багажны шил хагарсан. Авто машины зүүн хойд хэсэг чихэгдэж зүүн хойд дугуй эргэж явах боломжгүй болсон. Тухайн үед би хамгаалах бүсээ зүүчихсэн тайлж амжаагүй байсан учраас хамгаалах бүс урд салхины шил болон өөр бусад зүйл мөргөхөөс хамгаалсан. Миний эрүүл мэндэд ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Авто машины хохирлыг түргэн шуурхай барагдуулж өгөөсэй гэж хүсэж байна. Манай машиныг ирж мөргөсөн автомашины жолооч нь хамгаалах бүс зүүгээгүй явснаас урд салхины шилээ дотроос нь мөргөж хагалаад толгой нь хагарсан байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 82-84 хуу/

*Гэрч Ш.ийн мэдүүлсэн: ...Талийгаач Ш. нь манай төрсөн ах байгаа юмаа. Талийгаач ах маань айлын хамгийн том хүү бөгөөд доороо 3 эмэгтэй, 2 эрэгтэй дүүтэй. Манай аавын 49 хоногийн буяны ажил болно гээд хөдөөнөөс Тосонцэнгэл суманд хүүгийндээ орж ирээд унтаж амарч байхад 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө яг хэдэн цагт гэдгийг мэдэхгүй, манай дүү Ш.******* над руу утсаар яриад талийгаач ахыг осолд орсон гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд би хүүгийнхээ хамт өглөө 07 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас зам тээврийн осол болсон газар руу хөдлөөд явж байхад талийгаач ахын маань цогцсыг Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн моорогт хийсэн гэдгийг сонсоод дүү нартайгаа болон талийгаач ахынхаа охинтой зам тээврийн осол болсон гэх газар уулзацгаасан. Тэндээсээ Хархорин ороод зарим хүмүүс нь шинжээгээ Улаанбаатарт нээлгэхээр ярилцаад өглөө нь Улаанбаатар хот руу ирж шинжээгээ нээлгээд ном уншуулаад буцаад гарсан. Би өөрийн хаан банкны 000000000 тоот дансанд байсан 500.000 төгрөгийг, Хас банкны 0000000000 тоот дансанд байсан 400.000 төгрөгийг буяны ажилд нь хэрэглэсэн. Тэр нь дансны хуулгаар харагдана. Би дансны хуулгыг хавсаргуулахаар өгч байна. Миний Улаанбаатар хотод автобусаар ирсэн зардлын төлбөр л орсон байгаа бусад гаргасан мөнгө бол ном уншуулах болон бусад зүйлд зарцуулагдсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 108-109 хуу/

*Х.*******ийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан бөгөөд зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 198-199 хуу/  

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 33 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. Ш.гийн цогцосноос авсан гэх цусанд 0,8 промилли спиртийн зүйл илрэв. 
2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 3. О(I)-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /1хх-ийн 117-118 хуу/  

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Амь хохирогч Ш.гийн биед баруун талын 2.3.4-р дүгээр хавирга, эгэмны дунд шугамаарх шууд хугарал, баруун талын 3,4,5,6,7 дугаар хавирга суганы дунд шугамаар шууд бус хугарал, зүүн уушгины эдийн няцрал, элэгний 7,8,9-р сегментийн түвшинд эдийн язрал, баруун чихний урд хэсгээс доод уруул, ооч хүрсэн арьс эдийн гүн язарсан шарх, нүүрний зулгаралт, зүүн хацрын сэртэн ясны хугарал, баруун, зүүн хөлийн шаант, тахилзуур ясны ил хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтэл нь босоо байрлалд байгаа хүний бие автомашины мохоо зүйлд цохигдох, шахагдах үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсэх боломжтой. 
3. Баруун чихний урд хэсгээс доод уруул, ооч хүрсэн арьс эдийн гүн язарсан шарх, нүүрний зулгаралт, зүүн хацрын сэртэн ясны хугарал гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар амь биед аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун талын олон хавирганы хугарал, зүүн уушгины эдийн няцрал, элэгний эдийн язрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамраана. Баруун, зүүн шаант яс, тахилзуур ясны ил хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4. Амь хохирогч Ш. нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 2022 оны 02 дугаар сарын 28-ны 15 цаг 00 минутад анх гадна үзлэгээр нас бараад 11-12 цаг орчим болсон байжээ. 
5. Амь хохирогч Ш.гийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 
6. Амь хохирогч Ш. нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. /цусанд 0,8 промилли спиртийн зүйлийн илрэл/. /дүгнэлтийг хавсаргав/...гэх дүгнэлт /1хх-ийн 112-116 хуу/  

           *Архангай аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/13 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт:
 1. тоёота приус-20 маркийн 25-90 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.******* нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалт зөрчөөгүй байна. 
2. Зорчигч амь хохирогч Ш. нь МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалт зөрчөөгүй байна. 
3. тоёота приус-20 маркийн 02-04 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.******* нь МУ-ын ЗХД-ийн 1.3-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 
4. Зам тээврийн осол гарахад, замын орчин, байгалийн нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 
5. Техникийн шинжээч нь зам тээврийн осолд хэн буруутай эсэхэд хариулт өгөх боломжгүй байна. Харин тоёота приус-20 маркийн 02-04 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.******* нь МУ-ын ЗХД-ийн 1.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...гэх дүгнэлт /1хх-ийн 175-176 хуу/,
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 08-11 хуу/,
*Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-14, 19-22 хуу/,
*Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15-18 хуу/,
*Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 25-26 хуу/,
*Ослын газрын схем зураг /1хх-ийн 23-24 хуу/,
*Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 28-31 хуу/,
*“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 179-181 хуу/, 
*Архангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 238 хуу/,
*Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 219 хуу/ 
*Хохиролтой холбоотой баримтууд /1хх-ийн 243-250, 2хх-ийн 01-46 хуу/ 
*Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /2хх-ийн 53-58 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Дашдодогт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Тоёота Приус маркийн 02-04 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцон явж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэснийг зөрчиж, зорчих хэсгийг чөлөөлж, шороон хэсэгт зогсож байсан Тоёота Приус маркийн 25-90 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээс бууж, уг автомашины ар талд нь байсан Ш.г мөргөж амь насыг хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

    Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
    Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Тоёота Приус маркийн 02-04 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцон явж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэснийг зөрчиж, зорчих хэсгийг чөлөөлж, шороон хэсэгт зогсож байсан Тоёота Приус маркийн 25-90 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээс бууж, уг автомашины ар талд нь байсан Ш.г мөргөж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 цагийн үед намайг Улаанбаатар хотод байдаг гэртээ унтаж байхад амь хохирогчийн төрсөн дүү ******* орж ирээд амь хохирогчийг Архангай аймгийн нутаг дэвсгэрт явж байгаад зам тээврийн осолд орж бие нь их тааруу байна гэж надад хэлсэн... Тэр үед амь хохирогч автомашинаас түрүүлээд ганцаараа буусан гэсэн. Тэгтэл гэнэт машины араас нэг автомашин хүчтэй мөргөсөн гэсэн. Тэгэхээр нь *******, нар машинаас буухад амь хохирогч автомашины ертөнцийн зүгээр хойд талд нь газар унасан байсан гэж хэлсэн. Автомашины ертөнцийн зүгээр зүүн талын хойд хаалгаар буусан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-39 хуу/, гэрч Д.ын: “...Бүгдийн овоо гэх газар машин амрах газар замаас гарч зогсоод хадам ах арын суудлаас буухад машин араар тойрох үед араас машин ирж мөргөсөн... Манай эхнэр тээврийн хэрэгслийг жолоодож яваад талийгаач ах маань бие засъя гэхээр нь Тарны гүүр гараад Бүгдийн овоо гэх газрын авто машины шороон зогсоол руу орж зогсоод засмал замыг бүрэн чөлөөлж зогссон. Ойролцоогоор 2-3 метрийн зайтай засмал замаа чөлөөлж шороон дээр зогссон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1хх-ийн 62-65, 67-68 хуу/, гэрч Б.ийн: “...Х.******* нь Архангай аймгийн төв рүү явчихаад ирье гэж надад хэлэхээр нь би одоо хоёрхон хоног үлдэж байхад пост орхиж явахгүй ээ, хоёр хоногийн дараа буугаад яваарай гэж хэлсэн байсан юм. Тэгээд орой  22 цаг хүртэл би эрүүгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.*******ийн хамтаар орон нутгийн улсын чанартай авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт шалгалт хийж ажилласан юм. Тэгээд постынхоо амралтын өрөөндөө ороод би компьютер дээр ажлын мэдээ, зөрчлийн шийдвэрлэлт шивж байхад Х.******* цагдаа хувцсаа солиод энгийн хувцас өмсөж байсан. Би тухайн үед хаашаа явах, яах гэж байгаа талаар асуугаагүй. Тэнд постонд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид орой нь зам дагуу байдаг гуанз орж хоол иддэг болохоор гуанз орох эсвэл дэлгүүр орж тамхи авах гэж байгаа юм байх л гэж бодсон. Тэгээд Х.******* гараад явсан. Би амрахаар хэвтээд утсаа оролдож байхад 01 цагийн орчимд миний гар утас руу Архангай аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрээс утсаар ярьж постын баруун хойд чиглэлд 1 км орчим зайд зам тээврийн осол болсон талаар мэдэгдсэн юм. Тэгээд би тухайн ослын газарт очиход 50 гаруй настай эрэгтэй хүний хөл гэмтсэн гээд босож чадахгүй, зүүн талын шанаа орчим язарсан шархтай хар саарал өнгийн Приус-20 маркийн 25-90 ******* улсын дугаартай автомашины хойно газарт хэвтүүлсэн байсан. Мөн Х.*******ийн 02-04 улсын дугаартай мөнгөлөг саарал Приус-20 маркийн автомашин замын хажуу тадын даланг мөргөж зогссон байдалтай, маркийн 25-90 ******* улсын дугаартай автомашины зүүн хойд тал их хэмжээний эвдрэлтэй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-73 хуу/, гэрч С.гийн: “...Бүгдийн овоон дээр гарч ирэхэд 1 эмэгтэй 2 эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоход түргэн тусламж үзүүлээч гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгсэн чинь эмэгтэй хүн нь манай ахын араас мөргөчихлөө, та цагдаа, эмнэлгээс аль нэгийг нь дуудаад өгөөч гэхээр нь би энд ойрхон цагдаагийн газар байгаа гэж хэлээд явсан. Тэгээд Тарны гүүрний цагдаа дээр очиход байхгүй байхаар нь Архангай аймаг руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-76 хуу/, гэрч Ш.*******ийн: “...Талийгаач ах маань авто машинаас түрүүлж буусан ба авто машины зүүн хойд хаалгаар буугаад хаалгаа хаасан. Тэр үед нөхөр маань хамгаалах бүсээ тайлах гэж байсан ба гэнэт түс тас хийх чимээ гарч авто машин урагшаа түлхэгдээд явахаар нь юу болж байна гэж хэлээд хамгаалах бүсээ тайлаад машинаас буутал араас Тоёота приус маркийн авто машины манай машины зүүн хойд булангаас мөргөөд зогссон байдалтай, талийгаач ахын маань хоёр гутал хоёулаа тайлагдаж хол шидэгдэж, нэг гутлынх нь ул нь ханзарсан байдалтай, талийгаач ах маань авто машины зүүн хойд талд газар уначихсан байсан. Талийгаачийг өргөөд машинд оруулж суулгах гэхэд хоёр хөлийнх нь яс хугарчихсан шажигнаад дуугараад байхаар нь эвтэйхэн өргөж авто машины хойд суудал дээр суулгаад хоёр хөлийг нь урд хоёр суудлыг хэвтүүлж тавьсан....” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-84 хуу/, гэрч Ш.ийн: “...2022 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө яг хэдэн цагт гэдгийг мэдэхгүй, манай дүү Ш.******* над руу утсаар яриад талийгаач ахыг осолд орсон гэж хэлээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 108-109 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт /1хх-ийн 112-116 хуу/, Архангай аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/13 дугаартай техникийн дүгнэлт  /1хх-ийн 175-176 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-14, 15-22, 23-26 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бээс шүүгдэгч Х.*******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.   

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно...” гэж заажээ. Уг хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг шүүгдэгч Х.******* нь зөрчсөн байна.  

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан, мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул шүүгдэгч Х.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт”....Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно..”гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг юм. 

Шүүгдэгч Х.******* нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт”...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…” гэж тус тус заажээ. 

Шүүгдэгч Х.*******ийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь  гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 51.018.570 төгрөг нэхэмжилсэнээс 26.932.728 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчээс 24.085.842 төгрөгийг гаргуулж үүнээс шүүгдэгчийн төлсөн 22.907.252 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1.178.590 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна. 
Үүнд: Хохиролд тооцож шийдвэрлэсэн нь 7.227.272 төгрөг / оршуулгын зардал/ 96960 төг, 10.000 төг, 290.500 төг, 9685төг, 80.000 төг,  /1р хх-ийн 245хуу, 63.000төг, 26700төг, 313.859төг /1р хх-ийн 246 хуу/, 37.10төг, 20.000төг, 11.000төг, 19400төг, 30.000төг, 30.000төг /1р хх-ийн 247хуу/, 49.500төг, 22.000 төг, 57400төг, 95700 төг, 40.000 төг /1р хх-ийн 248хуу/, 31600төг, 40.000төг, 6.618төг, 55.000 төг, 40.000 төг, 58400төг /1р хх-ийн 249хуу/, 30.390төг, 20.000 төг, 53800төг, 12.150 төг, 20.000 төг /1р хх-ийн 250хуу/, 249.500 төг /2р хх-ийн 1хуу/, 319.600төг /2р хх-ийн 2хуу/, 721.300төг /2р хх-ийн 3хуу/, 520.500 төг, /2р хх-ийн 4хуу/, 508600төг /2р хх-ийн 5хуу/, 312.500төг /2р хх-ийн 6 хуу/, 832.500 төг /2р хх-ийн 7хуу/, 919.700 төг /2р хх-ийн 8хуу/, 277.500 төг /2р хх-ийн 9хуу/, 50.000төг, 15.000төг /2р хх-ийн 10хуу/, 11600төг, 100.000 төг /2р хх-ийн 11хуу/, 104.900 төг, 36500төг, 23800төг /2р хх-ийн 12хуу/, 21.400 төг, 60.000 төг, 42.410 төг /2р хх-ийн 13хуу/, 100.000 төг, 129.000 төг, 42.440 төг /2р хх-ийн 14хуу/, 100.000 төг, 30.000 төг, 80.000төг /2р хх-ийн 15хуу/,нийтдээ 7.227.272 төгрөгийн баримт, 643.000төг /2р хх-ийн 25хуу/, 239.500 төг /2р хх-ийн 26 хуу/, 2.513.050 төг, /2р хх-ийн 27хуу/, 486.000 төг /2р хх-ийн 28хуу/, 30.000 төг, 20.000 төг, 20.000 төг /2р хх-ийн 29хуу/, 651.250 төг /2р хх-ийн 30 хуу/, 475.000 төг /2р хх-ийн 31хуу/, 15.000төг, 30.000 төг, 20.000 төг, 25000 төг /2р хх-ийн 32хуу/ нийтдээ 5.167.750 төгрөгийн, 1.490.000 төг /2р хх-ийн 36хуу/, 1.073.000 төг /2р хх-ийн 37хуу/, 4.024.850 төг /2р хх-ийн 38хуу/, 988.470 төг /2р хх-ийн 39хуу/, 454.500 төг /2р хх-ийн 40 хуу/, 96500төг /2р хх-ийн 41хуу/, 602.000 төг /2р хх-ийн 42хуу/, 20.000төг, 40.000 төг, 20.000 төг /2р хх-ийн 43хуу/, 25.000төг, 20.000 төг, 25.000төг, 35.000 төг /2р хх-ийн 44хуу/, 20.000 төг, 25.000 төг, 22.000 төг, 20.000 төг, 11.000 төг /2р хх-ийн 45хуу/, 65.000 төг, 50.000 төг, 45.000 төг, 30.000 төг /2р хх-ийн 46хуу/ нийтдээ 10.050.820 төгрөгийн, мөн 1640.000төгрөг, нийтдээ 24.085.842 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгчээс гаргуулж, харин хэлэлцэхгүй орхисон гаргуулаагүй хохирол нь  26.932.728 төгрөгнөөс амь хохирогчийн “Голден хаммер”ХХК-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 6 сарын цалинтай тэнцэх  12.900.000 төгрөгийн тэтгэмж олгох нь үнэн болно гэх тодорхойлолт /2р хх-ийн 48хуу/, мөн ямарч баримт ирүүлээгүй нэхэмжилсэн 14.032.728 төгрөгийг тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, харин шүүгдэгчээс хохиролд төлсөн нь 2817.252 / 2022.03.30ны өдөр зээл хаасан 1-р хх-ийн 230хуу/,940.000 төгрөг, 2000.000 төгрөг, 1000.000төгрөг, 200.000төгрөг, 50.000төгрөг /1р хх-ийн 231хуу/, 3000.000 төгрөг, 3000.000төгрөг, 3000.000төгрөг, 3500.000төгрөг, 100.000төгрөг, 600.000 төгрөг,1500.000 төгрөг, 600.000төгрөг, 600.000 төгрөг нийтдээ 22.907.252 төгрөгийг төлсөн байгааг дурдах нь зүйтэй байх бөгөөд шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гэм хорын хохирол барагдуулах тухай 20.000.000 төгрөгийг 2024 онд төлж дуусгахаар гэрээ байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
 
Харин иргэний нэхэмжлэгч Д.т 4830.000 төгрөгийн хохирол учирсан нь 2022 оны 03  дугаар сарын 16-ны өдрийн 14085 дугаартай Тэнцвэр эстимэйт ХХК-ны үнэлгээний тайлангаар /1р хх-ийн 179хуу/ тогтоогдож байх боловч иргэний нэхэмжлэгч Д.ын мэдүүлсэн:..зам тээврийн осол гаргасан жолоочтой уулзаж ярилцаж бэлнээр 10 сая төгрөг авч, банк бусын зээлийн үлдэгдэл мөнгө болох 2 сая гаруй төгрөгийг төлж барагдуулж өгөхөөр тохирсон. Тийм болохоор миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 53 хуу/ байх тул шүүгдэгч Х.******* нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
         Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэж, эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт”... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино....”гэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..”гэж мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх..”гэж тус тус заажээ. 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа мөн цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, уг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, мөн оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.   

Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг  тус тус дурдаж, шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэв.


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                                          ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ц овогт Хын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч  Х.******* нь 3/гурав/ жилийн хугацаанд оршин суух газар , газар сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Х.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалтыг зөрчсөн үүрэг хүлээлгэсэн болон тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдвэл прокурорын саналыг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Х.*******т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 

6.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******оос 1.178.590 /нэг сая нэг зуун далан найман мянга таван зуун ер/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Улаанбаатар хот дүүрэг 00 дугаар хороо ............ 01-06 тоотод оршин суугч Б овогт Бн ******* /РД: 000000000/-д олгосугай.

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь нийт 51.018.570 /тавин нэгэн сая арван найман мянга таван зуун дал/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Х.******* нь 22.907.570 төгрөг төлсөн байгааг дурдаж, түүний нэхэмжлэлээс 26.932.252 /хорин зургаан сая есөн зуун гучин хоёр мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь  шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ