Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2018/00049/И |
Дугаар | 49 |
Огноо | 2018-04-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 49
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 60-36 тоотод оршин суух О.Лхагвадоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, 7-47 тоотод оршин суух Д.Байгалмаа, Н.Тэрбиш нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30 664 000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.Лхагвадорж нь Д.Байгалмаатай хамт нэг байгууллагад ажилладаг байсан. Д.Байгалмаа нь Цемент шохой ХК-д хуулийн зөвлөх хийдэг хуульч мэргэжилтэй хүн болохоор их итгэдэг байсан. Түүний үндсэн дээр 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр зээлүүлж гэрээ байгуулсан. Дараа нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй нэмж зээлдүүлсэн. Дараа нь 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 4.000.000 төгрөгийг өмнөх дээр нь нэмж зээлдүүлсэн. Нийт 18.000.000 төгрөгийг зээлдүүлсэн. Хүүнд авсан тооцооллыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Эхний 6.000.000 төгрөгийн гэрээнээс 16.020.000 төгрөгийг хүүнд авсан. 5.000.000 төгрөгийн гэрээнээс 11.450.000 төгрөгийг хүүнд авсан. Дараагийн 3.000.000 төгрөгнөөс 6.510.000 төгрөг хүүнд авсан. Сүүлийн 4.000.000 төгрөгнөөс 5.600.000 төгрөг хүүнд авсан. Нийт 39.580.000 төгрөгийг хүүнд авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Одоо үндсэн зээл 18.000.000 төгрөг болон хамгийн сүүлд 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл дахин 18.000.000 төгрөгний гэрээ байгуулсан. Тэр гэрээнийхээ хүчинтэй хугацаа хүртэлх төлөгдөөгүй хүү болох 12.600.000 төгрөг, замын зардал 64.000 төгрөг, нийт 30.664.000 төгрөг нэхэмжилж байна...гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвхөн хүүнд нийт 39.580.000 төгрөг авсан гэдгээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч тал 4 гэрээнээс мөнгөө нэхэмжилж байгаа. 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр 6.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэдэг. Ийм зээлийн гэрээ байдаг боловч зээлдэгчийн мэдэлд ямар нэгэн мөнгө шилжүүлсэн баримт байдаггүй. Тэгэхээр нэхэмжлээд байгаа 18.000.000 төгрөг хасагдаад 12.000.000 төгрөг болж байгаа. 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн. Энэ зээлийн гэрээн дээр 5.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй хоёр сарын хугацаатай зээлдүүлэв гэж бичиж зээлдүүлсэн. Энэ бол манай талаас байгуулсан хамгийн анхны гэрээ юм. Энэ гэрээгээр бид 5.800.000 төгрөг болгож төлөөд дуусгасан. Өнөөдрийн гаргаж өгсөн О.Лхагвадорж, Б.Энхбаяр, Ашнай нарын авч байсан төлбөр тооцоог нийлүүлээд бодсон байгаа. 2 дахь гэрээ нь 2012 оны 04 сарын 06-ны өдөр 10 хувийн хүүтэй 03 сарын хугацаатай авсан 3.000.000 төгрөг байгаа. Энэ гэрээн дээр ямар нэгэн огноо байдаггүй. Үүнийг 3.900.000 төгрөг болгож төлсөн. Сүүлийн гэрээ болох 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10 хувийн хүүтэй 4.000.000 төгрөгийг 6.400.000 төгрөг болгож төлсөн. 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бидэнд ямар ч 6.000.000 төгрөг шилжүүлж өгөөгүй. Н.Тэрбиш, Д.Байгалмаа, Мон ТБ ХХК-ийн дансанд аль алинд нь ямар ч 6.000.000 төгрөг шилжүүлж өгөөгүй. Энэ 6.000.000 төгрөгийг зээлсэн гэж худлаа ярьж байгаа. Ийм зээлсан мөнгө огт байхгүй. Худлаа ярьж байна. Зээлсэн мөнгөнийхөө хугацаандаа хүүг нь төлж байсан. Түүнээс цааш 4-5 сарын дотор төлж байсан. 2011 оны 11-р сарын 21-ний өдөр авсан 5.000.000 төгрөгийн хүү болох 800.000 төгрөгийг төлөөд түүнээс цааш 2012 оны 03 сар хүртэлх хугацаанд төлсөн байгаа. 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийн хүү өгөхдөө үндсэн мөнгөнөөс нь 1.180.000 төгрөг, 2012 оны 12 сард нь 1.180.000 төгрөг, нийт 2.360.000 төгрөг төлсөн. Дараа нь 2012 оны 12 сард 880.000 төгрөг, 03 сард нь 880.000 төгрөг гээд 5.000.000 төгрөг нь хүүтэйгээ төлөгдөөд дууссан байдаг. 3.000.000 төгрөгийн гэрээний эхний 3 сарын хүүг нь төлсөн. Тэр хугацаандаа зөвхөн хүүг биш үндсэн зээлээсээ давхар өгч явсан. Өмнөх хурал дээр би тооцооны дэвтрүүд гаргаж өгч байсан. Тэр дэвтрээс хуулж авсан баримтууд байгаа. О.Лхагвадорж өдөрт Шим худалдааны төвийн супер маркетаас багадаа 50.000 төгрөг дээд тал нь 150.000 төгрөг болон түүнтэй дүйцэх бараа бүтээгдэхүүнийг ирж авдаг байсан. Жишээ нь 12 дугаар сарын 06-ны өдөр гэхэд нийтдээ 1.100.000 төгрөг төлсөн байгаа. 300.000 төгрөгийг хүүнд нь төлөөд 800.000 төгрөгийг үндсэн зээлэндээ төлсөн байгаа. Ингэж явсаар төлөгдөж дууссан. Сар болгон аваад байхаар энэ өөрөө сард 1.500.000 төгрөг болж байгаа. Бид гэрээний хугацаанд хүүгээ төлөөд үндсэн төлбөрөө төлсөн. Илүү мөнгө төлөхгүй. Бид нар тухайн үеийн нягтлан Гантулгатай уулзаад дэвтрээс нь шүүж тулгахаар өдөр болгон ирж бараа болон мөнгө авсан байгаа. Хавтаст хэрэгт бүгд ойлгомжтой авагдсан байгаа. Бид мөнгийг аль хэдийн төлөөд дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдөр хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар 12.000.000 төгрөг зээлсэн байна гэж үзэхэд 12.000.000 төгрөгөө 39.580.000 төгрөг болгоод төлчихсөн байгаа. Нэхэмжлэгч тал өөрөө 39.580.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөө яаж яаж авсан хүснэгтээ гаргаж өгсөн байдаг. Үүнээс харахад зээлсэн мөнгө 2.1 дахин өссөн байгаа. Энэ ямар мөнгө хүүлдэг арга байдаг юм бол. Бид энэ хүмүүст нийт 21.000.000 төгрөг илүү өгчихсөн байгаа. Тиймээс энэ хүмүүсээс 15.000.000 төгрөгийг нь буцааж авъя гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж авсангүй. Эхний гэрээ 02 сар, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ 6 сар, 2013 оны 03 дугаар сарын 27-ны гэрээ 6 сарын хугацаатай байгаа. Зээлийн гэрээг хугацаанд нь тооцох хэрэгтэй. Бид зээлээсээ үндсэн төлбөрөө төлсөн, хүүгээ ч мөн төлсөн. Гэрээний тодорхой зүйлүүд байгаа. 5.000.000 төгрөг авсан зээлийн гэрээний 9-р зүйлд зээл өгөгч зээлд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байгаа. 06 дугаар сарын 30-ны өдрийн гэрээн дээр мөн энэ үг өгүүлбэрийг оруулж өгсөн. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч би эхний гэрээг устгаад дараагийн гэрээг хийдэг байсан гэж байгаа. Гэтэл энэ бүх гэрээг гаргаад ирсэн. О.Лхагвадорж нь Гантулга нягтлантай Би Улаанбаатарт байр авах гэж байгаа. Тиймээс би хүмүүст авлагатай харагдмаар байна гэж хэлж байгаад хийлгэсэн гэдэг. Дээрээс нь 6.250.000 төгрөгийн асуудал байгаа. Байгалмааг Лхагвадорж би өртэй байна. өрөө төлөхийн тулд чи надад туслаач гэж хэлж байгаад тэр мөнгийг авсан гэдэг. Байгалмаа өнөөдөр би чамд тийм мөнгө өгсөн шүү дээ гэж нэхэмжлээгүй байгаа. Лхагвадорж нь тэр баримтуудыг зөвхөн цагдаад өгөхийн тулд ч биш Байгалмаагаас мөнгө салгах гэсэн арга нь байсан гэж үзэж байна...гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Лхагвадорж нь зээлийн гэрээний үүрэгт 30 664 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг
Хариуцагч Д.Байгалмаа, Н.Тэрбиш нарт холбогдуулан гаргасан.
Хариуцагч Н.Тэрбиш, хариуцагч Д.Байгалмаа нар зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч О.Лхагвадорж нь хариуцагч Д.Байгалмаа, Н.Тэрбиш нарт хариуцагч нарын өөрсдийнх нь хүсэлтээр хүүтэй
1.2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй /хх-4/ хугацаа тодорхойгүй гэрээг Н.Тэрбиштэй,
2.2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөгийг 5048066539 дугаартай ХААН банкны дансанд /хх-27/ шилжүүлж, 8 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай буюу 2012 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх гэрээг Н.Тэрбиштэй,
3.Өмнөх 1, 2 дугаар гэрээний үндсэн зээл болох 6 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг төлөгдөөгүй учир 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 11 000 000 төгрөг болгож 8 хувийн хүүтэй 2012 оны 07 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх 4 сарын хугацаатай гэрээг Н.Тэрбиштэй,
4.2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөгийг 5045240183 дугаартай ХААН банкны дансанд шилжүүлж /хх-7/, 10 хувийн хүүтэй гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх гэрээг Н.Тэрбиштэй тус тус байгуулсан нь дээрх гэрээнүүд болон мөнгө шилжүүлсэн банкны хуулгаар тус тус тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 4 000 000 төгрөг 469000399 дугаартай Д.Байгалмаагийн данс руу шилжүүлж /хх-12/ энэ өдрөө төлөгдөөгүй 11 000 000 төгрөг дээр 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн 3 000 000 төгрөг, шинээр зээлдүүлсэн 4 000 000 төгрөгөө нэмж нийт 18 000 000 төгрөгт зээлийн гэрээг Д.Байгалмаатай байгуулжээ. Энэ гэрээ нь 2012 оны 03 дүгээр сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаатай бөгөөд 11 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 7 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр тохиролцож Д.Байгалмаатай гэрээ байгуулсан байна./хх-8/
6.Үндсэн зээл болох 18 000 000 төгрөг төлөгдөөгүй учир 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 18 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хүүг 10 хувь болгон хугацааг 10 сараар сунган 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээл төлөх эцсийн өдрийг тогтоожээ. Энэ гэрээг Д.Байгалмаатай /хх-10/ байгуулжээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх мөнгөнүүдийг авахдаа хариуцагч Н.Тэрбишийн хүсэлтээр хүүтэй мөнгө зээлдүүлэхээр тохирч байсан. Манайх энэ 2-өөс өөр хүнд хүүтэй мөнгө зээлж байгаагүй. 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 6 000 000 төгрөгийн зээлийн хүүд 16 020 000 төгрөг, 5 000 000 төгрөгийн зээлийн хүүд 11 450 000 төгрөг, 3 000 000 төгрөгийн зээлийн хүүд 6 510 000 төгрөг, 4 000 000 зээлд 5 600 000 төгрөг нийт 39 580 000 төгрөг авсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш О.Лхагвадорж нь хүүхдүүдтэйгээ амьдардаг манай эхнэртэй цуг ажилладаг байсан. Бид өмнө нь мөнгөөр бараа авч эргэлдүүлж мөнгийг нь өсгөж өгдөг байсан. Сүүлдээ хүүтэй мөнгө зээлж байхаар тохирч мөнгө зээлсэн. Мөнгө хүүтэй авах талаар анх би санаачилсан. Тийм ч учир хүүг нь өгсөн. Эхний гэрээний 6 000 000 төгрөгийг би аваагүй энэ талаар нотлогдох баримтгүй байна. Эдгээр гэрээнүүдийг бүгдийг нөхүүлж хийсэн. Байр авахын тулд хүнээс авлагатай харагдах гэж гэрээг нөхөж хийж гарын үсэг зуруулж байсан гэж тайлбарлаж байгаа боловч 6 000 000 төгрөгийн гэрээн дээрх гарын үсэг нь түүний өөрийнх нь гарын үсэг бөгөөд гэрээг нэг өдөр зуруулсан талаар нотлох баримтгүй тул дээрх тайлбарыг үнэлэх боломжгүй юм. Нөгөө талаар хариуцагч нь энэ талаараа нотлож чадахгүй байна.
Нэхэмжлэгч О.Лхагвадорж болон хариуцагч нар нь найз нөхдийн холбоотой байсан бөгөөд 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх байдлаар мөнгө зээлдүүлж, авч байсан байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээнэ гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт хуульчилсан ба гэрээний талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон тохиолдолд бичгээр гэрээг байгуулахаар хуульчилжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хүүтэй гэрээг / 2,3,4,5 дугаар гэрээнүүд / байгуулсан байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхний зээлийн гэрээг 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан гэж тайлбарлаж 2 сарын хүү 960 000 төгрөг авсан. Гэрээний хугацаа дууссанаас хойш 1 320 000 төгрөг авсан гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн /хх-209-210/ тайлбартаа нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэж тайлбарлажээ. Нотлох баримтаас харахад хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан №1 гэрээ нь хугацаагүй гэрээ байна. Хүү тооцож байгуулсан гэрээ нь тодорхой хугацаатай байж хүү тооцдог тул энэ гэрээг хүүгүй гэрээ гэж үзлээ. Иймд хариуцагч нарын төлсөн 2 280 000 төгрөгийг үндсэн зээлд төлөгдсөн мөнгөд оруулан тооцож, 6 000 000 -2 280 000 = 3 720 000 төгрөг үлдсэн байна.
Үлдэх 5 гэрээний хувьд хугацаатай байгуулсан хүчин төгөлдөр гэрээнүүд байна. Гэрээний талууд гэрээний хугацааг хугацаа дууссаны дараа тохиролцож өөрчлөн байгуулж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар гэрээ дууссанаас хойш хүү гэж төлсөн мөнгийг зээлийн үлдэгдэлд тооцож хасах байдлаар зээлийг тооцоолоход дараах байдал тогтоогдож байна. Үүнд :
1.Хоёр дахь гэрээний хувьд 2011 оны 11 дүгээр сарын 22-ний өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл байгуулсан 5 000 000 төгрөгний хүүд 2 сарын хүү 800 000 төгрөгийг гэрээний хугацаанд авсан. Хугацаа дууссаны дараа 400 000 төгрөг хүүд төлсөн. Үүнийг үндсэн зээлээс хасч тооцоход 4 600 000 төгрөг /5 000 000-400 000= 4 600 000/ үлдсэн байна.
2.Нэхэмжлэгч тал нэг, хоёр дугаар гэрээг нийлүүлж тооцож 11 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 4 сарын хугацаатайгаар байгуулж 3 520 000 төгрөгийн хүүг авсан гэж тайлбарлаж байна. 3 дахь гэрээний хувьд 11 000 000 төгрөг биш 8 320 000 /3 720 000+4 600 000/ төгрөгийн үлдэгдэл 2013 оны 03 сарын 01-ний өдөр үлдсэн байна. Үүнийг 8 хувиар тооцож үзэхэд сарын хүү 665 600 төгрөг бөгөөд 4 сарын хугацаанд 2 662 400 төгрөг төлөх байсан. Хариуцагч тал илүү 857 600 төлсөн гэж үзсэн. /3 520 000-2 662 400= 857 600/,
Нийт 1,2 дугаар гэрээний үндсэн зээл / 3 720 000+ 4 600 00 = 8 320 000 төгрөг үлдсэн. Үүнээс 857 600 хасч тооцоход 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7 462 400 төгрөг үлдсэн байна.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөгийг 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж зээлийн гэрээний хугацаанд хүүд 1 200 000 төгрөг авч гэрээний хугацаа дууссанаас хойш 2 400 000 төгрөгийг хүүд авсан гэж тайлбарлаж байгаа тул үндсэн зээл 3 000 000 төгрөгөөс хүү гэжтөлсөн 2 400 000 хасахад 600 000 төгрөг үлдсэн байна.
1,2,3 дугаар гэрээний үлдэгдэл 7 462 400 төгрөг дээр 3 000 000 төгрөгний гэрээний үлдэгдэл + 600 000 = 8 062 400 төгрөг болж байна.
4.Нэхэмжлэгч нь 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Д.Байгалмаагийн эзэмшлийн данс болох 469000399 тоот данс руу 4 000 000 шилжүүлж энэ өдрөө 18 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 6 сарын хугацаатай буюу 2013 оны 09 сарын 27-ны өдөр хүртэл байгуулжээ.
Энэ гэрээний задаргаа нь 6 000 000 + 5 000 000 + 3 000 000 + 4 000 000 = 18 000 000 төгрөг гэж тооцсон байна.
2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1,2,3 дугаар гэрээнээс үлдсэн үндсэн зээл 8 062 400 төгрөг дээр шинэ зээлсэн 4 000 000 нэмж нийт зээл 12 062 400 төгрөг болсон.
Үүнийг 2013 оны 03 дугаар сарын 27-ны /хх-8/ өдрийн 5 дугаар гэрээний дагуу тооцоход 7 062 400 төгрөгийг 8 хувийн хүү буюу сарын 564 992 төгрөг, нийт хүү 654 992х 6 =3 389 952 төгрөг, 4 600 000 төгрөгийг 10 хувийн хүү буюу 460 00 төгрөг нийт хүү 2 760 000 төгрөг болж байна.
2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 26-ны хооронд хүү 6 149 952 төгрөг / 3 389 952 + 2 760 000= 6 149 952 / төлөх байсан. Гэтэл энэ хугацаанд 11 000 000 төгрөгнөөс нэг сарын 8 хувийн хүү 880 000 төгрөг х 6 сар = 5 280 000 төгрөгийн хүү, 7 000 000 төгрөгнөөс 10 хувийн хүү х 6 сар= 4 200 000 төгрөг нийт 9 480 000 төгрөгний хүү авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон. 9 480 0006 149 952 = 3 330 048 төгрөгний хүү илүү төлөгдсөн байна.
Энэ мөнгийг 12 062 400 үндсэн зээлийн үлдэгдэлээс 3 330 048 хасч тооцоход 8 732 352 төгрөг үлдсэн. Гэтэл гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл шинээр гэрээ байгуулах хүртэл хугацаанд хариуцагч нар нэхэмжлэгчид 9 000 000 төлсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа тул энэ мөнгөнөөс үндсэн зээлийн үлдэгдэл 8 732 352 төгрөгийг хасч тооцоход үндсэн зээл төлөгдөж илүү 267 468 төгрөг төлөгдсөн байна.
Нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээл 18 000 000 төгрөг төлөгдөөгүй гэж хариуцагч талтай 18 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ байгуулжээ. Энэ гэрээний дагуу 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 5 400 000 төгрөгийг хүүд тооцож авсан байна/хх-ийн 210/.
Шүүх хуралдаан дээр 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгчид 18 000 000 төгрөгийг хүүтэй хамт бүрэн төлж дуусгасан байдал тогтоогдсон, 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээг сунгаж 18 000 000 төгрөгний хүү 5 400 000 төгрөг илүү тооцож авсан байна. Хариуцагч тал энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчээс гаргуулаагүй болно.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирсэн зардал 64 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хавтаст хэргээс хэрэгт ач холбогдолтой гэж гэрээнүүд/хх-4-11/, дансны хуулга/хх-12, 27,28/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/170 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол /хх-207-208/, нэхэмжлэгч О.Лхагвадоржийн гаргаж өгсөн тайлбар /хх-209-210/ шинжлэн зэргийг судлав.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тогтоосон байна. Зохигчид 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлийн гэрээг сунгасан болох нь гэрээ № 7-оор /хх-10/ тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гурван жил гэж тоолоход нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ энэ хугацааны дотор гаргасан байна.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэхэмжлэгч О.Лхагвадоржийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 18 000 000 төгрөг, хүү 12 664 000 төгрөг нийт 30 664 000 төгрөг, замын зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэхэмжлэгч О.Лхагвадоржийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 18 000 000 төгрөг, хүү 12 664 000 төгрөг нийт 30 664 000 төгрөг, замын зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичигдэх ба энэ хуулийн 119.3, 119.4-т зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэгч О.Лхагвадорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч Д.Байгалмаа нарт хүргүүлж, шүүх хуралдаанд оролцсон хариуцагч Н.Тэрбиш шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА