Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
Хэргийн индекс | 150/2018/00052/И |
Дугаар | 52 |
Огноо | 2018-04-24 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 52
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхийшүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Шинэ өргөө цогцолбор, 00А байрны 00 тоотод оршин суух Сартуул овогт ******* *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 00-р байрны 00 тоотод оршин суух Буянтынхан овогт ******* *******-д холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
*******ын нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 00-р байр 00 тоот орон сууцыг *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлстэст даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагч *******, түүний өмгөөлөгч П.Батжаргал, гэрч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гарсан нэхэмжлэлдээ: ******* миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг 00-00 тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2007 онд би өөрийн найз Ч.Гантулгыг Сайхан сумын үр тарианы фондын газрын даргаар хотоос томилогдоод ирэхэд нь байр сул байсан тул түлхүүрээ өгсөн юм. Гэтэл Ч.Гантулга 2 жил уг байранд амьдарч байгаад миний байрыг Орхон гэдэг хүнд худалдчихсан гэсэн яриа гардаг. Ч.Гантулга миний байрыг зараагүй байж болно. тийм бол одоо миний байранд амьдруулаад байгаа хүмүүсээ гаргах, байрыг чөлөөлүүлэх шаардлага тавьж байна. Одоо миний байранд хариуцагч ******* гэр бүлийн хамт амьдарч байгаа болно. тиймд нэхэмжлэгч би бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлэх, тэнд амьдарч байгаа хүнийг албадан нүүлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч хуралдаанд гаргасан тайлбартаа: Гантулга бид хоёр найз нөхөд байсан. Нэг нутгийн хүмүүс. Бид хоёр хамтарч ажилладаг байсан. Бид хоёрын дунд 2002 онд гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн талаар наймаа хийгдсэн. Тухайн үед миний дүү Ховд аймгаас нүүж ирсэн. Гурилын үйлдвэрийг ажиллуулаад байранд амьдардаг байсан. Гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зарчихаад дүү маань Дархан явсан. Амьдарч байсан байр нь эзэнгүй болсон. Гантулга надаас байраа хэрэглэхгүй бол түлхүүрийг нь өгчих гэсэн. Одоогоор ашиглахгүй байгаа учир чи ашиглалтын зардлыг нь төлөөд хэрэглэж бай гэж хэлээд Гантулгад итгээд байрны түлхүүрээ өгсөн. Тухайн үед Гантулга байрыг эзэмшиж байсан учир би огт санаа зовоогүй. Сүүлд сонсоход байранд өөр хүн амьдарч байгаа сурагтай байсан. Гантулга ажлаасаа гараад Улаанбаатар явна гэсэн. Тэгээд л би байрныхаа асуудлыг шийдвэрлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гантулга энэ бүх маргааныг үүсгэсэн. Би Гантулгатай найз учир итгээд байрны түлхүүрийг өгч байсан. Надаас жил болгон орон сууцыг шилжүүлж өгөхийг шаардаж байсан гэж ярьлаа. Энэ худлаа. Бат-Орхонтой би өрөөнд уулзаж байсан. Дараа нь Гантулга бид хоёр морь унаж яваад уулзсан. Харин Буджав гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Буджав худлаа хэлж байна. Гантулга, Бат-Орхон хоёр хамаатан садангийн харилцаатай. Хоорондоо нийлээд хүний олноор үгсэж миний байрыг авах гээд байгаа зүйл харагдаж байна. Гантулга байрны түлхүүрийг анх авахдаа буудалд олон хүн суулгах хэцүү байна. Түр түлхүүрээ өгч бай гэж хэлээд авсан. Гантулга ажлаас гараад явах болсон. Байр эзгүйдсэн. Түүнээс хойш би байраа хөөцөлдөж эхэлсэн. Гантулга, Бат-Орхон бид 3 /гурав/ уулзаж байсан. Гэхдээ байрны ордерыг шилжүүлэх тухай асуудал яриагүй. Тухайн үед Гантулга хүмүүсийн будааг авахгүй, голох асуудал их байдаг байсан. Надад ч мөн тэгж хандах асуудал байдаг байсан. Тэр үед нь би байраа авъя гэж хэлж чаддаггүй байсан. Нөгөө талаас би Гантулгатай найз байсан учир байрны ашиглалтын зардлыг төлөөд хэрэглэж байг гэж бодсон. Түүнээс хойш өнөөдрийг хүрсэн гэв.
Хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:
2006 онд манай охин сургуульд орсон. Би тэр үед энэ орон сууцыг манай эхнэрийн ах Бат-Орхон гэдэг хүнээр зуучлуулж Гантулга гэдэг хүнээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үеийн байрны ханш 2.500.000 төгрөг байсан. Энэ байрыг 2004 оноос хойш эзэнгүй байсан гэдгийг би мэднэ. Гантулгын бригад манай хөдөө гэртээ ойрхон байсан. Байрны мөнгийг би Бат-Орхон ахаар дамжуулж өгсөн. Орон сууцны ордерыг Гантулга намрын ажлын дараа шийдэж өгнө гэж Бат-Орхонд хэлсэн. 06 дугаар сард нь наймаагаа хийсэн. 2006 оны 10 дугаар сард Ганболд гэдэг хүн Бат-Орхон ахын хөдөө гэрт нь адуугаа хайж яваад орж ирэхдээ та Хөтөлийн нэг өрөө байрыг Гантулгаас авсан юм уу? гэж өөрөө асуусан. Бат-Орхон ах тиймээ гэж хэлэхэд энэ байр миний нэр дээр байдаг. Би бичиг баримтыг шийдэж өгнө гэж хэлээд гарсан гэсэн. Үүнийг Бат-Орхон ах гэрчилнэ. Би Бат-Орхон ахаас байнга шаарддаг байсан. 2008 оны 06 дугаар сард Ганболд гэдэг хүн Орхон сумын Илчин гэдэг газар айлын гадаа морь уяж байсан. Манай аавынх тэр газарт байдаг. Би ирсэн гэж дуулаад Ганболдтой очиж уулзсан. Ганболдтой уулзахдаа би тэр байрыг Бат-Орхон ахаар дамжуулж худалдаж авсан гэж хэлсэн. Манай эхнэр, хүүхэд надтай хамт явж байсан. Тухайн үед Ганболд ногоон өнгийн УБД гэсэн дугаартай машинтай явж байсан. Машины ноймрыг нь сайн санахгүй байна. Ганболд өөрөө надад энэ байрны гэрчилгээ асуудалтай байгаа. Манай дүү эхнэрээсээ салсан. Эхнэр нь уурандаа хорлоод хамаг бичиг баримтыг нь шатаагаад явчихсан гэсэн. Энэ талаар Ганболдын дүү Ганхуяг гэдэг хүн өмнөх шүүх хуралдаанд гэрчээр орж мэдүүлсэн байгаа. Дараа нь 2013 онд би Бат-Орхон ахтай хөдөө гэрийнхээ ард байдаг төмөр замын гарам дээр явж байтал Ганболд, Ганхуяг хоёртой таарсан. Тэр үед Ганболд цагаан өнгийн Бекап 1586 гэсэн дугаартай машинтай явж байсан. Дээрээ морины уяаны хусан шон ачсан байсан. Ганболд хажууд нь суугаад Гантулга машиныг жолоодож явсан. Бат-Орхон ах одоо яг дөрвүүлээ байгаа дээр ярилцах хэрэгтэй байна. Энэ байрыг миний хүргэний нэр дээр шилжүүлж өг. Одоо арай хэтэрсэн юм болж байна гэж хэлсэн. Гантулга Ганболдыг чи яагаад бичиг баримтыг нь шийдэж өгөхгүй байгаа юм бэ? Бат-Орхон та хоёрыг би олон удаа уулзуулж байна гэхэд Ганболд одоо морь уяж байгаа. Энэ үед хэрүүл маргаан хийгээд яахав. Наадам өнгөрөөгөөд албан ёсоор бичиг баримтыг шийдэж өгнө гэж хэлээд салсан. Намайг 2006-2018 оныг хүртэл энэ 10-р байрны 10 тоот орон сууцанд оршин сууж байсан гэдгийг байрны оршин суугчид нотолж мэдүүлэг өгсөн байгаа. 2006-2018 оны хооронд байрны ашиглалтын зардлыг бүгдийг би төлсөн байгаа. Ганболд, Гантулга хоёр багын найзууд гэдгийг би мэднэ. Би орон сууцны бичиг баримтыг Гантулгаас шаардахаар Ганболд мэдэж байгаа. Иймд 12 /арван хоёр/ жил амьдарсан миний байрыг өөрийн нэр дээр болгож өгнө үү! гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
******* сөрөг нэхэмжлэлдээ: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага урьд нь мөнгө гаргуулах тухай байсан. Сүүлд 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Худалдагч тал үүргээ гүйцэтгээгүйн улмаас худалдан авагч тал *******ыг өмчлөгчөөр тогтоолгох, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг 10-р байрны 10 тоот 1 /нэг/ өрөө байрыг *******оос *******д шилжүүлэх. бүртгэл хийлгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага гаргасан байгаа. 2002 онд Ганболд, Гантулга нарын хооронд 17.000.000 төгрөг бүхий гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж болон 1 /нэг/ өрөө байрыг шилжүүлэх хэлцэл хийгдсэн. Бичгээр хийгдээгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ гэсэн байдаг. Орон сууцыг Буджавын нэр дээр шилжүүлээгүй учир энэ бүх маргаан үүссэн. 2006 онд байрыг 2.500.000 төгрөгөөр авч Худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн. Байрны бичиг баримтыг хожим шилжүүлэхээр тохиролцсон байгаа. Байрын гэрчилгээг шилжүүлэхийг удаа дараа шаардсан. Эдгээр нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол гэрээ байгуулагдсанд тооцно гэж байдаг. ******* байрыг эзэмшээд 9-н /есөн/ жил болсон. Одоо 12 /арван хоёр/ жил болж байна. Тухайн үед ******* байрыг худалдаж авсан. Ганболдын буруутай үйл ажиллагаанаас болоод энэ бүх нөхцөл байдал үүсэж байна гэв.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* тайлбартаа: Тухайн үед би орон сууцаа зарсан бол гурилын үйлдвэрийн бичиг баримттай хамт байрны ордерыг өгөх байсан. Байрны ордер надад бэлэн байсан. Би Гантулгад байрыг өгөөгүй. Байрыг худалдах худалдан авах яриа огт гараагүй. Надаас байрны түлхүүрийг Гантулга гуйж авсан. Би түрүүн энэ талаар хэлсэн. Буджав эхнэр, хүүхдээ дагуулаад надтай ирж уулзсан гэж байна. Надтай уулзаагүй худлаа хэлж байна. Би энэ хүнийг шүүх дээр анх удаа харж байсан. Гантулга миний байрыг зарчихаад надтай уулзахгүй байгаа. Зарсан гэдгийг би сүүлд мэдсэн. Эд нар хамаатан садангийн холбоотой хүмүүс. Ямарч тохиролцоо байхгүй байхад яагаад би байрны ордерыг шилжүүлнэ гэж. Гантулга өнөөдөр өөрөө шүүх хуралдаан дээр ирэхгүй. Өмнөөс нь нэг хүн яриад сууж байна. Энэ маргааны гол эзэн бол Гантулга юм зөвшөөрөхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Төгсбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:
Гантулга нь 2002 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлд “Тариалан эрхлэх дэмжих” сангийн захирлаар ажиллаж байсан. Ирэхдээ Цог, Оюунцэцэг гэдэг хүмүүстэй хамтраад гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж, нэг өрөө байрыг худалдаж авсан байдаг. Гантулга, Ганболд хоёр багын найзууд. 2002 онд нэг өрөө байрны түлхүүрийг хүлээлгэж өгсөн байдаг. Байрны гэрчилгээ шатсан. Дараа байрны гэрчилгээний нэрийг солиулж өгнө гэж тохирсон. Байрны үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр шилжүүлж худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Гантулга нь “Тариалан эрхлэх дэмжих” сангийн захирлаар ажиллаж байгаад буцах болсон. Байрыг Бат-Орхон гэдэг хүнд авч өгөх саналыг тавьж байсан. Бат-Орхоноос 2.500.000 төгрөгийг авсан. Байрны түлхүүрийг өгсөн. Тухайн үед нэхэмжлэгчээс байрны ордерыг шилжүүлж өгөхийг байнга шаардаж ирсэн. 2007 онд Гантулгын ажлын өрөөнд уулзаж байрны гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардаж байсан. Нэхэмжлэгч Ганболд шилжүүлж өгнө гэж байсан. Гэтэл одоог хүртэл орон сууцыг шилжүүлж өгөөгүй. Тухайн үед энэ байрыг 1.000.000 /нэг/ сая төгрөгөөр авсан гэдгийг гэрч Оюунцэцэгийн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байгаа. Хариуцагч энэ байрны хууль ёсны өмчлөгч нь мөн учир албадан гаргах боломжгүй. Байрнаас албадан гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2002 онд байрны түлхүүрийг шилжүүлсэн. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10-н /арван/ жил, үл хөдлөх хөрөнгийн хөөн хэлэлцэх хугацаа 6-н /зургаан/ жил байдаг. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Шүүх хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******ын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь байрыг худалдаж авсан тул чөлөөлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.
******* нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот 1 өрөө орон сууцыг *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлстэст даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Маргаан бүхий нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгч ******* нь 2001 оны 02-р сарын 20-ны өдөр иргэн Б.Ууганбаяраас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч тухайн байрны өмчлөгч болжээ. /1- х.х-ийн 104-рт/
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 10-р сарын 15-ны өдрийн 1549 тоот тушаалаар иргэн *******ын /УХ65033111/ өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-1310000118 дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1-р баг,10-10 тоот хаягт байрлах орон сууцны 0003778 дугаартай бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн шалтгаанаар хүчингүй болсонд тооцсон байна. /х.х-ийн 92-рт/
Үүнийг үндэслэн ******* нь 2015 оны 10-р сарын 28-ны өдөр үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээгээ шинээр авчээ. /х.х-ийн 92-рт/
2006 онд маргаан бүхий нэг өрөө орон сууцыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Ч.Гантулгаас 2.500.000 төгрөгөөр иргэн ******* худалдан авч дүү *******ыгаа суулгасан. Иргэн ******* 2006 оноос одоог хүртэл тус орон сууцанд амьдарч байгаа нь нотлогдож дээрх байдлын талаар талууд маргахгүй байна. /х.х-ийн 43,44,45,47-50-рт/
Харин 2001 онд ******* бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Гантулгад нэг өрөө орон сууцыг гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт 17 000 000 сая төгрөгөнд худалдсан эсэх талаар буюу ******* Ч.Гантулга нарын хооронд 2001 онд маргаан бүхий нэг өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар маргажээ.
******* нь “Хоорондоо нийлээд хүний олноор үгсэж миний байрыг авах гээд байгаа зүйл харагдаж байна. Гантулга байрны түлхүүрийг анх авахдаа буудалд олон хүн суулгах хэцүү байна. Түр түлхүүрээ өгч бай гэж хэлээд авсан. Гантулга ажлаас гараад явах болсон. Байр эзгүйдсэн. Түүнээс хойш би байраа хөөцөлдөж эхэлсэн. Гантулга, Бат-Орхон бид 3 /гурав/ уулзаж байсан. Гэхдээ байрны ордерыг шилжүүлэх тухай асуудал яриагүй” гэж байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Гантулга нь 2002 онд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлд “Тариалан эрхлэх дэмжих” сангийн захирлаар ажиллаж байсан. Ирэхдээ Цог, Оюунцэцэг гэдэг хүмүүстэй хамтраад гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж, нэг өрөө байрыг худалдаж авсан . 2002 онд нэг өрөө байрны түлхүүрийг хүлээлгэж өгсөн байдаг. Байрын гэрчилгээ шатсан. Дараа байрны гэрчилгээний нэрийг солиулж өгнө гэж тохирсон. Байрны үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр шилжүүлж худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Гантулга нь “Тариалан эрхлэх дэмжих” сангийн захирлаар ажиллаж байгаад буцах болсон. Байрыг ******* гэдэг хүнд авч өгөх саналыг тавьж байсан. Бат-Орхоноос 2.500.000 төгрөгийг авсан. Байрны түлхүүрийг өгсөн. Тухайн үед нэхэмжлэгчээс байрны ордерыг шилжүүлж өгөхийг байнга шаардаж ирсэн гэж байна.
Маргаан бүхий орон сууцны гэрчилгээг шилжүүлэх болон гэрчилгээ шатсан талаар *******, Ч.Гантулга Б.Бат-Орхон нарын хооронд яриа болсныг
Ч.Гантулгын “******* нь энэ байрны гэрчилгээг шилжүүлэх талаар шаардахад ”манай дүүгийн авгай дүүгээс салахдаа бүх бичиг баримтыг шатаасан байна дараа шийдвэрлэж өгнө гээд хойшлуулсаар байдаг байсан... гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 24,78, 85, 197-рт, 2-р х.х-ийн 31-рт/
*******ын төрсөн дүү гэрч С.Ганхуягийн: “Орон сууцны эрхийн гэрчилгээ *******ын нэр дээр байсан эхнэрээсээ асуухад баахан баримт бичиг шатаасан тэрэнтэй шатаасан байсан. 2004 онд эхнэрээсээ салсан” гэсэн мэдүүлэг,/2-р х.х-ийн 52-рт/
*******ын “...2009 онд Гантулга намайг байрны гэрчилгээгээ өгчих гэж гуйж байсан. ...Үүнээс нэг жил орчмын дараа Гантулга бид хоёр 42-ын тоочигт хурдан морь уяж байгаад *******той таараад юм ярьж байгаад Бат-Орхон ах бидэнд хандаад та 2 миний байрны асуудлыг шийдэж өгөөч гэж хэлсэн. Би Бат-Орхон болон Гантулгад наад асуудлыг чинь шийдэж болно гэхдээ морины уяан дээр ийм асуудал яриад яахав наадмын дараа л наад асуудлыг чинь нэг мөр шийдье ... гэж хэлсэн гэсэн мэдүүлэг,/1-р х.х-ийн 85-рт/
гэрч *******ы “2006 оны 11 дүгээр сарын дунд үед Ганболд адуугаа хайж явна гээд явж байсан. Тэгээд та Гантулгаас нэг өрөө байрыг авсан юм уу? гэж асуусан. Би тийм гэж хариулсан. Байрны ордер нь надад байгаа. Тэгж байгаад өгнө гэж хэлээд явсан. Дараа нь би Гантулгаас өвөл утасдаад асуухад би шийдэж өгнө санаа зовох хэрэггүй гэж хэлсэн. 2007 оны хавар ажил хөөцөлдөөд явж байтал Гантулга, Ганболд хоёр хамт байсан. Би байрны ордер яасан юм бэ? гэж асуухад Ганболд байрны ордер хэцүү болчихоод байна. Манай дүүгийн нэр дээр байсан. Эхнэр нь салахдаа уурандаа устгасан байх магадлалтай гэж хэлсэн. Дараа нь 2013 оны 06 дугаар сарын дундуур Буджав бид хоёр 42-ын /дөчин хоёрын/ төмөр замын гарам дээр явж байтал Гантулга, Ганболд хоёр цагаан Бекап машинтай явж байсан. Бид 4 /дөрөв/ уулзсан. Би олон жил хохироод явж байна. Байрны бичиг баримтыг шилжүүлээд өгөх арга байна уу? гэж хэлсэн. Ямар ч байсан Ганболд наадмын дараа намраас шийдэж өгнө гэж хэлсэн”гэсэн мэдүүлэг
Гэрч *******ийн: 2003 оны 09-р сард намар байхаа манай Гантулга ах Хөтөлийн гурилынн үйлдвэрийг авч байгаа тэрийг чи ажиллуул гээд намайг дуудсан. Тэр үед уг обьектуудыг Гантулга Ганболд нар хүлээлцээд гурилын үйлдвэрээ байрных нь түлхүүртэй Гантулгад өгсөн гэсэн мэдүүлэг,/х.х-ийн 73-рт/,
Гэрч *******ийн : энэ орон сууцыг хэзээ авсан гэдгийгсайн мэдэхгүй байна. Их дээр үеийн буюу 200 он хавьцаа байх,авсан гэдгийг ам яриагаар мэднэ. Нэг байр байх нь байсан Би очиж хараагүй Ч.Ганболдоос гурилын үйлдвэрийн үнэнд оруулж авч байсан гэж ярьж байсан. Энэ 2 чинь сайн найзууд гэсэн мэдүүлэг ээртус тус нотлогдож байна.
Дээрх үйл баримтыг дүгнэхэд маргаан бүхий нэг өрөө байрыг худалдах худалдан авахаар ******* Ч.Гантулга нар нь амаар хэлцэл хийгдсэн үр дүнд нь эзэмшил шилжсэн, тухайн байрны гэрчилгээ шатсан байсан учраас өмчлөх эрх нь *******од хадгалагдсан нь нотлогдсон гэж үзлээ.
Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-д “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх хөрөнгөд хамаарна” гэж зааснаар маргаан бүхий нэг өрөө орон сууц нь үл хөдлөх хөрөнгөд хамаарна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх...” гэж заасны дагуу ******* Ч.Гантулга нар нь хэлцлээ нотариатаар батлуулаагүй тул иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй байна.
Хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд ******* Ч.Гантулга нар байх бөгөөд ******* нь хэлцэлд оролцоогүй *******аас хэлцлийн үр дагаварыг шаардах эрхгүй болно. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1–д заасан үндэслэлгүй гэж үзэж *******ын *******ын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд:
Н.Буджав нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот 1 өрөө орон сууцыг *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлстэст даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Сөрөг нэхэмжлэгч тал болох ******* ******* нарын хооронд эрхзүйн харилцаа үүсээгүй бөгөөд *******ын өмчлөл бүхий орон сууцыг Ч.Гантулгаас 2006 оны 08-р сард Д. Бат-Орхоноор зуучлуулан худалдаж авсан байна. Энэ талаар талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “ худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй Ч.Гантулга нь 2006 оны 08-р сард эрхийн зөрчилтэй /*******ын өмчлөлийн/ үл хөдлөх хөрөнгө болох орон сууц шилжүүлснийг худалдан авагч ******* мэдсээр байж үнийг төлж хүлээн авчээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 245.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардал төлүүлэх,эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д “ Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч худалдан авагчийн аль аль нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаас үзхэд эрхийн доголдолтой, орон сууц худалдсан худалдагч Ч.Гантулгаас эрхийн доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Иймд Н. Буджавын нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 10-р байр 10 тоот 1 өрөө орон сууцыг *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлстэст даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаарлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлинй 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус бүр төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэн ******* нь 18.000.000 төгрөгийн сөрөгнэхэмжлэл гаргахдаа 247 950 төгрөг/1-р х.х-ийн 170-рт/ улсын тэмдэгтийн хураамжид төлж байсан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. /2-р х.х-ийн27рт/ *******ын шаардлагаа өөрчилсөн сөрөг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар эд хөрөнгийн бус, үнэлэх боломжгүй нэхэмжлэл ба улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөх тул илүү төлөгдсөн 177.750 төгрөгийг буцаан олгосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох бусдын хууль бус эзэмшилээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заасан үндэслэлгүй тул *******ын нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р баг, 00-р байр 00 тоот 0 өрөө орон сууцыг *******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийхийг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлстэст даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус бүр төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар тогтоосон хэмжээнээ илүү төлсөн 177.750 төгрөгийг Б. Буджавт буцаан олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гуравдагч этгээд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г. САРАНТУЯА