Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0775

 

 

 

 

                                               

 

2020 оны 12 сарын 14 өдөр   

             Дугаар                                              128/ШШ2020/0775

                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК, Хаяг: С

Хариуцагч: АсгтгКх

Нэхэмжлэлийн шаардлага: “АсгтгКхийн дарга нь “А” ХХК-ийн  ХV-013176 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийнхээ “А” ХХК-д холбогдох хэсгийг цуцлах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгох, цуцлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

“... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 468 дугаартай магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...Нэхэмжлэлийн үндэслэлд компанийн хувьцаа эзэмшигч нар маргаантай байсны улмаас шүүхээр маргаж 158 дугаартай шийдвэр гаргах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой хариуцагчид дахин хандаж улмаар хэлэлцэж бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн талаар дурдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн маргаж байгаа 158 дугаар шийдвэр тухай үеийн нөхцөл байдалд тохирсон хууль зөрчөөгүй гаргасан. Дараа нь хувьцаа эзэмшигчийн талаар болон өв залгамжлалын асуудал шийдэгдсэн учир хүчингүй болгуулах шаардлага гарсан гэжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь хууль бус гэж үзээгүй буюу эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг дахин шийдвэрлүүлэхээр захиргааны байгууллагад хандсан атлаа шүүхэд хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзээгүй, нэхэмжлэгчийн сэргээлгэхийг хүссэн эрх, ашиг сонирхолтой уялдаагүй, шүүхийн шийдвэр биелэгдсэнээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмших эрх сэргэх эсэх нь тодорхойгүй үлджээ. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар тодруулж, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл буюу захиргааны ямар хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа талаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулаагүй, маргаан бүхий актыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн атлаа хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна... энэ талаарх хариуцагчийн тухайн үед тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тул хуульд зааснаар шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд захиргааны байгууллага компанийг төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх маргааныг мэдэх, түүнийг шийдвэрлэхийг хүлээх боломжгүй гэх давж заалдах гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Гэвч нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрхийг сэргээхгүй байх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүх энэхүү гомдлыг хангах боломжгүй юм гэж тус тус дурдаж дүгнэсэн бөгөөд анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 395 дугаартай шийдвэртээ ч маргаан бүхий 158 дугаартай актыг хууль зөрчсөн, хууль бус акт гэж дүгнээгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч, хариуцагч талуудаас хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч АсгтгКхийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр маргаан бүхий 158 дугаартай шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиудын холбогдох хэсгийг зөрчиж хууль бус захиргааны акт гаргасан талаар маргадаггүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд хуурамч гэрээ, итгэмжлэл зэрэг хууль бус нотлох баримтад үндэслэж бүртгэл хийсэн гэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан 2017 оны 01 дүгээр сараас эхлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд явагдаж 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдөр эцэслэн шийдвэрлэж 344 дугаартай шийдвэр гарган Э овогтой Нг “А” ХХК-ийн хууль ёсны өв залгамжлагч буюу компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож өгсөн шийдвэрийн дагуу компанийн хувьцаа эзэмшигчийн зүгээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын хууль бус үйлдлээс шалтгаалан зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх зорилго агуулсан.

Дээрх нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэлтэй дүгнэж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг хангаж 395 дугаартай шийдвэр, 468 дугаартай магадлал гаргаж байгааг хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцан АсгтгКхийн даргын 2017 оны 4 дүгээр сарын О6-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар маргахгүй бөгөөд дээрх 158 дугаартай шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасан эрх зүйн зөрчилгүй захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм. Гэвч 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Д.С гэгч нь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Эийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж компанийн эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээнүүдийг хууль бусаар үйлдэж, тус гэрээнүүдээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт гарган өгч компанийн эрх шилжүүлэх бүртгэл хийлгэн, компанийн эрхийг хууль бусаар шилжүүлэн авч хууль ёсны өв залгамжлагч Э.Нгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан бөгөөд Э.Нгийн зүгээс 2014 оны 02 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс, Сүхбаатар дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газруудаар гомдол гарган шалгаж шийдвэрлүүлэн эцэстээ 2017 оны 01 дүгээр сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага гарган шүүх 2019 оны 6 дугаар сарын 04-ны 344 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэгч Э.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр дээрх маргаан бүхий асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн.

Э.Нгийн зүгээс анхан шатны шүүхийн 344 дугаартай шийдвэрт заасны дагуу улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн 6 сарын хугацаа дууссанаас хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш компанийн эзэмшилд байсан ашигт малтмал хайгуулын 13176Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг тодруулахад АсгтгКхийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар анх олж мэдсэн. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр АсгтгКхийн даргад 01/03 дугаартай албан бичгээр, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 01/05 дугаартай албан бичгүүдээр “...Маргаан бүхий асуудлаас шалтгаалан хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж тус компанийн эзэмшил дэх ашигт малтмал хайгуулын Х\/-013176 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах боломжоор хангаж өгнө үү...” гэх хүсэлт гомдлыг тус тус гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд хүсэлт, гомдлын үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь хэсэгт заасан “...Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн...” гэх үндэслэлийн дагуу эрх зүйн зөрчилгүй захиргааны актынхаа нэхэмжлэгчид холбогдох эрхийг цуцалж өгөхийг хариуцагчаас хүссэн хүсэлтүүдийг гаргасан байдаг.

Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээс тогтоогдвол өөрийн гаргасан эрх зүйн зөрчилгүй захиргааны актаа бүхэлд нь буюу хэсэгчлэн цуцлах хууль зүйн боломж, хуулиар олгогдсон эрхтэй бөгөөд “А” ХКХ-ийн хувьцаа эзэмшигчийн талаарх маргаан бүхий асуудалтай холбогдуулан тус компаниас 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдол хүсэлтэд дурдсан нөхцөл байдалд дүгнэлт хийж Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий 158 дугаартай шийдвэрийнхээ “А” ХХК-д холбогдох хэсгийг цуцлах хууль зүйн үндэслэлтэй байсаар байхад АсгтгКхийн даргаас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1/1392 дугаартай албан бичгээр “...Гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй...” талаар мэдэгдэн шийдвэрлэж байгааг хууль бус эс үйлдэхүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс компанийн хувьцаа эзэмшигчийн талаарх хууль бус үйлдлийг 2014 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд шүүх, хууль хяналтын байгууллагуудаар хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоолгож шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хууль ёсны хувьцаа эзэмшигч мөн болохоо тогтоосны үр дүнд дээрх хууль бус үйлдлээс учирсан буюу гарсан үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн дээрх эрх зөрчигдсөн буюу сэргээлгэх шаардлагатай байгаа нөхцөл байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасан “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нийцсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч АсгтгКхийн дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь хэсэгт заасан Шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол өөрийн гаргасан эрх зүйн зөрчилгүй захиргааны актаа цуцалж болно гэх заалтын дагуу “А” ХХК-ийн  ХV-013176 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийнхээ “А” ХХК-д холбогдох хэсгийг цуцлах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгох, цуцлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгааг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Тус компанид 2007 оны 12 дугаар сард Кадастрын хэлтсийн даргын зөвшөөрлөөр С аймгийн Хүдэр суманд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгуулах ажиллагаа 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс тооцсон байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн хугацаа дуусахаас өмнө нэг сарын дотор сунгах ёстой байсан. 3 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл сунгагддаг учраас Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хугацаа дуусахаас 1 сарын өмнө холбогдох байгууллагад хүсэлтээ гаргасан байх ёстой. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлөө төрийн захиргааны байгууллага болон хуулиар зөвшөөрсөн өргөдлийн дагуу өгөөгүй учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гарсан.

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах ажиллагааг бүрдүүлэх ёстой байсан. Гэтэл тус компани нь бүрдүүлээгүй юм. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас маргаан бүхий захиргааны акт гаргасан. АсгтгКхийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан.

... Энэ хэргийг бол анхан шатны шүүх өмнө нь шийдсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээд хариуцагчаас давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх юу гэж үзсэн бэ? гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр дахин шийдвэрлэхээр хүсэлт гаргасан. Маргаан бүхий актын 158 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч компани хуульд заасны дагуу хугацаандаа өргөдлөө гаргаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасны дагуу шинэ нөхцөл байдал үүссэнийг харгалзан үзээд актыг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан зохицуулалт байхгүй

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 158 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байх ба 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “АсгтгКхийн дарга нь ХV-013176 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийнхээ “А” ХХК-д холбогдох хэсгийг цуцлах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгох, цуцлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэж өөрчилсөн[1].

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү өөрчилсөн нэхэмжлэлээ дэмжиж байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүх өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр “А” ХХК-ийн АмгтгКхдд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Э.Нгийн ““А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дээр бичигдсэн Д.С, Н.Н нарыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар/хуучин нэрээр/-т холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба энэ маргаан 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эцэслэгдэн шийдвэрлэгджээ.

Улмаар 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, “А” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.Нг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэжээ[2].

Тус компанийн хууль ёсны өв залгамжлагч Э.Нгээс компанийн удирдлагыг хэрэгжүүлэх боломжгүй, маргаантай байсан дээрх хугацаанд “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан Д.Сэс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 154 дугаартай албан бичгээр “...Хөдөө орон нутагт цас ихтэй зудын байдалтай. Засаг дарга болон Байгаль орчны байцаагч нар нь гадагш явсан тул байгаль орчны төлөвлөгөө батлуулаагүй, тодорхойлолт авч чадаагүй тул 2016 оны 12 дугаар сарын 18-нд хугацаа сунгуулах өргөдлөө өгч чадаагүй..., иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгнө үү”[3] гэсэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байх боловч “А” ХХК-ийн тухайн үеийн хувьцаа эзэмшигч Д.С нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хамт хавсаргаж өгөөгүй байна.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр “А” ХХК нь эзэмшиж байсан С аймгийн Хүдэр сумын нутагт Нуурын тагт нэртэй газар 300 гектар газарт ашигт малтмалын хайгуулын 13176Х тоот тусгай зөвшөөрлийг хугацааг “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө хуульд заасны дагуу сунгах өргөдлөө гаргаагүй, ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй” гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ[4].

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх 158 дугаар шийдвэрийг эрх зүйн зөрчилгүй акт болохыг хүлээн зөвшөөрч хууль зүйн үндэслэлтэй тухайд маргахгүй гэдгээ илэрхийлсэн.

Харин тэрээр захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ““А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн маргаантай компанийн хууль ёсны өв залгамжлагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байх үед гарсан Захиргааны ерөнхий хуулийн  үед гарсан XV-013176 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасан журмын дагуу цуцлах үндэслэлтэй” гэж тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 158 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй тул уг шийдвэрийг цуцлахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг эерэг нөлөөлөл бүхий гэж, 37.5-д эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж тус тус тодорхойлжээ.

Хуулийн дээрх зохицуулалт болон нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг цуцлахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж “...Нэхэмжлэгчийн зүгээс компанийн хувьцаа эзэмшигчийн талаарх хууль бус үйлдлийг 2014 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд шүүх, хууль хяналтын байгууллагуудаар хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоолгож шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хууль ёсны хувьцаа эзэмшигч мөн болохоо тогтоосны үр дүнд дээрх хууль бус үйлдлээс учирсан буюу гарсан үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн дээрх эрх зөрчигдсөн буюу сэргээлгэх шаардлагатай байгаа” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаар шийдвэр нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн хувьд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг дуусгавар болгосон сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т заасан үндэслэлээр цуцлах боломжтой” гэсэн тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно”, 49.3.3-т “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй холбоотой маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж хууль ёсны өвлөгчөөс хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн боломж бүрдсэн” гэх шинэ нөхцөл байдал нь зөвхөн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын хувьд түүнийг цуцлах үндэслэл болж болохоор байх тул сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах харилцаанд хэрэглэгдэхгүй.

Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл нь “Эрх зүйн зөрчилгүй захиргааны актын цуцлах” гэсэн нэртэй бөгөөд маргаан бүхий 158 дугаар шийдвэр нь эрх зүйн зөрчилгүй акт хэдий ч мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах тохиолдлуудыг нэрлэн заасан байх тул шинэ нөхцөл байдал бий болсон гэсэн үндэслэлээр сөрөг нөлөөлөл захиргааны актыг цуцлах эрх хэмжээ захиргааны байгууллагад олгогдоогүй гэж үзнэ.

Мөн хуулийн дээрх зохицуулалтад заасан эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах зохицуулалт нь “шинэ нөхцөл байдал бий болсон” тохиолдол бүрт хэрэглэгдэхгүй, харин шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд хэрэглэгдэхээр байх ба маргааны тохиолдолд “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэнээр нийтийн ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсээгүй байна.

 

Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж, 49 дүгээр зүйлийн 49.1-т “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно” гэж тус тус зааснаас үзвэл захиргааны байгууллага нь эрх зүйн зөрчилгүй боловч сөрөг нөлөөлөл бүхий актыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөнөөс үл хамааран цуцлах эрх хэмжээтэй гэж үзэж болох боловч хуулийн 49.2-т “Энэ хуулийн 49.1-д заасан захиргааны актыг ... хууль зүйн үндэслэлгүй бол цуцлахгүй” гэж заасан нь тухайн эрх зүйн зөрчилтэй актыг цуцлах хуулийн тодорхой үндэслэл байхгүй тохиолдолд актын үйлчлэл хаяглагдсан этгээдэд сөрөг нөлөө үзүүлж байсан ч цуцлахгүй байх үүргийг захиргааны байгууллагад ногдуулсан агуулгатай байна.

Гэтэл маргааны тохиолдолд нэхэмжлэгч “А” ХХК нь АсгтгКхийн даргын 2017 оны 158 дугаар шийдвэрийг тухайн гарсан цаг хугацаандаа хууль зүйн үндэслэлтэй байсан тухайд маргахгүй байх тул хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий 158 дугаар шийдвэрийг цуцлахаас татгалзсаныг буруутгах, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 158 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул цуцлах боломжгүй” гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэнээр нэгэнт дуусгавар болсон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байдал сэргэхгүй, 2016-2020 оны хоорондох хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг нөхөн төлөх/урьдчилан төлөхөөр хуульд заасан/ эрх зүйн үндэслэл байхгүй, бусад шаардлагатай баримт бичгийн нөхөн бүрдүүлж хүргүүлэх хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэгчийн сэргээлгэхийг хүсэж буй хууль ёсны ашиг сонирхол шүүхийн шийдвэрээр сэргэхээргүй байна.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр АсгтгКхт хандаж 01/03 тоот албан бичгээр гаргасан “... хууль ёсщны өв залгамжлагчаас хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан нөхцөлд хууль зүйн дүгнэлт хийж, ... XV-013176 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэн, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах боломжоор хангаж өгнө үү” агуулга бүхий хүсэлтийг  АсгтгКхээс шийдвэрлэж 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 8/1133 тоот албан бичгээр “...танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгчээ[5].

Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “хууль ёсны өв залгамжлагч нь компанийн удирдлагыг хэрэгжүүлэх боломжтой болсныхоо дараа гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж тайлбарлаж, түүний хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрлэсэнтэй маргаагүй, уг татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй тул шүүх тухайн татгалзсан шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийх, улмаар нэхэмжлэлийн “... Кадастрын хэлтсийн даргын 158 дугаар шийдвэрийг цуцлахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн эрх хэмжээнд нийцэхгүй юм.

Иймд нэхэмжлэгч “А” ХХК-ийн АсгтгКхт холбогдуулан гаргасан “АсгтгКхийн дарга нь “А” ХХК-ийн ХV-013176 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийнхээ “А” ХХК-д холбогдох хэсгийг цуцлах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгох, цуцлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг баримтлан “А” ХХК-ийн АсгтгКхт холбогдуулан гаргасан “АсгтгКхийн дарга нь “А” ХХК-ийн ХV-013176 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 158 дугаартай шийдвэрийнхээ “А” ХХК-д холбогдох хэсгийг цуцлах шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар хууль бус болохыг тогтоолгох, цуцлах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧ                                         А.НАСАНДЭЛГЭР

                        ШҮҮГЧ                                         Х.НЯМДЭЛГЭР

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 108 дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 178-178 дэх талд

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь талд

[5] 2 дугаар хавтаст хэргийн 44-47 дахь талд