Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 731

 

МАГАДЛАЛ

 

2017.03.15                                               Дугаар 731                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Б.Уламбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/00033 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Уламбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Энхтайван,

Хариуцагч “Эхлэх үүд” ХХК нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 68 140 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “Эхлэх үүд” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Мандах,

Хариуцагч: С.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Б.Уламбаяр нь хариуцагч нартай 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 40 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд хариуцагч компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Энэ хугацаанд хариуцагч     нар нь зээлийн гэрээний үүрэгт төгрөг төлөөгүй. Иймд үндсэн зээл 40 сая төгрөг, зээлийн хүүд 28 140 000 төгрөг нийт 68 140 000 төгрөгийг барьцааны хөрөнгөөс хангуулж өгнө үү.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281, 282, 283, 156-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ. Уг гэрээг талууд           харилцан тохирч байгуулсан, өөрөө хүсч зээл авсан бөгөөд тулгасан        зүйл байхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги нэхэх байсан ч үндсэн    хүүгээ л нэхэмжилсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

Хариуцагч С.Энхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Уламбаяраас 40 сая төгрөгийг жижиг дунд үйлдвэрийн 150 сая төгрөгийн зээлийн эрхийн бичгийг үндэслэн хугацаатай зээлж авсан. Гэтэл зуух туршилтын лабораторийн буруу дүгнэлтээс үүдэлтэй манай компанийн зуухны борлуулалт
бүрэн зогсож, уг зээлийг төлөхөд хүндрэлтэй болсон. Зуух туршилтын лаборатори, Улаанбаатар Цэвэр агаар санг Захиргааны хэргийн шүүхэд өгөхөд манай компанийн талд шийдвэр гарч, одоо буруутай дүгнэлт гаргасан Улаанбаатар Цэвэр агаар сангаас хохирлоо барагдуулахаар шүүхэд хандаад байна. Иймд иргэн Б.Уламбаяраас зээлж авсан 40 сая төгрөг буюу үндсэн зээлийг төлж, хүү болох 28 сая төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна. Худалдан авалт буурсан хямралын үед үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хүндрэлтэй байгаа тул эвлэрлийн гэрээ байгуулж, 2-3 сая төгрөгийг үндсэн зээл болох 40 сая төгрөг дээр нэмж өгөх боломжтой гэжээ.

 Хариуцагч “Эхлэх үүд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай компани 2011-2012 онуудад утаагүй зуухны тендерт шалгараад 1 тэрбум төгрөгийн зээлийн эрх өгсөн ч банкууд зээлээ шалгаад өгөхгүй байснаас болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бүрэн шаталттай зуух хийх зорилгоор 2015 оны 6 сард Б.Уламбаяраас 40 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлж, үйл ажиллагаа явуулж зуух үйлдвэрлэсэн боловч улс орон хямралтай, худалдан авалт байхгүйгээс болж буцаан төлж чадаагүй. Манай компанийн үйлдвэрлэлийн 1 жилийн ашиг 5-6 сая төгрөг байдаг учир 28 сая төгрөгийн хүү төлөх боломжгүй. Иймд хүүд 5 сая төгрөг л төлье. Б.Уламбаяр иргэдийн хөрөнгийг барьцаалж зээл олгох эрхгүй гэж үзэж байна. Компанийн 1 жилийн ашгийг хэд нугалсан хэмжээний хүү шаардаад байгааг шүүх    анхаарах хэрэгтэй. Иймд 45 сая төгрөгт л эвлэрэх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч С.Энхтайван болон "Эхлэх үүд" ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 61 960 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Уламбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 6 180 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалуулсан "Эхлэх үүд" ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 29-81 тоот хаягт байрлах, Үйлдвэрлэлийн зориулалттай 3751 м.кв талбайтай газар, "Эхлэх үүд" ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ Баянхошуу гудамж 81/4 тоот хаягт байршилтай, 112 м.кв талбай бүхий ажилчдын байр, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ Баянхошуу гудамж 81/4 тоот хаягт байршилтай, 42 м.кв талбай бүхий ажилчдын байр, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/ Баянхошуу гудамж 81/3 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий ажилчдын байр зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, худалдсан үнээс хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уламбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 501 650. төгрөгөөс илүү төлсөн 3 000 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх хэсэг болох 498 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Энхтайван болон "Эхлэх үүд" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 467 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Эхлэх үүд ХХК-ийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Улаанбаатар цэвэр агаар сангийн лабораториас болж Аав, хүү хоёрын "Анард" ХХК, "Эхлэх-Үүд" ХХК дампуурах хэмжээнд хүрч 20 гаруй ажилтнаа тараагаад байна. Энэ байдлыг иргэн Б.Уламбаярт хэлж хүүгээ бууруулаач асуудлыг шийдтэл хугацаагаа сунгаач гэхэд зөвшөөрөөгүй. Энхтайван би Уламбаярт үндсэн зээл 40 сая төгрөг дээр нэмж компаний жилийн ашиг 5-6 сая төгрөгийг нэмж өгье гэхэд зөвшөөрөөгүйн улмаас маргаан гарч шүүхэд хандах болсон.

Монгол улсын газар нутаг дээр ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулж ашиг олохдоо Уламбаяр нь эрх бүхий байгууллагаас тусгай болон ямар нэгэн зөвшөөрөл авалгүй хууль бусаар мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулсан төдийгүй, олсон ашгаасаа орон нутгийн татвар төлдөггүй. Албан ёсны эрх авалгүй лабораторийн үйл ажиллагаа явуулсан ч Монгол улсын хуулийг зөрчиж үндэсний үйлдвэрлэгчийг шалгаруулалтнаас хасна. Мөнгө хүүлэгч нь ч ямар нэгэн зөвшөөрөл авалгүй мөнгө хүүлж үйлдвэрлэгчдийг дарамтлана. Ийм хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, хуулийг дагаж мөрдөөгүйн улмаас монголд хийж бүтээх гэсэн хүмүүс ажил хийж амьдрах боломжгүй болж байна. Мөнгө хүүлэгч Уламбаяраас зээлж авсан 40 сая төгрөг дээр олны жишиг хүү жилийн 5 сая төгрөг нийт 45 сая төгрөгийг өгөх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Уламбаяр нь хариуцагч С.Энхтайван болон “Эхлэх үүд” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 68 140 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч хугацаандаа зээлийг төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ    “...нэхэмжлэгч нь зээлийн гэрээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, иргэдтэй барьцааны гэрээ хийж мөнгө зээлэх эрхгүй этгээд...” гэж үндэслэжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “хүлээн зөвшөөрөхгүй” гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн болон компанийн төлбөрийн чадваргүй болсон, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээ хэт өндөр байгаа татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй байна.

Дээрх зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дуусч дахин сунгагдаагүй байх тул нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон 12 сарын хүүг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрээр албадан худалдах журамтай учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Дээрх дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2017/00033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 467 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

    ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ