Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0009

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Н.Ц

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Ц

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 124/ШШ2023/0023 дугаар шийдвэр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 124/2023/0021/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Ц нь Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулж “Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 124/ШШ2023/0023 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Н.Ц давж заалдах гомдолдоо:

Миний бие анхан шатны шүүхэд Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар зарласан удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараа үндэслэлээр эс зөвшөөрч байна.

3.1 Анхан шатны шүүхээс Авто тээврийн Үндэсний Төвийн Увс аймаг дах салбарын даргаар ажилласан хугацааг төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцоход төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Авто тээврийн Үндэсний Төв нь авто тээврийн салбарын мэргэжлийн байгууллага ба өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг, авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн зорилт бүхий төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар чиг үүргээ хэрэгжүүлдэг байгууллага. Төрийн өмчит үйлдвэрийн газрын өмчлөгч нь төр бөгөөд Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахаар, төрийн өмчийн төлөөллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлэхээр тус тус хуульчилсан байна.

Авто тээврийн Үндэсний Төв ТӨҮГ-ын дүрэмд зааснаар Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан албан тушаалтныг Үйлдвэрийн газрын эрх бүхий албан тушаалтанд тооцохоор, эрх бүхий албан тушаалтан нь хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөө урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу жил бүр хуульд заасан хугацааны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлж байхаар тус тус заасан. Миний бие Авто тээврийн Үндэсний Төвийн Увс аймаг дахь салбарын даргаар ажиллах хугацаандаа дээрх хууль, дүрэмд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүр гаргаж мэдүүлж байсан.

Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар “Журамд нэмэлт оруулах тухай тогтоолоор Засгийн Газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 3 дахь хэсэгт нэмэлтээр оруулсан 14 дэх заалтад “УИХ-ын байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2.2.6-д заасан стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, 500-аас дээш ажилтантай төрийн өмчит үйлдвэрийн газрын болон төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалд ажилласан /2012 оны 05 сарын 01-ний өдрөөс хойших хугацаа/ хугацааг зөвхөн төрийн албаны шалгалтад өгөхөд тооцно” гэж заасны дагуу миний Авто тээврийн Үндэсний Төвийн Увс аймаг дахь салбарын даргаар ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулах тооцохоор байна.

3.2 Анхан шатны шүүхээс миний Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан хугацааг 1 жил 10 сар төрийн албанд ажилласнаар тооцно гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Миний бие коронавируст халдвар /Ковид 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу Засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр 2021 оны 2 сараас томилогдон ажилласан бөгөөд уг хуулийн үйлчлэх хугацаанд ажилласан хугацааг төрийн албанд ажилласанд тооцохоор Засгийн газрын 2023 оны 15 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулсан байна. Шүүхээс уг журмыг баримталж, ажилласан хугацааг тооцсон байх боловч түүнээс хойших хугацаанд буюу уг албан тушаалын ажлын байранд шинээр сонгон шалгаруулалт явагдаж, шалгалтад тэнцсэн иргэн зохих журмын дагуу томилогдох хүртэлх хугацаанд тухайн ажилтны ажилласан хугацааг төрийн албанд ажилласнаар тооцохгүй байх хууль зүйн үндэслэлээ тайлбарлаагүй байна. Миний бие уг албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгүүлэх үедээ тухайн албан тушаалд ажиллаж байсан ба одоо хүртэл ажиллаж байгаа болно.

Коронавируст халдвар /Ковид 19/-ын цар тахал улс орон даяар дэгдсэнтэй холбоотойгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа тухайлбал, албан тушаалын сонгон шалгаруулалт явуулахгүй байхаар хуульчилсны дагуу тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдон ажилласан ажилтны уг албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаж, орон тоо нөхөгдөх хүртэл хугацаанд үргэлжлүүлэн ажилласан хугацааг хуулийн үйлчлэл дууссан гэх үндэслэлээр төрийн албан/ ажилласан хугацаанд оруулан тооцохгүй байх үндэслэлгүй гэж үзэж байна.

3.3 Хариуцагч тал Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг буруу тайлбарлаж, намайг уг сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан. Засгийн газрын 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” журмын 1 дүгээр хавсралтын 8.4-т зааснаар бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан тохиолдолд, мөн журмын 8.4.1-8.4.4-т заасан шалгуурыг хангасан бол шатлан дэвших зарчмын дагуу тусгай шалгалтад оролцуулж болохоор зохицуулсан байна. Гэтэл тусгай шалгалт өгч, хуулийн хүрээнд томилогдсон албан тушаалтанд хамаарна гэж бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч Н.Ц-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Н.Ц нь Авто тээврийн Үндэсний төвийн Увс аймаг дахь салбарын даргаар ажилласан хугацааг төрийн албаны сонгон шалгаруулалтад оролцоход төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохгүй мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтыг буруу тайлбарлаж байгаа нь хууль бус хэмээн маргажээ.

3. Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ** дугаар тушаалаар Н.Ц-ыг Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны Увс аймаг дахь салбарт тээвэр зохицуулагчаар, 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаар тушаалаар үндсэн ажилтнаар, 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаар тушаалаар Авто тээврийн үндэсний төвийн төрийн өмчит үйлдвэрийн газрын Увс аймгийн Авто тээврийн төвийн салбарын даргаар, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар Увс аймгийн Авто тээврийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн тушаалаар Н.Ц-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/** дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Ц-ыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилжээ.

4. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 3/*** дугаартай албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын буюу Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын сул орон тоог нөхөх захиалгыг хүргүүлж, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтыг 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар товлогдож, нэхэмжлэгч Н.Ц нь тусгай шалгалтад бүртгүүлжээ.

5. Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр албан бичгээр “...Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3 дахь хэсэгт ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доогүй жил ажилласан байх гэсэн тусгай шаардлагыг хангаагүй учир таныг бүртгэх боломжгүй гэж үзэн бүртгэл баталгаажуулахаас татгалзсан” гэх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч дээрх мэдэгдлийн үндэслэлээ “...Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах удирдах албан тушаалын жагсаалт”-д Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын албан тушаалыг хамруулаагүй байгаа тул төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтгаж үзэх боломжгүй” гэж тайлбарласан бөгөөд анхан шатын шүүх төрийн өмчит үйлдвэрийн газрын салбар болох аймгийн Авто тээврийн төвийн даргын албан тушаалыг энэхүү зохицуулалтад хамруулаагүй тул Н.Цыг удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ.

7. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэж хуульчилсан байна. 

8. Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлтийн зохицуулалтад 500-аас дээш ажилтантай үйлдвэрийн газрын хэмжээнд өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үүрэг бүхий гүйцэтгэх захирал, дэд захирлын албан тушаалыг хамруулахаар зохицуулж, нэхэмжлэгчийн хувьд Увс аймгийн Авто тээврийн төв ТӨҮГ-ын даргаар ажиллаж байсан хугацааг энэхүү зохицуулалтад хамааруулж үзэхээргүй байна.

9. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актуудын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 124/ШШ2023/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА