Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Амарын Нарантуяа |
Хэргийн индекс | 150/2018/00054/И |
Дугаар | 54 |
Огноо | 2018-04-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 54
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сум, 00-р баг, 00-00 тоотод оршин суух Боржигон овогт ******* *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, 1300 дугаар байрны 00 тоотод оршин суух Борлууд овогтой ******* *******-д холбогдох
Зээлийн гэрээний дагуу Үндсэн зээлийн үлдэгдэл 45 855 000 төгрөг, хүү 4 585 500 төгрөг, алдангийн үлдэгдэл 1 680 250 төгрөг нийт 52 120 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүү, нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Би 2014 оны 09 сард *******д 45.855.000 төгрөгийг Капитрон банкны өрийг хаах зорилгоор зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш Буджаргал нэг ч төгрөг өгөөгүй. Явцын дунд шүүхийн шийдвэрт хураагдах гээд байна гээд хоёр барилга, газартай нь миний нэр дээр шилжүүлж өгсөн. Барилгыг зарж үрж болохгүй. Бид дараа нь засч гүйцээж байгаад зарж мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл иймэрхүү байдалтай байна. Тиймээс шүүхэд хандаж байна. Шүүхэд хандахаасаа өмнө барилгыг Капитал зууч ХХК-р үнэлүүлсэн. Тэр үнэлгээг ******* хүлээн зөвшөөрөөгүй. Дахиж үнэлгээ хийлгэхэд би хүлээн зөвшөөрөөгүй. Дахиж шүүхээс үнэлгээ хийлгэсэн. Тэр үнэлгээг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд ороод хүлээн зөвшөөрч байгаа. Тэр үнэлгээгээр нь би буцаагаад зарж чадахгүй байдалд хүрээд байгаа. Нэг барилгын хувьд цууралт өгчихсөн байгаа. Эхлээд хийсэн үнэлгээчин нь харанхуй байхад ирж зураг аваад явсан болохоор сайн хараагүй. Дараа нь хийлгэхэд Раднаа гээд үнэлгээчин нь сайн харж хийсэн. Би ч гэсэн хажууд нь хамт байсан. Яах аргагүй хагарсан байсан. Гүйцээж барих боломжгүй гэж хэлсэн. Зун болохоор цууралт нь мэдэгдэхгүй өвөл болохоор цууралт нь мэдэгдэж байна лээ. Би *******д 45.855.000 төгрөгийг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хүү нь 4.585.500 төгрөг болж байгаа. Анхны нэхэмжлэл гаргахдаа Капитал зууч ХХК-р 23.540.000 төгрөгөөр үнэлүүлсэн байсан. Тэр үнэлгээгээ оруулаад 45.855.000 төгрөгийн 3 жилийн зээлийн алданги 25.520.000 төгрөг болж байгаа. Тэр алдангиасаа үнэлгээгээ хасаад 1.680.000 төгрөг үлдэж байгаа. Тэрийгээ үндсэн зээл, хүүн дээрээ нэмээд 52.120.750 төгрөг нэхэмжилж байгаа. Хэрвээ хамгийн сүүлийн үнэлгээгээрээ явна гэвэл үнийн дүн дээр зөрүү гарах л юм шиг байна. Буджаргалын зүгээс хоёр байшингийнхаа мөнгийг өгөөд байшингаа буцааж авъя гэж хэлсэн. Буцааж авч болно. Энэ байшинг буцаагаад өгсөн ч надад цаана нь үндсэн зээл маань үлдэж байгаа. Шүүхийн шийдвэрийн хугацаанд тохироод мөнгөө өгчихвөл үнийн дүнгээсээ хасаад явна гэж бодож байгаа. Шүүхийн шийдвэрт заавал тусгаад оруулаад байх шаардлага байхгүй гэж бодож байна. ...Би 2014 оны 09 сард *******д 45.855.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг аваагүй. 2015 онд зээлийн барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгөнөөс 2 байшин, 4 газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан байгаа. Анх нэхэмжлэл гаргахдаа Капитал зууч ХХК-р 23.540.000 төгрөгөөр үнэлүүлсэн байсан. Тэр үнэлгээгээ оруулаад 45.855.000 төгрөгийн 3 жилийн зээлийн алданги 25.520.000 төгрөг болж байгаа. Тэр алдангиасаа үнэлгээгээ хасаад 1.680.000 төгрөг үлдэж байгаа. Тэрийгээ үндсэн зээл, хүүн дээрээ нэмээд 52.120.750 төгрөг нэхэмжилж байгаагэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Хариуцагч нь анх 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Болормаагаас 45.855.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээлийн гэрээ байгуулж авсан. Тэр мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээнийхээ дагуу төлөгдөөгүй байгаа 45.855.000 төгрөгөө хүүгийн хамт төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэгэнт төлбөрөө төлж байгаа тул хоёр барилгаа буцааж авах саналтай байгаа. Мөнгө хүүлэх эрхийг тусгай байгууллагаас авдаг. Гэтэл *******д ийм эрх байгаа эсэх нь тодорхойгүй байдаг. Мөн алданги төлөхөөр тохиролцсон гэж байгаа боловч гэрээн дээр алданги гэсэн зүйл би олж хараагүй. Тухайн үед талууд барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэй гэж тохиролцож гарын үсэг зуралцаад авч өгөлцсөн байдаг. Барилгаас гадна газрын гэрчилгээг эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж өгсөн байдаг. Нэгэнт үл хөдлөх хөрөнгийг газартай нь эрх шилжүүлээд авчихсан байгаа тохиолдолд тухайн эд хөрөнгийг харж хамгаалах, эвдрэл гэмтэлд оруулахгүй байх талаас ******* үүрэг хүлээсэн гэж ойлгож байгаа. Гурван удаа үнэлгээ хийхэд цонх нь хагарсан, паркетан шал нь алга болсон, шавардлага нь хуурсан, нурсан 70 хувийн гүйцэтгэлтэй байсан барилга балгас болох хэмжээнд хүрсэн байдалтай байгаа нь харагддаг. Тиймээс үндсэн зээлийг хүүгийн хамт төлнө гэж бодож байна. ...Хариуцагч нь анх 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Болормаагаас 45.855.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээлийн гэрээ байгуулж авсан. Тэр мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээнийхээ дагуу төлөгдөөгүй байгаа 45.855.000 төгрөгөө хүүгийн хамт төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэгэнт төлбөрөө төлж байгаа тул хоёр барилгаа буцааж авах саналтай байгаа...гэв.
Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 45 855 000 төгрөг, зээлийн хүү 4 585 000 төгрөг, алдангийн үлдэгдэл 1 680 250 төгрөг нийт 52 120 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч *******гаас хариуцагч ******* нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 45 855 000 төгрөгийг зээлж, 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нар зээлийн гэрээг сарын 10 хувийн хүүтэй байгуулсан болох нь мөнгө шилжүүлсэн Капитрон банкны баримт /хх-4,5/, зээлийн гэрээ /хх-6/ зэргээр болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Зээлийн гэрээний 5 дахь заалтад зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнд 0.5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон байна.
Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээл 45 855 000 төгрөгийг төлөөгүй гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.
2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн 70 хувийн гүйцэтгэлтэй 84.3 мкв, 85.4 мкв талбайтай 2 байшинг газрын хамт *******гийн нэр дээр шилжүүлж энэ барилгаа зарж борлуулаад мөнгийг чинь гаргаж өгнө гэж тохиролцож худалдах, худалдан авах гэрээ /хх-109, 111/ байгуулж *******гийн өмчлөлд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар,
шүүх хуралдаанд оролцож гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Б.Баттөгсийн Анх Буджаргал над дээр ирээд мөнгө зээлүүлээч мөнгө олоод өгөөч гэхээд би Болороогоос авч өгсөн юм. Тийм болохоор энэ асуудлыг сайн мэднэ. Би чамайг болон Болороог хохироомооргүй байна. Шүүхийн шийдвэрт хураагдахаас өмнө Болороогийн нэр дээр шилжүүлээд өгчихмөөр байна...Шилжүүлээд өгчихвөл зараад хохиролгүй болгож өгнө гэж надад хэлж байсан гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан газар эзэмших гэрээ /хх-22, 23, 24, 25/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ №000313932 /хх-26, хх-27/ зэргээр нотлогдож байна.
Гэрчийн мэдүүлгээс харахад нэхэмжлэгчийн зүгээс *******ыг үл хөдлөх эд хөрөнгүүдээ өг гэж дарамтлах, сүрдүүлэх байдал тогтоогдоогүй ба гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу *******гийн өмчлөлд хариуцагч ******* шилжүүлсэн байна.
Шүүхэд ******* нэхэмжлэл гаргахдаа дээрх байшингуудыг Дархан-Уул аймагт орших хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-иар 84.3 мкв байшинг 10 600 000 төгрөгөөр, 85.4 мкв байшинг 10 700 000 төгрөгөөр тус тус үнэлүүлж нийт 21 300 000 төгрөгөөр тогтоолгосон /хх-13/. Энэ үнэлгээг хариуцагч тал зөвшөөрөөгүй тул шүүх Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө даатгалын Ашид билгүүн ХХК-иар үнэлгээг хийлгүүлэхэд 84.30 м.кв талбайтай байшинг 18 853 961 төгрөгөөр, 85.40 м.кв байшинг 19 099 979 төгрөгөөр нийт 37 953 940 төгрөгөөр үнэлсэн байна.
Нэхэмжлэгч үнэлгээг ...бодит байдалт нийцүүлж хийгээгүй, Ашид билгүүн ХХК-иас хүн ирж үзээгүй, орой болсон хойно Сэлэнгэ аймагт байдаг өөрийн дүүг явуулж хэдэн зураг даруулсан. Ямар ч бодит байдалд нийцэхгүй үнэлгээ гаргасан гэж гомдол гаргасан тул Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын мэргэшсэн үнэлгээчнээр дахин үнэлгээ гаргуулсан.
Мэргэшсэн үнэлгээчдын институтын мэргэшсэн үнэлгээчин дахин үнэлгээ гаргахдаа үнэлгээний олон улсын стандарт 2017 болон үндэсний стандарт аргачлал, журам зэргийг үндэслэн Үнэлгээний тухай хуульд зааснаар гаргасан байна. Үнэлгээ хийсэн өртөгийн хандлагаас харахад дээрх хоёр байшингийн ашигласан хугацааны биет болон хоцрогдол, гадаад орчноос хамаарсан элэгдэлүүдийг хасаж тодорхойлсон үлдэгдэл өртгийг ашиглалт чанар байдал, түүнд хийсэн засвар, сайжруулалтыг харгалзсан коэффицентээр зохицуулалт хийх замаар үнэлэн баруун байшинг нь 5 121 600 төгрөг, зүүн байшинг 17 965 800 төгрөг нийт 23 087 400 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй тул үнэлгээг зөвшөөрсөн гэж үзлээ. 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн үл хөдөлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд талууд 5 000 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр энэ үнэлгээ 23 087 400 төгрөг болсон байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хариуцагч энэ хоёр байшингаа буцааж аваад мөнгийг нь хүүтэй нь өгнө гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч ...Хүлээн зөвшөөрөхгүй ******* надаас зээлсэн мөнгөө өгөлгүй өнөөдрийг хүрсэн олон хүнд өртэй өрөө эхнээсээ төлөөд явж байгаа. Би энэ байшинг зарж өөрийнхөө мөнгийг олж авна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хүү, алданги төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчийг алдангиас чөлөөлөх үндэслэлгүй юм. Харин алдангийн хэмжээ хуульд зааснаас их тохиолдолд хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх алдангийн хэмжээг багасгаж болно. Хэргээс ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд зааснаар ******* өмчилж байгаа тул тухайн байшингаа *******д өгөх эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл тул хариуцагчийн дээрх хүсэлтийг хангах боломжгүй байна.
Хариуцагч гэрээнд заасан хугацаандаа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн буюу үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан өдөр хүртэл алдангийг тоооцоход 45 855 000 х 0.5 % = 229 275 төгрөг. Өнөөдрийг хүртэл үндсэн зээл төлөгдөөгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэнтэй нийцүүлэхэд 45 855 000 төгрөгийн тавин хувь 22 927 500 төгрөгийн алданги төлөхөөр байна.
Зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээдэг.
Зээлдэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хүү тохиролцсон байх тул хүү, алданги гаргуулах нь зүйтэй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 45 855 000 төгрөг, хүү 4 585 500 төгрөг, алданги 22 927 500 төгрөг нийт 73 368 000 төгрөг төлөгдөөгүй байна.
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 23 087 400-өөс алданги 22 927 500 төгрөгийг хасч алдангийн зөрүү 159 900 төгрөг дээр нь үндсэн зээл 45 855 000 төгрөг, хүү 4 585 500 төгрөг нэмж нийт 50 600 400 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байна.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч *******аас зээл 45 855 000, зээлийн хүү 4 585 500, алданги 159 900 нийт 50 600 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож илүү нэхэмжилсэн 1 520 350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418 850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч *******аас 410 952 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч *******аас зээл 45 855 000, зээлийн хүү 4 585 500, алданги 159 900 нийт 50 600 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, илүү нэхэмжилсэн 1 520 350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418 850 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар хариуцагч *******аас 410 952 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичигдэхийг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
6.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА