Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/469

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч С.Энхтуул,

Шүүгдэгч А.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт А-н Д-т холбогдох эрүүгийн 2105025341203 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ....-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Соёмбо принтер ХХК-нд огтлогч ажилтай, ам бүл 4, эхнэр, дүү, эхийн хамт .... тоотод оршин суух /РД: /,

Урьд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, М овогт А-н Д.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Д- нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.О ийн эзэмшлийн Хаан банкны картнаас 4 удаагийн үйлдлээр нийт 1.400.000 төгрөгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр, сэм далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч А.Д-г “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

 

          1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,

 

          2. Хохирогч Д.О ийн хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 10 тал/,

 

          3. Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн орчим тухайн үед Лион нэртэй зочид буудалд хамт ажилладаг байсан. Да-тэй хамт ажлаа тараад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрмон нэртэй зочид буудалд орж хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Д-  20 цагийн орчим ажилдаа яваад би унтаад үлдсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 5 цагийн орчим Д-  ажлаа тараад миний унтаад үлдсэн Эрмон нэртэй зочид буудалд буцаж ирээд бид 2 тухайн буудлаас дахин пиво аваад ууж байгаад унтаад 11 цагийн орчим сэрээд хамт хоол захиалж идэхээр болоод захиалгын хоол дуудсан. Захиалгын хоол 12 цагийн орчим гадаа ирчихлээ гээд Д-  миний утсаар ярьж байгаад надаас захиалгын хоолоо гараад аваад ирье надад утас байхгүй юм чинь та утас карт хоёроо өгчих гээд миний гар утас болон Хаан банкны виза картыг авч гараад маш удаан орж ирэхгүй болохоор нь яагаад алга болчихсон юм бол гэж бодоод хойноос нь гарахаар өрөөнөөсөө гараад буудлын шатан дээр явж байхад Д-  шатаар захиалгын хоол, хэдэн пиво гартаа бариад өгсөөд ороод ирсэн. Тэгээд бид 2 өрөөндөө ороод захиалгын хоолоо идээд байж байтал Д-  дахиад пиво аваад ирье гээд миний Хаан банкны виза картыг авч гараад удалгүй ямар ч пиво аваагүй буцаж орж ирээд миний виза картыг болон гар утсыг өгчхөөд би ажилтай болчихлоо явлаа гээд гэнэт яваад өгсөн. Би унтаж байгаад 18 цагийн орчим сэрээд өөрийн гар утсаа шалгахад миний данснаас нийт 1.400.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Би Д- т 1.400.000 төгрөг авахыг огт зөвшөөрөөгүй. Д-  тухайн буудлын үүднээс хоол аваад ороод ирье гэж гараад ойролцоогоор 1-2 цаг орчим болсон. Захиалгын хоолоо идээд байж байхад дахиад пиво аваад ирье гэж хэлж гараад ойролцоогоор 2-3 минутын дараа л гэнэт орж ирээд л ажилтай болчихлоо гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 тал/, 

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн хүсэлт, баталгаа /хх-ийн 60, 63 тал/,

5. Шүүгдэгч А.Д- ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сард гэж санаж байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лион” нэртэй буудалд Д.О эгчтэй хамт ажилладаг байсан. Би тухайн буудалд хамгаалагч хийдэг, О  хүлээн авагч хийдэг байсан. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө ажлаасаа буугаад Д.О  эгч бид хоёр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрмон нэртэй зочид буудалд 13 цагийн орчим орсон. Би ...18 цагийн үед буцаад ажил руугаа явсан. О  эгч ганцаараа үлдсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 04 цаг өнгөрөөгөөд буцаад Д.О ийн байсан буудалд очсон. Эгч ганцаараа унтаж байсан бөгөөд намайг ирсний дараа тухайн буудлын хүлээн авагч эмэгтэйгээс 4 ширхэг Сэнгүр нэртэй лаазтай пиво аваад өөрөө тооцоог нь хийсэн. Авсан 4 ширхэг пивоо бид хоёр хувааж авч уугаад сууж байхад Д.О  эгч дүү охин руугаа залгаад дүү нөгөө мөнгөө хийх боломж байна уу, мөнгөгүй болчихлоо гэж ярьсан. Удалгүй О  миний дансанд 3.000.000 төгрөг ороод ирлээ гэж хэлсэн. ...Би Голомт банкны АТМ ороод 500.000 төгрөгөөр 2 удаа, 200.000 төгрөгөөр 2 удаа 4 удаагийн гүйлгээгээр 1.400.000 төгрөгийг аваад хоол пивоо аваад буудал руугаа буцаад орсон. Орж хоол ундаа идээд, пивоо ууж дуусгаад ажилтай болчихлоо гээд гараад явсан. Мөнгийг авахдаа би ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Энэ миний буруу удахгүй О  эгчийн мөнгийг бүрэн төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч А.Д- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 46 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 51-52 тал/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 53-56 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 57 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Д- ийн гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 32-34 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.О , шүүгдэгч А.Д- нарын агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлгүүд, хохирогч Д.О ийн Хаан банкны депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Д- нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.О ийн эзэмшлийн Хаан банкны картнаас 4 удаагийн үйлдлээр нийт 1.400.000 төгрөгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр, сэм далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

 Шүүгдэгч А.Д- ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

 

Мөн хохирогч Д.О ийн эд хөрөнгөд 1.400.000 төгрөгийн хохирол учирсан болох түүний Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Шүүгдэгч А.Д- нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч А.Д- ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Д- нь Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.    

Шүүгдэгч А.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 64 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч А.Д- т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.Д- ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг арилгасан байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч А.Д- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Д.О ийн эд хөрөнгөд 1.400.000 төгрөгийн хохирол учирсан болох түүний Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон.

 

Хавтас хэргийн 60 дахь талд хохирогч Д.О  “...1.400.000 төгрөг хохиролд өгч бүрэн барагдуулсан...” гэх хүсэлт болон 63 дахь талд авагдсан мессежний хуулбар зэргээр 1.400.000 төгрөгийг шүүгдэгч А.Д- буцаан өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Д- ээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Д- ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтлоо.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт А-н Д- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д- ийг 300 /гурван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Д- т мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч А.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.О т 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д- т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА