| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 183/2018/00123/И |
| Дугаар | 183/ШШ2018/00483 |
| Огноо | 2018-03-01 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2018/00483
| 2018 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 183/ШШ2018/00483 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 32 тоотод байрлах Хан-Уул салбарын Эвсэг СӨХ-ны гүйцэтгэх захирал Санжаагийн Болдын нэхэмжлэлтэй
Хариуцагч:
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байр 1972 онд ашиглалтад орсон, 100 өрх, 400 гаруй оршин суугчтай, 1999 онд СӨХ байгуулагдаж хэвийн ашиглагдаж байгаа орон сууц юм. Гэтэл Ж.Дашзэвэгийн хүү Д.Н гэгч дундын өмчлөлийн ашиглалт хариуцдаг холбоонд сар бүр төлөх хураамжаа энэ байрны оршин суугч дундаас ганцаараа төлөхгүй байгааг тухай бүр сануулж, шаардлага өгсөн боловч .. төлнө, тооцоог барагдуулна гэсээр өдий хүрч байна. Д.Н нь Монгол улсын Иргэний хууль, Барилгын тухай хуулт, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулиудын зохих заалтыг дураар авирлан зөрчиж, өөрийн нэр хүнд, хөршүүдийг хохироож улмаар СӨХ-ны санхүүд зохисгүй нөлөөлж байна. Д.Н нь сүүлийн үед байрны дээврийг өөрөө завсарлана, эхнэр хуульч гэдгээр 2016-2017 оны 13 сарын хураамж төлсөнгүй. Иймд Д.Нгийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө эзэмшсэний 13 сарын хураамж, 210.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 10272 төгрөг бүгд 326.549 төгрөгийг Д.Нгээс гаргуулж, СӨХ-г хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэгийн шаардлагад хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй байна. Хариуцагчаар Д.Нямсүрэнг тодорхойлж, шүүх иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч Д.Нямсүрэн миний бие тус хаягт оршин суудаггүй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруу гудамж, 8 дугаар байр, 8 тоот хаягт оршин суудаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Иймд дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт хавсаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эвсэг СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Болд нь хариуцагч Д.Нд холбогдуулан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын төлбөр нийт 320.737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт хавсаргасан Төрийн банкны 2016 оны 10 дугаар сараас 12 сар, 2017 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарын нэхэмжлэхэд хэрэглэгчийн нэр Дашзэвэг, Эвсэг СӨХ-ны санхүүгийн тооцооны баримтад Жамъян овогтой Дашзэвэг, Эвсэг СӨХ-ны албан шаардлага, мэдэгдэл зэргийг тус дүүргийн 2 дугаар хороо, 21 дүгээр байр, 65 тоотод оршин суугч Э.Дашзэвгэ нэрээр бичсэн, мөн тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэлд Эвсэг СӨХ-ны өргөдөлтэй Ж. Дашзэвэгт холбогдох СӨХ-ийн төлбөр гаргуулах маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн үндэслэл заасан байгаас үзэхэд хариуцагчийг Д.Н гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардоржид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын Дашзэвэг овогтой Баасандоржийн оршин суух газрын тодорхойлолт нь хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.272 төгрөгийг хуульд зааснаар улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эвсэг СӨХ-ны захирал С.Болдын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Нд холбогдох орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын төлбөр нийт 320.737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ