Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/470

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

Шүүгдэгч: П.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт П-н А-д холбогдох эрүүгийн 2205008141432 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д хэвчин ажилтай, ам бүл 1... тоотод оршин суудаг, /РД:/,

Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, 1998 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Б овогт П-н А.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.А нь 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...   байрны ...  тоотод өөрийн гэртээ хохирогч Б.Б-н ширээн дээр хөлөө гаргасан гэх шалтгаанаар баруун далны хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч П.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч П.А-г 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...   байрны ...  тоотод өөрийн гэртээ хохирогч Б.Б-н ширээн дээр хөлөө гаргасан гэх шалтгаанаар баруун далны хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд: 

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4, 5-10 тал/,

 

2. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн өдөр болоод би хороололд явж байгаад хамт архи уудаг Г, Э нартай тааралдаад 1 шил 0.75 литрийн Х нэртэй архи аваад Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...   байрны ...  тоотод байдаг А ы гэрт орсон. Тэнд авсан архийг хувааж уугаад байж байснаа А Э-тэй муудалцаж байгаад гал тогооны өрөөний шүүгээнээс хутга аваад миний баруун мөр рүү хутгалсан. Тэгтэл Э А-с хутгыг нь булааж авсан. А одоо гэмтлийн эмнэлэг явья би чамд 5 сая төгрөг өгье гэж хэлэхээр нь би тийм юм байхгүй цагдаагаар шийдүүлнэ гэж хэлэхэд А , Элбэгээ, Галаа нар гараад явсан. Би цагдаа дуудсан. Намайг улаан өнгийн өргөн, ажлын хэсэгтэй хутгаар хутгалсан би цэргийн төв эмнэлгийн мэс заслын тасагт 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

3. Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би П.А-ны хүргэн ах нь байгаа юм. Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Хэрэг гарсны маргааш манай гэрт ирж хонохдоо “хамт архи ууж байсан хүмүүстэй маргалдаад еэвэн хагалах гэж байсан хутгаараа нэгийг нь хутгалчихсан гэж ярьж байсан” манайд ирэхдээ эрүүл ирсэн. Өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3420 дугаартай “...Б.Б-ийн биед баруун даланд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 812 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цамцанд 70 мм, хар өнгийн футболканд 50 мм хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтүүд байна.

Зүсэгдэлтүүд шинээр үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 835 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар хөх цамцанд үүссэн зүсэгдэлт эд мөрийн баримтаар хураан авсан гэх улаан өнгийн бариултай хутгаар үүссэн байна.

Хар өнгийн футболканы материалын сэмэрдэс хутганы ажлын хэсгээс илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1384 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн улаан өнгийн хутган дээр цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй.

Улаан өнгийн хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.

Б.Б-н цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов....” гэх дүгнэлт /хх-ийн 41-43 тал/,

 

8. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогчийн баталгаа, шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 84, 85 тал/,

 

9. Шүүгдэгч П.А-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг хэргийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Прокурортой ял тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А-ны хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 52-62 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-69 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79, 100 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 80 тал/, нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 101 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.А-наас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч П.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Б, гэрч П.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3420 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 812 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 835 дугаартай дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1384 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч П.А-ны үйлдлийн улмаас хохирогч Б.Б-н биед баруун даланд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.    

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 3420 дугаар дүгнэлт үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч П.А нь хохирогч Б.Болорсүхийн эрүүл мэндэд халдаж хутгалахад түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч П.А ы үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Б.Болорсүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

 

Иймд шүүгдэгч П.А ыг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо ...   байрны ...  тоотод өөрийн гэртээ хохирогч Б.Б-н ширээн дээр хөлөө гаргасан гэх шалтгаанаар баруун далны хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч П.А ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч П.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч П.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 85 тал/

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 90 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг П.А д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч П.А ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.   

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч П.А нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна. 

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3420 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас хэргийн 84 дэх талд “600.000 төгрөг хүлээн авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.  

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.А аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 см-ийн урттай, ажлын хэсэгт нь 20 см, бариул хэсэг нь 13 см-ийн урттай улаан өнгийн хутга 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.А д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-н овогт П-н А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А ыг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.А д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б-д хохиролд тооцож 600.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 см-ийн урттай, ажлын хэсэгт нь 20 см, бариул хэсэг нь 13 см-ийн урттай улаан өнгийн хутга 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА