Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/471

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б-н овогт Б-ы М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001308 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Багахангай дүүрэгт модон хаалганы үйлдвэрт ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... дүүргийн ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод хадмындаа амьдардаг гэх /РД: /,

Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж байсан, Б-н овогт Б-ны М.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б- нь Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... зочид буудлын ... тоот өрөөнд 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Л-тэй үл ялих зүйлээр маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Д.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1, 2-3, 4-9 тал/,

 

2. Хохирогч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 3 цагийн үед Емартын замын эсрэг талд байдаг “Алтай” зочид буудалд орж унтаж амарсан. Тэгээд өглөө сэрээд урьд өдрөө ууж дуусаагүй байсан Хараа нэртэй 0.75 граммын архийг хувааж уусан. Архи ууж байх явцдаа урьд шөнө ямар нэгэн бэлгийн харьцаа болсонгүй гэж уурлаж эмэгтэй хүнийг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь чи адилхан эмэгтэй хүнээс төрөөгүй юу гэж хэлтэл Ж гэх найз нь уурлаж миний хажуугаас зүүн гараараа намайг татаж чангаагаад баруун гараараа 2-3 удаа алгадсан. М  бид хоёрын дундуур орж салгаж байхад Ж  /М / баруун гараараа миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон, тэгэхээр нь би гарах гэтэл Ж  буудлын өрөөний хаалгыг хувцасны өлгүүрээр дарж гарах боломжгүй болгосон. Тэгээд надад хандаж чамайг алж байж гаргана гэж хэлсэн. Улмаар миний уруулаас цус гарч цусаа угаагаад тухайн өрөөнөөс гадаа гарч такси бариад явах гэтэл М  хааж зогсоод явуулахгүй байхаар нь би буцаад орсон. Би дотор байж байгаад нөгөө хоёрыг унтсаны дараа гараад явсан. ...М  бид хоёр 2022 оны 3 дугаар сарын эхээр фэйсбүүкээр танилцсан. Ж  гэх залууг би огт мэдэхгүй. Миний доод уруул сэтэрч, дээд уруул няцарсан, дух хавдсан байдалтай, зүүн шанаа хэсэг их хөндүүрлэж байсан. ...Одоохондоо нэхэмжлэх зүйл байхгүй. Толгойны зураг авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

3. Гэрч Ц.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр би хорооллын эцсийн “Тэси” караокед Ж  /М / гэх залуутай 20 цагийн үед уулзсан. Тэгээд Х  Х  гэх Фейсбүүк хаягтай +30 Фэйсбүүк групп дээрээс танилцсан /Б.Л / эмэгтэйтэй чатлаж байгаад дуудсан. Тухайн эмэгтэй 22 цаг өнгөрч байхад ирсэн. Ингээд бид 3 тухайн караокед 3 том боргио пиво ууж 2022 оны 3 дугаар сарын 27-ний шөнийн 03 цагийн үед хорооллын эцсийн Емартын замын эсрэг талд байх буудалд орсон. Буудалд ороод нэг шил Хараа 0.75 граммын архины талыг уугаад бид 3 унтаж амарсан. Өглөө нь босоод бид 3 үлдсэн архиа ууж дуусгаад дахиад нэг 0.75 граммын Хараа нэртэй архи аваад архины 400 грамм орчим нь үлдсэн байсан. Гэтэл Ж  гэх залуугийн утас дуугарч түүний ээж залгаж байсан. Би бие засах газарт ороод гараад иртэл Ж , Х  Х  гэх Фейсбүүктэй эмэгтэй 2 хоорондоо маргалдаж байсан. Би юу болсон талаар асуутал Х  Х  гэх Фейсбүүк хаягтай эмэгтэй яасан чиний янхан ээж чинь залгаад байна уу гэж хэлсэн Тэр 2 хэл амаар маргалдаж эхлээд Ж  Х  Х  гэх Фейсбүүктэй эмэгтэйг заамдтал Х  гэх Фейсбүүктэй эмэгтэй Ж гийн нүүр рүү аягатай архи цацсан. Ж  шууд дээд хувцсаа тайлаад нүүрээ нэг арчаад өөдөөс нь яваад очтол Х  гэх Фейсбүүктэй эмэгтэй шууд Ж г баруун гараараа хацар руу нь нэг удаа алгадсан тэгээд тэр 2 маргалдаж байхад нь би салгах гэж оролдтол Ж  миний дээгүүр давуулаад баруун гараараа Х  гэх Фейсбүүктэй эмэгтэйн нүүр рүү алгадсан тэгээд тэр 2 дахиад 20 орчим минут хэрэлдсэн. Би буудлын өрөөнөөс гарч яваад буцаад өрөө рүү орж иртэл Х  гэх Фейсбүүктэй эмэгтэй явсан байсан. Маргааш нь би Х  гэх Фейсбүүктэй эмэгтэйтэй чатлахад миний уруул сэтэрсэн оёдол тавиулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5010 дугаартай “...Б.Л гийн биед доод уруулд няцарсан шарх, цус хуралт, дээд уруул, уруулын салст, зүүн бугалгад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

 

5. Шүүгдэгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр фэйсбүүкээр танилцсан Мөөгий гэх залуутай хорооллын эцсийн fire гэх баарны хажуу талын нийтийн караокед 19-20 цагийн хооронд уулзсан. Ингээд байж байтал Мөөгий би нэг хүүхэн дуудчихсан байгаа одоо ирэх байх гээд Мөөгий бид 2 нэг ширхэг 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр гэх пиво захиалж уугаад удалгүй Мөөгийгийн дуудсан эмэгтэй ирээд бид 3 тухайн газарт 2-3 цаг орчим сууж байгаад гарч хорооллын эцсийн Емартын зүүн талд байх буудалд орж бид гурав дахиад 0.75 граммын Хараа нэртэй архи тал хүртэл нь ууж байгаад бид гурав унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь миний утас дуугарч манай ээж над руу залгаж байсан би ээжтэйгээ ярьж байхад Мөөгийгийн дагуулж ирсэн хүүхэн манай ээжийг муухай үгээр хэлсэн би одоо юу гэж хэлсэн талаар нь санахгүй байна. Тэгээд би тэр эмэгтэйтэй маргалдаж байгаад яваад очтол тэр эмэгтэй миний нүүр рүү аягатай архи цацаж би нүүрээ арчаад буцаад тэр эмэгтэй рүү ойртол миний нүүр рүү баруун гараараа нэг удаа алгадсан тухайн үед нь миний уур хүрч тэр эмэгтэйн нүүрэн тус газарт 2 удаа алгадсан. Ингээд Мөөгий бид хоёрын дундуур орж ирээд бид хоёр салж бид гурав үлдсэн архиа ууж дуусчхаад би утсаа цэнэглүүлэх гээд гараад явсан. Би удалгүй буцаад ороод иртэл тэр эмэгтэй яваад өгчихсөн байсан. ...Би хохирол мөнгө төгрөг өгөөгүй, төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлж байна. ...Цохисондоо харамсаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тэр эмэгтэйд өмнөх өдөр нь хэлж байсан. Хоёр хүнтэй буудалд орж яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Маргааш нь архиа ууж дуусаад байж байтал манай ээж залгасан. Ээжтэйгээ утсаар ярьж байхад эвгүй үг хэлсэн. Түүнээс болж маргаад уурандаа цохисон. Маш их гэмшиж байна. Хохирогчтой холбогдож чадаагүй. Гэрт нь манай ээж, эгч хоёр очсон. Гэрт нь очиход энэ хаягт тийм байхгүй гэж хэлсэн байсан. 4 дүгээр сард би гар утас руу нь залгасан. Гэтэл “энэ дугаар дээр тийм хүн байхгүй” гэсэн...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-н хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...их өрөвч зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа. Манай хүү надад болон гэр бүлийнхэндээ их хайртай халамжтай сайн хүүхэд байдаг. Одон хүнтэй нийтэч элдэв муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 40 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 41 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх-ийн 42 тал/, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 43 тал/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 44 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47-51 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 52-56 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.Б- нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Алтай зочид буудлын 303 тоот өрөөнд 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Л-тэй маргалдаж улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь доод уруулд няцарсан шарх, цус хуралт, дээд уруул, уруулын салст, зүүн бугалгад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч Б.Л , гэрч Ц.М , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Б.Л гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээч эмчийн 5010 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Л гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Б.Мөнхбямбын цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.М- нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.М-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.М- нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал зэргийг харгалзаж, шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Б.М д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Л гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5010 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Энэ хэргийн улмаас учирсан зардлын талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.М ас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Харин хохирогч Б.Л  нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.     

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-н овогт Б-ны М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.Л  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА