Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/472

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт Т-н Г-т холбогдох эрүүгийн 2205000001449 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ө ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... тоотод оршин суух, /РД: /

Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 762 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, З овогт Т-н Г .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Г нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 03 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоулд” нэртэй зочид буудлын гадна Б.А-н хамгаалагчийн хувцас өмсөөгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Т.Г ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голд” нэртэй зочид буудалд найз Амархүүгийн оронд хамгаалагч хийж байсан бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн үед буудлын караокены 2 ажилтан залуу намайг дуудаад хүрээд ирээч гэхээр нь очсон бөгөөд тэр 2 ажилтан манай захирал унтаж байна гаргаад явуулъя гэхээр нь би тухайн Г гээд захирлыг нь аваад караокены 2 дугаарын өрөөнөөс нь түшээд буудлын гадаа үүдэнд шатан дээр зогсож байтал Г захирал миний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж авсан. Тэгээд миний хамар хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгсэн караокены 2 ажилтан Г ийг аваад таксинд суулгаад явуулсан. Би цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. ...Миний хамрыг Г гараараа нүүр хэсэг рүү 3-4 удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

2. Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 4 цагийн үед би Г ийг караокегоос гаргах гээд хамгаалагч залууг дуудсан бөгөөд тэр өдөр танихгүй шинэ хамгаалагч гарч байсан. Тэр шинэ хамгаалагч Г ийг босгоод караокед ажиллаж байсан Загиржүсэм бид 4 караокеноос гараад буудлын үүдээр гараад шатаар бууж байтал Г тэр шинэ хамгаалагч залууг хамгаалагчийн хувцас өмсөөгүй байна гээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Шатнаас буугаад буудлын хамгаалагч залууг Г нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэр үед хамгаалагч хамар хугарчихлаа гээд байсан. ...Г тухайн үед нэлээн согтуу байсан бөгөөд хамгаалагчийн хувцас өмсөөгүй байна гээд цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

3. Гэрч Н.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Караоке дотор голд буудлын гүйцэтгэх захирал Г манай караокегоор хэдэн хүмүүстэй хамт үйлчлүүлж байсан бөгөөд Г хамгийн сүүлд караоке хаах хүртэл 2 дугаартай өрөөнд хамт явсан хүмүүсээ явсны дараа унтаж байсан. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний 3 цагийн үед Г ийг караокеноос гаргах гээд хамгаалагч залууг дуудсан. ...Тэр шинэ хамгаалагч Г ийг босгоод караокеноос гараад буудлын үүдээр гараад шатаар бууж байтал Г тэр шинэ хамгаалагч залууг нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Хамт ажиллаж байсан Э  очоод болиулсан. Би эргээд караоке руу цэвэрлэгээ хийх гээд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6405 дугаартай “...Б.А-н биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,

 

5. Хохирол төлбөр 2.050.000 төгрөг шилжүүлсэн талаарх шилжүүлгийн баримт /хх-ийн 40-41 тал/,

 

6. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 57, 58 тал/,

 

7. Шүүгдэгч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед согтуу байсан бөгөөд гэнэт танихгүй хүн хажууд ирээд бариад авахаар нь буудлын өрөөнөөс хүн гараад ирэв үү, эсвэл таксины жолооч юм болов уу гэж бодтол куртикны халаас тэмтрэх шиг болсон. Тэгэхээр нь чамаар хүргүүлэхгүй гээд цохисон. Би А  гэх хүнд эмчилгээний зардлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2.050.000 төгрөг өгсөн. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн шүүгдэгч Т.Г ийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 38 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 39 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 43-48 тал/, нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Г өөс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 15-16 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.Г нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 03 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гоулд” нэртэй зочид буудлын гадна Б.А ийн хамгаалагчийн хувцас өмсөөгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохиж, биед хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Энэ нь хэрэгт хохирогч Б.А , гэрч Б.Э , Н.З нарын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6405 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч Б.А ийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 6405  дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.А ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Т.Г ийн хохирогчийг цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Т.Г нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Г ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. /хх-ийн 58 тал/ 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 60-61 тал/, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Т.Г-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Г ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.    

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.  

 

Иймд шүүгдэгч Т.Г нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6405 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас 54 болон 57 дахь талд дахь “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэж, шүүгдэгч шүүх хуралдаанд “...340.000 төгрөгөөр хамрын үзүүр тэгшлэх эмчилгээ, 130.000 төгрөгөөр толгойн томографи хийлгэсэн, 50.000 төгрөгөөр эм тариа авч өгсөн, 2050.000 төгрөг дансаар шилжүүлж хохирлыг барагдуулсан...” гэсэн байна.

 

Мөн шүүгдэгч Т.Г нь 2.050.000 төгрөг хохирол хор уршигт тооцож хохирогч Б.А д нөхөн төлсөн болох нь хавтас хэргийн 40-41 дэх талд авагдсан хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.Г т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Т-н Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г ийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Г т сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.А д хохирол хор уршигт тооцож 2.050.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА