Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00827

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 05 өдөр

     Дугаар 183/ШШ2018/00827

Улаанбаатар хот

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 101 тоотод байрлах Метро-Экспресс ХХК РД:/2625962/-д холбогдох гэм хорын хохиролд 770.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, иргэдийн төлөөлөгч Г.Нямцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрийн ойролцоо Метро-Экспресс ХХК-ийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Номинд байрлах салбарт 500.000 төгрөгөөр худалдан авсан шар ногоон өнгөтэй, гэмтэлгүй өөрөө хэрэглэж байсан 270.000 төгрөгөөр худалдан авсан хар саарал өнгөтэй цув, мөн хэвийн хэрэглэж байсан пиджакыг цэвэрлүүлэхээр өгсөн бөгөөд уг цэвэрлэгээний газар гоёлын оруулга нь хуураад унасан, ахин хэрэглэх боломжгүй болсон пиджак, өнгө нь гандсан, зах ханцуйны нугалаас, карманы ирмэг хэсгүүдээр цагаараад цайрсан дахин хэрэглэх боломжгүй болгосон цувыг надаас хүлээн авсан ажилтан хувцсыг дахин хэрэглэх боломжгүй болгож, би уг эд зүйлээ компаниас нэхэмжилсэн боловч миний хохирлыг барагдуулаагүй, надад тухайн үед сануулаагүйд гомдолтой байна. Пиджакны лидерин оруулга хагардаг гэхэд  би өмнө нь 2 удаа япон хуурай хими цэвэрлэгээнд өгөхөд зүгээр байсан гэж хэлсэн, хагарсан ч гэсэн цэвэрлээд өг гэж зөвшөөрөөгүй. Цувны тухайд би өөрөө цайрч магадгүй гэхэд нь брэндийн хувцсыг илүү үнэтэй бодисоор цэвэрлэдэг, тэр үнээр нь цэвэрлүүлэх үү гэхэд үнэ дагаад бодис нь сайн байдаг бол цэвэрлүүлье гэсэн байгаа. Эдэлгээнээс болж цайгаагүйг будганд оруулах боломжгүй гэж ажилтан нь хэлсэн. Миний эргэн тойрны хүмүүс мөн энэ байгууллагаар үйлчлүүлээд ийм асуудал гарч байсан, ганц эдлэл учраас орхидог байсан гэж ярьж байсан. Иймд Метро-Экспресс ХХК-иас хохирол 770.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч манай компанид шар ногоон өнгийн цув, хар ногоон өнгийн пальто, хар саарал өнгийн пиджак зэрэг 3 төрлийн эдлэлийг 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цэвэрлүүлэхээр өгсөн байдаг. Манай ХХК-ийн хүлээн авагч хувцсыг хүлээж аваад 3 хувь билл буюу өгсөн тасалбарт бага зэргийн толботой, 60 хувийн элэгдэлтэй, дунд зэргийн хиртэлттэй, шоколадны толбо болсон, урьд нь химид өгч байсан гээд цэвэрлэгээний дараа гарах өөрчлөлт гэдэгт цайрна, хагарна гэсэн сануулгыг өгч, хувцсыг хүлээж аваад манай компани үйлчлэхэд бэлэн, одоо өгч болно гэхэд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд өгсөн байсан. Эдгээр цэвэрлэгээг хийсний дараа  М.Бгийн пиджак нь дунд хэсгээрээ ледринэн оруулгатай, оруулга нь хагарсан байдаг юм байна лээ. Бид өмнө нь хагарна гэж сануулсан боловч пиджакны төлбөрийг төлж барагдуулъя гэж шийдсэн. Цувны хувьд хагарсан, цайрсан гэсэн, энэ дээр манай зүгээс хүний эдлэлийг гэмтээсэн зүйл байхгүй, чанар муутай лидеринэн оруулга тул хагарсан. Хими цэвэрлэгээний зааврын дагуу цэвэрлэсэн боловч хүлээж авахгүй гэсэн. Ямар ч хүн эдэлж хэрэглэж байсан хувцас ханцуй, карма, заханд их бага хэмжээний өөрчлөлт орно. Бид технологийн дагуу цэвэрлэгээ хийдэг тул хохирол учруулаагүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. М.Б анх 2017 оны 12 дугаар сарын сарын 11-ний өдөр цувыг Японоос 350.000 төгрөгөөр, пиджакийг 170.000 төгрөгөөр авсан, хохиролтой гэж ярьж байсан боловч нэхэмжлэлд илүү 150.000, 100.000 төгрөгийг нэмээд нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Гурван хувь тасалбар өгч өөрөө зөвшөөрөөд гарын үсэг зураагүй бол манай ажилтны буруу. Манайх ХХК 16 жил Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсын хими цэвэрлэгээний байгууллагуудын Монголын цорын ганц гишүүн. Бид Практикал даатгал компанитай 5 дахь жилдээ бүх эдлэлийн эрсдлээ даатгуулсан байдаг. Манай ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоод асуудал гарвал бид нийгмийн хариуцлагын хүрээнд бүх хариуцлагаа хүлээж, хэрэглэгчээ дээдлэдэг. Үнийн дүнг зөрүүтэй нь эргэлзээтэй байна, пиджакны хохирлыг барагдуулж өгнө, цувыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. Манай даатгалын компани гэмтэл гарсан хувцас эдлэлээ өгч хохирлоо барагдуул гэдэг. Хэрэв нэхэмжлэгч зөвшөөрвөл 2 хувцсыг нь өгөх боломжтой. Мөн нөхөн төлбөр авахад заавал эдлэлийг худалдаж авсан анхан шатны баримтуудыг авдаг. Гэтэл ийм баримт байхгүй юм байна. Даатгал энэ хувцсыг биетээр өгөхийг шаардах боловч бид энэ эрсдлийг өөртөө хүлээгээд пиджакны лидеринэн оруулгыг өмнөх байдалд сэргээн оёулаад цувыг 170.000 төгрөгийн хамт өгнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Метро-Экспресс ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 770.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.    

            Хариуцагч тал нэхэмжлэгчийн цэвэрлэгээнд өгсөн пиджакны лидеринэн оруулга нь хагарсан лидеринэн оруулгыг өмнөх байдалд сэргээж, хохирлыг манай байгууллагад өгсөн өргөдлийн дагуу пиджакны хохирол 170.000 төгрөгийг төлнө, цэвэрлүүлсэн цув цайраагүй тул пиджакны хамт М.Бд буцаан өгнө гэж мэтгэлцсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Метро-Экспресс ХХК-ийн угаалга, хими цэвэрлэгээнд шар ногоон өнгийн цув, хар саарал пиджак, хар өнгийн пальто зэргийг цэвэрлүүлэхээр өгсөн болох нь Метро-Экспресс ХХК-д гаргасан өргөдөл, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1824744 дүгээр баримт, зохигчийн тайлбарууд зэрэг баримтуудаар нотлогдоно.

 

Хавтаст хэрэгт хариуцагч байгууллагын угаалга, хими цэвэрлэгээний 2 өөр бичвэр бүхий баримтыг ирүүлсэн ба хх-4-т авагдсан баримтыг нэхэмжлэгч, хх-17-д авагдсан баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлсэн, талууд пиджакыг өмнө хими цэвэрлэгээнд өгч байсан, цув шоколадны толботой гэдэгтэй маргаагүй бөгөөд цэвэрлэгээний дараах өөрчлөлт хэсэгт бичигдсэн цайрна гэж хариуцагчаас ирүүлсэн тасалбарт бичигдсэн ба М.Б хувцсыг цэвэрлэгээнд өгөх үед энэ талаар ярилцаж, үнэтэй бодисоор цувыг цэвэрлүүлэхийг зөвшөөрсөн нь тэдгээрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн пиджакны   лидеринэн оруулгыг өмнөх байдалд сэргээж, цув цайраагүй тул цувыг пиджакны хамт нэхэмжлэгчид буцаан өгөхөөр зөвшөөрсөн болно.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 сарын 11-ний өдөр цувны зах, ханцуй, халаасны ирмэг цайрсан, пиджакны оруулга хатаж хугарсан, өмсөх боломжгүй гээд цув 350.000 төгрөг, пиджак 170.000 төгрөгөөр үнэлсэн өргөдөл Метро-Экспресс ХХК-д өгсөн ба шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цувыг 500.000 төгрөгөөр, пиджакыг 270.000 төгрөг нийт хохирол 770.000 төгрөг гэж үнийг тодорхойлсон. Гэвч нэхэмжлэгчийн хими цэвэрлэгээнд өгсөн цув болон пиджак нь ямар үнэтэй болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн пиджакыг Метро-Экспресс ХХК-д өргөдөл гаргахдаа үнэлж бичсэн 170.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх Метро-Экспресс ХХК-ийн болгоомжгүй эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн угаалга, хими цэвэрлэгээнд өгсөн пиджакны лидеринэн оруулга хагарсан, цувыг хэрэглэх боломжтой гэж үзэн хариуцагчаас пиджакны хохирол 170.000 төгрөгийг гаргуулж, М.Бд олгож шийдвэрлэв.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгон хариуцагч Метро-Экспресс ХХК-иас пиджакны хохиролд 170. 000 /нэг зуун далан мянга төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.190 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 5.750     төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Метро-Экспресс ХХК-иас пиджакны үнэ 170. 000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж  5.750   төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Бд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                         Л.НАРАНГЭРЭЛ

                                   

                                      ШҮҮГЧ                                 Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                                                                            Б.МӨНХБАЯР