Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/493

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаяр,

Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос О-д овогт Г-н У-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205012841401 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын фасад хийдэг гэх, ам бүл ... хамтран амьдрагчийн хамт ... дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр байрны .... тоотод түр оршин суух /РД: /

Урьд 2003 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146.2 дахь хэсэгт зааснаар 1 тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, О овогт Г-н У.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 10-ны орой Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 00-00 УБӨ улсын дугаартай Тоёота Прадо 120 маркийн автомашины баруун толийг хугалж гэмтээж, хохирогч Л.И д 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Г.У ыг “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Г.У нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1. БГДЦГ ЦХ-1 шуурхай удирдлагын хэлтсийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 3 тал/,

2. Хохирогч Л.И-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хааяа нэг манай хамтран амьдрагч Г.У ирдэг. 2022 оны 4 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед хүүхдийнхээ хамт хоёулхнаа байхад гаднаас манай хамтран амьдрагч Г.У нь бага зэргийн архи үнэртүүлчихсэн халамцуу орж ирээд би маргааш өглөө эрт ажилтай, надад нэг шил архи, 5 хайрцаг тамхи аваад өгөөч гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд миний өөдөөс уурлаад байхаар нь хоёулаа хүүхдийн хажууд маргалдаж муудаад яахын бэ гэж хэлээд би гэрээсээ гараад байрны гадаа М Март дэлгүүрийн ертөнцийн зүгээр хойд талд машины зогсоол дээр байрлуулж тавьсан Тоёота Прадо 120 маркын 0000  УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хажууд зогсож байхад Г.У гэрээс гарч ирээд чи надад архи, тамхи авч өгсөнгүй гэх шалтгааны улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч талын толийг гараараа цохиж хугалаад цаашаа яваад өгөхөөр нь уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Г.У нь надаас уучлалт гуйсны үндсэн дээр эвлэрсэн бөгөөд шинээр машины толь авч өгөөд намайг ямар нэгэн хохиролгүй болгож өгсөн. Надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

            3. Иргэний нэхэмжлэгч Т.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай Богд банканд 00-00 УБӨ улсын дугаартай Тоёота Прадо 120 маркын автомашиныг зээлийн барьцаанд Л.И  гэх хүн тавьсан юм байна лээ. Тухайн хүн уг зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөд явж байгаа. Иймд уг хэрэгт Л.И г хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулахад миний хувийн зүгээс болон манай байгууллагын зүгээс татгалзах зүйл байхгүй. Надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

4. Дамно ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №БГ-1-22-234 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээгээр нийт 350.000 төгрөг /2007 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Prado 120 маркийн автомашины баруун толь/...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

5. Тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хх-ийн 55 тал/,

            6. Шүүгдэгч Г.У ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би И той 2018 онд танилцаж байгаад тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хамт амьдарч байсан. Л.И  нь Баянгол дүүргийн 000 дугаар хороо Гантын 00 байрны 00 тоотод амьдарч байна. 2022 оны 4 дүгээр сарын 10-ны орой 20 цагийн үед шиг санагдаж байна, би ажлаасаа тараад ажлынхаа хүмүүстэй бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд Л.И гийн гэрт очиход Л.И  нь хүүтэйгээ байсан. Тэгээд намайг манай эхнэр ямар хүмүүстэй архи уугаад байгаад юм бэ гээд уурлахаар нь би буцаад ажил руугаа явлаа, надад 20.000 төгрөг өгчих, тухайн мөнгөөр тамхи авах гэсэн юм гэхэд надад тамхи авч өгөхөөр гэрээсээ гарахаар нь би цуг гарсан. Байрны гадаа буюу М март дэлгүүрийн үүдэнд И  надад хэдэн төгрөг өгчхөөд тухайн мөнгөө надаас аваад дууслаа гээд уурлаад уг асуудлаас болоод маргалдсан. Тэгэхэд Л.И  нь надтай маргалдаж муудсандаа уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад гомдол утсаараа гаргахаар нь миний уур хүрээд байрны зогсоол дээр байсан Л.И гийн эзэмшлийн Тоёото Прадо 120 маркын автомашины баруун толийг гараараа нэг удаа цохиж толийг нь хугалж гэмтээгээд цаашаа яваад өгсөн. ...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн эхнэр Л.И гийн машины толийг шинээр сольж өгөөд тухайн хүнийг ямар нэгэн хохирол гомдолгүй болгож өгсөн. Мөн тухайн толины үнэлгээтэй санал нийлж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би зээлтэй учир цалингаа эхнэрийнхээ данс руу шилжүүлдэг байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би сард 1.200.000-1.500.000 төгрөгийн орлоготой...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 52 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /53 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 54 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 58-66 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн Баянзүрх дүүргийн шийтгэх тогтоолын хуулбар бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.У аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 27 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтаар хохирогч Л.И гийн эд хөрөнгөд бага хэмжээ буюу 300.000 төгрөгөөс давсан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь шүүгдэгч Г.У ын гэмт үйлдэл буюу автомашины толийг цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн 31-32 дахь талд авагдсан Дамно ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тайлан, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Л.И д 350.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах юм.

Шүүгдэгч Г.У ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Л.И той архи, тамхины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Тоёота Прадо 120 загварын тээврийн хэрэгслийн баруун толийг хугалж гэмтээсэн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгч хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд эд хөрөнгөд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч Г.У ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Л.И той архи, тамхины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар Тоёота Прадо 120 загварын тээврийн хэрэгслийн баруун толийг хугалж гэмтээсэн үйлдэлд “Эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.У нь Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

               Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол хор уршиг арилсан гэх хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

               Иймд шүүгдэгч Г.У нь тодорхой эрхэлсэн ажилтай, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг арилсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймээс шүүгдэгч Г.У т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусд асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.И д 350.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тайлангаар тогтоогдож байна.

Хохирогч Л.И  нь хэргийн 14-15 дахь талд “...Надад одоо болон цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.У аас гаргуулах хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.У т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О-д овогт Г-йн У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У ыг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.У т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА