Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/494

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч В.Батдэлгэр,

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б-н овогт Б-н Ч-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001252 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... эх өвөөгийн хамтаар ... дүүргийн ... дүгээр хороо өлзийт хороо, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суух /РД: / улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, Б-н овогт Б-н Ч  .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өргөө” кино театрын автобусны буудал дээр 5 шар 3, 4 хороолол чиглэлийн автобусанд зорчиж байсан хохирогч Б.Ууганбаярын баруун талын халааснаас түүний эзэмшлийн “Хиаоми Ми СС9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч Б.Ч-г “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

 

          2. Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 5 шар, 3, 4 дүгээр хорооллын автобуснаас өргөө кино театрын автобусны урд буухдаа халааснаасаа “xiaomi mi cc9” загварын гар утсаа хулгайд алдсан тэгээд цагдаагийн алба хаагч ирээд миний утсыг гаргаж өгсөн. 2020 оны 4 дүгээр сард интернетээр 1.100.000 төгрөгөөр захиалж авсан. Би гар утсаа авсан үнээрээ үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/, 

 

3. Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14, 15 тал/,

 

            4. “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №НЦУГ-22-33 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 550.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17 тал/,

 

5. Шүүгдэгч Б.Ч  ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо 5 шар 3, 4 дүгээр хорооллын автобуснаас Өргөө кино театрын автобусан дотор байсан хар куртиктэй 25-30 насны эрэгтэй хүний баруун талын халааснаас нь гар утсыг нь авсан. Цагдаагийн албан хаагч нар намайг ирээд барьсан. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Дахиж гэмт хэрэг зөрчил гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 7 хоногийн хугацаанд их зүйлийг бодож ойлгосон. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 25-27 тал/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 29 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 31 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 38 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 43-46 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ч  аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 12-13 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.У, шүүгдэгч Б.Ч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №НЦУГ-22-33 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өргөө” кино театрын автобусны буудал дээр 5 шар 3, 4 хороолол чиглэлийн автобусанд зорчиж байсан хохирогч Б.Ууганбаярын баруун талын халааснаас түүний эзэмшлийн “Хиаоми Ми СС9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.  

 

Шүүгдэгч Б.Ч  ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Хохирогч Б.Ууганбаярт 550.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №НЦУГ-22-33 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Шүүгдэгч Б.Ч нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ч  ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ч нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.    

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ч  ад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, шүүгдэгч Б.Ч  ад 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Ч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно. Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ...тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу түүний цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 56 цагийг эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 444 /дөрвөн зуун дөчин дөрөв/ цагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.Ч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, бусад асуудлын талаар:

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №НЦУГ-22-33 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-т нийт 550.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба хавтас хэргийн 15 дахь талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр гар утсыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс хураан авч хохирогчид буцаан өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ч  ад гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ч  ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-н овогт Б-н Ч  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ад 500 /таван зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 56 /тавин зургаа/-н цагийн ялыг хасч, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 444 /дөрвөн зуун дөчин дөрөв/-н  цагаар тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ч- ад мэдэгдсүгэй.

 

   5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА